Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/17

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                    2023/ДШМ/17

 

 

 

Э.А-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, ерөнхий шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                        Прокурор                                                           А.Амарсанаа

                        Хохирогчийн өмгөөлөгч                                  Г.Э

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                                  В.У

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Д нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч В.У-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Э.А-т холбогдох 2212002470039 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Архангай аймгийн Э сумын Ерөнхий боловсролын  дугаар сургуульд биеийн тамирын багш ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын  дүгээр баг, Бор толгойн 00-00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Б овогт Э.А /РД:АЮ000000/

 

Шүүгдэгч Э.А нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны орой согтуугаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Б зодож, биед нь доод уруулын дотор салстад язарсан шарх, духны голын дээд хэсэг, зүүн өвдөгт жижиг зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Э.А-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б овогт Э.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ыг 2/хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 2/хоёр/ сарын хугацаанд хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн. Шүүгдэгч Э.А хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-аас 3.472.322/гурван сая дөрвөн зуун далан хоёр мянга гурван зуун хорин хоёр/ төгрөг гаргуулан хохирогч Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 00-р хороо, 00-р байрны 00 тоотод оршин суух хаягтай, Хөх бух овогт Б.Б/РД:АС0000000/-т олгохоор шийдэж, Шүүгдэгч Э.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Б-ийн нэхэмжлэлээс 1.101.550 төгрөгийг хэрэгсэхгүй болгож гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдан, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.У-ын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Эрүүгийн 2212002470039 дугаартай хэрэгт шүүгдэгч Э.А-аас хохирогч Б.Б-ийн ажилгүй  байсан хугацааны цалин 3698944 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн нь буруу бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирол, хор уршигт хамаарахгүй байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж 3698944 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдолтой прокурорын зүгээс танилцсан. Үүнд шийтгэх тогтоол болон гэм буруугийн асуудалд маргаангүй. Хохирлын хувьд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж харсан. Шүүгдэгч Э.А болон өмгөөлөгч В.У нарын гаргасан гомдлын дагуу хохирлын хэсэгт өөрчлөлт оруулах  боломжтой гэж харж байна.” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа:  Анхан шатны шүүхийн шийдвэр хууль журмын дагуу нотлох баримтад зөв үнэлэлт дүгнэлт өгч шийдсэн гэж харж байгаа. Улсын яллагч хохирогчийн гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд А.Амарсанаа прокурор ороод хохирогчийн хохирол төлбөрийн асуудалд мэтгэлцээгүй. Хохирол төлбөрийг хүлээн зөвшөөрч гаргуулж шийдэх нь хуульд нийцнэ гэсэн тайлбарыг гаргаж байсан. Өнөөдөр өөр байр суурийг илэрхийлж оролцож байгаа юм байна. Миний хувьд Э.А-ын учруулсан хохиролтой уялдаж Баттөмөрт хохирол учирсан. Эх сурвалж нь түүнээс гаралтай. Тиймээс анхан шатны шүүх нотлох баримтад зөв үнэлэлт дүгнэлт өгсөн учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Анхан шатны шүүх сэтгэл санааны хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг зааж орхисон. Харин Э.А өөрийн гаргасан үйлдэлдээ хэр хандаж байгааг нь харгалзан үзэж нэхэмжлэхээр байсан. Өөрийн гаргасан үйлдлийн гэм буруу дээрээ маргахгүй байгаа ч гэсэн энэ хүнд тэр хэмжээний хохирол учруулаагүй гэж маргадаг. Хохирогч сэтгэл санааны хувьд маш их хямарсан. Архангай аймагт нэлээн асуудалтай байсан учраас хот руу явсан. Хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй байгаа учраас шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах талаар тайлбарлах зүйл алга байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж Б-т учирсан хохирлыг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэйгэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Э.А нь анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй орсон. Гэм буруу болон ял шийтгэлийг хүлээн зөвшөөрсөн. Яагаад хохиролтой холбоотой асуудлаар гомдол гаргаж байгааг хуульд зааснаар үндэслэлтэй гэж үзэж байгаа. Хавтаст хэргийн материалд шинжээчийн 3 удаагийн дүгнэлт авагдсан. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хохирогчид доод уруулын дотор салстад язарсан шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар гарсан. Духны голын хэсэг зүүн дээд хэсэгт жижиг зулгарал нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлт гарсан. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-дэх хэсэгт зааснаар гэмтэл түүнээс үүссэн эдгэрэл, эд эрхтний бүтэц үйл ажиллагааны хямрал эрүүл мэндийг 4 долоо хоногоос доош хугацаагаар буюу түр хугацаагаар сарниулахаар гэмтлийн зэрэг тогтоогдсон. Гэтэл шинжээчийн дүгнэлттэй холбоогүйгээр шинжээчийн дүгнэлтээс гарсан өөр асуудлаар өөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөр хөлсийг тэр хугацаанд эмнэлэгт хэвтсэн эмчлүүлсэн хугацааны цалинг хохирол хор уршигт тооцож гаргасан байна. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдана. Жишээ нь хавтаст хэрэгт авагдсан эмнэлгийн магадалгаа байна. Энэ магадалгааны үндсэн онош гэмтлийн 3 удаагийн шинжээчийн дүгнэлтээс тусдаа өөр асуудал. Баянзүрх дүүргийн эмнэлэгт хандаж эмчлүүлсэн байдаг. Ингэж хэвтэж эмчлүүлэхдээ уламжлалт анагаах ухааны сэргээн засах эмчилгээг хийлгэжээ. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар харагдаж байна. 79,350 төгрөгийг төлж хэвтсэн байна. Дараагийн удаад дахин эмчлүүлж хэвтэхдээ арьсны идээт мөөгөнцөр гэсэн оношоор эмчлүүлсэн. Гэтэл тухайн гэмт хэрэг болсон үйл явдал 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр болсон байдаг. Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Хэвтэн эмчлүүлсэн хугацааны ор хоногийн төлбөрийг Э.А хүлээн зөвшөөрч төлсөн байдаг. Э.А-ын учруулаагүй гэмтэл ч байдаг юм уу өвчнөө эмчлүүлсэн хугацааны цалинг ажилгүй байсан хугацаа 2 сарын цалинг аваагүй байна гэсэн тодорхойлолтыг үндэслэж шүүх 6 хувийн ажилласан хугацаа харагдаж байна гэж үзсэн. Үүнээс хасаж 6,998,944 төгрөгийг гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шийтгэх тогтоолоор Э.А-аас гаргахаар шийдвэрлэсэн цалин болох 3,698,000 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. Шийтгэх тогтоолоор хохирол гаргуулахдаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасан ерөнхий заалтыг баримталсан. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин гэж оруулсан байгаа болохоос биш цалинг бүгдийг нь гаргуулж шийдвэрлэсэн асуудал нь үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч В.У-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

       Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан  хохирогч .Б, гэрч М.Г, С.Г нарын мэдүүлэг, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 409 дугаартай дүгнэлт, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 413 дугаартай дүгнэлт, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 083 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.А нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн  Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Б-ийг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй  бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна

Мөн шүүгдэгч Э.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хувийн байдалд тохирчээ.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Т.У “…шүүгдэгч Э.А-аас хохирогч Б.Б-ийн ажилгүй  байсан хугацааны цалин гаргуулсан нь буруу, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирол, хор уршигт хамаарахгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн үндэслэлээр  давж заалдах гомдол гаргасан байна.

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэхдээ хохирогчийн нэхэмжилсэн 11.302.498 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хохирол, хор уршигт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж дүгнэн, бензиний үнэ 102.173 төгрөг, буудлын хөлс 60.000 төгрөг, шинжээчийн хөлс 8.000 төгрөг, эмчилгээний зардал 210.000 төгрөг, 203.000 төгрөг, 65.850 төгрөг, 79.350 төгрөг, 25.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 3.698.944 төгрөг, нийт 4.472.322 төгрөгөөс  шүүгдэгчийн төлсөн 1.000.000 төгрөгийг хасаж, үлдэх 3.472.322 төгрөгийг шүүгдэгч Э.А-аас гаргуулахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.А-аас гаргуулахаар шийдвэрлэсэн 3.472.322 төгрөг нь хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний нэхэмжлэлийн шаардлага гэж дүгнэхээр байна.

Хэрэгт авагдсан хохирогч Б.Б-ийн 0116827 дугаарын НДД-ийн хуулбар /2-х хх-ийн 01-р хуудас/, Монгол улсын Боловсролын Их Сургууль Нийгэм Хүмүүнлэгийн ухааны Сургуулийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1/17 дугаар албан тоот /2-р хх-ийн 05-р хуудас/, Баянзүрх эмнэлгийн санхүүгийн баримт /2-р хх-ийн 10, 11-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар  хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэлтэй холбоотой  гарсан зайлшгүй зардал болох нь хангалттай тогтоогдохгүй байна.

 

Тодруулбал хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримт нь хохирогч Б.Б-ийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлстэй холбоотой нотлох баримт   гэж үзэж үнэлэх боломжгүй байх тул энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах  замаар зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

  1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023

оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолын  тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, 7 дахь заалтын ...өөрт учирсан гэсний дараа “хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин болон”... гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.