Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/12

 

 

М.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.О даргалж, шүүгч Р.М, Ш.Т нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор Б.А

Нарийн бичгийн дарга Б.М нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЗ/.. дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр яллагдагч М.Эт холбогдох 2222001... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Т.ын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч: Д овогт Мын Э, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр төрсөн, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Д.. аймгийн Ө сумын .-р баг Х гэх газар оршин суух, улсаар авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:/.

Яллагдагч М.Э нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Ө сумын 1-р багийн нутаг “Х х” гэх газарт байрлах “С” ХХК-ний уурхайгаас машин механизм буюу мотоцикл ашиглаж Delkor-DF200L маркийн аккумлятор 1 ширхэгийг хулгайлж 850000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           Дундговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Эрын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар яллагдагч М.Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 222200... дугаартай хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч М.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, захирамжийг хүчин төгөлдөр болмогц М.Эт холбогдох эрүүгийн 2222001.... дугаартай хэргийг Дундговь аймгийн Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Нд даалгаж, шийдвэрлэсэн байна.

           Прокурор Ч.О давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ... Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЗ/.. дугаартай захирамжид 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/... дугаартай захирамжид заасан ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй, гэмт хэргийн талаарх нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй гэж хэргийг прокурорт буцаасан байгаа тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/... дугаартай захирамжид заасны дагуу яллагдагч М.Эаас Delkor-DF200L маркийн аккумляторыг хэзээ авсан талаар мэдүүлэг авахад “2022 оны 06 дугар сарын 16- ний өдөр 1 ширхэг аккумлятор авсан, өөр эд зүйл аваагүй талаар мэдүүлж Delkor-DF200L маркийн аккумляторыг буцаан өгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О нь 2022 оны 06 дугар сарын 16-ны өдөр Delkor-DF200L маркийн аккумлятор хулгайд алдагдах цаг хугацаанд уурхайд байгаагүй Улаанбаатар хотод байсан талаар мэдүүлдэг ба гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны талаар мэдэхгүй зөрүүтэй мэдүүлэг өгдөг.

Яллагдагчаас “С” ХХК-ний уурхайгаас 1 ширхэг Delkor-DF200L маркийн аккумлятор авсан талаар мэдүүлдэг бөгөөд яллагдагчийн гэрээс 1 ширхэг Delkor-DF200L маркийн аккумляторыг хураан авч мөрдөн шалгах ажиллагаагаар аккумлятор 850.000 төгрөгөөр үнэлэгдэж гэмт хэргийн улмаас учирсан хохирол тодорхой болсон.

Дундговь аймгийн Ө сумын 1 дүгээр баг Х гэх газарт байрлах “С” ХХК-ий Ш нэртэй хайлуур жоншны уурхайн гэрээс  аккумлятор цэнэглэгч, 20 орчим метрийн урттай зэс голтой 2 салаа утас, мөн гэрийн гадаа зүүн урд талд байсан экскаваторын базуур төмөр 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан гэх хэрэгт яллагдагч М.Эыг холбогдуулан шалгаж хэрэгт ач холбогдол бүхий шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг хийсэн боловч эдгээр эд зүйлийг хулгайлсан нь тогтоогдоогүй тул холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасныг хүлээн аван шалгаж 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 232200023 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна.

Дээрх нотлох баримтуудаар “С” ХХК-ний уурхайгаас 1 ширхэг Delkor-DF200L маркийн аккумлятор хулгайд алдагдсан гэмт хэргийн цаг хугацаа, гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нотолбол зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэх бүрэн боломжтой байхад шүүх үндэслэлгүйгээр прокурорт буцаасан тул Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЗ/... дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ... Дундговь аймгийн Ө сум . дүгээр баг Х гэх газарт Жоншны уурхай явуулдаг газраас аккумлятор, цэнэглэгч, 20 метр утас гэх зүйлүүд алдагдсан нь тогтоогдсон. Энэ хэрэгт яллагдагч М.Эыг яллагдагчаар татаж хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч нь аккумлятор хулгайлснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн. Бусад зүйл хулгай хийсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй учраас 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2200.. дугаартай хэрэг бүртгэлтийг нээж шалгасан. Энэ хэрэг нь одоо хэрэг бүртгэлтийн ажиллагаанд шалгагдаж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг дээр хэзээ алдсан талаар хохирогч нь 2-3 он сарын хугацаа хэлдэг. Гэтэл яллагдагч нь энэ аккумляторыг 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр очиж авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд хулгайд авсан эд зүйлээ буцааж хүлээлгэн өгч хохирлыг барагдуулсан. Яллагдагч болон өмгөөлөгч нь хэргийн зүйлчлэл дээр ямар нэгэн маргасан зүйл байхгүй. Хуулийн дагуу шалгаж шийдвэрлэсэн байна гээд энэ хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэдгээ анхан шатны шүүх хурал дээр илэрхийлсэн. Яллагдагч болон хохирогч нарын он сар өдөр хавтаст хэрэгт авагдсанаар тодорхой, зөрүүгүй байна. Иймээс уг хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар прокурорын эсэргүүцлийн дагуу Д овогт Мын Эт холбогдох хэргийг хянав.

            М.Э нь бусдын өмч хулгайлсан гэх хэргийн учир яллагдагчаар татагдаж, прокуророос түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

            Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянаад 2023 оны 03 сарын 30-ны өдөр 2023/ШЗ/.. тоот захирамжаар прокурорт буцааж шийдвэрлэжээ.

            Буцаасан үндэслэл нь шүүгчийн 2022/ШЗ/.. дугаартай захирамжид заасан ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй гэмт хэргийн талаарх нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй хэмээн үзэж хэргийг буцаасан бол прокуророос үүнийг нь үндэслэлгүй гэж эсэргүүцжээ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.5 дахь хэсэгт хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад нотлох байдлыг нэг бүрчлэн зааж өгсөн бөгөөд энэ заалтаас харахад шүүх хуралдаан нотлох байдлын талаар бүрэн гүйцэд үйл ажиллагаа явуулахад хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын үед цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудад үндэслэнэ.

            Иймээс хэргийн нотлох байдлын талаар бүрэн гүйцэд хангалттай эргэлзээгүй талаас дүгнэлт хийхэд шаардлагатай нотлох баримтуудыг мөрдөх байгууллагууд шалгаж, цуглуулж бэхжүүлсэн байх учиртай. Хуулийн шаардлагын дагуу цуглуулж бэхжүүлсэн хангалттай нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлж, шүүгч дотоод итгэлээрээ үнэлэх ёстой. Шүүгчийн дотоод итгэлээр үнэлэхэд хүрэлцэхүйц хуулийн шаардлага хангасан нотлох баримтыг шүүх шүүгч шаардаж байгааг давж заалдах шатны шүүх үндэстэй гэж үзэж шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЗ/... дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Ц.О

 

                                                                            ШҮҮГЧИД                           Р.М

 

                                            Ш.Т