| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/00957/И |
| Дугаар | 102/ШШ2023/01100 |
| Огноо | 2023-03-21 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2023/01100
2023 оны 03 сарын 21 өдөр Дугаар 102/ШШ2023/01100 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, **
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Б**
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Оюунцэцэг,
Хариуцагч Д.Мөнхдаваа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие М 2012 онд танилцаж, 2013 оноос хамтран амьдарсан. Бид 3 хүүхэдтэй. Охин Х 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдөр, хүү Б 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр, охин О 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр төрсөн. Хүүхдүүдээ төрөхөд бид Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсээс төрсний гэрчилгээг нь авч, хүүхдүүд маань эцгээрээ овоглосон. Бид гэр бүлээс гадуурх харилцаанаас болж 2022 оны 9 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Охин Х энэ жил 1 дүгээр ангид суралцаж байгаа. Хүү М.Б, охин О хувийн цэцэрлэгт явдаг. Иймд хичээлийн хэрэгсэл, хувцас, сургалтын төлбөр болон бусад зардлуудыг миний бие ганцаараа хариуцахад хүндрэлтэй байна. Иймд хүүхдүүддээ эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна...гэв.
2.Хариуцагч М шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О 2012 онд танилцаж, 2013 онд хамтран амьдарч эхэлсэн. Бид гурван хүүхэдтэй. Гэр бүлийн маргаанаас болж тусдаа амьдрах болсон. Иймд нэхэмжлэлийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг зөвшөөрч байна. Намайг араар тавьсан гэж байна. Гэвч бид хоёр жилийн өмнөөс таарамж муутай болсон. Ар гэр асуудалтай байсан тул тусдаа амьдрах болсон. Хүүхдийн тэтгэлгийг төлөхөө зөвшөөрч байна. Би хүүхдүүдтэйгээ уулзаж байгаагэв.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт /хх-4/, хариуцагчийн оршин суух үндсэн харъяалал бүхий Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Гонир багийн засаг даргын тодорхойлолт /хх-5/, хариуцагч Д.М иргэний үнэмлэхийн хуулбар /хх-6/, Нийслэлийн ерөнхий боловсролын ** дугаар сургуулийн тодорхойлолт /хх-7/, хүүхэд эрүүл өсөн бойжиж байгаа тухай эмчийн торхойлолт /хх-8-10/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-11-13/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.
4.Хариуцагч шүүхэд хандан аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх Б.О гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ хариуцагчтай 2013 оноос эхлэн хамтран амьдарч, охин М.Хонгорзулыг 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдөр, хүү М.Б 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр, охин М.О 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр тус тус төрүүлж, гэр бүлээс гадуурх харилцаанаас шалтгаалан 2022 оны 9 дүгээр сараас тусдаа амьдарсан, тусдаа амьдарснаас хойш хүүхдүүд эхийн асрамжид байгаа учир хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгож, хариуцагчаар тэжээн тэтгүүлнэ гэж тодорхойлсон.
3.Хариуцагч М нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу хүүхдүүддээ тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбарласан ба нэхэмжлэгчтэй 2 жилийн өмнөөс таарамж муутай болсон, хүүхдүүдтэйгээ холбоотой байдаг гэж тайлбарлаж байна.
4.Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүүхдүүд эрүүл өсөн бойжиж байгаа тухай эмчийн тодорхойлолт, Ерөнхий боловсролын ** дугаар сургуулийн тодорхойлолт болон зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
4.1.Зохигчид 2012 онд танилцаж, Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр 2013 оноос хойш хамтран амьдарч, 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдөр охин М.Х , 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүү М.Б, 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр охин М.О тус тус төрүүлсэн байна.
4.2. Хүүхдүүд эцэг Д.М овоглосон болох нь тэдний төрсний гэрчилгээгээр тогтоогдсон бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Мөн хүүхдүүд зохигчдыг тусдаа амьдарсан үеэс эх Б.О асрамжид эрүүл өсөн бойжиж, ерөнхий боловсолын сургуульд суралцаж байна.
5. Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар эцэг, эхийг тогтооно гэж заасны дагуу зохигчид М.Х, М.Б, О нарыг хариуцагч Д.М овоглож улсын бүртгэлд бүртгүүлэн, захиргааны журмаар эцэг тогтоогдсон байх тул шүүхийн журмаар дахин тогтоох шаардлагагүй юм.
6. Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар хариуцагчаар хүүхдүүд болох М.Х, М.Б, О нарыг тэжээн тэтгүүлэхээр шаардах эрхтэй.
7. Зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар харилцан тохиролцоогүй учир Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт ...11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /энэ үед суралцаж байвал 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр... гэж заасны дагуу тэтгэлэг тогтоож, М.Х, М.Б, О нарыг эцэг Д.М тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
8.Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод даалгах нь зүйтэй.
9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О нэхэмжлэлийг хангаж, 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин М.Х , 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү М.Б, 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин О нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /энэ үед суралцаж байвал 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Д.М тэжээн тэтгүүлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О олгосугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар Б.О, М нарын хэн аль нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ М.Х, М.Б, О нарыг асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй, уг үүргээ адил хэмжээтэй оролцож хэрэгжүүлэхийг даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САРАНТУЯА