| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 101/2022/00928/И |
| Дугаар | 102/ШШ2022/04513 |
| Огноо | 2022-12-20 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2022/04513
2022 оны 12 сарын 20 өдөр Дугаар 102/ШШ2022/04513 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн **
Хариуцагч: Баянгол дүүргийн **
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч О.Н ,
Хариуцагч Б.Э ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч О.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие Б.Э тай 2016 онд танилцаж, 2018 онд үерхэж эхэлсэн. Бидний хүү Н.Б 2020 оны 5 дугаар сарын 09-нд төрсөн. Хүүгээ төрөхөд би Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсээс төрсний гэрчилгээг нь авч, Б.Э миний хүү биш гэх шалтгаанаар өөрийн үүргээс зугтаж, би хүүгээ өөрийн нэрээр овоглосон. Н.Б нь Б.Э ийн хүүхэд мөн тул эцэг тогтоолгож, Б.Э аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Хүүхдийн хэрэглээ их байгаа болохоор би ганцаараа хариуцахад хүндрэлтэй байна. Бид хамт амьдарч байгаагүй. Хариуцагч хүүхдийн зургийг харж байсан, хүүхэдтэй болсон гэдгээ мэдэж байсан. Одоо хариуцагч А.Цолмон гэх охинтой үерхэж байгаа. Өөр хүнтэй болсон гэх шалтгаанаар бид харилцахаа больсон. Тэр охинтой үерхсэнээс хойш хүүхдээ миний хүүхэд биш гэх болсон. Намайг төрөх үед машины дугуй хагарсан гээд ирээгүй. Тэр нь зүгээр шалтаг байсан. Иймд хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг тогтоолгох хүсэлтэй байна. Хүүхдийг 2 ой 7 нас хүртэл гарсан зардлыг дахин нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлнэ гэж бодож байгаа. Бид хүүхэдтэй болох гэж 1 жил зүтгэсэн. Хүүхдэдээ гаргах хайр халамж байхгүй бол ядаж мөнгөн тэтгэмжээ төлөөсэй гэж хүсэж байна...гэв.
2.Хариуцагч Б.Э шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие энэ нэхэмжлэлийг эсэргүүцэж байна. О.Н тэй миний бие нэг ч өдөр хамтран амьдарч байгаагүй. Нэг удаа надад хүүхэдтэй болсон гэж хэлээд Фейсбүүкээр над руу зураг явуулсан. Уг зураг нь эмэгтэйчүүдийн эмнэлгийн сурталчилгааны хүүхдийн гэдсэн дотор байгаа зургийг явуулсан байсан. Тухайн үед хэлэхдээ энэ чиний хүүхэд гэж хэлсэн. Ийм хуурамч зураг явуулахад миний маш их бухимдал хүрсэн. Тухайн үед өөр залуучуудтай явж тааралдаж байсан. Мөн би чамтай суух боломжгүй ээ гэж хэлэхээр уулзтал ах, ээж нар нь над руу дайрч зодож байсан. Дараа нь О.Н нь эгчийнхээ хамт миний хувцсыг урж зодож байсан. Удаа дараа утсаар ярьж ална, хүнээр алуулна гэж байнга ярьдаг байсан. Н.Б нь миний хүүхэд биш бөгөөд эцэг тогтоолгох хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна.
А.Цолмонтой үерхэхээс өмнө бид хоёр салсан байсан. Нэхэмжлэгч манай гэрийнхэн рүү элдэв зурвас бичиж, хэл амаар доромжилж байсан. Би хүүхдийн тэтгэмжийг төлөх боломжгүй. Учир нь би ажил хийдэггүй. Гэр бүлээс маань ганц аав ажил хийдэг бөгөөд ээж маань өвчтэй, дүү маань оюутан. Би аав ээжийнхээ гэрт байдаг. Сургуулиа төгсөж чадаагүй, одоо ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Нэхэмжлэгч сая худал хэлсэн. Ийм л хүн. Шүүхэд худал ярьж болохгүй. Нэхэмжлэгч юунаас ч айж эмээхгүй худал ярьж байна. Намайг эгчтэйгээ нийлж манай найз нарын дэргэд зодож байсан. Үүнээс гадна олон удаа сүрдүүлж, миний ээж, хөгшин настай эмээг маань янхан, гичийгээр нь дуудсан. Хүүхдийн эцэг тогтоолгох шинжилгээг өмнө өгье гэхэд өгөөгүй, тэгтэл гэнэт ийм зүйл болсонгэв.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-4/, өөрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-5/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-6/, хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай Гурван цүүр Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-6/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.
4.Хариуцагч Б.Э шүүхэд өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-11/, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-19/ зэргийг нотлох баримтаар гаргасан.
5.Зохигчдоос гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШЗ2022/14688 дугаар захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, шинээчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5546 дугаар дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн байна. /хх-41, 45-48/
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх О.Н ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэмжлэгч О.Н нь хариуцагч Б.Э ид холбогдуулан хүү Н.Б тэтгэлэг тогтоолгож, тэжээн тэтгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3.Хариуцагч Б.Э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Н.Б биологийн эцэг биш, ажил хийдэггүй учир хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй гэх агуулга бүхий тайлбар гарган маргаж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 1107870071 бүртгэлийн дугаартай хүү Н овогтой Б төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдийн эрүүл мэндийн байдлын талаарх өрхийн эмчийн тодорхойлолт, оршин суух хаягийн тодорхойлолт, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
4.1.Зохигчид 2016 онд танилцаж, Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлээгүй бөгөөд хамтран амьдраагүй. Тэдний дундаас 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүү Н.Б төрж, эх О.Н ээр овоглосон байна.
4.2.Хүү О.Б нь эх О.Н ийн асрамжид эрүүл өсөн бойжиж байгаа тухай Гурван цүүр Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Э.Оюунцэцэг тодорхойлсон.
4.3.Зохигчдоос гаргасан хүсэлтийн дагуу хариуцагч Б.Э нь хүү Н.Б биологийн эцэг мөн эсэхийг тогтоолгохоор шүүгчийн захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлтээр түүнийг хүүхдийн биологийн эцэг байх 99.9999%-ийн магадлалтай гэж дүгнэсэн. Шинжээчийн зардлыг хариуцагч Б.Э төлсөн талаар зохигчид шүүх хуралдаанд тайлбарлаж байна.
5.Хүү Н.Б нь эх О.Н ээр овоглосон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар захиргааны журмаар эцэг тогтоогдоогүй. Харин эцэг тогтоох шинжээчийн дүгнэлтээр хариуцагч Б.Э нь хүүхдийн биологийн эцэг мөн болохыг тогтоосон тул Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу Б.Э ийг хүү Н.Б төрсөн эцэг мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
6.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаар хүү Н.Б тэжээн тэтгүүлэхээр шаардах эрхтэй байна.
7.Хариуцагч ажил хөдөлмөр эрхэлдэггүй, сургуулиа төгсөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт Тэтгэлэг төлөгч өөр хүүхэдтэй бөгөөд тэдгээр нь тэтгэлэг авагчаас бага орлоготой, тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадвараа алдсан, эсхүл тэтгэлэг авагч хүүхэд өөрөө хангалттай орлоготой бол шүүх тэтгэлгийн хэмжээг багасгаж болно гэж хуульчилсан байна. Хариуцагчийн тайлбарлаж буй ажил эрхэлдэггүй гэх нөхцөл байдал нь түүний хуулиар хүлээсэн хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөхгүй тул түүний татгалзал үндэслэлгүй юм.
8.Зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар тохиролцоогүй учир Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт ...11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /энэ үед суралцаж байвал 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр... гэж заасны дагуу хүү Н.Б тэтгэлэг тогтоож, эцэг Б.Э аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
9.Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод даалгах нь зүйтэй.
10.Мөн Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь цаашид гарах нэмэлт зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд адил хэмжээтэй оролцох үүрэг хүлээсэн болохыг тус тус тайлбарлах нь зүйтэй.
11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э ийг 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Н.Б эцэг мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Н.Б 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /энэ үед суралцаж байвал 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Б.Э аар тэжээн тэтгүүлсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Н т олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САРАНТУЯА