| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/00716/И |
| Дугаар | 102/ШШ2023/01082 |
| Огноо | 2023-03-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2023/01082
| 2023 оны 03 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2023/01082 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн **
Хариуцагч: Баянгол дүүргийн **
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.Х,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б /ШТЭД: 0826/,
Хариуцагч Г ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Миний бие Г тэй 2002 онд анх оюутан байхдаа танилцсан. 2006 оноос дотно харилцаатай болж, 2007 онд хүү Г.Э, 2012 онд охин Г.М нар төрсөн. Нөхөр Г нь анх надтай танилцсан цагаас эхлэн мөрийтэй тоглоом тоглодог байсан. Энэ байдал нь засрах болов уу гээд би итгэл найдвар тээн хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэн, амьдралын олон асуудлаа шийдсээр ирсэн. Сүүлдээ түүний мөрийтэй тоглоом тоглож байгаа байдал нь гэр бүлийн санхүүгийн асуудалд сөргөөр нөлөөлж, хүүхдүүдийн сургалтын төлбөр зэрэг асуудлыг зохицуулахад хүндрэлтэй болох болсон учир 2016 оны сүүлээс хойш тусдаа амьдарч байна. Одоо болтол мөрийтэй тоглох байдал нь засраагүй, хүүхдүүд бид нарт ямар нэг байдлаар анхаарал хандуулдаггүй, хүүхдийн сургалтын төлбөрийг нэхүүлж байж төлдөг. Цаашид хамтран амьдрах ямар ч нөхцөлгүй болсон учир гэрлэлтээ цуцлуулахаар хуулийн дагуу хандаж байна. Хуульд заасан шаардлагын дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийж уулзалт хийсэн. 2013 оноос хойш тусдаа амьдарсан, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах шаардлагагүй, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа учир уг ажиллагааг дуусгавар болгосон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эх миний асрамжид үлдээж, эцэг Г гээс тэтгэлэг гаргуулж өгнө үү.
Мөрийтэй тоглоом тоглохоос гадна хариуцлагагүй, гэр бүлдээ хайр халамжгүй байсан зэрэг шалтгаанаас үүдэж бид 2016 оны сүүлээр тусдаа амьдрах болсон. Иймд гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Бид тусдаа амьдрах болсноос хойш хүүхдүүд маань надтай хамт байгаа. Хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр гаргуулна. Бидэнд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал тогтоогдоогүй тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан. Мөн гэр бүлийн дундын өмч хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд маргаан байхгүй. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр 14.3, 40.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлгийг тогтоож, асрамжийг эх А.Х тогтоож өгнө үү. Хариуцагчтай хүүхдүүдээ чөлөөтэй уулзуулдаг. Энэ байдлаа хэвийн үргэлжлүүлнэ...гэв.
2. Хариуцагч Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа. Ийм байдалд оруулсан нь миний буруу. Би бүх зүйлийг хүлээн зөвшөөрч байна. Би 10 гаруй жилийн өмнө осолд орж, унаж татдаг болсон тул хүүхдүүд маань надтай амьдрахад хэцүү. Иймд хүүхдүүдээ эхийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Мэдээж хүүхдүүдээсээ эд зүйл харамлахгүй тул хүүхдийн тэтгэмжийг хуульд заасан хэмжээгээр төлнө. Мөн цаашлаад хувийн зүгээс бүх боломжоороо эдийн засгаар тусална. Бидний хооронд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Ийм байдалд хүргэсэндээ иргэний хувьд харамсаж байна. Сайн нөхөр байгаагүй боловч сайн эцэг байх гэж зүтгэнэ. Би эрүүл мэнд болон санхүүгийн асуудлаа шийдвэрлэчихээд үр хүүхдийнхээ төлөө үхэн үхтлээ зүтгэнэ. Би хүүхдүүдтэйгээ уулздаг, сайн харилцаатай байдаг...гэв.
3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотлохоор өөрийн иргэний үнэмлэхийн болон гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-3/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-4/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-5/, хүүхдүүдийн сургуулийн тодорхойлолт /хх-6-7/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-8/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.
4. Хариуцагч шүүхэд аливаа бичмэл нотлох баримт, бичгээр хариу тайлбар гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх А.Х нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагчийн мөрийтэй тоглох зуршил, гэр бүлдээ хайр халамжгүй байх зэргээс шалтгаалан 2016 оноос хойш тусдаа амьдарсан, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэж тодорхойлсон ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
3. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, сургуулийн тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэл болон зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
4.1. Гэрлэгчид 2002 онд танилцан үерхэж, 2006 оны 2 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлснээр гэр бүл болсон байна.
4.2. Гэрлэгчдийн дундаас 2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүү Г.Энхжин, 2012 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр охин М нар төрсөн, одоо эхийн амрамжид эрүүл өсөн бойжиж байна.
4.3. Гэрлэгчид 2016 оноос хойш тусдаа амьдарсан бөгөөд гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Х Баянгол дүүрэг дэх Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсанаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч А.Х, Г нар хэн аль нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсаны улмаас эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ.
5. Нэхэмжлэгч нь хариуцагчаас тусдаа амьдраад олон жил болсон, таарамжгүй харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй зэрэг үндэслэлээр гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн бол хариуцагч нэхэмжлэлийн уг шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
6. Мөн гэрлэгчид тусдаа амьдарснаас хойш өнөөдрийг хүртэл хүүхдүүд нэхэмжлэгч А.Х асрамжид эрүүл өсөн бойжиж, Гёте бүрэн дунд сургуульд суралцдаг бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн хүүхдүүдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Иймд хүүхүдүүдийн саналыг асуулгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу хүүхдүүдийг эх А.Х асрамжид үлдээж шийдвэрлэв.
7. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул зохигчдын хүү Э /15 настай/, охин М /10 настай/ нарт Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоож, тэднийг эцэг Г гээр сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
8. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг гэрлэлтээ цуцлуулсан А.Х, Г нарт даалгав.
9. Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг шийдвэрт дурдах нь зүйтэй.
10. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн **, Монгол улсын иргэн ** нарын гэрлэлтийг цуцалж, 2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Г.Э, 2012 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин М нарыг эх А.Х асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу охин М /10 настай/-г 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувь, хүү Э /15 настай/-г 18 нас хүртэл, охин М /10 настай/-г 11-18 нас хүртэл тус тус амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Г гээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар А.Х, Г нар нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ Г.Э, М нарыг асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА