Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2022/04226

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 29 өдөр Дугаар 102/ШШ2022/04226 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн Н ,

Хариуцагч: Баянгол дүүргийн А ,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Н ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Назгүль

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие 2006 онд Э.А тай танилцаж, хамтран амьдрах болсон. 2009 онд Сонгинохайрхан дүүргийн иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн 1686 дугаартай гэрчилгээ авсан. Бидний охин А.У 2007 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр, хүү А.Т 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн. Сүүлийн 5 жил бид зан харилцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай амьдарсан. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө Эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид би Э.А тай хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулах, хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулахыг хүсэж байна. Бидний дунд өмч хөрөнгийн маргаан байхгүй. Хариуцагч хүүхдийн тэтгэлгийг зөвшөөрч байгаа, өгнө гэж хэлсэн. Хуульд заасан хэмжээгээр шаардаж байгаа. Бид тусдаа амьдраад жил гаруй болж байна. Тусдаа амьдарснаас хойш хариуцагч хүүхдүүдтэйгээ уулзаагүй. Хүүхдүүдээ аавтай нь уулзуулахад миний зүгээс татгалзахгүй. Хүүхдүүд маань одоо 8, 9 дүгээр ангид суралцдаг...гэв.

2.Хариуцагч Э.А шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Н тай сүүлийн 15 жилийн хугацаанд амьдарч байгаа бөгөөд зан харилцааны зөрүүтэй байдлаас болж таарч тохирохоо больсон. Иймд гэр бүл салах өргөдлийг дэмжиж байна. Ямар нэг эсэргүүцсэн зүйлгүй, тэтгэлгийг хүлээн зөвшөөрч байна...гэжээ.

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-4/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-5/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 446 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл /хх-6/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

4.Хариуцагч Э.А шүүхэд аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбар бичгээр гаргажээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэмжлэгч Б.Н нь шаардах эрхийн үндэслэлээ хариуцагчтай хоорондын таарамжгүй харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй учир гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээн, хуульд заасан хэмжээгээр хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгон хариуцагчаар тэжээн тэтгүүлнэ гэх агуулга бүхий тайлбар гарган тодорхойлж байна.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, гэрлэлтээ цуцлуулан, хүүхдүүдээ нэхэмжлэгчийн асрамжинд үлдээж, хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлөхийг мөн зөвшөөрсөн байна.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид өөрсдөө шүүх хуралдаанд ирэх үүрэгтэй. Гэвч хэргийг хянан шийдвэрлэхээр товлон зарлагдсан шүүх хуралдаанд хариуцагч Э.А хөдөө байгаа, цаснаас болоод хотод очиж амжсангүй, хариу тайлбараа бичиж өгсөн байгаа тул шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг шүүхийн ажилтны утсанд мессеж хэлбэрээр ирүүлсэн ба уг хүсэлтийг нэхэмжлэгч дэмжиж, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэв.

5.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Б.Н , Э.А нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

5.1.Гэрлэгчид 2006 онд танилцан үерхэж, улмаар гэр бүл болсныг 2009 оны 6 дугаар сарын 26-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж хууль ёсны гэр бүл болсон ба сүүлийн 5 жилийн хугацаанд хоорондын таарамжгүй байдлын улмаас байнгын маргаантай байж, 2021 оноос эхлэн тусдаа амьдарчээ.

5.2.Гэрлэгчдийн дундаас 2007 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр охин А ын У , 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүү А ын Т нар төрсөн ба гэрлэгчид тусдаа байх хугацаанд хүүхдүүд нэхэмжлэгчийн асрамжинд амьдар байна.

5.3.Гэрлэгчдийн дунд шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй болохоо хэн аль нь илэрхийлсэн. Мөн шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Б.Н эвлэрэх хүсэлгүй, Э.А эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцох боломжгүй болохоо илэрхийлснээр ажиллагаа дуусгавар болжээ.

6.Гэрлэгчид тусдаа амьдраад удаагүй боловч зан харилцааны хувьд таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон талаар хэн аль нь тайлбарлаж гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн ба шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн ч амжилтгүй болсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт зааснаар тэдний гэрлэлтийг цуцалж, охин А.У , хүү А.Т нарыг эх Б.Н гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

7.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин А.У /15 настай/, хүү А.Т /13 настай/ нарыг 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр төлөхөөр тэтгэлэг тогтоон, эцэг Э.А аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

8.Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг гэрлэлтээ цуцлуулсан Б.Н , Э.А нарт даалгах нь зүйтэй байна.

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

10.Гэрлэлт цуцлуулж буй Б.Н , Э.А нар нь шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн **  Монгол улсын иргэн **  нарын гэрлэлтийг цуцалж, 2007 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин А.У , 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү А.Т нарыг эх Б.Н гийн асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу А.У /15 настай/, А.Т /13 настай/ нарыг 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг Э.А аар тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан Б.Н , Э.А нар хэн аль нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ хүүхдүүдээ асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5.Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА