Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 13

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Б даргалж, тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Угтаал сумын иргэн Б овогт Гийн Эийн  нэхэмжлэлтэй, //

           Хаяг:Дундговь аймаг, Говь-Угтаал сумын ... тоот .         

           Хариуцагч: Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргад холбогдох

Хаяг:   Говь-Угтаал сум,  Дундговь аймаг  

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ... тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлгэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлтэй  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э, түүний өмгөөлөгч С.Т, хариуцагч Ч.Э, түүний өмгөөлөгч Ч.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

                                                  ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэг: Нэхэмжлэгч Г.Э 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “...Г.Э миний бие 2007 оноос эхлэн тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлыг хашиж ирсэн бөгөөд Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ... дүгээр захирамжаар үүрэгт ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан.

Ийнхүү тус захирамжийн дагуу Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу Дундговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хандан гомдол гаргаж тус зөвлөлөөс 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 06 тоот “ Маргаан хянан шийдвэрлэсэн дүгнэлтээр дээрхи Засаг даргын ... тоот захирамжийг хүчингүй болгож, шийдвэр гаргахдаа хууль тогтоомжид нийцүүлэн гаргаж байхыг Говь-Угтаал сумын Засаг даргад үүрэг болгосон тухай хариуг 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр би хүлээн авч энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

1.Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-ийн тухайд: Сумын Засаг даргаас 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ... тоот захирамжийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэг, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, аймгийн Засаг даргын 1/1571 тоот албан бичгийг тус тус үндэслэсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд Төрийн албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална гээд 25.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн“ гэж заасан.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээлгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заасан.

Шударгаар ажиллаж байсан надад 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 2 сарын цалингийн 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан бөгөөд үүнээс хойш 1 жилийн хугацаанд сахилгын шийтгэл ногдуулах хариуцлага хүлээлгэж байгаагүй бөгөөд үүнээс хойш буюу 4 сарын дараа буюу 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мөн л үндэслэлгүйгээр 1 сарын цалинг 20 хувиар хасч сахилгын шийтгэл ногдуулсан нь сахилгын шийтгэлийг анх удаа ногдуулсан гэх ойлголтод хамаарах юм.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийг 19.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ”, 19.3-т  “төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно” гэж тус тус заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ын 1.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч төрийн жинхэнэ албан хаагч -төсвийн шууд захирагч /цаашид төсвийн шууд захирагч” гэх/-тай үр дүнгийн гэрээ /цаашид гэрээ гэх/ байгуулж, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх ...”, 1.6-д “... Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээг дүгнэж өгсөн үнэлгээ нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн... болно” гэж тус тус заажээ.

 Ийнхүү Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.15 дахь хэсэгт заасны дагуу төсвийн шууд захирагчийнхаа хувиар миний “албан үүргээ хангалттай биелүүлсэн эсэх”  нь үйл ажиллагааны үр дүн, “Үр дүнгийн гэрээ” -ний биелэлтэнд өгсөн үнэлгээгээр тогтоогдох ёстой.

Тухайлбал Г.Э миний бие 2013 онд дүгнэсэн үр дүнгийн гэрээгээр 97 хувьтай А үнэлгээ, 2014 онд 91 хувьтай А үнэлгээ тус тус авч байсан бөгөөд энэ журмын дагуу маш сайн гэх үнэлгээнд хамаарах тул ажлаа үр дүнтэй буюу албан үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзэж байна.

Иймд энэхүү үндэслэлээр миний биеийг албан үүргээс маань халсныг үндэслэлгүй гэж үзэж байна.

2.  Аймгийн Засаг даргын 1/1571 тоот албан бичгийн тухайд: Энэхүү албан бичигт дурдсан “З” ХХК-иас тус сумын нутагт төсвийн хөрөнгөөр баригдсан хүүхдийн тоглоомын талбайг хүлээж авахдаа ажлын хариуцлага алдсанаас улсын төсөвт хохирол учруулсан гэжээ.

Энэхүү ажилд ямар байдлаар улсын төсөвт хохирол учруулсан талаар тодорхой баримтаар нотлогдоогүй байтал үүнийг үндэслэн ажлаас халж байгаа нь ойлгомжгүй бөгөөд ажлаас халах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон, Монгол Улсын харъяатаас гарсан” гэх  үндэслэлээр халах ёстой байтал, аймгийн Засаг даргаас ирүүлсэн албан тоотыг үндэслэж буй нь хууль зөрчсөн байна.

Иймд Дундговь аймгийн Говь-Угтаал Засаг даргын 2015 оны 12 дугаар 21-ний өдрийн ... тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү” гэжээ.  

Хоёр: Хариуцагч Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг дарга Ч.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа“...Г.Э нь Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа ажлын хариуцлагыг удаа дараа ноцтойгоор алдаж, сахилгын шийтгэлээр шат дараалан арга хэмжээ авахуулсны зэрэгцээ төрийн албан хаагчийн харилцааны ёс зүйн доголдолыг удаа дараа гаргаж, албан үүргээ хангалтгүй биелүүлж байсан тул 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс үүрэгт ажлаас нь халсан болно. Миний бие төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд төрийн албан хаагчийн баримталбал зохих ёс зүйн хэм хэмжээ, соёл дэг журам төсвийн шууд захирагчийн эрх үүрэг хариуцлагыг гол чиглэлээ болгон шийдвэр гаргаснаас бус хувь хүн талаас нь харж  Г.Эийн өргөдөл гаргасанчлан /2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн комиссын дүгнэлтэд дурьдсан/ улс төрийн хүчний төрд нөлөөлж буй нөлөөлөл гэсэн үндэслэлээр уг шийдвэрийг гаргаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

Ийнхүү миний бие уг шийдвэрийг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ... тоот захирамжаар гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, аймгийн Засаг даргын 1/1571 тоот албан бичгийг тус тус үндэслэснээ тайлбар, нотлох баримтын хамт хүргүүлж байна.

 1.Захирамжийн үндэслэл Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-ийн тухайд:  Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд Төрийн албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална гээд 25.1.1-д” хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж заасан.  Миний үзэж буйгаар уг заалт нь тухайн хуулийн 26.6-д “төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” хэмээх заалттай зөрчилдөж байна. Учир нь 25.1.1-д тодорхой хугацаа заагаагүй 2 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн хэмээн заасан. Төрийн жинхэнэ албан хаагч хүн тэр тусмаа төсвийн шууд захирагч төсвийн шууд захирагч төсвийн захиран зарцуулалтай холбоотой ноцтой алдаануудыг хэдэн жил дараалан давтан гаргаад байх нь хуульд нийцсэн асуудал мөн үү. 1 жил өнгөрсөн хүчингүй болсон гээд л цааш нь даамжруулаад явбал төсвийг зориулалтын дагуу захиран зарцуулах, нийгэм эдийн засаг хямралтай өнөө үед зардлаа хэмнэх багасгах зэрэг бодлогын хэрэгжилт биелэлээ олно гэдэгт маш эргэлзээтэй. Ийнхүү уг заалтын үндэслэлээ дэлгэрэнгүй хүргэе.

1.1.Засаг даргын Тамгын газрын 2012 оны жилийн эцсийн санхүүгийн байдлын тайлан, санхүүгийн үр дүнгийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн тайлан болон холбогдох бусад тайлан, илчлэл, тодруулагад хийсэн аудитаар нийт 15.820.3 мянган төгрөгийн алдаа зөрчил илрүүлж аудитын явцад 1.560.7 мянган төгрөгийн алдааг залруулж зарлуулагдах боломжгүй 14.259.6 мянган төгрөгийн алдаа нь хүлээн зөвшөөрч болох алдаа буюу материалын байдлын түвшингээс 1.705.2 мянган төгрөгөөр буюу 8.2 дахин их тэдгээрийн санхүүгийн тайланд үзүүлэх нөлөөллийг материалаг бөгөөд бүрэн тархсан шударга ирэлхийлэгдээгүй хэмээн үзэж “СӨРӨГ” санал дүгнэлт авч, сануулах сахилгын шийтгэл.

1.2.Засаг даргын Тамгын газрын 2013 оны жилийн эцсийн санхүүгийн байдлын тайлан, санхүүгийн үр дүнгийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн тайлан болон холбогдох бусад тайлан илчлэл, тодруулагад хийсэн аудитаар нийт алдаа нь хүлээн зөвшөөрч болох алдаа буюу материаллаг байдлын түвшингээс 6.795.1 мянган төгрөгөөр буюу 4.7 дахин их тэдгээрийн санхүүгийн тайланд үзүүлэх нөлөөллийн материаллаг бөгөөд бүрэн тархсан шударга илэрхийлэгдээгүй хэмээн үзэж “СӨРӨГ” санал дүгнэлт авч, үндсэн цалингийн хэмжээг 2 сарын хугацаагаар 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл. Өмнөх аудитаас өгсөн зөвлөмж албан шаардлагыг хэрэгжүүлээгүй байна хэмээн үзсэн байна.

1.3.Сумын 2014 оны жилийн эцсийн нэгтгэсэн санхүүгийн байдлын тайлан, санхүүгийн үр дүнгийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн тайлан болон холбогдох бусад тайлан илчлэл, тодруулагад хийсэн аудитаар залруулах боломжгүй 240.7 мянган төгрөгийн алдаа зөрчил нь урьдчилан тооцоолсон материаллаг түвшингээс бага боловч тус сум 90 жилийн ой баярын арга хэмжээний зардлыг арилжааны банкинд Төрийн бус байгууллагын дансаар 4.145.9 мянган төгрөгийг зарцуулсан нь санхүүгийн тайлангийн үнэн зөв байдлын батламж мэдэгдлийн хангахгүй байна хэмээн үзэж “ХЯЗГААРЛАЛТТАЙ” санал дүгнэлт, 2 жил дараалан маш ноцтой алдаанууд гарган сөрөг дүгнэлт авсны зэрэгцээ ойн баярын арга хэмжээний зардлаас үүдэн ийм алдаа харагдаж байхад Засаг даргын Тамгын газар түүвэрт орж санхүүгийн аудит хийгдээгүй байгаа нь хачирхалтай санагдаж байна.

1.4.Засаг даргын Тамгын газрын 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитаар нийт 27.215.8 мянган төгрийн алдаа, зөрчил илрүүлж аудитын явцад 20.572.8 мянган төгрийн алдааг залруулга хийлгэж, 4.943.8 мянган төгрөгийн зөрчлийг арилгах хугацаатай албан шаардлага хүргүүлж 1.699.2 мянган төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож залруулах боломжгүй 6.643.0 мянган төгрөгийн зөрчил нь бүгд санхүүгийн тайлангуудад материаллаг түвшингээс их, үнэн зөв шударга илэрхийлэгдээгүй хэмээн үзэж” СӨРӨГ” санал дүгнэлт өгсөн.

Энэхүү 2015 оны Аудитын гэрчилгээ нь одоо түр томилогдон үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Г.Эын нэр дээр хаяглагдан ирсэн хэдий ч энэ хүн 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр томилогдсон тул энэ бүх алдаа  зөрчлууд Г.Эийн гаргасан ажилдаа хандах хандлага, хариуцлагын асуудал зайлшгүй мөн учир энд дугаарлан оруулах нь зүйтэй хэмээн үзэж байна.

Дараагийн маш том ноцтой зөрчил бол сумын Засаг даргад үр дүнгийн урамшууллыг өөрөө дур мэдэн хувилж олгосон байна. 2015 оны 12 дугаар сарын  18-ны өдрийн /баасан гараг/ А /27 тоот тушаалаараа нийт  төрийн албан хаагчдадаа үр дүнгийн урамшуулал  олгосон байна. Энэхүү жагсаалтад Ч.Э миний бие 80 хувь үнэлгээ авч 668.2 мянган төгрөгийн нэмэгдэл авч 2015 оны жилийн эцсийн аудитаар акт тогтоосон байна. Үр дүнгийн урамшуулал олгож буйгаа надад хэлээгүй, улмаар 2015 оны  12 дугаар сарын  21-ний өдөр цалин орж илүү мөнгө орж ирсэн учраас гайхаж нягтланг дуудаж асуухад би сайн мэдэхгүй дөнгөж өнгөрсөн пүрэв гарагт ажилд орсон болохоор хий гэсэн гүйлгээг нь л хийсэн гэж хариулсан. Аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээг энэ хүн ч дур мэдэн дүгнэх ёсгүй аймгийн Засаг дарга дүгнэн урамшуулал олгох бол захирамжаар шийдвэр гаргаж түүнийг үндэслэн төсвийн ерөнхийлөн захирагч  миний бие үр дүнгийн урамшуулалаа авах ёстой гэж ойлгож байна.

Үүний зэрэгцээ тэрээр сахилгын шийтгэлтэй үр дүнгийн гэрээг нь дүгнээгүй үр дүнгийн урамшуулал олгох шийдвэрийг ч гаргаж өгөөгүй байхад дур мэдэн өөртөө 100 хувь тавиад 733.863 төгрөгийг авсан байна. Үүнээс улбаалан өнгөрсөн онуудын санхүүгийн баримтыг шүүж үзэхэд аймгийн Засаг даргын шийдвэргүйгээр мөн адил өөрийн тушаалаар 2012 онд В.Нд  100 хувь 726.327 төгрөгийн,  2013 онд Б.Дт 626.310 төгрөгийн, 2014 онд үүрэг гүйцэтгэгч Ө.Мд тушаал шийдвэргүйгээр 653.694 төгрөгийн үр дүнгийн урамшууллыг олгосон байх юм.  Хамгийн хачирхалтай нь уг жилүүдэд аудит олж үзээгүй байгаа нь сонирхол татаж байна.

Г.Э нэхэмжлэлдээ би 2013, 2014 онуудад үр дүнгийн гэрээгээр “А” үнэлэгдсэн буюу ажлаа үр дүнтэй маш сайн хийж байсан хэмээн бичсэн байсан гэтэл нэг удаагийн үйлдлээс л харахад ийм ноцтой зөрчил харагдаж байгаа нь үнэхээр үе үеийн дарга нар өөрсдөө ажлыг нь үнэлж дүгнэж байсан гэхэд эргэлзээтэй энэ олон жилийн давтамжтай үйлдлээс харахад дадал хэвшил болчихсон үйлдэл байна гэж дүгнэж байна. Төсвийн шууд захирагч хүн ийм хандлагатай, дэндүү дур мэдсэн том толгойтой байж болох уу энэ нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-т “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих”, 16.5.5-т ‘’батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах’’, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т ‘’нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах’’, 2015 оны төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний 3.1.2-т ‘’албан хаагч бүрээр цалингийн картанд гарын үсэг зуруулж баталгаажуулна’’ гэсэн заалтуудыг илт зөрчиж байна.

1.5. Төсөв санхүүгийн ил тод байдлыг үл хангаж, ‘’Шилэн дансны тухай’’ хуулийг хангалтгүй биелүүлж, байршуулбал зохих мэдээллийг хугацаанд нь байршуулаагүй зөрчил гаргаж, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тул нэг сарын цалинг 20%-иар бууруулах хариуцлага тооцсон болно. Энэхүү алдаа 2015 оны Аудитын дүгнэлтэд ч мөн дурьдагдсан байна.

Г.Э энэ арга хэмжээг хууль бус гэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Уг хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн чанд мөрдөн хэрэгжүүлэхийг бүх сумдын Засаг дарга нар, төрийн сан, төсөвт байгууллагын дарга, эрхлэгч нарт ажил үүргийг хуваарилан өгсөн учраас үүнтэй маргах үндэслэлгүй бөгөөд өөрийн орон нутгийн төсөвт байгууллагуудын хэрэгжилт дутмаг хангалтгүйгээс төсвийн ерөнхийлөн захирагч Ч.Э миний бие мөн цалин бууруулах арга хэмжээг авахуулсан ба баримтыг хавсаргав.

2. Захирамжийн үндэслэл аймгийн Засаг даргын 1/1571 тоот албан бичгийн тухайд: ‘’Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай’’ хуулийн дагуу ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн байгууламжийг захиалагч талыг төлөөлж гэрээ байгуулан Засаг даргын Тамгын газрын хөрөнгөнд бүртгэж авахдаа хяналтгүй, хариуцлагагүй хандсан гэсэн үндэслэлээр Г.Э хариуцлага тооцож хариу мэдэгдэх тухай албан бичгийг аймгийн Засаг даргаас ирүүлсэн болно. 2014 оны ОНХС-ийн хөрөнгөөр орон нутагт ‘’ З’’ ХХК  нь 41.000.0 сая төгрөгөөр Хүүхдийн тоглоомын хашааг барьсан бөгөөд мэргэжлийн байгууллагууд, шинжээчийн дүгнэлтээр 31.551.606 төгрөгийн зардлаар баригдсан буюу уг объектийн зураг төсөл, төсвийн зардлын тооцоог хянаж үзээгүй ашиглалтад оруулах шийдвэр гаргасны улмаас төрд 9.448.394 төгрөгийн хохирол учруулсан нь баримтаар тогтоогдсон бөгөөд гэм буруутай этгээдээс нэхэмжлэл гаргах шийдвэр гаргасан.

3.Төрийн албан хаагчийн харилцааны ёс зүйн доголдлыг удаа дараа гаргаж, албан үүргээ хангалтгүй биелүүлж байсан тухайд:

            2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Засаг даргын Тамгын газрын аппаратын хурлын тэмдэглэлд бичигдсэнчлэн ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргаагүй байхад төрийн тамга тэмдгийг өрөө дамжуулан, зүй бусаар авчирч “Би энэ ажлыг чинь өнөөдрөөс эхлэн хийхгүй” гэж тавьж буй нь өөрөө ажлаа өгөхийг зөвшөөрсөн үйлдэл төдийгүй төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүй, өргөсөн тангаргаа зөрчиж буй хамгийн том алдаа дутагдал бөгөөд энэ нь ажлаас халагдах бүрэн ноцтой үндэслэл гэж үзэж байгаа юм.

Төрийн албан хаагчид байх ёсгүй харьцааны ёс зүйн доголдлыг удаа дараа гаргаж, ажил хэрэг ярьж, үүрэг даалгавар өгөхөд өөдөөс тас няс хийтэл хэрэлдэхгүй ч аль болох ажлыг үгүйсгэх үг сөргөх, үл тоомсорлох байдлаар хандаж, хялалзаж цэхэлзэх зэргээр зүй бус хандлага гаргах.

Даваа гариг бүрийн аппаратын шуурхайд ЗДТГ-ын бүх ажилтан оролцож 7 хоногт хийсэн ажлаа тайлагнах, шинэ 7 хоногийн ажлын төлөвлөгөөгөө танилцуулах харилцан уялдаа холбоотой ажиллах нөхцлийг бий болгох зорилготой хуралддаг. Гэтэл түүнд татварын байцаагч Д.А огт сууж ажил төрлийн ярианд оролцдоггүй. Би энэ ажилд 3 дугаар сарын 09-нд томилогдсон түүнээс хойш 2 удаа л сууж хэрүүл өдөж, хамт олныг сөргөөр өдөн хатгах уур амьсгалыг эвдэх байдлаар оролцсон. Хамт олноо удирдлага зохион байгуулалтаар хангаж, нэг бүрчлэн уулзаж, нээлттэй ярилцаж, эдгээр хүмүүсээ ажил хэргийн яриа таниулгад хамруулж бай ажлын явцтай тухай бүр танилцаж баймаар байна гэж үүрэг өгч байсан. Тэгэхэд би хэлсэн орж ирэхгүй л байна би ямар хөтөлж ирэлтэй биш дээ гэж хэлж байх. Энэ бол байгууллагын удирдлага хүний хэлээд сууж байх үг мөн үү хэрхэвч байж болохгүй асуудал гэж бодож байгаа. Байгууллагын дарга хүний хамгийн гол үүрэг бол хамт олныг удирдлагаар хангаж, зөвлөн тусалж, үүрэг даалгавар өгч, өөрөө бусдын үлгэр дуурайлал манлайлагч байх ёстой гэж боддог. Гэтэл хамт олноо, удирдлагаа үл хүндэтгэсэн байдалтай юм яриад сууж байгаа хүн манлайлагч байж чадамгүй.

Залуу албан хаагчдынхаа санал санаачилгыг зарим талаараа дэмжихгүй урам зоригийг нь сэргээх, удирдан зохион байгуулж, хамтран оролцох тал дээр маш дутмаг ажилладаг. Сумын ёс зүйн хороогоор хэлэлцсэн удаагүй ч дээрх алдаа дутагдлуудын талаар харилцан ярилцаж, санал бодлыг сонсож 2 удаа уулзаж ярилцсан ч уг байдал дахин давтагдаж удаа дараа гаргасаар байгаа нь үнэхээр төрийн албан хаагчийн ёс зүйн алдааг удаа дараа гаргаад байна гэх үндэслэлийг зайлшгүй бий болгосон болно ...” гэжээ.   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Э нь тус шүүхэд “Дундговь аймгийн Говь-Угтал сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн .. тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлгэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Хариуцагч Дундговь аймгийн Говь-Угтал сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ... тоот захирамжаар[1] тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Эийг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Дундговь аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/1571[2] албан бичгийг баримтлан “2013 онд Аудитын газрын дүгнэлтээр сануулах сахилгын шийтгэл, 2014 онд 2 сарын цалингийн 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл, 2015 онд Төсөв санхүүгийн ил тод байдлыг үл хангаж Шилэн дансны тухай хуулийг хангалтгүй биелүүлж 1 сарын цалингийн 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл, төрийн албан хаагчийн харилцааны ёс зүйн доголдлыг удаа дараа гаргаж , албан үүргээ хангалтгүй биелүүлж байсан” гэсэн үндэслэлээр ажлаас нь халжээ.

Нэхэмжлэгч Г.Э маргаан бүхий дээрх захиргааны актыг хүчингүй болгуулах үндэслэлээ “...Маргаан бүхий захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг удирдлага болгосон. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш  нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасантай нийцээгүй. Мөн энэ байдлыг Дундговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөл нь хянаж үзээд тус сумын Засаг даргын гаргасан 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/24 тоот буюу маргаан бүхий захирамж нь буруу, алдаагаа зас гэсэн албан тоотыг түүнд хүргүүлсэн. Мөн төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халахдаа аймгийн Засаг даргын албан тоотыг үндэслэж ажлаас халдаггүй, хууль зөрчсөн ...” гэж тодорхойлон маргажээ.

Нэг: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “...хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгох бөгөөд Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/24 дүгээр захирамж нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д /хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн/ заасантай нийцээгүй байна. Тодруулбал,

Хариуцагчаас нэхэмжлэгч Г.Эийг ажлаас халсан үндэслэлээ Говь –Угтаал сумын Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/05[3], 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/08[4] сахилгын шийтгэл ногдуулах тухай, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/88 тоот сахилгын шийтгэлээр тус тус арга хэмжээ авхуулж байсан гэж тайлбарлаж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4–т заасан “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш  нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасантай нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.Эт дээрх сахилгын шийтгэлүүд хүлээлгэсэн өдрөөс хойш хуанлийн нэг бүтэн жилийн дотор түүнд сахилгын шийтгэл ногдуулаагүй байна.

Хоёр:  Дундговь аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/1571 тоот албан бичгийн тухайд:

Анх Дундговь аймгийн Говь-Угтал сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/20 дугаар[5] “Гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамжаар “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх “ Хүүхдийн  тоглоомын талбай “ байгуулах ажлын гүйцэтгэгчээр “З” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгож, Хүүхдийн тоглоомын талбайг батлагдсан төсвийн дагуу, стандартын шаардлага хангасан түвшинд барьж гүйцэтгэхэд ажлын хэсэг томилон хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга Г.Эт үүрэг болгосон байна.

Улмаар Г.Э нь Хүүхдийн тоглоомын талбайг барьж гүйцэтгэхэд ажлын хэсэг томилон хяналт тавьж ажиллахыг сумын Засаг даргын орлогч Ө.Мд үүрэг болгожээ. Энэ талаар  Дундговь аймгийн Прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 176 дугаар Прокурорын тогтоолд[6] “...Говь–Угтаал сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 112-ны өдрийн А/51 дугаартай  “ажлын хэсэг байгуулах” тухай захирамжид: Ажлын хэсгийн ахлагчаар Засаг даргын орлогч Ө.М... батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч акт үйлдэн баталгаажуулахыг ажлын хэсгийн ахлагч Ө.Мд үүрэг болгосугай...”, сэжигтэн Ө.Мөнх-Амгалан нь сумын Засаг даргаас өгсөн үүргийг зохих ёсоор биелүүлээгүй, албан үүрэгтээ хайнга хандсаны  улмаас төрд 9.448.394  төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан...” гэж дурьдсан байгаагаас үзэхэд дээрх “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх “Хүүхдийн  тоглоомын талбай“ барих ажлын захиалагчийг төлөөлөлж гэрээг нэхэмжлэгч Г.Э байгуулсан[7] ба гүйцэтгэлд хяналт тавих, хүлээж авах ажлын хэсгийг тус сумын Засаг даргын орлогч Ө.М хариуцахаар байна.

Гэтэл Дундговь аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/1571 тоот албан бичигт бичгийн “...Ө.М... улсын төсөвт хохирол учруулсан...ажлын хэсэг томилж ажил хүлээцэх явцад хяналт тавьж...ажлын хариуцлага алдсан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Эт хариуцлага тооцож хариу мэдэгдэхийг албан ёсоор мэдэгдэж байна... гэснийг хариуцагч шууд утгаар нь ойлгож Г.Эийг ажлын хариуцлага алдсан гэж буруутгаж байгаа нь сумын Засаг даргын хувьд хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд зөрчлийг шалган тогтоосны эцэст хариуцлага тооцох эрхээ хэрэгжүүлэлгүй дээд шатны албан тушаалтны албан бичигт хэт ач холбогдол өгч нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр буруутгасан гэж үзэхээр байна.

Гурав: Төрийн албан хаагчийн харилцааны ёс зүйн доголдлыг удаа дараа гаргасан тухайд:

Хариуцагчаас нэхэмжлэгч Г.Эийг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн аппратын ээлжит шуурхай хурал дээр “...өнөөдөр шийдвэрээ гаргачихаарай би тамгыг чинь одоо авраад өгчихн, дараа аягүй бол тамга ашигласан гээд олон юм яриад байна биз...тамгаа авчирч Засаг даргын ширээн дээр тавилаа..., тэртээ тэргүй би халагдах юм чинь өнөөдрөөс эхлээд ажлаа хийхгүй...” гэж маргалдсан[8], нэхэмжлэгч Г.Э нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А/27 дугаар ”Урамшуулал олгох тухай”  тушаалаар[9] сахилгын арга хэмжээ авагдсан байсан Дундговь аймгийн Говь-Угтаал сумын дарга Ч.Э [10] болон 2015 оны 10 дугаар сарын 10 дугаар сарын 21-ний өдрийн А/88 захирамжаар сахилгын арга хэмжээ авагдсан өөртөө Үр дүнгийн урамшууллыг 100 хувиар олгосон нь ёс зүйн зөрчил гэж тайлбарладаг болно.

Энэ талаар нэхэмжлэгчээс “... тухайн үед хурлын тэмдэглэл хийгдээгүй[11], ... М дарга 2014 онд гэрээг дүгнэсэн байгаа. Түүнд гэрээ 94 хувьтай дүгнэгдээд үндсэн цалинг 100 хувь урамшууллаар олгохоор шийдвэрлэсэн. 2014 оны урамшууллаа авья гээд сумын Засаг дарга Ч.Э хэлэхэд миний урамшууллыг өгөөгүй 1 жил болсон тул жилийн эцэст цалингийн хэмнэлт гарсан болохоор би түүнээс урамшууллаа нөхөж авсан. Би төсөв шууд захирагч тул Засаг даргын дүгнэсэн урамшууллыг авах эрхтэй[12]... “ гэж няцаадаг болно.

Энэ талаар хэрэгт авагдсан баримт болон хариуцагчийн шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...миний хувьд Г.Эийг ёс зүйн хороогоор оруулаагүй. Ёс зүйн зөрчил гаргах болгонд нь би ямар нэгэн байдлаар баримтжуулаагүй...” гэх мэдүүлэг[13] зэргээс үзэхэд дээрх ёс зүйн зөрчил гэх үйлдлүүдийг тогтоолгүйгээр  нэхэмжлэгчийг буруутгасан нөхцөл байдал нь Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, энэ талаар дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 2 дахь хэсгийн 4-т заасантай нийцээгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч Г.Эийг Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажил, албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлж, хуулиар тогтоосон “төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа”-г зөрчсөн, түүнчлэн маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул Говь-Угтаал сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ... дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн холбогдох бусад шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Эцэст нь нэхэмжлэгч Г.Э цаашид Төрийн албан тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “захирах захирагдах ёс”, зарчмыг баримтлан мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “Монгол Улсын хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх”, 13.1.5-д ”Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг  журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” үүргээ хэрэгжүүлж  ажиллаж байхыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Төрийн албан тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.6, 26.9-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Эийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ...дүгээр захирамжийг хүчингүй болгож, Г.Эийг Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоосугай,

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, мөн хуулийн 46 дүгээр зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл Г.Эийн цалин хөлсийг тооцож олгох, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг тус сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.Б

 


[1] Хавтас хэргийн 5-6 хуудас

[2] Хавтас хэргийн 12 хуудас

[3] Хавтас хэргийн 49 хуудас

[4] Хавтас хэргийн 62 хуудас

[5] Хавтас хэргийн 233 хуудас

[6] Хавтас хэргийн 71 хуудас

[7] Хавтас хэргийн 234-235 хуудас

[8] Хавтас хэргийн 79-81 хуудас

[9] Хавта хэргийн 74-55 хуудас

[10] Хавтас хэргийн 65-66 хуудас

Дундговь аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/407 дугаар захирамж үзнэ үү.

[11] 2 хавтас 62 хуудас

[12] Хавтас хэргийн 61 хуудас

[13] 2 Хавтас 60 хуудас