Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/04630

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 02 өдөр                  Дугаар 102/ШШ2024/04630                   Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн О ,

            Хариуцагч: Баянгол дүүргийн тоот хаягт байрлах Э ,

            Хариуцагч: Баянгол дүүргийн  тоот хаягт оршин суух, БНСУ-ын иргэн П ,

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Чингэлтэй дүүргийн оршин суух,  Э ,

            Нэхэмжлэлийн шаардлага: Батлагдсан зураг төслийг өөрчлөн хууль бусаар, нэмэлтээр барьсан өргөтгөлийг нураан чөлөөлж, барилгын зурагт зааснаар засварлуулж өмнөх байдалд нь оруулахыг хариуцагч нарт даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.О , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал /ШТЭД: 1319/, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Оюунбаатар /ШТЭД: 2309/ нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Оюунсайхан хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Э.О ийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сэвжид шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлд: Э.О миний бие нөхөр Ц.Д хамт 2014 онд Э -иас Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 00 дугаар байрны 41, 00 тоот орон сууцыг худалдан авч Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулдаг болно. Гэтэл Э нь уг байрны 3 дугаар давхарт батлагдсан зураг төслийг өөрчлөн манай цонхыг тулган хааж, нэмэлтээр өргөтгөл барьсан. Уг өргөтгөлийн давхарт бизнесийн үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Энэ өргөтгөл баригдсанаар, өргөтгөлийн дээвэр дээр айлууд хог ихээр хаядаг бөгөөд хогийг дагаж маш муухай үнэр үнэртдэг болсон. Цонх онгойлгох, агаар оруулах ямар ч боломжгүй, хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтй болсоор 7 жил гаруйн хугацаа өнгөрч байна. Уг дээврийн хогийг цэвэрлэх бололцоо тун тааруу бөгөөд хогийг цэвэрлэх гэж байгаад хүний амь нас ч эрсдэхийг үгүйсгэхгүй юм. Уг хууль бус үйлдлийг бид эсэргүүцэн 2015 онд Мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллагаас Э -д Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг зөрчсөн болохыг тогтоон Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авч хариуцлага тооцсон байдаг. Оршин суугчдын эрхийг дээрх байдлаар олон жилийн хугацаанд зөрчиж байгаа нь Монгол улсын Үндсэн хуульд заасан иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх шууд зөрчсөн, хууль бус үйлдэл юм. 2019 онд дахин Мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргасан боловч тус газрын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн албан бичгээр зөрчил арилаагүй боловч Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир гомдлыг шүүхийн байгууллагаар шийдвэрлүүл гэсэн хариу ирүүлсэн. Иймд Э -ийн батлагдсан зураг төслийг өөрчлөн хууль бусаар, нэмэлтээр барьсан өргөтгөлийг нураан чөлөөлж, барилгын зурагт зааснаар засварлуулж өмнөх байдалд нь оруулахыг даалгаж өгнө үү...гэжээ.

1.2. Нэхэмжлэгч Э.О шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө 00 дугаар байрны 41, 00 тоот орон сууц худалдан авагч, банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл Э ХХК-ийн 00 дугаар байрны 3 дугаар давхарт батлагдсан зураг төслийг өөрчлөн баруун цонхыг тулган хагалж нэмэлтээр өргөтгөл барьсан болно. Уг өргөтгөлийн давхарт бизнесийн үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Энэ өргөтгөл баригдсанаар өргөтгөлийн дээвэр дээр айлууд хог ихээр хаядаг бөгөөд хогийг дагаж маш муухай үнэр үнэртдэг. Байгууллагын орчинд цонхоо онгойлгохгүй болсон. Хаяг байршил нэмж байршуулсан, үзэгдэх орчингүй болсон байгаа. Уг хууль бус үйлдлийг 2015 оноос хойш бид эсэргүүцэж, шат дараатайгаар мэргэжлийн хяналтад хандаж байсан. Мэргэжлийн хяналтын зүгээс зөрчилтэй байна гэдгийг хуулиар 2 удаа тогтоосон. Гурав дахь удаад Иргэний шүүхэд хандаарай гэсэн албан тоот ирсэн байгаа. Энэхүү зөрчлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Э ХХК-д батлагдсан зураг төслийг өөрчлөх, хууль бусаар нэмэлтээр бариулсан өргөтгөлийг нураан чөлөөлж, барилгын зурагт зааснаар засварлуулж, өмнөх байдалд нь оруулахыг БНСУ-ын иргэн П болон Э ХХК-д даалгаж өгнө үү...гэв.

1.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай үйлчлүүлэгч Э -тай хамгийн түрүүнд гэрээгээ байгуулаад орсон. Бизнесийн үйл ажиллагаагаар Япон явсан хойгуур нь өргөтгөл барьсан байдаг. Хөрш зэргэлдээ үйл ажиллагаа явуулдаг, бизнес эрхэлдэг учраас ярилцаад асуудлаа шийдвэрлэхийг хүссэн боловч ямар нэгэн шийдэлд хүрч чадаагүй. Э -ийн захирал нь хамтран хариуцагч БНСУ-ын иргэн П ы нөхөр Ан сан ду гэх хүн байгаа. Өөрсдөө буюу тухайн үл хөдлөх эд хөрөнгөө П гэрээ байгуулаад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2014 оны 1 дүгээр сард хамгийн анх авсан байдаг. 2013 оны 12 дугаар сард Улсын комисст барилгыг хүлээлгэж өгснийхөө дараа өргөтгөлийг барьсан. “Гандирс од” гэдэг компаниар өргөтгөл барьсны дараа талбайн хэмжилт хийлгээд тэр хэмжилт хийсэн баримт болон өөрсдийнхөө хүсэлтийг үндэслээд өмчлөх эрхийн гэрчилгээнд талбайн хэмжээг өөрчлөн, шинээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан. Энэ талаар нэхэмжлэл гаргасны дараа нотлох баримт бүрдүүлэх явцад мэдсэн. 3 дугаар давхрын 31 тоотыг 38,4 м.кв байсныг 82,9 м.кв болгож, 32 тоотыг 45,8 м.кв байсныг 137,7.33 м.кв болгож, 33 тоотыг 202 м.кв гэсэн хэмжээгээр нь авсан байдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 00 дугаар байрны 31, 32 тоот орон сууцуудыг хариуцагч П нь Монгол улсын иргэн Б.Э гэх хүний нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн байсан. Тухайн үед 2014 онд өмчлөх эрхийн гэрчилгээ аваад, авсныхаа дараа энэ хүн Монгол улсын Барилгын тухай хууль, Орон сууцны тухай хуулиудыг зөрчөөд барилгын зургаас тусдаа, зураг төсөлгүйгээр зохих байгууллагад танилцуулалгүйгээр өргөтгөлийн барилгыг барьсан байдаг. Тэгэхээр П нь нэг талд энэ үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч байсан хүн. Өмчлөгч байх хугацаандаа өргөтгөсөн байгаа учраас хариуцагчаар татсан байгаа. Одоо 33 тоотын өмчлөгчөөр байгаа. Харин П аас эдгээр хөрөнгийн өмчлөлийг шилжүүлж авсан Б.Э ийг эрх ашиг нь хөндөгдөх магадлалтай гэж үзээд гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргаж оролцуулсан боловч тэрээр өөрөө оролцох шаардлагагүй гэх тайлбар өгсөн байсан.

Э -ийг хариуцагчаар татсан үндэслэлийн хувьд 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 13/495 тоот албан бичгээр барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт үйлдэгдсэн. Монгол улсын Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд гүйцэтгэгчийн эрх үүргийг тодорхойлсон байдаг. Монгол улсын хууль тогтоомжид хяналтгүйгээр өргөтгөж барьсан учир бид өмчлөгчийн эрхэд нөлөөлсөн гэж үзэж байгаа. Мөн шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр хариуцагч нарыг Монгол улсын хууль тогтоомж зөрчсөн талаар тодорхой дурдагдсан байгаа. Талбайн хэмжээг дээшээ сунгаж барьсан нь өмчлөгчийн давхраас 80 см буюу бараг нэг метр хүртэл хэмжээгээр дээшээ цонхтой наалдуулаад барьсан дээврийн урд талын хэсэг дээр нь үйл ажиллагаа явуулдаг компанийнхаа сурталчилгааны самбарыг байрлуулсан байгаа нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахын зэрэгцээ үл хөдлөх эд хөрөнгийн үнийг унагаж байна. Шинжээчийн дүгнэлтэд өргөтгөлийн барилгыг зөвшөөрөл авч барьсан эсэх талаарх материал өгөөгүй болохыг дурдсан байсан. Энэ нь хариуцагч нар өргөтгөлийг хууль тогтоомжийн дагуу бариагүй гэж үзэхээр байна. Мөн зөрчлийн шийдвэр ногдуулсан хоёр удаагийн баримт байгаа. Иймд хууль тогтоомж зөрчиж барьсан өргөтгөлийг нурааж өмнөх байдалд нь оруулахыг хариуцагч нарт даалгахыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу шаардаж байна.

2. Хариу тайлбар:

2.1. Хариуцагч Э -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө, 00 дугаар байрны 31 тоот хаягт байршилтай орон сууц нь манай компанийн өмч биш бөгөөд иргэний өмч болно. Уг иргэн нь Монгол улсын хүчин төгөлдөр хуулийн дагуу уг өргөтгөлийг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Иймээс манай компани хариуцагч биш гэж үзэж байна. Э.О нь манай компаниас уг байрыг өргөтгөл хийгдсэн байх үед худалдаж авсан. Энэ нь 00 дугаар байрны 41, 00 тоот хаягт байршилтай орон сууц анх худалдаж авахдаа уг өргөтгөлийг харж мэдэж байсан ч түүнийг орон сууц худалдаж авсны дараа өргөтгөл баригдсан мэт нэхэмжлэл гаргасан нь зохисгүй юм. Худалдаж авахдаа уг өргөтгөлийн талаар мэдсээр байж авсан нь иргэний өмчлөх эрхийг зөрчин нураалгах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Мөн 31 тоот орон сууцны өргөтгөлийн дээвэрт манай компаниас тогтмол цэвэрлэгээ хийсээр ирсэн. Энэ үед цонхоор хогны муухай үнэр үнэртэх хэмжээний хог цуглараагүй байдаг. Иргэд орон сууцны цонхоор болон хогийг ил задгай хаях нь Монгол улсын Хог хаягдлын тухай хуулийг зөрчсөн үйлдэл бөгөөд манай компани байнга цэвэрлэх үйлчилгээ үзүүлсээр байдаг тул Э.О хог хаягдлын үнэрээс болж хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл учирч байна гэсэн нь манай компанид хамааралгүй байна. Өргөтгөлийн дээвэр нь хог хаяг цэг биш юм. Манай компани барилгын анхны хийц, бүтээцэд сөрөг нөлөө үзүүлээгүй бөгөөд албан ёсны байгууллагаар өргөтгөлийн зураг төслийг боловсруулсан. 31 тоот орон сууцанд иргэн 2014 оны 6 дугаар сард өмчлөх эрхийн гэрчилгээ авсан бөгөөд уг өргөтгөлийн улмаас иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна. Иймд тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

2.2. Хариуцагч БНСУ-ын иргэн П ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: П нь 2014 онд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 00 дугаар байрны 31 тоот байршилтай орон сууцыг Э -иас хуулийн дагуу худалдан авсан бөгөөд мөн тус байрыг 2021 онд Б.Э гэх хүнд худалдаж нэр дээр нь шилжүүлсэн. Иймд тухайн нэхэмжлэлийн шаардлага нь БНСУ-ын иргэн П д хамааралгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

2.3. Хариуцагч нарын өмгөөлөгч Д.Оюунбаатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөрөөхгүй тайлбар гарагсныг өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа асуудал нотлогдохгүй. Өөрөөр хэлбэл: нэхэмжлэгчийн эрх эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчиж байгаа байдал тогтоогдохгүй байна. Мөн хариуцагч нар энэ нэхэмжлэлийг хариуцах этгээд биш, нэхэмжлэгч Э.О ч өөрөө нэхэмжлэл гаргах эрх бүхий субъект биш гэж үзэж байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй. Нотлох баримтаар өргөтгөлийн барилга нь нэхэмжлэгчийг өмчлөлийн зүйлээ ашиглахад саад болж байна гэсэн үйл баримт тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс өргөтгөлийн дээвэр дээрх хог хаягдлаас болж аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байна гэдэг. Мөн өргөтгөлийн хаягийн самбар үзэгдэх орчин хязгаарлаж байгаа учраас эрх ашиг хөндөгдөж байгаа гэдэг. Гэвч нэхэмжлэлийн шаардлага дээр хаягийн самбартай холбоотой шаардлага яригдаагүй. Харин бүхэлд нь нурааж чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа учраас тэр хаягийн самбартай холбоотой асуудлыг цухас дурдаад орхиё. Дээврийн хог хаягдал хариуцагч нарын үйлдлээс болж нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байгаа гэж үзэх боломжгүй. Хог хаягдал хаяж байгаа нь өөрөө тухайн субъектүүдын эрх зүйн зөрчлийн асуудал байгаа. Бусад оршин суугчид хог хаягдал хаяад, тэрнээс болоод үнэр гарч байгаа нөхцөл байдлыг хариуцагч нарын үйлдэл гэж шууд ойлгох боломжгүй ба өргөтгөлтэй ямар ч хамааралгүй нөхцөл байдал байна.

Нэхэмжлэлд дурдаад байгаа 00 дугаар байрны 31, 32, 33 тоот орон сууцнуудыг 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр П ы өмчлөлд бүртгэгдсэн. Нэхэмжлэгчийн өмчлөлийн гэх 41, 00 тоот орон сууцны 41 тоотыг 2014 оны 2 дугаар сарын 05-ны өдөр, 00 тоотыг 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Ц.Д , Э.О нарын өмчлөлд бүртгэгдсэн байдаг. Өргөтгөл нь нэхэмжлэгчийг орон сууцаа худалдаж авахад баригдсан байсан. Шинжээчийн дүгнэлтээр эрх ашиг нь хөндөгдсөн нөхцөл байдал тогтоогдож байна гэдэг тайлбарыг нэхэмжлэгч талаас илтгэсэн. Энэ нь буруу ташаа тайлбар байна гэж үзэж байгаа. Учир нь Барилга хөгжлийн төвийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр тухайн өргөтгөл хяналтын ногоон стандарт болон Барилгын тухай хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаснаас биш 4 дүгээр давхрын айлд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн гэж дүгнээгүй, тогтоогоогүй. Харин Барилгын тухай хууль тогтоомж зөрчсөн асуудлыг энэ дүгнэлтээр хязгаарлахгүй, мэргэжлийн хяналтын байгууллагаар ч тогтоогдсон асуудал байгаа. Зөвхөн Барилгын тухай хууль тогтоомжийг зөрчсөн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байна гэж үзэх үндэслэл болохгүй. Э тухайн барилгыг барьж ашиглалтад оруулсан нь үнэн. Гэвч нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байгаа гэх 3 дугаар давхрын 31, 32, 33 тоотууд нь иргэн П ы өмчлөлд бүртгэгдсэн ба Э -д ямар ч хамааралгүй. Бусдын эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол тухайн эд хөрөнгийн өмчлөгчид холбогдуулж гаргах нь зүйтэй.

Хариуцагч П ы хувьд мөн 2014 онд тухайн байруудын өмчлөгчөөр бүртгэгдсэн боловч 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 31, 32 тоотын өмчлөлийг иргэн Б.Э т гэрээний дагуу шилжүүлсэн учир энэ нэхэмжлэлийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдийг нэхэмжлэгч гэнэ. Гэтэл энэ нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учраас Э.О ийг нэхэмжлэл гаргах эрх бүхий субъект биш гэж үзэж байгаа. Тодруулбал 4 дүгээр давхрын 41, 00 тоотууд зарагдсан, өөр хүмүүс нүүгээд орсон амьдарч байгаа гэдгийг хариуцагч нарын зүгээс хэлдэг. Сая тодруулахад өөр хүмүүс амьдарч байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч, өмчлөх эрхээ шилжүүлээгүй байгаа гэж байна. Тийм учраас эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байгаа учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Э шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие Э -д ажилладаггүй. Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 00 дугаар байрны 3 давхар 31, 32 тоотыг худалдан авсан. Э.О ийн нэхэмжлэлийн дагуу гуравдагч этгээдээр шүүх хуралд оролцох шаардлагагүй, хариу тайлбар хийх үндэслэлгүй болно...гэжээ.

4. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-5-6/, Зөрчлийн тухай тэмдэглэлийн хуулбар /хх-7/, Шалгалт хийсэн тухай тэмдэглэлийн хуулбар /хх-8/, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас захиргааны зөрчилд ногдуулах шийтгэврийн хуудсын хуулбар /хх-9/, Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02-03/4577 тоот албан бичгийн хуулбар /хх-10/, Х СӨХ-ны тодорхойлолт /хх-202-203/, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Хэрэглэгчдэд үйлчлэх төв-13-ийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 00тоот Х СӨХ-нд хүргүүлсэн албан бичгийн хуулбар /хх-205/, Х СӨХ-ноос Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх 13 төвд хүргүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 04 тоот албан бичгийн хуулбар /хх-206/, Х СӨХ-ноос Э -д 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүргүүлсэн 03 тоот албан бичгийн хуулбар /хх-207/, мөн холбооноос Улсын их хурлын гишүүн Ж.Г хүргүүлсэн албан бичгийн хуулбар /хх-208/, мөн холбооноос Э -ийн ерөнхий захирал Ан Санг Дуд хүргүүлсэн албан шаардлагын хуулбар /хх-209/, Х СӨХ-ны гэрчилгээний хуулбар /хх-210/, 00 дугаар байрны айлуудын жагсаалт /хх-212-215/, айл өрхийн хүчин чадлын жагсаалт /хх-216-218/, Э.О , Ц.Д нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2-р хх-60, 93/, ... зэргийг нотлох баримтаар гаргасан.

5. Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбар, татгалзлаа нотлохоор: Э -ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-12/, ... зэргийг нотлох баримтаар гаргасан.

6. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:

6.1. Нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 06015 дугаар захирамжаар Архивын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газраас тус тус нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /хх-37/, захирамжийн дагуу Архивын ерөнхий газраас албан бичиг /хх-49/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 31, 32, 33 тоот үл хөдлөх хөрөнгүүдийн лавлагаа бүхий албан бичгийг улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбаруудын хамт ирүүлсэн байна. /хх-50-53/

6.2. Нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 07001 дугаар захирамжаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газраас тус тус нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /хх-62/, захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас 31, 32 тоот орон сууцны хувийн хэргийг хуулбарлан ирүүлж /хх-66-138/, Мэргэжлийн хяналтын газраас Э -ийн зөрчилд шийтгэл ногдуулсан Улсын байцаагчийн шийтгэвэр, зөрчлийн тухай тэмдэглэл зэргийг хуулбарлан ирүүлсэн байна. /хх-144-147/

6.3. Нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17027 дугаар захирамжаар Архивын ерөнхий газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /хх-141/, захирамжийн дагуу Э -ийн орон сууцны барилгын барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2013/495 тоот актын хуулбар /хх-147-151/, Барилга архитектурын ажлын зураг, өөрчлөлтийн зураг /хх-152-193/ зэргийг хуулбарлан ирүүлсэн байна.

6.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 03462 дугаар захирамжаар маргаан бүхий байранд шүүхийн журмаар үзлэг хийхээр шийдвэрлэж /хх-198/, захирамжийн дагуу үзлэгийг 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр явуулж тэмдэглэл үйлдэн бэхжүүлсэн. /2-р хх-1-35/

6.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 06260 дугар захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /хх-243/, захирамжийн дагуу 33 тоот хаягт байрлах орон сууцны хувийн хэргийн хуулбарыг ирүүлсэн байна. /2-р хх-36-57/

6.6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 21178 дугаар захирамжаар Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилж /2-р хх-87-88/, шинжээч дүгнэлтээ 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн. /2-р хх-95-100, 102-107/

7. Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй боловч хариуцагч нарын өмгөөлөгч Д.Оюунбаатар шүүх хуралдаанд ирсэн, мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Э шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй, хариу тайлбар хийх үндэслэлгүй гэх тайлбарыг шүүхэд гаргасан байна. Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал болон хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийг хүлээн авч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэхээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх Э.О ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Э нь Барилгын тухай хууль, Орон сууцны тухай хуулийг тус тус зөрчиж батлагдсан зураг төслийг өөрчилж, хууль бусаар өргөтгөл барьсны улмаас уг өргөтгөлийн дээвэр дээр хаягдсан хогны үнэр, мөн өргөтгөлийн хаягжилт бүхий самбар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн 4 дүгээр давхарт үзэгдэх орчин хязгаарлаж, Э.О ийн эрхийг зөрчиж байгаа учир Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар өргөтгөлийг нураан чөлөөлж, өмнөх байдалд нь оруулахыг даалгахыг шаардана. Хамтран хариуцагч П нь Э -ийн захирлын эхнэр бөгөөд тухайн өргөтгөл баригдсан 31, 32, 33 тоот орон сууцнуудын анхны өмчлөгчөөр бүртгэгдэж, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш гуравдагч этгээд Б.Э т шилжүүлсэн, 33 тоотыг өмчилж байгаа учир энэ нэхэмжлэлийг хамтран хариуцна” гэж тодорхойлсон.

            3. Хариуцагч нар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “нэхэмжлэгч 41, 00 тоот хөрөнгийг худалдан авах үед өргөтгөл баригдсан байсан. Нэхэмжлэлд дурдагдаж буй 3 дугаар давхрын 31, 32, 33 тоот орон сууцнуудыг Э өмчилдөггүй, П мөн өмчилдөггүй. Нэхэмжлэлийн шаардлага баримтаар нотлогдохгүй буюу хогны үнэрээс болж нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдөж байгаа гэх үндэслэлээ нотлоогүй, Барилгын тухай хууль, барилгын норм дүрэм, стандартыг зөрчиж өргөтгөл барьсан нь нэхэмжлэгчийн эрхийг хэрхэн зөрчиж байгаа нь тодорхойгүй. Шинжээчийн дүгнэлтээр өргөтгөл 4 дүгээр давхрын айлд нөлөөлсөн гэж тогтоогдоогүй. Нэхэмжлэгч тухайн орон сууцыг бусдад шилжүүлсэн болох нь өөрийн тайлбараар тогтоогдож байгаа учир нэхэмжлэх эрхгүй этгээд гэж үзнэ” гэж тайлбарласан.

            4. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

            4.1. Нэхэмжлэгч Э.О нь нөхөр Ц.Д хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 00 дугаар байрны 00 тоот 67,79 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 000345584 тоот гэрчилгээгээр, нэхэмжлэгчийн нөхөр Ц.Д 41 тоот 45,83 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2014 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 000299103 дугаар гэрчилгээгээр тус тус өмчилж эхэлсэн байна.

            4.2. Нэхэмжлэгчийн өмчлөлийн 00 тоот үл хөдлөх хөрөнгийн доод давхарт байрлах, 3 дугаар давхрын гадна талын өргөтгөл бүхий барилга нь 31, 32, 33 тоотуудыг хамарсан бөгөөд анх 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч П эдгээр хөрөнгүүдийн өмчлөгчөөр бүртгэгджээ.

            - 31 тоот орон сууц анх 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 38,4 мкв талбайтай байсныг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 82,9 м.кв болгож өөрчилсөн,

            - 32 тоот орон сууц анх 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 45,8 м.кв талбайтай байсныг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 137,07 м.кв болгож өөрчилсөн,

            - 33 тоот орон сууц анх 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 215,68 м.кв талбайтай байсныг 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 202 м.кв болгож тус тус бүртгэлд өөрчлөлт оруулсан байна.

            4.3. Дээрх орон сууцны барилгыг хариуцагч Э барьж ашиглалтанд оруулсан болох нь Улсын комиссын акт /1-р хх-149/ болон зохигчдын тайлбараар тогтоогдсон ба Улсын комиссын актад: Э -ийн үйлчилгээтэй 18 машины гараж бүхий зоорьтой, 63 айлын орон сууцны барилга”-ыг 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ашиглалтанд оруулахыг зөвшөөрчээ.

            4.4. Барилгын зургийн 3, 4 дүгээр давхрын байгуулалтад: давхрын нийт талбай 309,41 м.кв бүхий А-Е хүртэл 5 орон сууц, нийтийн талбайтай байхаар гаргасан байна. /1-р хх-159/

            4.5. Э нь П тай байгуулсан “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу түүнд 38,4 м.кв бүхий 31 тоот, 45,8 м.кв бүхий 32 тоот, “Хамтран ажиллах” гэрээгээр 6 өрөө бүхий 215,61 м.кв талбайтай 33 тоотыг /энэ гэрээнд бусад 2 орон сууц мөн бичигдсэн байна/ тус тус хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.  

            4.6. Өргөтгөлийг хэн барьсан талаар хэрэгт тодорхой баримт авагдаагүй. Харин өргөтгөл хийсний дараах хэмжилтийг “Гандирс-Од” ХХК нь П ы захиалгаар хийж, 31 тоот орон сууцыг 82,9 м.кв болгож, 32 тоот орон сууцыг 45,8 м.кв байсныг 137,07 м.кв болгож хэмжсэн байна.

            4.7. Нэхэмжлэгч талаас маргаан бүхий 00 дугаар байрны дундын эд хөрөнгийн засвар үйлчилгээг хариуцан ажиллах Х СӨХ-ны зарим байгууллагууд болон хариуцагч Э -тай харилцсан албан бичгүүд болон оршин суугчдын бүртгэлтэй холбоотой жагсаалт зэргийг нотлох баримтаар гаргаж, эдгээр баримтуудад тулгуурлан Э -ийг хуульд заасан хугацаанд оршин суугчдын дундын өмчлөлд орон сууцны барилгыг хүлээлгэн өгөөгүй гэх агуулгаар тайлбарласан. Гэвч эдгээр баримтууд Э.О ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй.

            4.8. Хариуцагч Э -ийг “...барилгын батлагдсан зураг төслөөс өөрчилж, давхар нэмж барьсан” гэх үндэслэлээр, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэн, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 097 тоот шийтгэврийн хуудсаар Орон сууцны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх хэсэгт заасны дагуу 1,500,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, уг шийтгэврийг Э хүлээн зөвшөөрч, торгуулийг 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төлж барагдуулсан байна. /1-р хх-147/

            4.9. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар маргаан бүхий газарт үзлэг хийхэд 31, 32 тоот хаягт хамаарах өргөтгөлийн хаягжилт бүхий самбар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгөөс үзэгдэх орчныг хязгаарласан, 33 тоот хаягт хамаарах өргөтгөлийн дээвэр хэсэгт хог хаягдал тодорхой хэмжээнд тогтсон байдалтай байсныг фото зургаар бэхжүүлсэн.

            4.10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээч Барилгын хөгжлийн төвийн Норм, нормативын хэлтсийн мэргэжилтэн шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ:

1/ 3 давхрын өргөтгөлийн барилгын дээврийн хучилтын өндрийн түвшин 4 дүгээр давхрын шалны тэмдэгтийн түвшнээс 800 мм зайтай байсан. Өргөтгөлийн барилга нь өндрийн хувьд заавал мөрдөх барилгын норм ба дүрмийг зөрчиж байна.

2/ 3 давхрын өргөтгөлийн барилгад хамаарах эскиз зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар байгаагүй учир зөвшөөрөгдсөн өндрийг тогтоох боломжгүй

3/ 3 давхарт байрлах 31, 32, 33 тоот нь баримт бичгийн бүрдэл дутуу, барилгын ажлын зөвшөөрөл, зураг төсөл, магадлалаар баталгаажсан зураг төсөл, өргөтгөлийг эрх бүхий байгууллага ашиглалтад оруулсан барилга байгууламжийн гэрчилгээ зэрэг баримтууд хэргийн материалд байгаагүй учир “өргөтгөлийн барилгыг Барилгын тухай хууль зөрчиж, зөвшөөрөлгүй баригдсан барилга байгууламж гэж үзэж байна” гэж дүгнэсэн байна.

5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж хуульчилсан.

6. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдагдаж буй 00 дугаар байрны 3 дугаар давхарт баригдсан өргөтгөлийг нэхэмжлэл гаргах үед хариуцагч БНСУ-ын иргэн П өмчилж байсан, тухайн өргөтгөл нь эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрөлгүйгээр, заавал мөрдөх барилгын норм ба дүрмийг зөрчиж дээд давхрын шалны тэмдэгтийн түвшинээс 800 мм зайтай барьсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

6.1. Мөн барилгын батлагдсан зураг төслийг өөрчилж өргөтгөл барьсан үйлдэлд нь Мэргэжлийн хяналтын газраас Э -ийг 1,500,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байна.

6.2. Дээрх байдлаар Э нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр, анх батлагдсан зураг төслийг өөрчилж өргөтгөл барьсан болох нь тогтоогдсон ба үүний улмаас нэхэмжлэгч Э.О ийн өмчлөх эрх зөрчигдсөн буюу “үзэгдэх орчин хязгаарлагдсан, шүүхэд бичгээр нотлох боломжгүй боловч хууль бусаар барьсан өргөтгөлийн дээвэрт тогтсон хог хаягдлаас үүссэн үнэрийн улмаас цонхоо нээх боломжгүй болсон зэрэг нь шүүхийн журмаар хийсэн үзлэгээр тогтоогдсон” учир эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэл гаргах эрхийн хувьд нэхэмжлэгч нь тухайн өргөтгөл баригдсан 3 дугаар давхрын дээд талд байрлах 00 тоот орон сууцыг нөхрийн хамт, 41 тоот орон сууцыг түүний нөхөр Ц.Д өмчлөлд бүртгэлтэй боловч гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх тул өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг таслах зогсоохыг шаардах эрхтэй байна.

8. Хариуцагч нар нэхэмжлэлийг хариуцах этгээд мөн эсэх талаар: Э нь маргаан бүхий барилгыг барьж ашиглалтанд оруулсан бөгөөд тухайн өргөтгөлийг хууль бусаар барьсан болох нь тус компанид оногдуулсан шийтгэлийг хүлээн зөвшөөрч төлсөн үйлдлээр, хариуцагч П нь нэхэмжлэлийг гаргахад тухайн хөрөнгүүдийг өмчилж байсан өмчлөгч учир энэ нэхэмжлэлийг хариуцвал зохих этгээд мөн байна.

9. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан Э.О ийн нэхэмжлэлийг хангаж, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 00 дугаар байрны 3 дугаар давхарт барьсан өргөтгөлийг нураан чөлөөлж, барилгын зурагт зааснаар засварлуулж өмнөх байдалд оруулахыг хариуцагч Э , БНСУ-ын иргэн П нарт даалгасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         А.САРАНТУЯА