Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2022/04132

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 21 өдөр Дугаар 102/ШШ2022/04132 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн  Н ,

Хариуцагч: Баянгол дүүргийн  Г ,

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч О.Н ,

Хариуцагч Г.Г ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч О.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие 2013 оны 6 дугаар сард Г.Г тай танилцаж, гэр бүлийн харилцаатай хамтран амьдарч байсан. Бидний дундаас 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүү Н.Э , Н.М болох 2 ихэр хүү төрсөн. Г.Г нь намайг жирэмсэн 3 сартай байхад уулзахаа больсон. Бид танилцсанаасаа хойш манай гэрт амьдардаг байсан. Бидний харилцааг Г.Г ын эгч нь хүлээн зөвшөөрөхгүй, хоёр хүүг минь хүртэл үгүйсгэх талтай байдаг. Г.Г нь хоёр ихэр хүүгээ ганц ч удаа хараагүй, ямар ч хариуцлага хүлээхгүй өдийг хүрсэн. Одоо хүүхдүүд маань 6 настай, Аутизмтай ба дүүргийн эмнэлэг болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтанд байдаг. Би аавтайгаа, хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг. Аав маань хүүхдүүдийг маань хамт харж хандан өдийг хүртэл өсгөлцөж байгаа. Хүүхдүүд маань өсөх тусам хэрэгцээ шаардлага ихтэй болж байгаа тул хуулийн дагуу эцэг Г.Г аас нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Хариуцагч надаас хүүхдүүдээ асуугаагүй, уулзаагүй. Жирэмсэн 3 сартай байхад алга болсон. Би тухайн үед хариуцагчид эргэж нийлье гэж гуйхгүй, зүгээр тус болооч гэхэд намайг блок хийсэн. Хүүхдүүд хэлд орохгүй удаад байсан тул 4 настайд нь эмчид хандахад аутизмтай гэж оношлогдсон. Хүүхдүүдийг маань сургууль, цэцэрлэг авахгүй байгаа тул надаас өөр харах хүнгүй учир ганцаараа энэ бүгдийг даван туулах хэцүү байна. Цаашид хариуцагчийг эцэг хүний хариуцлагаа хүлээ гээд нэхэмжлэл гаргасан. Хүүхдүүд аутизмтай учир байнга асран хамгаалагч хажууд нь хамт байх шаардлагатай байдаг. Сургуульд орох насанд хүрсэн боловч сургуульд явахгүй байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 70 дугаар сургуульд оруулахаар хандсан боловч тэр сургуульд бүр хүнд хэлбэрийн хүүхдүүд байдаг учраас нийгэмшүүлэхийн тулд ердийн сургуульд оруулахыг зөвлөөд аваагүй. Ердийн улсын сургуульд өгөх гэхээр авдаггүй. Нэг хувийн цэцэрлэгт өгсөн боловч хөөгдсөн. Ийм хүнд байдалд бид амьдарч байна. Ердийн хүүхдүүдээс илүү их зардал гардаг...гэв.

2.Хариуцагч Г.Г шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Гандорж овогтой Г миний бие Оргил овогтой Н гийн гаргасан өргөдөл гомдлыг хүлээн зөвшөөрч байна. Намайг хаяад явсан гэж хэлж байгааг нь ойлгохгүй байна. Ийм асуудал болохоор яагаад эрэгтэйг нь буруутай гэдэг юм бэ? Блок хийсэн гэдэг нь худлаа. Намайг хаанаас л бол хаанаас олж уулзах боломжтой байсан. Хүүхдүүдийг өвчтэй гэж надад хэлээгүй. Цаашид хамтран амьдрах боломжгүй болж, асуудал хурцдаж байхад чамтай харьцах шаардлага байхгүй, алга болоод өг гэж өөрөө хэлсэн. Хүүхдийн тэтгэлгийг би хүлээн зөвшөөрч байнагэв.

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт /хх-4/, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-5/, Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний тодорхойлолт /хх-6, 7/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-8, 9/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

4.Хариуцагч Г.Г шүүхэд хандан аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тухай тайлбар гаргасан.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх О.Н гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ ихэр хүү Н.Э , Н.М нарт хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоолгож, эцэг Г.Г аар тэжээн тэтгүүлэхээр шаардана. Хүүхдүүд аутизмтай учир ердийн хүүхдээс илүү анхаарал шаардагддаг, байнгын асран хамгаалагч хамт байх шаардлагатай учир зардал их гардаг, сургуулийн насанд хүрсэн боловч уг эмгэгийн улмаас сургуульд элсүүлж чадахгүй байгаа, хариуцагч хүүхдүүддээ анхаарал хандуулж уулзахгүй, хариуцлага хүлээхгүй байгаа тул эцэг хүний хариуцлага хүлээлгэхийг хүсэж байна гэж тодорхойлсон.

3.Хариуцагч Г.Г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хүү Н.Э , Н.М нарт хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлөх тухай тайлбар гаргаж байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүү Н.Э , Н.М нарын төрсний гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, ихэр хүү Н.Э , Н.М нар хүүхдийн аутизм оноштойгоор байнгын асаргаа шаардлагатай байдаг тухай тодорхойлолт, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

4.1.Зохигчид 2013 онд танилцаж, Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлээгүй бөгөөд тэдний дундаас 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ихэр хүү Н.Э , Н.М нар төрсөн байна.

4.2.Хүүхдүүд эх О.Н гоор овоглосон ба хариуцагч Г.Г хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан боловч уг хүсэлтээсээ татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсан.

4.3.Ихэр хүү Н.Э , Н.М нар нь эх О.Н гийн хамт амьдардаг ба тэд F-84 өвчний олон улсын код бүхий Хүүхдийн аутизм оноштойгоор 2024 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл байнгын асаргаа шаардлагатай тухай Баянгол дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалалтын салбар комиссын тодорхойлолтын дагуу эх О.Н гийн байнгын асаргаанд байдаг байна.

4.4.Хэдийгээр хүүхдүүд аутизмын улмаас сургууль, цэцэрлэгт хамрагдах боломжгүй тухай бичмэл нотлох баримтыг нэхэмжлэгч гаргаагүй боловч энэ талаарх түүний тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтын хэмжээнд үнэлнэ.

5.Ихэр хүү Н.Э , Н.М нар нь эх О.Н гоор овоглосон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар захиргааны журмаар эцэг тогтоогдоогүй. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн учир шүүх Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу Г.Г ыг ихэр хүү Н.Э , Н.М нарын төрсөн эцэг мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

6.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаар ихэр хүү Н.Э , Н.М нарыг тэжээн тэтгүүлэхээр шаардах эрхтэй байна.

7.Зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар тохиролцоогүй учир Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт ...11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /энэ үед суралцаж байвал 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр... гэж заасны дагуу тэтгэлэг тогтоож, Н.Э , Н.М нарыг эцэг Г.Г аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

8.Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод даалгах нь зүйтэй.

9.Зохигчдын дундаас төрсөн ихэр хүү Н.Э , Н.М нар нь хүүхдийн аутизм өвчтэй учир байнгын асаргаа шаардлагатай байх тул Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч О.Н нь цаашид гарах нэмэлт зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч Г.Г мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Н д хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэхэд адил хэмжээтэй оролцох үүрэг хүлээсэн болохыг тус тус тайлбарлах нь зүйтэй.

10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Г ыг 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн ихэр хүү Н.Э , Н.М нарын эцэг мөн болохыг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн ихэр хүү Н.Э , Н.М нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /энэ үед суралцаж байвал 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Г.Г аар тэжээн тэтгүүлсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Н д олгосугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар О.Н , Г.Г нарын хэн аль нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ хүү Н.Э , Н.М нарыг асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй, уг үүргээ адил хэмжээтэй оролцож хэрэгжүүлэхийг даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САРАНТУЯА