Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2023/01011

 

 

2023 оны 03 сарын 14 өдөр Дугаар 102/ШШ2023/01011 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, **.

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, **

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч П.А,

Хариуцагч Д.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч П.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие Д.Э2004 онд танилцаж, хамтран амьдрах хугацаанд 2007 оны 2 дугаар сарын 10-нд охин А.М төрсөн. 2008 оноос хоорондын таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдрах болсон. Энэ хугацаанд охин минь миний асрамжид байгаа. Хүүхэд томрох тусмаа хэрэгцээ шаардлага их болж байна. Иймээс Д.Э хүүхдийн тэтгэлэг тогтоолгон гаргуулахаар шаардаж байна. Охин 3 нас хүрснээс одоог хүртэл буюу 16-17 нас хүртэл хариуцагч туслалцаа үзүүлээгүй. Би өөрөө хүүхдээ өсгөж бойжуулсан. Тийм учраас Д.Э хүүхдийн тэтгэмж гаргуулах нэхэмжлэл гаргасан. Цаашид охиноо эцэгтэй нь уулзуулахад татгалзах зүйлгүй...гэв.

2.Хариуцагч Д.Э шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би 2003 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах 28 дугаар ангид ажиллаж эхэлсэн. 2004 оноос хойш хамтран амьдрах хугацаанд 2007 онд охин М төрсөн нь үнэн. 2007 онд гэрлэлтээ батлуулж, охин А.М ээж нь өөрийнхөө нэрээр овоглосон. Энэ цагаас хойш таарч тохирохгүй салж нийлж яваад 2013 онд шүүх хурлаар гэрлэлтээ цуцлуулсан. Салаад би 10 жил ажилласан ажлаасаа 2014 онд халагдсан. Энэ цагаас хойш ямар ч холбоогүй болж, одоог хүртэл тодорхой эрхэлсэн ажилгүй, нийгмийн даатгал төлдөггүй, гэр орон байхгүй, цагийн ажил хийгээд л айлд амьдардаг хүн. Саяхан 2022 оны 10 дугаар сард охинтойгоо уулзмаар санагдаад сураг ажиг тавьж байж уулзаад маш их баярласан. Миний охин том болж удахгүй оюутан болохоор аав нь тусалж дэмжиж явна гэдгээ хэлээд явсан. Аав нь гэж ийм хүн байна, миний охин ярьж холбоотой бай, хэрэгтэй юмаа аавдаа хэлээрэй гээд үнсээд явуулсан. Гэтэл яагаад ийм юм болов мэдэхгүй байна. Одоохондоо надад хүүхдийн тэтгэлэг өгөх боломжгүй байхгүй байна. Оюутан болохоор охиноо бодно, болгоноо л гэж бодож явна. Хүүхдийн тэтгэлэг яаж тогтдог юм бол тэрүүгээр л тогтоолгоно доо. Нэхэмжлэлийг нь зөвшөөрч байна. Боломжоороо тэтгэлэг төлнөгэв.

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт /хх-4/, хүүхэд эрүүл өсөн бойжиж байгаа тухай Их амгалан ӨЭМТөвийн тодорхойлолт /хх-5/, Нийслэлийн ерөнхий боловсролын 00 дугаар сургуулийн тодорхойлолт /хх-6/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-7/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

4.Хариуцагч шүүхэд хандан аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх П.Алтантуяагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ хариуцагчтай 2003 онд танилцаж хамтран амьдарч, охин М 2007 оны 2 дугаар сарын 10-ны өдөр төрж, 2007 оноос тусдаа амьдарсан, тусдаа амьдарснаас хойш хариуцагч хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй учир хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоолгохоор шаардана гэж тодорхойлсон.

3.Хариуцагч Д.Э шүүхэд бичгээр хариу тайлбар гаргахдаа нэхэмжлэгчтэй гэрлэлтээ бүртгүүлэн гэр бүл болсон ч хоорондын таарамжгүй харилцааны улмаас гэрлэлтээ цуцлуулсан, охин М эхээрээ овоглосон зэргийг хүлээн зөвшөөрч, тодорхой эрхэлсэн ажилгүй учир тэтгэлэг төлөх боломжгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргасан. Харин шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, охин А.М хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлөх тухай тайлбар гаргаж байна.

4.Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, хүүхэд эрүүл өсөн бойжиж байгаа тухай өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн тодорхойлолт болон зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

4.1.Зохигчид 2003 онд танилцаж, Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлэн хамтран амьдарч, улмаар гэрлэлтээ цуцлуулсан ба тэдний дундаас 2007 оны 2 дүгээр сарын 10-ны өдөр охин М төрсөн байна.

4.2. Охин М нь эх П.Аовоглосон болох нь түүний төрсний гэрчилгээгээр тогтоогдсон бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Мөн охин М нь эх П.А асрамжид эрүүл өсөн бойжиж, ерөнхий боловсолын сургуульд суралцаж байна.

5. Зохигчид гэрлэлтээ бүртгүүлсэн тухай тайлбарласан боловч энэ тайлбараа нотлох баримт шүүхэд гаргаагүй байна. Гэвч шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх бөгөөд тэдний гэрлэлт бүртгэгдсэн, улмаар цуцлагдсан эсэх нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй юм. Тиймээс Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Д.Э охин А.М тэжээн тэтгүүлэхээр шаардах эрхтэй.

6.Зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар харилцан тохиролцоогүй учир Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт ...11-16 нас хүртэл /энэ үед суралцаж байвал 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр... гэж заасны дагуу тэтгэлэг тогтоож, А.Маралжингоогг эцэг Д.Эрдэнэдалайгаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

7.Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод даалгах нь зүйтэй.

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.А нэхэмжлэлийг хангаж, 2007 оны 2 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин А.М 16 нас хүртэл /энэ үед суралцаж байвал 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Д.Э тэжээн тэтгүүлсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Аолгосугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар П.А, Д.Э нарын хэн аль нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ охин А.М асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй, уг үүргээ адил хэмжээтэй оролцож хэрэгжүүлэхийг даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САРАНТУЯА