Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 124

 

С.Дгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч О.Тд холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2020/01135 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч:С.Дгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Тд холбогдох,

“1.120.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч О.Тын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.

Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Д нь 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зээлсэн мөнгөө авахаар иргэн О.Ттай уулзахад 2019 оны 10 дугаар сард гэхэд 1. 120.000 төгрөг өгөхөөр тохирсон байна. Гэтэл О.Т нь тохирсон хугацаандаа зээлсэн мөнгөө төлөхгүй байгаа тул 1.120.000 \нэг сая нэг зуун хорин мянга\ төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч О.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би иргэн С.Дгаас 2019 оны 02 дугаар сарын 2-ны өдөр 700.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 5-ны өдөр 470.000 төгрөг, нийт 1.970.000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр аман гэрээгээр зээлж авсан. Зээлсэн мөнгөө 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн буцаан төлж байтал нөхрийн бие муудаж сэхээнд хэвтсэн. Энэ хугацаанд нийт 1.670.000 төгрөгийг төлж үлдэгдэл 497.000 төгрөгийг төлөөгүй үлдсэн. Би С.Дгийн шүүхэд өгөх хүртэл С.Дд өгсөн мөнгө болон үлдэгдэл мөнгийг С.Дд өгөхөө тооцож бодоогүй байсан. Иймд нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2020/01135 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3-д заасныг баримтлан хариуцагч О.Таас 80.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.040.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хурамжинд төлсөн 3.430 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 4.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн О.Т шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хуралдааны явцад С.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.б 2019 оны 04 дүгээр сарын 07-нд 40.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 13-нд 40.000 төгрөгийг О.Таас С.Дд шилжүүлсэн баримт байхгүй байна гэж 80.000 төгрөг нэхэмжилсэн. Тухай үед би уг баримтуудыг шүүхийн нарийн бичгийн даргад өгсөн байсан учир тодорхой баримт хэлж чадаагүй. Шийдвэр уншсаны дараа О.Мөнх-Одоос үзгэн балыг нь гуйж авч Мөнх-Одын дэргэд Болортуяагаас яг хэдэн сарын хэдний өдөр Түвшинжаргалаас Дагиймаад шилжүүлсэн баримт байхгүй байгаа юм бэ?  хэлээд өгөөч гэхэд 2019 оны 04 дүгээр сарын 07-нд, 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн баримт байхгүй гэж хэлсэн. Үүнийг Мөнх-Од сонсож байсан. Дараа нь Б.Бямбасүрэн шүүгчийн туслах дээр очиж дээрх 2 өдөр шилжүүлсэн баримт яагаад байхгүй байгаа юм бэ, би баримтыг цаасан дээр нааж өгсөн гэж хэлээд баримтыг шалгаж үзэхэд тухайн өдрүүдэд шилжүүлсэн баримтууд байсан. Одоо ч баримтанд байгаа.

Иймд миний С.Дд шилжүүлсэн баримтуудад итгэхгүй байвал Орхон аймаг дахь Хаан банкнаас лавлаж болно. Иргэн С.Дгийн дансны дугаар 5093030712. Энэ данс руу О.Таас тухайн өдөр мөнгө шилжүүлсэн эсэхийг лавлахад тодорхой болно. Иргэн С.Д бид хоёрын хоорондын тооцоо дууссан гэж үзэж байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч О.Таас зээлийн гэрээний үүрэгт 1.120.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч О.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хариуцагч О.Т нь хариуцагч С.Дгаас 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 700.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 05-ны 470.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлэхээр амаар тохиролцжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч О.Т нь нэхэмжлэгч С.Дгаас нийт 1.970.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй төлөхөөр амаар тохиролцож, үүнээс 1.670.000 төгрөгийг төлж, 494.000 төгрөг үлдсэнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төлж барагдуулсан, мөн хариуцагч О.Т нь 2019 оны 09 сарын 22-ны өдөр үлдэгдэл 700.000 төгрөгийг 5 сараас 10 сар хүртэл сар бүр 70.000 төгрөг төлж, хүү 420.000 төгрөг нийт 1.120.000 төгрөг төлж дуусгах талаар баталгаа өгсөн зэрэг нь тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагч нь 1.970.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж авсан нь тогтоогдсон, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 497.000 төгрөгийг төлж барагдуулсан, нэхэмжлэгч С.Д хариуцагчийг 2.087.000 төгрөг төлсөн гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 80.000 төгрөг нэхэмжилсэн, хариуцагч О.Т төлөхгүй гэж маргаж байх боловч тайлбараа нотлох баримтаар нотолж чадахгүй байх тул нэхэмжлэгч С.Дгийн шаардлагыг хангаж, О.Таас 80.000 төгрөг гаргуулахаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т заасантай нийцсэнгүй.

Зохигчдын хооронд зээлийн гэрээ хуульд заасны дагуу байгуулагдаагүй. Хариуцагч О.Т нь нэхэмжлэгч С.Дгаас авсан 1.970.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй төлсөн байхад 2 сарын төлөлт хийгдээгүй үндэслэлээр 80.000 төгрөг гаргуулсан нь буруу байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана”.

Зохигчид зээлийн гэрээг бичгээр хийгээгүй тул хүү авах эрхгүй бөгөөд хариуцагч амаар тохиролцсоны дагуу хүү төлснийг буруутгах боломжгүй юм. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3.-тТөлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй.

Хариуцагч О.Т хүү төлсөн тул 2 сарын төлөлт 80.000 төгрөгийг төлүүлэх үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг даахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2020/01135 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, С.Дгийн нэхэмжлэлтэй О.Тд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч О.Тын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                            С.УРАНЧИМЭГ