| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/01034/И |
| Дугаар | 102/ШШ2024/04617 |
| Огноо | 2024-10-02 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2024/04617
2024 оны 10 сарын 02 өдөр Дугаар 102/ШШ2024/04617 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн Т ,
Хариуцагч: Баянгол дүүргийн Ээ ,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, сургалтын төлбөрийн 50 хувь 30,126,832 /гучин сая нэг зуун хорин зургаан мянга найман зуун гучин хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нарантуяа, хариуцагч Д.Ээ , хариуцагчийн өмгөөлөгч Н.Батбаатар /ШТЭД: 1142/ нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Оюунсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Б.Т 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр тус шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлд: Миний бие Д.Ээ тэй үерхэж байгаад 2009 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр бидний хүү Т.Т төрсөн бөгөөд бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас хамтдаа амьдраагүй, гэрлэлтээ бүртгүүлээгүй. Хүүгээ төрсөн цагаас эхлэн би өөр дээрээ өсгөж, асрамжилж байгаа бөгөөд одоо миний хүү 14 настай, миний асрамжид амьдарч байна. Н.Ээ нь миний аав болон хүүд минь байнгын сэтгэл зүйн дарамт учруулж, гэрийн хаалга үүд эвдэх, цонх хагалах, мөнгө нэхэх зэрэг үйлдлийг байнга гаргаж байгаа ба энэ талаар Цагдаагийн байгууллагад олон удаа хандаж байсан. Мөн өөрийн төрсөн хүүхдээ хүртэл цагдаад өгч гомдол гаргаж байсны улмаас хүү ээжтэйгээ уулзахгүй гээд зугтаадаг болсон. Хүүхэд рүүгээ утсаар залгаж сэтгэл зүйн дарамтанд оруулж, ална гэж заналхийлж байсан тул би хүүтэйгээ хамт Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд очиж сэтгэл зүйн зөвлөгөө авч байсан. Энэ үйлдлийн улмаас хүүхэд сургууль болон гадуур явахаасаа айдаг болсон.
Хүүгээ 14 нас хүртэл ээжээс нь тэтгэлэг болон нэмэлт зардлууд гаргуулж байгаагүй. Одоо эх хүний хувьд хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага эцэг эхэд адил байдаг хуулийн зохицуулалтын дагуу Д.Ээ ээс хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу гаргуулах хүсэлтэй байна. Бидний хүү Т.Т Хобби сургуульд сурдаг бөгөөд сүүлийн 5 жилд хүүхдийнхээ сургалтын төлбөрт 60,253,664 төгрөг төлсний 50 хувь 30,126,832 төгрөгийг Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар гаргуулах хүсэлтэй байна...гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нарантуяа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Хүүхэд сүүлийн 10 жил эцэг Б.Т тэй хамт амьдарч байгаа. Энэ хугацаанд эцэг, эхийн хуульд заасан эрх үүрэг эх талаас биелэгдээгүй гэж үзэж байгаа. Хуульд заасан асран хамгаалалт, халамжуудыг үзүүлж байгаагүй. Мөн хариуцагчийн хувьд нэхэмжлэгч болон хүүхдийн байнга амьдарч байгаа хаягаар очиж эмх замбараагүй байдал удаа дараа гаргасны улмаас цагдаагийн байгууллагад хандаж, хүүхдээ айлгаж, хүүхдээ хүртэл цагдаад өгч байсан. Эдгээрийн улмаас шүүхэд хандах нөхцөл байдал үүссэн. Шүүхээс Т овогтой Т д хуульд заасны дагуу эхээс тэтгэлэг тогтоолгох, сургуулийн сургалтын төлбөрийн 50 хувийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна. Энэ зардалд сургуулийн сүүлийн жилийн сургалтын төлбөр ороогүй байгаа. Мөн эцэг Б.Т ийн асрамжид хүүхдийг үлдээж өгнө үү гэсэн шаардлага гаргасан байгаа. Шүүх хуралдааны явцад хариуцагч тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбарлалаа. Сургалтын төлбөр төлсөн нь Хобби сургуулийн тодорхойлолтоор нотлогдоно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.
2. Хариу тайлбар:
2.1. Хариуцагч Д.Ээ 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Т тэй 1998 онд танилцаж үерхэн, 2004-2013 он хүртэл 9 жилийн хугацаанд хамтран амьдарсан. Би 2004 онд ХБНГУ-ын Kaiserslautern хот руу суралцахаар явсан ба тэнд байхад Б.Т араас ирж, миний тусламжтайгаар оюутан болж, бидний хамтын амьдрал ХБНГУ-д эхэлсэн. 2006 онд Б.Т надад бөгж өгч сүй тавьсан бөгөөд 2007 онд хадмын талаас бэр гуйж, улмаар сургуулиа төгсөөд хуримаа хийхээр төлөвлөсөн. Бид 4-5 жил хамт амьдарсны эцэст 2009 оны 9 дүгээр сарын 01-нд ХБНГУ-ын Маннхайм хотод хүү Т.Т төрүүлсэн. Би хүүгээ төрүүлээд өөрөө өсгөж, асран хамгаалж байсан ба 2010 оны 7 дугаар сард шалгалтууд эхлэх байсан тул 2010 оны 6 дугаар сард хүүгээ Монголд авчирч шалгалт дуустал түр орхиод, шалгалтаа өгөхөөр ХБНГУ руу буцаж байсан. 2010 оны 9 дүгээр сараас 2011 оны 1 дүгээр сар хүртэл намайг Англи улсад суралцаж байхад Б.Т БНСУ-д байсан бөгөөд 2011 оны 2 дугаар сард ХБНГУ руу буцаж ирснээр бид хоёр үргэлжлүүлэн хамтдаа амьдарсан. Энэ хугацаанд хүүг маань миний төрсөн эх асран хамгаалж байсан. Миний ээж 2011 оны 9 дүгээр сарын 07-нд өвчний улмаас нас барсан тул Б.Т болон түүний ээж, аав надтай зөвшилцөлгүйгээр 2011 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр товлогдсон хуримыг цуцалсан. Хурим цуцлагдсан тул бид засаж тохижуулсан байрандаа амьдраагүй. Би хүүгийн хамт Б.Т ийн ээж, аавтай хамт амьдарч, Б.Т ХБНГУ руу үргэлжлүүлэн сурахаар буцсан.
Миний аав 2006 онд, ээж маань 2011 онд тус тус нас барж, миний бие харж хамгаалах хүнгүй үлдсэнийг далимдуулан Б.Т ийн аав, ээж хоёр надаас хүүгээ үрчлүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч би зөвшөөрөөгүй. Үүнээс болж 2011-2013 оны хооронд хамтран амьдарч байх хугацаандаа намайг байнга дарамталж байсан. 2012 оны 1 дүгээр сард Б.Т хагалгаанд орох болсон тул би хүүтэйгээ хамт очиж, хажууд нь асарч халамжилж байсан. 2012 оны 6 дугаар сард Б.Т ийн үеэлүүд болох Ж.Солонго, Ж.У нар бүлэглэн намайг зодсон тул би цагдаад гомдол гаргасан нь Б.Т ийн аав, ээжийн дургүйг бүр ихээр хүргэж, намайг илүү их дарамтлах болсон нь тэсэхийн аргагүй болж, 2013 оны 6 дугаар сард Б.Т ийг сургуулиа төгсөж ирэхээс 2 сарын өмнө хүүгээ аваад төрсөн гэр рүүгээ явахад хүргэсэн. Б.Т 2013 оны 8 дугаар сард буцаж ирсэн боловч ээж, ааваасаа хүү бид хоёрыг огт өмгөөлж хамгаалаагүй. Харин ч эсрэгээрээ тэдний талд орж, хүү бид хоёрыг хаясан. Би хүүгээ 2013 оны 6 дугаар сараас 2015 оны 9 дүгээр сар хүртэл ганцаараа өсгөж байсан. Б.Т ийн талаас тусламж хүсэхэд нэг ч удаа тусалж байгаагүй. Энэ хугацаанд би ажилгүй болж, санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан учир Б.Т болон түүний ээж ааваас хамтран амьдрахаар тохижуулсан байрандаа тавьсан эд хогшил, цахилгаа хэрэгслээ буцааж авах, эсхүл мөнгийг нь авъя гэж удаа дараа шаардсан боловч нэгэнт бэлэглэсэн эд хогшил тул буцааж өгөхгүй гээд өгөөгүй ба цагдаа дуудаж байгаад олны дунд миний биед халдсан. Бага насны хүүхэдтэй ганц бие ээжийн хувьд хүүгээ гэрийн хажууд байрлах 98 дугаар цэцэрлэгт өгөөд, ажлаа хийж мөнгө олдог байсан. Энэ хугацаанд Б.Т хүүтэйгээ нэг ч удаа уулзаж байгаагүй, баяр ёслол, төрсөн өдрийг нь огт тоож байгаагүй, өөр хүнтэй хамтын амьдралтай болсон.
2015 оны 9 дүгээр сар болж, хүүгээ сургуульд орох үеэр миний бие дахин ажилгүй болсон тул хүүгийнхээ эрх ашгийг бодсон шийдвэр гаргаж, хүүгээ Б.Т ийн ээж, аавын асран хамгаалалтанд өгсөн. Энэ нь эх хүний хувьд маш хэцүү шийдвэр байсан боловч хүүгээ бодох нь илүү ухаалаг алхам байсан гэж боддог. Мөн тухайн үедээ би хүүтэйгээ байнга уулзаж, төрсөн ээжийн зүгээс хийж чадах бүхнээ хийх боломжтой гэж итгэж байсан учраас энэхүү шийдвэрийг гаргасан. 2016-2023 оны хооронд би хүүтэйгээ уулзах гэж очих тоолонд байнга хэл үгээр доромжлуулж, хүүтэйгээ уулзах боломжийг маань хүчээр тасалж, хүүг “эзгүй байна, Найрамдалд амарч байгаа” гэх мэтээр төөрөгдүүлдэг байсан. Найрамдал зуслан дээр хүүтэйгээ уулзах гээд очиход зусланд амраагүй байдаг байсан. Миний хүүтэйгээ уулзах гэсэн оролдлого бүрийг хүчээр таслан зогсоож байгаа нь надад тэсвэрлэшгүй санагдаж, эрх хязгаарлахыг шаардаж буй талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан. Миний бие 9 сар тээж төрүүлэн, 6 нас хүртэл нь нойр хоолоо умартан өсгөсөн хүүтэйгээ уулзах, хүүгийнхээ эх байх эрхээ хэрэгжүүлэхэд байнга саад болж байсан Б.Т ийн ээж, аавын үйлдлийг тэсвэрлэж чадаагүй.
Б.Т нь 2023 оны зун утсаар ярьж “...одоо бид хоёр 40 хүрчихлээ, хэрэлдэхээ больё, хүүхдийнхээ ирээдүйг ярилцъя” гэсний дагуу 2023 оны 8 дугаар сард уулзахад надаас хүүхдийн сургуулийн төлбөр, хоолны зардал зэргийг бодит дүнгээс нэмэгдүүлэн, сургуулийн жилийн төлбөр 21,000,000 төгрөг, 3 сарын амьжиргааны зардал 10,000,000 төгрөг, нийт 31,000,000 төгрөг өг, цаашдаа 3 сар тутам 10,000,000 төгрөг өгч бай гэж шаардсан. Энэ зардлууд хэтэрхий өндөр, бодит биш байгаа гэж санагдсан тул шалгуулахаар Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газарт гомдол гаргасан. Гэтэл тэнд очоод Б.Т ээлжит гүтгэлгээ хийж, намайг үнийн дүнг худлаа зохиосон гэж, мөн намайг түүний машиныг шатаах гэж гаражид ороод баригдсан гэх мэтээр ор үндэсгүй гүтгэсэн. Энэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь ч ор үндэсгүй гүтгэлэг байна. Миний бие хүүхдээ аав Б.Т ийн асрамжид биш өөрийн асрамжид авах хүсэлтэй байдаг ба энэ олон жил хүүхдээ авна, уулзана гэсэн итгэлээр ганцаардал, ганихралыг давж ирсэн. Сургалтын төлбөрийн 50 хувь 30,126,832 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Төрөөс суурь боловсролыг үнэ төлбөргүй олгодог бөгөөд хувь хүн сонголтоороо төлбөртэй сургуульд хүүхдээ суралцуулсан нь зайлшгүй зардал гэж үзэхгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна...гэжээ.
2.2. Хариуцагч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би Б.Т тэй зан харилцааны таарамжгүй харилцаатай байгаагүй. Би энэ хүнтэй 2007 онд Монгол ёс заншлын дагуу албан ёсоор гэр бүл болж, хоёр талын хамаатан садантайгаа тэмдэглэсэн учраас гэр бүл болсон гэж ойлгосон. Энэ нь иргэний бага нэгж болох гэр бүл үүссэн гэж олон улсын болон Монгол улсын хуулиар хүлээн зөвшөөрөгдөнө. Сүй тавьсан гэдэг нь хууль ёсны байгууллага, эмнэлэг, бүх газар тэр эмэгтэй, эрэгтэй хүнийг төлөөлөх эрх олгогддог. Ямар нэг шалтгааны улмаас би түүнтэй гэр бүлийн баталгаа хийлгэж чадаагүй ч гэрлэх зорилгоор Б.Т ийн 2003-2014 он хүртэл бүх амьдралын эх үүсвэрийг тавьж өгсөн, боловсрол олгох хичээлийг нь бүгдийг хийж өгсөн. Оюуны өмч болох бүх сургуулийнх нь курсын ажил, диплом, Сөүлийн их сургуульд орох материалыг нь хүртэл бэлдэж өгсөн. Хуримаа хийх гээд 2011 онд Монгол шилтгээнд захиалга өгсөн байхад надад хэлэлгүйгээр цуцалсан байсан. 2012 онд Фейсбүүкээр харилцаж чаталсан мессежид үзлэг хийлгэсэн. Б.Т тэй хамт амьдрах хугацаандаа Америкт сургуульд явна гэж хэлж байхад хүүхэдтэй болж амьдрая гэж ухуулж сэнхрүүлсэн учраас би хүүхдээ төрүүлсэн.
Би Б.Т болон түүний хамтран амьдрагч Б.Номин-Эрдэнэ болон эцэг эхийн үр хүүхэд төрүүлэх чадваргүй, сонин байдалтай шалтгаанас болж хүүхэдтэйгээ уулзаж чадахгүй байсан. Намайг хүүхэдтэй минь уулзуулахгүй байдаг байсан. Хүү маань төрсөн цагаасаа эхлээд 6 нас хүртлээ миний асрамжид байсан. Ингээд би хүүгээ 98 дугаар цэцэрлэгт 2 жил явуулсан. Хүү маань 6 настайгаасаа эхлэн өвөө эмээ дээрээ байж эхэлсэн. Би энэ үеэс амралтын өдрүүдэд уулзахаар ярилцсан боловч уулзуулдаггүй байсан. Эдний гол зорилго нь хүүхдийг 7 настай болсон хойно нь асрамжийг шийдүүлэх гэдэг байсан байх. Хуульд заасны дагуу тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Би өөрийнхөө чадлын хэмжээгээр хүүхдэдээ зарцуулж чадна гэдгээ 2023 оны 7 дугаар сарын 20-нд Б.Т болон хүү Т.Т нартай уулзахдаа хэлсэн. Хүүхдийн сургалтын төлбөр 30,126,832 төгрөгийг хүүхдээр далимдуулан надаас нэхсэн. Хамгийн өндөр болсон жил нь 15,000,000 төгрөг байхад 21,000,000 төгрөг гэж надаас нэхсэн. Би энэ жилийнх нь сургалтын төлбөр 9,000,000 төгрөгийг төлсөн. Би хүүхэдтэйгээ тогтсон орлого байхгүй ч илүү их цаг зарцуулах, боловсролд нь илүү анхаарал хандуулах боломжтой гэж үзэж байна. Хүнийг анхаардаг, хайрлаж халамжилдаг эерэг зөөлөн дулаан хүн болгоход нь анхаарна гэж бодож байна...гэв.
2.3. Хариуцагчийн өмгөөлөгч Н.Батбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах, нэмэлт зардал буюу сургалтын төлбөр гаргуулах шаардлага гаргасан байна. Хэдийгээр зохигчид гэрлэлтийн бүртгэлгүй боловч хамтран амьдарч байсан, дундаас нь хүүхэд гарсан, гэр бүлийн харилцаа байсан зэрэг нөхцөл байдал харагдаж байна. Гэрлэлтээ хэдий бүртгүүлээгүй боловч эцэг эх, хүүхдийн хооронд хуулийн дагуу эрх үүрэг үүсэж байгаа юм. Үүнийхээ дагуу Д.Ээ ийг эх байх эрхээ эдлэхэд нь нэхэмжлэгч талаас саад учруулдаг, эх хүүхдийг уулзуулахгүй байх үйлдэл гаргадаг нь харагдаж байгаа. Б.Т хүүхдийг өөрийн асрамжид байлгадаг, хүүхэд аавтайгаа байх санал өгсөн боловч нэхэмжлэгч талаас хүүхэд, эх хоёрын харилцаанд хаалт хийж хэрцгий хандсан байдал харагдаж байна. Хариуцагч хүүхэдтэйгээ уулзах, хичээл сургуульд нь туслах маш их эрмэлзэлтэй байдаг. Энэ бүгд дээр нь нэхэмжлэгч талаас хязгаар тавьдаг. Хэрвээ хүүхдийг эцгийн асрамжид үлдээж шийдвэрлэвэл хүүхдийг эхтэй нь уулзуулах талаар анхаарч шийдвэрлэнэ үү. Хуульд заасны дагуу хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар тодорхой нарийвчилсан зүйл байхгүй боловч эдийн засгийн хувьд хэн нь илүү боломжтой, ёс суртахуун, хүмүүжлийн хувьд хэн нь илүү байгааг харгалзан үзнэ. Өнөөдөр хэдийгээр хариуцагч тогтсон орлогогүй байгаа боловч цаашид хүүхдээ асран хамгаалах боломжтой гэж үзэж байгаа. Нэмэлт зардлын хувьд Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тогтоогдсон байхыг шаардана. Хүүхдийн тэтгэлэг төлөгч ямар хэмжээнд төлөхийг хуулиар зохицуулсан байгаа. Хариуцагч нь үр хүүхдийнхээ төлөө анхаарал хандуулна. Төлбөр төлөхийг эрмэлзэж хүсэж байгаа. Хүүхдэдээ хайргүй эх хүн гэж хаана байх вэ. Гэвч өнөөдрийн байдлаар нэмэлт зардлыг төлөх боломж байхгүй, сарын тогтмол орлого байхгүй, энд тэнд цагийн ажил хийж байгаа ч нэмэлт зардлыг төлөх боломжгүй байгаа юм. Иймд шүүхээс нэмэлт зардал гаргуулах шаардлагыг онцгой анхаарч өгнө үү. Мөн нэхэмжлэгч тал хариуцагчийг хүүхэдтэйгээ уулзахад хязгаар тавьдаг учир долоо хоногт багадаа 3 удаа уулзах уулзалтын журам тогтоолгох саналтай байна. Хүү Т.Т одоо 10 дугаар ангид суралцаж байгаа учир хүүхдийн хувьд маш чухал жилүүд юм...гэв.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2-3/, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, өөрийн болон хүү Т.Т оршин суух хаягийн тодорхойлолт /хх-5/, хүүхэд эрүүл өсөн бойжиж байгаа тухай “Мэндсаруул өрх” Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-6/, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тодорхойлолт /хх-7/, Хобби бүрэн дунд сургуулийн ерөнхий нягтлангийн тодорхойлолт /хх-8/, хүү Т.Т 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдөр олгогдсон 78 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-9/, төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-41/, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан: 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, Ярилцлагын тэмдэглэл зэргийн хуулбар /хх-46-49/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.
4. Хариуцагч тайлбар, татгалзлаа нотлохоор: хүү Т 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Монгол улсаас ХБНГУ-д суугаа элчин сайдын яамнаас олгогдсон №00 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-22/, өөрийн гадаад паспортын хуулбар /хх-23, 26/, хүү Т.Т гадаад паспортын хуулбар /хх-24-25/, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-98/, өөрийн эрүүл мэндийн шинжилгээ оношилгооны хуудсуудыг /хх-99-105/, өөрийн боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-106-107/, Д.Ээ ээс Улсын ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтсийн даргад 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан гомдол /хх-136-137/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.
5. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд:
5.1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт зааснаар 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүү Т.Т саналыг асууж тэмдэглэл үйлдсэн байна. /хх-51-52/
5.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШЗ2024/07496 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагуудаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /хх-57/, захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Т.Т төрсний бүртгэлийн баримтын хуулбарыг /хх-67-68/, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 9 хуудас бүхий Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас, Насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авсан 2023 оны 8 дугаар сарын 28, мөн оны 9 дүгээр сарын 24-ний өдрүүдийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Хариу мэдэгдэх хуудас, 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ зэргийн хуулбарыг /хх-69-79/ тус тус шүүхэд ирүүлсэн.
5.3. Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШЗ2024/08084 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилж /хх-59/, захирамжийн дагуу томилогдсон шинжээч 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр шинжээчийн санал, дүгнэлтийг ирүүлсэн байна. /хх-81-95/
5.4. Хариуцагчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШЗ2024/15441 дүгээр захирамжаар Г.Өлзийсайханыг гэрчээр асуухаар шийдвэрлэж /хх-119/, захирамжийн дагуу гэрчийг 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр асууж тэмдэглэл үйлдсэн. /хх-129-131/
5.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гэрч асуулгах хүсэлт, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан шүүхийн журмаар үзлэг хийлгэх хүсэлтүүдийг тус тус хангаж, шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШЗ2024/16494 дүгээр захирамжаар Ж.Уянгыг гэрчээр асуух, хариуцагч Д.Ээ ийн гар утасны мессенжер болон вайбер чатуудад шүүхийн журмаар үзлэг хийхээр шийдвэрлэж /хх-127/, захирамжийн дагуу Ж.Уянгыг 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр асууж тэмдэглэл үйлдэн /хх-132-134/, үзлэгийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр явуулан тэмдэглэл үйлдсэн байна. /хх-143-248/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх Б.Т ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Б.Т нь Д.Ээ эд холбогдуулан, хүү Т.Т өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгон Д.Ээ ээр тэжээн тэтгүүлэх, нэмэлт зардал буюу сургалтын төлбөрийн 50 хувь болох 30,123,832 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн тэтгэлэг тогтоолгон, тэжээн тэтгүүлэх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: “хариуцагчтай гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтын амьдралтай байсан, хоорондын таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарсан бөгөөд хүү Т.Т бага наснаас нь өөрийн асрамжид байлгасан учир энэ байдлаа үргэлжлүүлэн асрамж тогтоолгох, хуульд заасны дагуу тэтгэлэг тогтоолгож, эх хүний хувьд хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагыг хүлээлгэн Д.Ээ ээр хүү Т.Т тэжээн тэтгүүлэх, сургуулийн сүүлийн 5 жилийн сургалтын төлбөрийн тал хувийг гаргуулахаар шаардана” гэж тодорхойлсон.
5. Хариуцагч тайлбар, татгалзлын үндэслэлээ: “хоорондын болон нэхэмжлэгчийн эцэг эхийн саад, хязгаарлалтын улмаас хүүхэдтэйгээ уулзах боломжгүй байдаг. Эх байх эрх, үүргээ биелүүлэхэд нэхэмжлэгч саад учруулдаг тул цаашид хүүхдийнхээ сурлага төлөвшилд илүү анхаарахаар өөрийн асрамжид авах хүсэлтэй. Тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр төлж, тэжээн тэтгэх үүргээ биелүүлнэ. Тогтмол орлогогүй бөгөөд төрөөс боловсролыг үнэ төлбөргүй олгохоор хуульчилсан, нэхэмжлэгч тал зөвшилцөлгүйгээр төлбөртэй сургуульд сургасан ба бодит байдлаас хэтрүүлэн сургалтын төлбөрийг нэхэмжилж байгаа учир нэмэлт зардлыг зөвшөөрөх боломжгүй” гэж тайлбарласан.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
6.1. Б.Т , Д.Ээ нар 1998 онд танилцаж үерхэн, Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарч, улмаар 2009 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүү Т ХБНГУ-д төрүүлэн, эцэг Б.Т өөр овоглож, улсын бүртгэлд бүртгүүлэн төрсний гэрчилгээ авч, улмаар төрсний гэрчилгээг дахин шинээр авсан байна.
6.2. Зохигчид 2013 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд гэр бүлийн харилцаатай буюу хамтын амьдралтай байсан бол хоорондоо болон хариуцагч нь нэхэмжлэгчийн гэр бүлийн бусад гишүүдтэй таарамжгүй харилцаа үүссэний улмаас 2013 оны 6 дугаар сараас 2015 оны 9 дүгээр сарыг хүртэл хугацаанд хариуцагч Д.Ээ хүү Т.Т асрамждаа байлгаж, тусдаа амьдарсан талаар зохигчид тайлбарласан.
6.3. Хүү Т.Т 6 настай байхаасаа буюу 2015 оны 9 дүгээр сараас эхлэн эцэг Б.Т болон түүний эцэг эхийн асрамжид амьдарч эхэлсэн байх бөгөөд хариуцагч Д.Ээ хүү Т.Т тэй уулзахтай холбоотой асуудлаас болж зохигчдын хооронд таарамжгүй харилцаа үүсэн, хэн аль нь цагдаагийн байгууллага болон дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв зэрэг байгууллагуудад хандаж, улмаар хүү Т.Т эс тайлбар авч, Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ гарч байжээ.
6.4. Хүү Т.Т нь Хобби бүрэн дунд сургуульд суралцдаг, эцэг Б.Т ийн хамт Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 78 дугаар байрны 2 тоот хаягт амьдарч, эрүүл өсөн бойжиж байгаа талаар сургуулийн ерөнхий нягтлан бодогч, хорооны засаг дарга болон “Мэндсаруул өрх” ӨЭМТөвөөс тус тус тодорхойлсон байна.
6.5. Нэхэмжлэгч Б.Т нь хүү Т.Т хамт Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хандаж сэтгэл зүйн болон хуулийн зөвлөгөө авч үйлчлүүлсэн талаар тус байгууллагаас тодорхойлж, Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын 102 дугаарын утсанд 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 91910270 дугаарын утаснаас Д.Ээ дуудлага өгч, хүүхэдтэй уулзахаар очиход уулзуулахгүй байна гэх агуулга бүхий гомдол гаргасны дагуу насанд хүрээгүй хүү Т.Т эрх бүхий албан хаагч асууж тэмдэглэл үйлдэн, хүүхдийн эрсдлийн үнэлгээ хийгджээ.
6.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс насанд хүрээгүй хүү Т.Т саналыг асуухад өөрийн эцэг Б.Т тэй үргэлжлүүлэн хамт амьдрахыг хүсэж байгаа тухай илэрхийлсэн байна.
6.7. Мөн шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээч Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүү Т.Т асран хамгаалагчаар эцэг Б.Т ийг тогтоох санал дүгнэлт гаргаж, асран хамгаалагчаар тогтоогдсон талд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь заалтыг үндэслэн хүүхдийг эцэг, эхтэйгээ уулзах эрхийг хязгаарлахгүй, уулзах боломжоор хангаж, төрсөн эцэг эхийн харилцаанд хүндэтгэлтэй хандаж байхыг үүрэг болгох, хүү Т.Т өөрийн асрамж халамжаар дутаахгүй, өсгөн хүмүүжүүлэх, авга нагац талын ах дүү, хамаатан садантай нь тогтмол уулзуулж харилцаа холбоотой байлгах зэргийг үүрэг болгох, хэрэв хүүхдийн эрхийг ноцтой зөрчих асуудал гаргасан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх заалтыг үндэслэн хүүхдийн асран хамгаалагчийг шилжүүлэх нь зүйтэй гэсэн санал гаргаж ирүүлсэн.
6.8. Зохигч талуудаас гаргасан хүсэлтийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Өлзийсайхан, Ж.У нарыг гэрчээр асууж тэмдэглэл үйлдсэн ба гэрчүүд дараах байдлаар мэдүүлсэн байна. Үүнд:
6.8.1. Гэрч Г.Өлзийсайхан “Д.Ээ ийн хадмын гэрт нь 3-4 удаа очиж байсан. Хүүтэйгээ уулзахаар очиж хаалга тогшихоор эгчийг харчихаад хаалгаа хаачихдаг. ...Т ах гарч ирээд “унтаж байна, энд байхгүй байгаа” гээд уулзуулдаггүй байсан. Манай эгч хүүхэдтэйгээ уулзъя гэхээр нөгөө талаас нь уулзуулахгүй гээд хоёр талаасаа түлхэлцээд, нэг нь хаалга тавихгүй, нөгөөх нь булаах гээд, би орцон дотор доор зогсоод сонссон. 2016, 2017 оны үед Найрамдал зусланд хүүхэдтэйгээ уулзахаар очиход байхгүй байсан. Утас руу нь залгасан чинь холбогдохгүй байсан. 10 гаруй хоногийн дараа сургуулиас нь очиж авч байсан. ...сургууль дээр нь уулзахаар очиход оруулахгүй, уулзуулахгүй гэсэн зүйл болж байгаагүй, нэг удаа очиж авсан” гэж,
6.8.2. Гэрч Ж.У “Т.Т сүүлийн 10 жил, 2014 оноос хойш эцэг Б.Т ийн хамт амьдарсан. Эх Д.Ээ 2015 оноос хойш жилд 1, 2 удаа ирж уулзаж байсныг санаж байна. Хүүтэйгээ уулзахаар ирэхэд нь хаалт тавьж байсан үгүйг мэдэхгүй байна. Хүүхдийн асуудлаар ямар нэгэн маргаан үүсэж байсан. Нарийн он сарыг нь мэдэхгүй байна. Эхийн талаас тусламж дэмжлэг өгөөд, ирж уулзаад юм өгч байсан талаар зүйл мэдэхгүй. Д.Ээ тусламж үзүүлдэг байсан тухай харж, сонсож байгаагүй. ...Хэрүүл зодоон үүсэж байсан. Хэрэлдээд гараад явдаг байсан” гэж тус тус мэдүүлсэн.
6.9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Ээ ийн хүү Т.Т тэй Viber аппликейшн ашиглан 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарыг дуусах хүртэл хугацаанд харилцсан чат, нэхэмжлэгч Б.Т тэй Facebook Messenger аппликейшн ашиглан 2011-2024 оны хооронд харилцсан чат зэрэгт тус тус үзлэг хийсэн. Үзлэгээр зохигчид 2011 оноос 2013 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд хэвийн харилцаатай байж, 2013 оны 6 дугаар сараас хариуцагч нь хүү Т.Т асрамждаа байлгаж тусдаа амьдарсан, хүү Т.Т нь үзлэгт хамаарах хугацаанд эх Д.Ээ тэй энгийн харилцаатай байсан зэрэг үйл баримтууд тогтоогдсон.
7. Зохигчид хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд өөр өөрийн үндэслэл зааж марган Б.Т , Д.Ээ нарын хэн аль нь хүү Т.Т өөрийн асрамжид үлдээхийг хүссэн. Харин хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны явцад хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбарлав.
8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүү Т.Т саналыг асуухад эцэг Б.Т ийн асрамжид байхыг хүссэн ба шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр Т.Т асран хамгаалагчаар нэхэмжлэгчийг тогтоох санал дүгнэлт гаргасан байна. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хүү Т.Т Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар эцэг Б.Т ийн асрамжид үлдээж, нэхэмжлэлийн уг шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
9. Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус зааснаар хариуцагчаар хүү Т.Т тэжээн тэтгүүлэхээр шаардах эрхтэй байна.
8. Зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар тусгайлан тохиролцоогүй учир Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт “Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт “...11-16 нас хүртэл /энэ үед суралцаж байвал 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр...” гэж заасны дагуу тэтгэлэг тогтоож, Т.Т эх Д.Ээ ээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
9. Нэхэмжлэлийн дараагийн шаардлагаар хариуцагчаас хүү Т.Т сургуулийн сүүлийн 5 жилийн хугацааны сургалтын төлбөрийн 50 хувь 30,126,832 төгрөгийн нэмэлт зардлыг гаргуулахаар шаардсаныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. Учир нь:
9.1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заасан.
9.2. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Монгол улсын иргэн сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэж хуульчилсан ба Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид хүү Т.Т хувийн, төлбөртэй сургуульд оруулах зайлшгүй шаардлага үүссэн буюу онцгой нөхцөл байдал тохиолдсон гэх байдал тогтоогдоогүй, энэ талаар нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй бөгөөд хариуцагч Д.Ээ тэй зөвшилцөөгүй байна.
9.3. Түүнчлэн нэхэмжлэлд хамаарах сүүлийн 5 жилийн хугацааны сургалтын төлбөрт 60,253,664 төгрөгийг Б.Т төлсөн гэх байдал хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдоогүй, Хобби бүрэн дунд сургуулийн ерөнхий нягтлан бодогчийн гаргасан тодорхойлолтоор Б.Т сургалтын төлбөр төлсөн талаар тодорхойлоогүй байна. Иймд нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн уг шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.
10. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэж заасан.
11. Хэрэгт нотлох баримтаар авагдсан хариуцагчийн хүү Т.Т тэй харилцсан цахим захидал, хүү Т.Т өгсөн санал, цагдаагийн байгууллага болон Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ зэргийг харьцуулан дүгнэвэл хариуцагч Д.Ээ нь хүү Т.Т тэй байнгын харилцаа холбоотой байж чаддаггүй, ийнхүү харилцаа холбоотой байж уулзахад нэхэмжлэгч болон түүний бусад гэр бүлийн гишүүдээс саад болдог байх магадлалтай гэж харагдаж байна.
12. Иймд шүүх Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 26.4-т заасан тохиолдолд эцэг, эх үүргээ хэрэгжүүлэх журмыг тусгайлан тохиролцоогүй бол түүнийг шүүх тогтооно” гэж, 26.6 дахь хэсэгт “Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэж тус тус заасныг үндэслэн, нэхэмжлэгч талаас аливаа санал гаргаагүй учир хариуцагч талын гаргасан саналын дагуу Д.Ээ ийг хүү Т.Т тэй долоо хоногт 3 удаа өдрийн цагаар уулзаж байх журам тогтоож, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол Т.Т , Д.Ээ нар бие биедээ хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгаж шийдвэрлэлээ.
13. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 448,984 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туахй хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Т , Д.Ээ нарын дундаас 2009 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Т.Т эцэг Б.Т ийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Т.Т /15 настай/-ийг 18 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эх Д.Ээ ээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ээ ээс 30,126,832 /гучин сая нэг зуун хорин зургаан мянга найман зуун гучин хоёр/ төгрөг гаргуулах тухай Б.Т ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Ээ хүү Т.Т тэй долоо хоногт 3 удаа өдрийн цагаар уулзаж байх журам тогтоож, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол Т.Т , Д.Ээ нар бие биедээ хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 448,984 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ээ ээс 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Т т олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА