| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/05452/И |
| Дугаар | 102/ШШ2024/04541 |
| Огноо | 2024-09-26 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2024/04541
2024 оны 09 сарын 26 өдөр Дугаар 102/ШШ2024/04541 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Н ,
Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Е ,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Н , хариуцагч Г.Е нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Жанар хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Т.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие нөхөр Г.Е тэй 2016 онд танилцаж, улмаар 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас хүү Е.А 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, хүү Е.А 2019 оны 2 дугаар сарын 05-ны өдөр төрсөн. Хамтын амьдралын хугацаанд нөхөр Г.Е намайг байнга бусадтай хардаж, миний юу хийх, юу хэлэх, яаж хэлэхийг хүртэл зааж, өөрийн аясаар намайг байлгаж, сэтгэл санааны байнгын дарамтанд оруулж, хэл амаар байнга доромжилдог. Гэр орондоо чөлөөтэй байх эрхгүй, гэртээ зүгээр амрах эрхгүй, зөвшөөрөлгүй гэрээсээ гарч орох эрхгүй, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхгүй. Тухайлбал: ажлын байршил, цалин, ажилчдын тоо, хүйсийн харьцаа, илүү цагаар ажилладаг зэрэг нөхцөл байдлууд нь Е д таалагдах эсэхээс шалтгаалж миний тухайн ажилд орох эсэх нь хамаардаг. Миний охин М.А байнга загнадаг, хоол унд идэхийг хүртэл хязгаарладаг, гар хүрч зоддог. 2020 онд Анударийн гар утсыг үзээд зодсон. Намайг охиноо өмөөрөөд түүний үйлдлийг эсэргүүцэхэд миний хоолойг 2 удаа боож, биед халдсан. Энэ үйлдэлдээ Г.Е Зөрчлийн тухай хуулиар 15 хоног баривчилгаанд явж байсан. Түүнээс хойш намайг цагдаа дууддаг гэж өширхөж байнга заналхийлэх болсон. Хамгийн сүүлд 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 9.30-01.00 цаг хүртэл эхлээд хүүхдүүдийн хажууд ална гэж айлган сүрдүүлж байгаад дараа нь жижиг өрөө рүү намайг оруулаад хүзүү рүү цохих, хацар хазах оролдлого хийж амь насанд заналхийлсэн. Түүний энэ үйлдлийн талаар Баянгол дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст гомдол гаргасан. Г.Е намайг болон дагавар охиноо байнга нүд үзүүрлэж, хөөж туудаг. Өөрийн төрсөн хүү болох Анандыг байнга гоншгоносон гэж тээршааж загнадаг, хүүхдүүддээ ялгавартай ханддаг. Тиймээс цаашид байнгын айдас, хүчирхийллийн дор хамт амьдрах нь миний болоод хүүхдүүдийн амь нас, эрүүл мэнд, хүмүүжилд сөргөөр нөлөөлж байгаа тул гэрлэлтийг нэн даруй цуцалж, хүү Е.Ананд, Е.А нарыг өөрийн асрамжид үлдээж, Г.Е эс тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна...гэжээ.
1.2. Т.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Анх суухад нилээн халамжтай байсан. Би дагавар охинтой байсан. Миний охиныг их халамжилдаг байсан учраас итгээд гэр бүл болсон. Уул уурхайд ажилдаг байсан учраас таньж амжаагүй. Бал бурам шиг байж байгаад жирэмсэн болчихсон болохоор суухаас өөр аргагүй болоод Г.Е гэрт нь очсон. Энэ цагаас хойш зан ааш нь муухай болж эхэлсэн. Муухай ааштай, яхир зантай, охиныг маань гадуурхаж эхэлсэн. Өмнө нь би гадаадад байсан учраас охинтойгоо бараг шинээр хамт амьдарч эхэлж байсан. Юм юм давхцаад хүндрэлтэй, хэцүү болсон. Сэтгэл дундуур яваад байдаг байсан. Ерөнхийдөө дээрэлхэх хандлагатай байдаг байсан. Хадмын талаас ч хүүхэдтэй хүнтэй суусан гээд дорд үздэг, охиныг гадуурхдаг байсан. Миний хувьд ч мөн аз жаргалтай сайхан байгаагүй. Ажил хийлгэдэггүй, нийгмийн харилцаанд оруулах дургүй байдаг байсан. Би хүүхдүүдээ бодоод л тэвчээд байдаг байсан. Охин маань том болоод өөдөөс үг хэлээд байдаг болсон, одоо 17 нас хүрлээ. Бага маань 6 нас хүрэх гэж байна. Хүүхдүүд жаахан томроод ирэнгүүт гэнэт сэхээ авдаг юм байна. Би өмнө нь гэр бүлээ цуцлуулж алдаж байсан. Өөрийнхөө хоёр хүүхдийг ч гоншигнуур гэдэг байсныг нь хэлсээр байгаад болиулсан. Эдийн засгаас гадна сэтгэл санааны хувьд, миний өмнөх гэрлэлтийг, салсан нөхрийг байнга дурдаж асуудаг байсан. “Чи туршлагатай, хүүхдээ хаяж явдаг болохоор охиноо аваад явчих, бид гурвыг орхиод явчих” гэдэг байсан. Хоол идсэн ч “ийм хоол идлээ, алим жимс идлээ” гэдэг. Намайг 2015 онд зодсоноосоо болоод зөрчлийн арга хэмжээ авагдсан. Салах болоход ар гэрийнхэн нь оролцоод салахыг болиулсан. Хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээхийг хүсэж байгаа. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй.
2. Хариу тайлбар:
2.1. Г.Е шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие эхнэр Т.Н тай 2016 онд танилцаж, улмаар бид 2017 оны 8 дугаар сарын 24-нд улсын бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлсэн. Эхнэр Т.Н бид хоёрын дундаас том хүү Е.А 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, бага хүү Е.А 2019 оны 2 дугаар сарын 05-ны өдөр төрж аав ээжүүд болсон. Эхнэрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг миний талаас маргахгүйгээр зөвшөөрч байна. Хүчирхийлэл үзүүлдэг нь үнэн. Асрамж болон тэтгэлгийг зөвшөөрнө. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй...гэв.
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-4/, хүүхдүүд эрүүл өсөн бойжиж байгаа тухай эмчийн тодорхойлолт /хх-5-6/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-7-8/, Т.Н ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-9/ зэргийг нотлох баримтаар гаргасан бол, хариуцагч шүүхэд аливаа бичмэл баримт гаргаагүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Г.Е д холбогдуулан, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай Т.Н ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ “хариуцагчийн үйлддэг гэр бүлийн хүчирхийллийн улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч “хүчирхийлэл үзүүлдэг нь үнэн, гэрлэлт цуцлуулах болон хүүхдийн асрамж тогтоолгоход татгалзах зүйлгүй, тэтгэлэг төлнө” гэж тайлбарлав.
4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, зохигчдын гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо.
4.1. Гэрлэгчид 2016 онд танилцаж, 2017 оноос хамтран амьдарсан ба 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж хууль ёсны гэр бүл болж, 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр том хүү Е.Анандыг, 2019 оны 2 дугаар сарын 05-ны өдөр бага хүү Е.Ангарагийг тус тус төрүүлсэн байна.
4.2. Тэд хоорондын таарамжгүй харилцаа болон хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид бие махбодь, сэтгэл санаа болон эдийн засгийн хүчирхийлэл үйлддэгийн улмаас 2020 онд хариуцагч 15 хоног баривчлагдаж, 2024 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст гомдол гаргасан талаар нэхэмжлэгч тайлбарлаж, хариуцагч энэ үйл баримтыг үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрөв.
4.3. Гэрлэгчдийн хүүхдүүд эрүүл өсөн бойжиж байгаа ба цаашид хүүхдүүдийг эх Т.Н ын асрамжид үлдээх, эцэг Г.Е хуульд заасан хэмжээгээр хүүхдүүдээ тэжээн тэтгэхээр харилцан тохиролцсон, мөн тэдэнд шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй талаар тайлбарлаж байна.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж заасан байна.
6. Шүүх Т.Н ын нэхэмжлэлд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах шаардлагагүй буюу гэр бүлийн хүчирхийллийн улмаас эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж иргэний хэрэг үүсгэсэн.
7. Шүүх хуралдааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчид гэр бүлийн хүчирхийлэл үзүүлдэг болохоо хүлээн зөвшөөрч тайлбарласан учир хуульд заасан дээрх үндэслэлээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
8. Гэрлэгчид хэн аль нь хүүхдүүдийг нэхэмжлэгчийн асрамжид үлдээхээр болон хариуцагч хүүхдүүдэд хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгэхээр харилцан тохиролцсон тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу Е.Ананд, Е.А нарыг эх Т.Н ын асрамжид үлдээнэ.
9. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар Е.А /6 настай/, Е.А /5 настай/ нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Г.Е эр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
10. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг Т.Н , Г.Е нарт даалгаж, гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг шийдвэрт дурдах нь зүйтэй байна.
11. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Н , Боржигон овогт Е нарын гэрлэлтийг цуцалж, 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн Е Ананд, 2019 оны 2 дугаар сарын 05-ны өдөр төрсөн Е А нарыг эх Т.Н ын асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар Е.А /6 настай/, Е.А /5 настай/ нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байвал 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Г.Е эр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Е эс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Н д олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг гэрлэлтээ цуцлуулсан Т.Н , Г.Е нарт даалгасугай.
5. Т.Н , Г.Е нар шүүхээр шийдвэрлүүлэх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгиийн маргаангүй гэснийг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА