Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2023/00294

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 16 өдөр Дугаар 102/ШШ2023/00294 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 75 дугаар байрны 8 тоот хаягт оршин суух, эмэгтэй, МП82122366 регистртэй, Боржигин овогт Лхагвадоржийн Э ,

Хариуцагч: Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 1-8 дугаар байрны 20 тоот хаягт оршин суух, эрэгтэй, ЧР82012716 регистртэй, Хөвгүүд овогт Оюунчимэгийн Б ,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Л.Э ,

Хариуцагч О.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Назгүль

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Л.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие 2005 онд О.Б тай танилцаж, хамтран амьдарч эхэлсэн. Бид 2009 оны 5 дугаар сарын 08-нд Баянзүрх дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж гэрчилгээ авсан. Бид дундаасаа 2 охинтой. Б.Мичидмаа 2008 оны 7 дугаар сарын 11-нд, Б.Б 2018 оны 7 дугаар сарын 19-нд төрсөн. Сүүлийн хэдэн жил бид байнга гэр бүлийн маргаантай амьдарч байгаад 2020 оноос хойш тусдаа амьдарч эхэлсэн. Миний бие сүүлийн хоёр жил хүүхдүүдтэйгээ түрээсийн байраар амьдарч байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж 2 охиныг минь миний асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг тогтоож өгнө үү...гэв.

2.Хариуцагч О.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие Л.Э тай 2005 онд танилцаж, 2009 онд гэрлэлтээ бүртгүүлж, хоёр хүүхэдтэй болсон. Л.Э гийн бичсэнээр 2020 оноос тусдаа амьдраагүй, 2021 оны 5 дугаар сараас хойш амьдарч байгаа. Л.Э гийн адилаар миний бие ээжийн дүү болох ахтайгаа түрээсийн нийтийн байранд амьдарч байна. Шүүхийн эвлэрүүлэн зуучлах албанд хандахад миний зүгээс сайн ярилцаж эвлэрч болно гэж хэлсэн. Харин Л.Э шууд эвлэрэхгүй гэсэн. Иймд миний бие 2 охиноо өөр дээрээ авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэвч миний одоогийн амьдарч буй нөхцөл байдлаас шалтгаалаад охидуудаа ээжийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан хэмжээгээр хүүхдүүддээ тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна...гэв.

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-4/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-5/, хүүхдүүд эрүүл өсөн бойжиж байгаа, вакцинд бүрэн хамрагдсан тухай өрхийн эмнэлгийн тодорхойлолт /хх-6-7/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 604 дүгээр Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл /хх-8/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

4.Хариуцагч О.Б шүүхэд аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбар бичгээр гаргажээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэмжлэгч Л.Э нь шаардах эрхийн үндэслэлээ хариуцагчтай хоорондын таарамжгүй харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй учир гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээн, хуульд заасан хэмжээгээр хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгон хариуцагчаар тэжээн тэтгүүлнэ гэх агуулга бүхий тайлбар гарган тодорхойлж байна.

3.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараар нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч, хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээхийг хүссэн боловч шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед нэхэмжлэлийн бүх шаардлагыг буюу хүүхдүүдээ эхийнх нь асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхийг илэрхийлсэн.

4.Хэрэгт нотлох баримтаар авагдсан О.Б , Л.Н нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмнэлгийн тодорхойлолт, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

4.1.Гэрлэгчид 2005 онд танилцан хамт амьдарч, улмаар гэр бүл болсныг 2009 оны 5 дугаар сарын 08-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж хууль ёсны гэр бүл болсон ба 2021 оны 5 дугаар сараас хойш хоорондын таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарчээ.

4.2.Гэрлэгчдийн дундаас 2008 оны 7 дугаар сарын 11-ний өдөр охин Б ын Мичидмаа, 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр охин Б ын Б нар төрсөн. Гэрлэгчид тусдаа амьдрах хугацаанд хүүхдүүд нэхэмжлэгчийн асрамжид орон сууц түрээслэн амьдарч, хариуцагч мөн түрээсийн нийтийн байранд амьдарч байгаа тухай тайлбарласан.

4.3.Гэрлэгчдийн дунд шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй болохоо хэн аль нь илэрхийлсэн. Мөн шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч хэн аль нь шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулахыг хүссэнээр ажиллагаа дуусгавар болжээ.

5.Гэрлэгчид тусдаа амьдраад удаагүй боловч зан харилцааны хувьд таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон талаар хэн аль нь тайлбарлаж гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн ч амжилтгүй болсон зэргийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт зааснаар тэдний гэрлэлтийг цуцалж, охин Б.Мичидмаа, Б.Б нарыг эх Л.Э гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

6.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Б.Б 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, Б.Б , Б.Мичидмаа нарыг 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр төлөхөөр тэтгэлэг тогтоон, эцэг О.Б аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

7.Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг гэрлэлтээ цуцлуулсан Л.Э , О.Б нарт даалгах нь зүйтэй байна.

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн **, Монгол улсын иргэн ** нарын гэрлэлтийг цуцалж, 2008 оны 7 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Б.Мичидмаа, 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Б.Б нарыг эх Л.Э гийн асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу охин Б.Б 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, Б.Б , Б.Мичидмаа нарыг 18 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг О.Б аар тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан О.Б , Л.Э нар хэн аль нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ хүүхдүүдээ асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5.Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА