| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/00715/И |
| Дугаар | 102/ШШ2023/00634 |
| Огноо | 2023-02-06 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2023/00634
| 2023 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2023/00634 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн Д ,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Б ,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Д ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие Ү.Б той 2014 онд танилцаж, 2015 оноос хамт амьдарсан. Бидний том хүү Б.Ч 2015 оны 12 дугаар сарын 26-нд төрсөн. Хоёр дахь хүү Б.Э 2017 оны 11 дүгээр сарын 30-нд төрсөн. Хүүхдүүдээ төрөхөд бид Сонгинохайрхан дүүргийн иргэний бүртгэлийн хэлтсээс төрсний гэрчилгээг нь авч, хүүхдүүд маань эцгээрээ овоглосон. Бид үзэл бодлын болон зан харилцааны асар их ялгаа, үзэл бодлын зөрчилдөөн, хамаатан садны маргаанаас болж 2019 оноос тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй. Том хүү Б.Ч сургууль 2 дугаар ангид суралцаж байгаа, бага хүү Б.Э цэцэрлэгт суралцдаг. Миний бие өнгөрсөн 4 жилийн хугацаанд ганцаараа бүх зардлыг хариуцаж амьдарсан. Одоо амьдралд маань миний орлого хүрэлцэхгүй надад хүндрэлтэй байгаа тул Б.Ч , Б.Э нарт эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү...гэв.
2.Хариуцагч Ү.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Ү.Б нь 2014 онд Б.Д тай танилцаж 2015 оны 12 дугаар сарын 26-нд Б.Ч гээд хүүтэй болсон. 2017 оны 11 дүгээр сарын 30-нд Б.Э бага хүү төрсөн. 2019 оноос бид тусдаа амьдарч байгаа. Үзэл бодол санааны хувьд зөрчилтэй, бусдаар өөр гэр бүлийн маргаан байхгүй. Хүүхдүүдийнхээ тэтгэлгийг төлөхөд татгалзах зүйлгүй...гэжээ.
3.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотлохоор: өөрийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-3/, оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт /хх-4/, хүүхдүүдийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлсон өрхийн эмчийн тодорхойлолт /хх-5-6/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-7-8/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.
4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүхэд гаргасан тайлбар, татгалзлаа нотлохоор аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй. Мөн хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх Б.Д гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Ү.Б од холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн байна.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
3.1.Зохигчид 2014 онд танилцаж, Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлээгүй ба 2015 оноос хойш хамтран амьдарч, тэдний дундаас 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүү Б ын Ч , 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүү Б ын Э нар төрж, эцэг Ү.Б оор овоглосон байна.
3.2.Зохигчид 2019 оноос хойш тусдаа амьдарч, энэ үеэс хүүхдүүд эх Б.Д гийн асрамжид Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Бичил хороолол, 0 тоот хаягт эрүүл өсөн бойжиж байгаа болох нь Засаг даргын тодорхойлолт, Бичил манал Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргээр тогтоогдсон.
4.Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар эцэг, эхийг тогтооно гэж заасны дагуу зохигчид хүү Б.Ч , Б.Э нарыг хариуцагч Ү.Б оор овоглож улсын бүртгэлд бүртгүүлэн, захиргааны журмаар эцэг тогтоогдсон байх тул шүүхийн журмаар дахин тогтоох шаардлагагүй юм.
5.Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар хариуцагчаар хүү Б.Ч , Б.Э нарыг тэжээн тэтгүүлэхээр шаардах эрхтэй байна.
6.Зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар тохиролцож гэрээ байгуулаагүй учир Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт ...11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний 50 хувиар, 11-16 нас хүртэл /энэ үед суралцаж байвал 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр... гэж заасны дагуу тэтгэлэг тогтоож, хүүхдүүдийг эцэг Ү.Б оор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
7.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Д , Ү.Б нарын дундаас 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.Ч , 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.Э нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /энэ үед суралцаж байвал 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Ү.Б оор тэжээн тэтгүүлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ү.Б оос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Д д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА