| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/02795/И |
| Дугаар | 102/ШШ2024/02602 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2024/02602
2024 оны 05 сарын 16 өдөр Дугаар 102/ШШ2024/02602 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн Б ,
Хариуцагч: Баянгол дүүргийн Т ,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хаалттайгаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарантуяа, хариуцагч Э.Т нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Жанар хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийг төлөөлөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний охин Т.Б нь Э.Т тэй 2010 онд танилцаж, 2016 онд гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. Хамтран амьдрах хугацаандаа 2016 онд охин Т.Н , 2021 онд хүү Т.Э нарыг төрүүлж, хоёр хүүхэдтэй болсон. Э.Т 2022 онд тусдаа амьдрал зохиож, 2023 онд өөр хүнтэй хамтран амьдарч хүүхэдтэй болсон. Т.Б одоо БНСУ-д амьдарч байгаа. Цаашид Э.Т өөр хүнтэй хамтран амьдрах болсон тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа. Мөн охин Т.Н , хүү Т.Э нарыг эх Т.Б гийн асрамжид үлдээж, хүүхдүүдэд эцэг Э.Т өөс тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа. Шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй...гэв.
2. Хариуцагч Э.Т шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие анх 2016 онд Т.Б тай гэр бүл болж, 2016 оны 5 дугаар сарын 18-нд охин Т.Н мэндэлсэн. Түүнээс жил хагасын дараа муудалцаж, хоёр тийш салсан ч дахин эвлэрч, 2021 оны 5 дугаар сарын 03-нд Т.Э гэдэг хүүтэй болсон. 2022 оны 9 дүгээр сард бүр хоёр тийш болж, Т.Б Солонгос улсад ажиллаж амьдрахаар явсан. Хоёр хүүхдэдээ тэтгэмж тогтоолгох хүсэлтэд зөвшөөрч байна. Мөн хоёр хүүхдээ ээж дээр нь байлгахыг зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй...гэв.
3. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтууд болох: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-4/, БНСУ дахь Элчин сайдын яамаар дамжуулан Т.Б гийн бичсэн өргөдлийн хуулбар /хх-5/, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-6/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-7/, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-8/, охин Т.Н гийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-9/, хүүхдүүд эрүүл өсөн бойжиж байгаа тухай “Мэндсаруул өрх” ӨЭМТ-ийн тодорхойлолт /хх-11-12/, “Оюуны тулга” сургуулийн тодорхойлолт /хх-13/, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 00115 дугаар тэмдэглэл /хх-14/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-23-24/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.
4. Хариуцагч Э.Т хариу тайлбараа бичгээр гаргаж, аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх Т.Б гийн Э.Т т холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгчээс олгогдсон итгэмжлэлийн дагуу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарантуяа нь хариуцагчид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулахаар шаардаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
3. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ “хариуцагчтай 2022 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хариуцагч бусадтай хамтран амьдарч хүүхэдтэй болсон учир цаашид хамтран амьдрах боломжгүй” гэж тодорхойлсон.
4. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, “хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2022 оноос хойш тусдаа амьдарсан учир гэрлэлтээ цуцлуулж, охиноо эхийнх нь асрамжид үлдээн, хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй” гэж тайлбарлав.
5. Нэхэмжлэгч Т.Б Бүгд Найрамдах Солонгос улсад амьдарч байгаа учир шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүйн улмаас итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй. Иймд гэрлэгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас итгэмжлэгдсэн төлөөлөгчөө шүүх хуралдаанд оролцуулсан гэж үзнэ.
6. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, зохигчдын гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
6.1. Гэрлэгчид 2010 онд танилцан үрхэж, 2016 оноос хамтран амьдарсан ба 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж хууль ёсны гэр бүл болсон ба 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр охин Т.Н г, 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүү Т.Э тус тус төрүүлсэн байна.
6.2. Тэд хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2022 оноос тусдаа амьдарсан бөгөөд энэ үеэс хүүхдүүд эхийн асрамжид байсан. Нэхэмжлэгч Т.Б БНСУлсад суралцахаар явсан үеэс хүүхдүүд өвөө эмээгийн хамт амьдарч, том охин Т.Н Ерөнхий боловсролын сургуулийн 2 дугаар ангид суралцан, эрүүл өсөн бойжиж байгаа талаар эрх бүхий байгууллагууд тодорхойлсон.
7. Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт “... гэрлэгчид бие биедээ үнэнч байх, ... бие биеэ халамжлах, хүндэтгэх, ... хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх ... үүргийг адил хүлээнэ” гэж хуульчилсан ба хариуцагч бусадтай гэр бүлээс гадуур харилцаатай болсон эсэхээс үл харгалзан Иргэний гэр бүлийн бүртгэлд бүртгэгдсэн баталгаат гэр бүлийг цуцлах үндэслэл болохгүй. Гэвч гэрлэгчид тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдэж амжилтгүй болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн зэргийг харгалзан мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Т.Б , Э.Т нарын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
8. Гэрлэгчид тусдаа амьдарсан үеэс хүүхдүүд эхийн асрамжид байсан бөгөөд хэн аль нь энэ байдлыг үргэлжлүүлэхийг хүссэн учир Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу охин Т.Н , хүү Т.Э нарыг эх Т.Б гийн асрамжид үлдээх нь зүйтэй.
9. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учир мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Т.Н /8 настай/, хүү Т.Э /3 настай/ нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Э.Т өөр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
10. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг гэрлэлтээ цуцлуулсан Т.Б , Э.Т нарт даалгаж, гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг шийдвэрт дурдах нь зүйтэй байна.
11. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн **, Монгол улсын иргэн ** нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Т ийн Н , 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Т ийн Э нарыг эх Т.Б гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин Т.Н , хүү Т.Э нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 /суралцаж байвал 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Э.Т өөр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан Т.Б , Э.Т нар хэн аль нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ охин Т.Н , хүү Т.Э нарыг асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.
6. Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА