Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 124/ШШ2024/0023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн А.Х,

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,

Увс аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1/545 тоот шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг дуустал олгох байсан 89.000.000 төгрөгийг олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Увс аймгийн А.Х-ны дарга Я.Ч, хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ахлах мэргэжилтэн Э.Н, ахлах мэргэжилтэн Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Увс аймгийн А.Х нь тус шүүхэд Увс аймгийн Засаг даргад   холбогдуулан “Увс аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1/545 тоот шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг дуустал олгох байсан 89.000.000 төгрөгийг олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийг гаргасан.

2.Увс аймгийн Засаг дарга “ аймгийн А.Х-ны дарга Ё.Бтай цаашид гэрээ байгуулж, хамтран ажиллах боломжгүй” гэх агуулга бүхий 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1/545 дугаар албан бичгийг аймгийн А.Х-нд хүргүүлж байсан байна.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж зохицуулсан тул нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн болно.

4.Нэхэмжлэгч Увс аймгийн А.Х-ноос шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон А.Х-ны дарга Я.Ч-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:”...Увс аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/545 тоот шийдвэр нь гадагшаа чиглэсэн, аймгийн А.Хны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц шийдвэр бөгөөд энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66.1-д заасан Засаг даргын гаргах актын хэлбэрийг хангахгүй байгаа боловч Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулж байна. Энэ актыг гаргахдаа нөхцөл байдлыг тогтоогоогүй, сонсох ажиллагаа хийгээгүй болно. Энэ акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй байхад гарсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны акт болох бөгөөд "иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" тул УДШ-ийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2022/0015 тоот тогтоолтой нийцнэ гэж үзэж байна.

Увс аймаг нь 8400 гаруй ахмад настантай бөгөөд манай А.Х нь ахмад настны талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлж ажилладаг өөрөөр хэлбэл төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн бус байгууллага юм. А.Х нь хуульд зааснаар гишүүнчлэлгүй, татваргүй төрийн бус байгууллага тул үйл ажиллагаа явуулахдаа төрөөс санхүүждэг. Хэрэв төрөөс дэмжлэг үзүүлэхгүй бол ямар нэг үйл ажиллагаа явуулах боломжгүй байдалд хүрэх нь тодорхой бөгөөд төрийн бус байгууллагын зүгээс төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрнэ.

Аймгийн Засаг дарга нь Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдтай жил бүр хийдэг гэрээн дээрээ А.Х-ны үйл ажиллагааг дэмжих үүрэг хүлээж гарын үсэг зурдаг. 1320 оны орон нутгийн сонгуулиар тус аймагт АН ялж Ч.Ч нь Засаг даргаар томилогдсон. Энэ үед аймгийн А.Х-ны даргаар Ё.Б ажиллаж байсан.  Б нь тухайн үеийн МАН-ын гишүүн байсан гэдэг шалтгаанаар аймгийн Засаг дарга Ч нь цаашид хамтран ажиллах боломжгүй тул ажлаа өг гэсэн шахалт үзүүлж,  Ё.Б нь энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй тул 2021 оны 04 сарын *3-ны өдөр аймгийн Засаг даргын 1/545 тоот албан бичиг ирүүлж цааш хамтарч ажиллахгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн 2021 оны гэрээг хийгээгүй бөгөөд А.Х-нд олгох төсвийн дэмжлэгийг 2021 оны 03 дугаар сараас эхлэн зогсоосон. А.Х-ны даргаар ажиллаж байсан Ё.Б нь өвчний улмаас 2022 оны 07 сард нас барсны дараа аймгийн А.Х-ны даргын үүргийг тэргүүлэгч В.Төөрүүл гүйцэтгэж байсан.

Аймгийн А.Х-ны Бага хурал 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж, энэ хурлаар миний бие аймгийн А.Х-ны даргаар сонгогдон ажиллах болсон. Аймгийн Засаг дарга Ч.Ч-тэй уулзаж танилцуулахад хамтарч ажиллана гээд 2023 оны 10 дугаар сараас эхлэн хамтран ажиллах гэрээ байгуулж аймгийн А.Х-ны санхүүжилтийг олгож эхэлсэн.

Аймгийн А.Х нь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг учир тухайн үед буюу 2021-2023 онд тодорхой тооны байнгын ажилтантай байсан байна. Үүнд: Дарга, зохион байгуулагч, нягтлан бодогч-тогооч /хавсарч/, сувилагч-үйлчлэгч /хавсарч/, :ахиул-жолооч /хавсарч/ нийт 5 хүн ажиллаж байсан.

Төсвөөс олгох санхүүжилт зогссонтой холбоотой ажилтан, ажилчдын цалин хөлсийг 2021 оны 03 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар хүртэл олгоогүй болно. Зохион байгуулагчаар ажиллаж байсан М.Бор нь 2022 онд цалин хөлсөө нэхэмжлэн Иргэний хэргийн шүүхэд хандсан бөгөөд шүүх 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 132 тоот шийдвэрээр М.Борын нэхэмжлэлийг хангаж шийдсэн.

Одоо нягтлан бодогч Ш.Норжиндулам, М.Бор нар нь дээрх хугацааны цалин хөлсөө нэхэмжлэн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаад байна. Гэтэл тухайн үед аймгийн А.Х нь төсвийн санхүүжилт авч чадаагүй тул дээрх цалин хөлсийг олгох ямар ч боломжгүй байсан.

Аймгийн Засаг дарга Ч.Ч нь 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/545 тоот албан бичгээр цааш хамтарч ажиллахгүй гэсэн албан бичиг ирүүлсэн бөгөөд энэ албан бичгийн агуулгаас харахад энэ нь шууд шийдвэр гэж үзэх боломжгүй мэдэгдэл гэж үзэхээр байна.

ЗЗНДНТУТухай хуульд зааснаар Засаг дарга нь эрхлэх ажлын хүрээнд захирамж гаргана гэж заасан бөгөөд манай санхүүжилтийг зогсоох тухай захирамж одоо болтол гараагүй байна. Захиргааны байгууллагаас гаргаж байгаа шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчим, 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг заавал хангасан байж хууль ёсны болно. Захирамж гаргахгүйгээр мэдэгдэл төдийгөөр энэ асуудлыг шийдвэрлэж байгаа нь илт хууль бус бөгөөд энэ мэдэгдлийн улмаас аймгийн А.Х-ны үйл ажиллагаа доголдохын зэрэгцээ энд ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрлөх эрх, хийсэн хөдөлмөртөө тохирсон цалин хөлс авах эрх нь зөрчигдөж байна.

Иймд аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/545 тоот шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож 2021 оны 03 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сарыг дуустал олгох байсан 89.000.000 төгрөгийг олгохыг даалгах нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү.

Тухайн үед Увс аймгийн А.Х-ны дарга Ё.Б гэх хүн 2020 онд гэрээ байгуулж ажиллаад, 2021 оны ажлыг эхлүүлэхдээ Увс аймгийн Засаг дарга нь А.Х-ны даргаас ажлын тайлан, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж ирүүлээгүй, танайх нийгмийн даатгал, татварт өртэй байна, ажлынхаа шаардлагыг хангаж ажиллахгүй байгаа учраас тантай хамтран ажиллах боломжгүй гэх мэдэгдэл өгч, үүгээр асуудал шийдэгдсэн юм байна лээ. Улмаар 2 хүний цалингийн маргаан гарахад би би өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан.Аймгийн Засаг дарга гаргасан албан тоотоо захирамж хэлбэрээр гаргасан бол үндэслэлтэй шийдвэр болох байсан боловч захирамж гаргаагүй учраас Увс аймгийн даргыг Захиргааны хэргийн шүүхэд хариуцагчаар татах шаардлагатай гэх зөвлөгөө өгсөн учир нэхэмжлэл гаргасан. Мөнгөн дүнгийн хувьд тухайн үеийн санхүүжилтээр гаргасан. Надад энэ талаар нарийн ойлголт байхгүй. Одоо нэг нь 5,400,000 төгрөг, нөгөөх нь 13,600,000 төгрөг нэхэмжилснээс 5,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, харин 13,600,000 төгрөгийн асуудал иргэний хэргийн шүүхэд явж байгаа. Одоо Увс аймгийн А.Х нь Увс аймгийн Засаг даргатай 2 жилийн гэрээ байгуулаад төлөвлөгөөгөө батлуулаад ямар нэгэн асуудалгүй санхүүжилтээ аваад ажиллаж  байгаа. Хувь хүний хувьд Увс аймгийн Засаг даргатай маргалдаад байх шаардлага байхгүй. Хамгийн гол нь иргэний шүүх дээр цалингийн асуудал нь шийдэгдчихвэл энэ нэхэмжлэлээсээ татгалзах бодолтой байгаа. Хэрэв захиргааны хэргийн шүүхээр энэ асуудлыг шийднэ гэвэл үнийн дүнг нь багасгаад 13,600,000 төгрөг ч юм уу болгоод шийдвэрлэх боломжтой гэж бодож байна” гэв.

5.Хариуцагч Увс аймгийн Засаг даргыг төлөөлөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” ... Аймгийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр 13-ны өдрийн 1/545 тоот албан бичиг нь 2020 оны хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайлан ирүүлээгүй, хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргаж холбогдох газарт хүргүүлээгүй, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй гарсан зэрэг алдаа зөрчлийг гаргасан учраас хамтран ажиллах боломжгүй тухай мэдэгдэл хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл хууль журамд заасан шалгуур шаардлагыг хангаж ажиллаагүй учраас хамтран ажиллах боломжгүй тухайгаа мэдэгдсэн байна.

Увс аймгийн А.Х захиргааны акт илт хууль бус гэж маргахаас илүү нэхэмжлэлийн шаардлага, тооцооллын талаар буруу зөрүү ойлголттой, хэдэн төгрөг нэхэмжлэх вэ гэдгээ шийдээгүй яваад байна. Санхүүжилтийг тухай бүр нь өгч байсан талаарх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Албан тоотын хувьд Я.Ч даргаас өмнөх А.Х-ны даргын үед хүргэгдсэн. Я.Ч нь 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ажлаа хүлээж авсан байдаг. А.Х-ны ажилтнуудын цалин хөлс олгох эрх зүйн зохицуулалтын талаар Төсвийн тухай хууль, Ахмадын тухай хуульд нарийвчлан зохицуулсан зүйл байдаггүй. А.Х-ны үйл ажиллагаанд зориулж санхүүжилт өгдөг болохоос төрийн бус байгууллага манайхаас цалин хөлсөө нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Ийм учраас татгалзлаа дэмжиж байна..” гэжээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Увс аймгийн А.Х-ноос гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Ахмадын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д ахмадын нийтлэг эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор түүний салбар нэгжийг  санхүүжүүлнэ гэж заасан. Гэтэл нэхэмжлэлийн гол үндэслэл нь 2 ажилтан цалин нэхэмжилсэнтэй холбоотой буюу санхүүжилтийн асуудлыг аймаг шийддэг гэдэг утгаар манайд хандаж нэхэмжлэл гаргасан. Энэ бол урсгал зардал биш хуулиараа нийтлэг эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхол буюу аймгийн хэмжээний ахмадуудын биеийн тамир, эрүүл мэнд, соёл урлаг, спортын үйл ажиллагаа явуулж, эрүүл чийрэг аж төрөх үйлчилгээ явуулахын тулд ашгийн бус төрийн бус байгууллагад санхүүжилт олгоно гэж ойлгож байгаа. Увс аймгийн 2021-2024 оны тогтоолыг харахаар ахмад настны хөгжил хамгаалал гэх утгаар санхүүжилт тавьсан байдаг. Жил бүр Увс аймгийн А.Х тайлангаа Увс аймгийн Тамгын газарт ирүүлж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Хугацааны хувьд А.Х-ны даргаар Я.Ч нь томилогдоод 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан гэхээр 7 сарын дараа нэхэмжлэл гаргасан. Энэ нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрчихсөн гэж би үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч талаас “Увс аймгийн Засаг даргын 2021 оны 4 сарын 13-ны өдрийн 1/545 тоот шийдвэр нь гадагшаа чиглэсэн, аймгийн А.Х-ны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц шийдвэр бөгөөд Засаг дарга захирамж гаргах байтал албан бичгээр асуудлыг шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”  гэж үзэн илт хууль бус акт болохыг тогтоох үндэслэлтэй, аймгийн А.Х-ноос тус хороонд ажиллаж байсан иргэн Бор, Норжиндулам нар өмнө нь ажиллаж байсан цалингаа нэхэмжилсэн байгаа тул шүүхийн шийдвэрээр төлбөр тогтоогдсон тохиолдолд А.Х-нд олгох санхүүжилт байхгүй тул нэхэмжлэл гаргасан” тухай тайлбар, нэхэмжлэл гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс “ Аймгийн Засаг даргын 2021 оны 1/545 дугаар алан бичгээр өмнө ажиллаж байсан А.Х-ны дарга хууль журамд заасан шалгуур шаардлагыг хангаж ажиллаагүй учир хамтран ажиллах боломжгүй тухайгаа мэдэгдсэн байдаг.Засаг даргын зүгээс аймгийн А.Х-ны санхүүжилтийг тухай бүр олгож байсан. Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар Засаг дарга нь А.Х-ны ажилчдын цалин хөлс олгоно гэсэн заалтгүй” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

4. Увс аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1/545 дугаартай албан бичигт “аймгийн Засаг дарга болон А.Х-ны даргын хороонд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2020 оны тайлан ирүүлээгүй, хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргаж холбогдох газруудад хүргүүлээгүй, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй гарсан учир аймгийн Засаг даргатай 2020 оны 1 сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 10.1, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн аймгийн А.Хны дарга Ё.Б тантай цаашид гэрээ байгуулж, хамтран ажиллах боломжгүй болохыг мэдэгдэж байна” гэжээ.

5.Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 сарын 26-ны өдрийн 124 дугаар тогтоолоор Төрөөс ахмад настны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төрийн гүйцэтгэх зарим чиг үүргийг Монголын ахмадын холбоогоор гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

6.Ахмад настны тухай хуулийн 4.1.3."ахмад настанд үзүүлэх дэмжлэг" гэж ахмад настны амьжиргаа, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог дэмжих төрийн үйлчилгээг” ойлгохоор, 14 дүгээр зүйлийн 14.5.3-т “аймаг, нийслэлийн Засаг дарга ахмад настныг дэмжих талаар авах арга хэмжээ, зарцуулах төсвийн санал боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх, энэ талаарх хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хэрэгжилтэд хяналт тавих, ахмад настныг төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамруулах саналыг халамжийн байгууллагад уламжлах” үүрэг хүлээнэ гэж, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Ахмад настны олонхын нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах, нийгэмд үйлчилдэг, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг улсын төсвөөс, түүний салбар, нэгжийг тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвөөс санхүүжүүлнэ” гэж тус тус зохицуулсан.

7.Увс аймгийн Засаг дарга болон аймгийн А.Х-ны дарга Ё.Б нарын хооронд 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулан ажиллаад маргаж буй 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1/545 дугаартай албан бичгээр цаашид хамтран ажиллах гэрээг байгуулахгүй талаар мэдэгдсэн байна.

2023 оны 10 сарын 16-ны өдрөөс Увс аймгийн Засаг даргаас аймгийн А.Х-ны дарга Я.Ч-тай хамтран ажиллах гэрээг 3 сарын хугацаатай байгуулж ажилласан байх ба Я.Ч шүүх хуралдаанд хамтран ажиллах гэрээг 2 жилээр байгуулан ажиллаж байгаа талаар тайлбарласан.

8.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “ иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” тохиолдолд захиргааны акт илт хууль бус болохыг зохицуулсан ба нэхэмжлэгч талаас тухайн үед аймгийн Засаг дарга нь албан бичгээр бус захирамж гаргаж хамтран ажиллахаас татгалзах ёстой байсан тул маргаан бүхий акт нь илт хууль гэж маргасан.

Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдгийг захиргааны байгууллага, албан тушаалтан хуулиар эрх  олгогдоогүй байхад холбогдох эрхийг хэрэгжүүлсэн байхыг ойлгох бөгөөд хариуцагч Засаг даргаас “А.Х-ны дарга Ё.Б-тай цаашид 2021 онд хамтран ажиллах боломжгүй “ талаарх шийдвэрийг албан бичгээр мэдэгдсэнийг илт хууль бус захиргааны акт тооцохгүй.

Өөрөөр хэлбэл, цаашид аймгийн хэмжээнд төрийн чиг үүргийг төрийн бус байгууллагын салбараар гүйцэтгүүлэх гэрээг байгуулахгүй талаарх мэдэгдлийг заавал захирамж хэлбэрээр гаргах ёстой гэж буруутгах боломжгүй.

9.Маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй тул хамтран ажиллах гэрээг байгуулаагүйтэй холбогдох хохиролд тооцсон 89.000.000 төгрөг олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

10.Хариуцагч Увс аймгийн Засаг даргын зүгээс 2021-2023 онуудад А.Х-ны байрны дулаан, цахилгааны төлбөр болон бусад холбогдох санхүүжилтийг олгож байсан талаарх баримт хэрэгт авагдсан, нэхэмжлэгчээс энэ талаар маргаагүй, гагцхүү тухайн үед ажиллаж байсан хоёр ажилтны цалин хөлсийг шүүхээр шийдвэрлэн А.Хноос гаргасан тохиолдолд төлбөрийг барагдуулах санхүүжилт байхгүй талаар тайлбарлаж байна.

Аймгийн Засаг дарга Ахмад настны тухай хуульд зааснаар ахмад настныг дэмжих талаар авах арга хэмжээ, зарцуулах төсвийн саналыг боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх үүргийг хэрэгжүүлэх этгээд тул Аймгийн А.Х нь шаардлагатай төсвийн талаарх саналаа аймгийн Засаг даргад танилцуулан хамтран ажиллах боломжтой юм.

Увс аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/545 дугаар албан бичгийн улмаас нэхэмжлэгч Увс аймгийн А.Х-ны эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй тул нэхэмжлэгчийн гаргасан “иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр А.Х төлбөр төлөх тохиолдолд төлөх боломжгүй тул нэхэмжлэл гаргах үндэслэл болсон” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй болно.

11.Дээр дурдсан дүгнэлтүүдээр нэхэмжлэгч Увс аймгийн А.Хны Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Увс аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1/545 тоот шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг дуустал олгох байсан 89.000.000 төгрөгийг олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

12.Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Увс аймгийн А.Х-ноос Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Увс аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1/545 тоот шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг дуустал олгох байсан 89.000.000 төгрөгийг олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ