Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 32

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Т.Солонго,

            Улсын яллагч Э.Бадрал,

            Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Шадав овогт Б.Бд холбогдох 1711008040346 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 28 дугаар гудамж, 424б тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шадав овогт Б.Б (РД:0000000000),

нь 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ц.Эмүлэнгийн Самсунг Эс-8 маркийн гар утас болон дагалдах хэрэгсэл, смарт бугуйн цаг зэрэг эд зүйлийг хуурч залилж 1.820.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Цусны өвчтэй тул хөнгөн ял оногдуулж өгнө үү. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэв.

            Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “… 2017 оны 9 дүгээр сарын дундуур Үнэгүй.мн зарын сайт дээр байршуулсан байсан Самсунг Эс-8 плас загварын гар утас дагалдах хэрэгслийг мөн смарт бугуйн цаг зэргийг зарна гээд мобигийн дугаар бичээд, гар утсыг хайрцаг савтай нь зургийг байрлуулсан байсан. Ингээд би тэр хүнтэй утсаар холбогдож гар утсыг асуухад эмэгтэй хүн авсан бөгөөд гар утас болон бусад зүйлийг үзэхээр болоод Чингэлтэй дүүргийн Хайлаастын 15-н буудал газар өөрийн эзэмшлийн 46-22 УНЛ улсын дугаартай Тоёота Аллион маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй очиж тэр эмэгтэйтэй уулзаж гар утсыг худлаа үзэж сонирхсон юм. Тэгээд худалдан авахаар болж АТМ-ээс мөнгө авна гэж худлаа хэлж түүнийг дагуулж ойр хавийн АТМ-үүдээр явж байгаад Хаан банкны АТМ орох гээд нэг дэлгүүрийн гадаа зогссон. Энэ үед тэр эмэгтэй гар утас, дагалдах хэрэгсэл, смарт бугуйн цагаа хайрцагтай нь үлдээгээд машинаас түрүүлж буухаар нь би машинаасаа буулгүй бүтэн эргээд хойшоо чиглэлтэй зугтаад явсан. Тэгээд 7-н буудлаар дайраад Дамбадаржаагаар явж Алтан-Өлгийд байх гэртээ ирсэн. Улмаар маргааш өдөр нь уг гар утсыг зарахаар шинээр фейсбүүк хаяг нээгээд байршуулсан бөгөөд зарын дагуу 2-3 хүн яриад нэг залуу худалдан авахаар болж би тэр залуутай баруун дөрвөн замын Хаан банкны хажууд уулзаад гар утсыг хайрцаг кейс, цэнэглэгчийн хамт 1.300.000 төгрөгөөр зарсан.” гэжээ.

Хохирогч Ц.Эмүлэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 9 дүгээр сарын 26-ы өдөр Солонгос улсаас авчраад удаагүй байсан Самсунг Эс-8 плас загварын гар утас дагалдах хэрэгсэл болон смарт нэртэй мэдрэгчтэй бугуйн цагаа зарахаар үнэгүй.мн гэсэн зарын сайтад зар тавиад байж байхад 89996937 гэсэн дугаараас залгаад гар утсыг чинь үзье гээд манай гэрийн хаягийг заалгаад ирсэн. Тэгээд би 16 цаг 40 минутын үед 84-н буудал дээр түүнтэй уулзахад машинтай эрэгтэй хүн байсан. Улмаар гар утсаа үзүүлэхэд тэр хүн авахаар болоод АТМ орж мөнгөө авч өгөхөөр болоод 84-н автобусны буудлын замын хойд талд Хаан банкны АТМ ороход АТМ ажиллахгүй байна гээд надад өөр АТМ байна уу гэж асуусан. Улмаар би 17-н автобусны буудал дээр АТМ байгаа гэсэн чинь намайг дагуулаад 17 орсон. Тэнд очиход мөн АТМ ажиллахгүй байсан ба тэндээсээ Далайхүү төвийн АТМ орох гээд Далайхүү төвийн гадаа ирээд дөнгөж машинаас буухад намайг орхиод машинтайгаа зугтаад 7-н буудал чигтэй яваад өгсөн. Өмнөх АТМ ороход би машинаас буугаагүй юм. Тэр залуу машин дотор миний утсыг сонирхоод явж байхдаа боломжийн утас байна. Ахдаа авч өгнө гэх зэргээр ярьж байсан.” гэжээ.

Гэрчүүдээс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

1.М.Балжинням: “...Би анх 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр фейсбүүкээр гар утас зарна гэсэн постыг уншиж сонирхоод үзтэл Самсунг Эс-8 плас загварын гар утас зарна гээд зар тавьсан байсан. Тэгээд би чатаар үнийн саналыг асуухад боломжийн үнэ хэлэхээр нь авахаар болоод гар утсаа солилцсон юм. Улмаар би өөрийн 89012194 дугаарын утсаар холбогдож уулзаж гар утсыг үзэж сонирхохоор болоод түүнээс гар утсаа зарахгүй байхыг хүсээд орой 18 цагийн үед Баруун дөрвөн зам орчимд уулзахаар болсон юм. Тэгээд орой 17 цаг өнгөрч байхад товлосон газраа ирэхэд өндөр нуруутай, туранхай биетэй залуу ирж гар утсаа үзүүлсэн. Тухайн үед гар утсыг үзэхэд Самсунг Эс-8 плас загварын ягаан өнгийн гар утас, 3 ширхэг гар утасны гэр, залгуур зэрэг байсан. Би тэр үед эхнэртэйгээ явж байсан болохоор ярилцаад 1.300.000 төгрөгөөр худалдан авахаар болж баруун дөрвөн замын хажууд Хаан банкинд орж АТМ-ээс бэлнээр мөнгө аваад түүнд 1.300.000 төгрөгийг өгөөд тэндээсээ шууд салсан. Тэр залууд анх дансаар мөнгө шилжүүлье гэхэд зөвшөөрөхгүй байсан юм...” гэжээ.

2.Д.Лхагвасүрэн: “...Би 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр цалингаа картаар авсан юм. Тэгээд маргааш өдөр нь буюу 9 дүгээр сарын 26-ны өдөр Шархад орчмоор хог ачиж байгаад Цайз 16-н хойд талын автобусны буудлын наана байх Юнителийн салбар байхаар нь утсаа сунгах гээд орох гээд очиход үүдэн дээр нь нэг залуу та бичиг баримттай бол надад дугаар аваад өгөөч би 3.000 төгрөг өгье гээд надад шинэ дугаарын мөнгө гэж 10.000 төгрөг өгсөн. Улмаар надтай цуг салбар руу ороод дэлгэцнээс өөрөө дугаар харж байгаад энийг авъя гээд 2 ширхэг дугаар хэлээд авсан. Би тэр дугаарыг 4.000 төгрөгөөр авч өгөөд тэр залууд хариултыг өгөхөд надад эргүүлээд 3.000 төгрөг өгөөд би машиндаа суугаад яваад өгсөн.” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Б.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ц.Эмүлэнгийн зарах гэж байсан Самсунг Эс-8 маркийн гар утас болон дагалдах хэрэгсэл, смарт бугуйн цаг зэрэг эд зүйлийг худалдаж авах нэрээр хуурч авснаас түүнд 1.820.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн “…Солонгос улсаас авчраад удаагүй байсан Самсунг Эс-8 плас загварын гар утас дагалдах хэрэгсэл болон смарт нэртэй мэдрэгчтэй бугуйн цагаа зарахаар үнэгүй.мн гэсэн зарын сайтад зар тавиад байж байхад 89996937 гэсэн дугаараас залгаад гар утсыг чинь үзье гээд манай гэрийн хаягийг заалгаад ирсэн. …Улмаар гар утсаа үзүүлэхэд тэр хүн авахаар болоод ... Далайхүү төвийн гадаа ирээд дөнгөж машинаас буухад намайг орхиод машинтайгаа зугтаад 7-н буудал чигтэй яваад өгсөн” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн гомдол саналгүй гэх хүсэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Шадав овогт Б.Быг бусдын эд хөрөнгийг хуурч залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчид торгох ял оногдуулах санал гаргасан боловч шүүгдэгч нь цусны өвчтэй бөгөөд хөдөлмөр эрхлэх чадваргүй нь баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан торгох ял оногдуулах боломжгүй байна. Харин шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж,  үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бөгөөд хохирогч нь гомдол саналгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Шадав овогт Б.Быг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хуурч залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

3.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх ял оногдуулахыг сануулсугай.

5.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ