Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 69

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

            Улсын яллагч Э.Бадрал,

            Шүүгдэгч О.Б,

Хохирогч Д.Одонцэцэг нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Бор адуу овогт О.Бт холбогдох 1711000410340 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 29, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, эхнэр нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 33-495 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бор адуу овогт О.Б (РД:00000000000),

нь 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 33-495 тоотод Д.Одонцэцэгтэй маргалдаж улмаар түүний нүүр рүү аяга шидэж эрүүл мэндэд хамар ясны хугарал, баруун нүдний алим, дээд, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: “…Тухайн өдөр намайг ажил дээрээ байж байхад Чинцэцэг эгч дуудсан. Намайг гэртээ ирэхэд Чинцэцэг эгч, Баяраа ах, Одноо гэх энэ хүмүүс архи уугаад сууж байсан. Чинцэцэг эгч “манай нөхрийг Одноо оролдсон” гээд Одноо, Чинээ эгч нар хоорондоо зодолдоод, Одноо эгчийн хамарнаас цус гарсан. Чинээ гэдэг хүн бол надтай цуг ажилладаг хүн. Одноо эгчийг орон дээр цус гоожуулаад байхаар нь би гадаа гарч цусаа гоожуул гэж хэлсэн. Гэрт цусаа гоожуулаад зогсоод байхаар нь би гарч цусаа гоожуул гэж олон удаа хэлсэн. Гарахгүй байхаар нь би аяга авч шидсэн. Аяга авч шидсэн нь миний буруу. Хохирлын мөнгө өгье гэхэд авахгүй гэсэн.” гэв.

О.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2017 оны 6 дугаар сарын 23-ны өглөө 10 цагийн үед ажил дээрээ байж байхад М.Чинцэцэг эгч над руу залгаад “танай гэрт ирчихсэн байна. чи хүрээд ирэх үү” гэж надад хэлэхээр нь би ажлаасаа чөлөө аваад гэртээ яваад очсон чинь М.Чинцэцэг эгч, түүний нөхөр Баяраа болон танихгүй нэг эгч байсан. Намайг гэрт ороход 0.75 литрийн Улаанбаатар гэх нэртэй архийг гурвуулаа хуваад уугаад дуусч байсан. Намайг орж ирсний дараа 1-2 шил 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи авч ууж байхад миний эхнэр Б.Бадамгэрэл, манай Алтангэрэл нар орж ирсэн. Алтангэрэл орж ирээд надаас бензиний 20.000 төгрөг аваад эргээд яваад өгсөн. М.Чинцэцэг эгч архи ууж байхад надад өмнө нь болсон юмыг хэлсэн. Тухайн үед хэлэхдээ “өчигдөр бид нар Дарь эхэд ууцгаасан. Тэгэхэд Баярааг наад хүүхэн чинь оролдоод байсан” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө танихгүй эмэгтэй Баяраа ахыг дарж аваад үнсэлцээд байсан. Тэгээд М.Чинцэцэг эгч болон нэрийг нь мэдэхгүй эмэгтэй хоёр маргалдаад байсан. Манай гэрт М.Чинцэцэг эгчийн нөхөртэй үнсэлцээд байсан танихгүй эмэгтэй халууцаад хөөрсөн бололтой хамраас нь цус гараад эхэлсэн. Гэрт цус нөжөө гоожуулаад байхаар нь гэрээсээ хөөсөн боловч гарахгүй байхаар нь би цагаан өнгөтэй цайны аяга аваад шидчихсэн чинь тухайн үедээ тэр эмэгтэй юм яриагүй ээ. Биед нь ил харагдах гэмтэл харагдаагүй. Манай эхнэр Б.Бадамгэрэл тэр эмэгтэйгийн нүүр гарыг нь угааж өгөөд, гэрээс гаргаад таксинд суулгаад явуулсан. М.Чинцэцэг, Б.Бадамгэрэл, Баяраа бид дөрөв үлдсэн архиа уугаад унтаад өгчихсөн. Цаг хэд болж байсаныг мэдэхгүй байна. Тухайн үед цагдаа нар нөгөө танихгүй эмэгтэйг дагуулж ирээд намайг аваад явсан. Д.Одонцэцэгтэй М.Чинцэцэг эгч маргалдаж байхад Д.Одонцэцэгийн хамраас гэнэт цус гарчихсан. Тэгээд тэр цусаа орон дээр гоожуулаад байхаар нь би гарч цусаа гоожуул гэхэд албаар гарахгүй гоожуулаад байхаар нь би аяга шидчихсэн. Аяга нүүрэн тус газар нь оночихсон.” гэжээ.

Хохирогч Д.Одонцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би энэ хүнийг танихгүй. Тухайн өдөр Чинцэцэг, түүний нөхөр Баяраагийн хамт Бямбадэлгэр гэх хүний гэр рүү очиж багаж авахаар очсон. Энэ хүн тухайн өдөр би Чинээ эгчийгээ өмөөрнө гээд над руу аяга авч шидсэн. Нүүр рүү тас хийгээд л цус их хэмжээгээр гарсан. Эхнэр нь нүүрийг маань цэвэрлэж өгөөд тогтохгүй байсан. Намайг харьж унтаа гээд байсан. Би гэрээс нь зугтааж гараад цагдаа дуудаад, цагдаа намайг ирж авсан. Бямбадэлгэрийн гэрт нь очоод Бямбадэлгэрийг орж барьж авсан. Цагдаа дээр очиж түргэн дуудаад би түргэнээр явсан. Тэгээд энэ хүмүүс над руу залгаж биеийг маань нэг ч удаа асуугаагүй. Хохирлын 367.750 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Үүнийг нэхэмжилнэ. Цаашид нүүрэн дээрх сорви арилгах эмчилгээ хийлгэнэ.” гэжээ.

Д.Одонцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Дэнжийн 1000 ойролцоо Чинцэцэгтэй хамт Баагий гэх айлын гэрт очсон. Тэгээд Баагий гэх айлын гэрт очоод Хараа нэртэй 0.75 литрийн архи 2 ширхэгийг уусан. Тэгээд би Баагий гэх айлын гэрт байхад найз Чинцэцэгтэй маргалдсан. Тэгсэн чинь Баагий өмөөрөөд над руу аяга авч шидсэн. Тэгсэн чинь миний баруун талын нүд рүү оносон. Тухайн үед миний баруун талын нүдний доод хэсгээс цус их гарсан. Тэгээд би гэрээс нь зугтааж гараад цагдаа дуудсан.” гэжээ.

Гэрч М.Чинцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Тэгээд бид нар тэр архи пивоо ууж дуусах дөхөж байсан. Тэгээд би гарч бие засчихаад ороод иртэл Одонцэцэг гэрийн зүүн талын орон дээр суугаад доошоо тонгойсон нүүрнээс нь цус гарсан цусаа доошоо гоожуулаад сууж байсан. Тэгэхээр нь би очоод үзтэл Одонцэцэг баруун нүд хамар хоёрын хооронд зүссэн байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд Баагийг аваад явсан юм.” гэжээ.

Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.6.28-ны өдрийн ¹8430 тоот шинжээчийн дүгнэлтэд:

            1.Д.Одонцэцэгийн биед хамар ясны хугарал, баруун нүдний алим, дээд, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч О.Б нь 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 33-495 тоот өөрийн гэрт нь ирсэн хамт ажилладаг гэх М.Чинцэцэг, түүний нөхөр болон М.Чинцэцэгийн найз Д.Одонцэцэг нартай архи ууж согтуурсан үедээ М.Чинцэцэг Д.Одонцэцэг нарыг хоорондоо маргалдахад нь М.Чинцэцэгийг өмөөрч Д.Одонцэцэг рүү аяга шидсэнээс түүний биед хамар ясны хугарал, баруун нүдний алим, дээд, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн Д.Одонцэцэгийн “…Энэ хүн тухайн өдөр би Чинээ эгчийгээ өмөөрнө гээд над руу аяга авч шидсэн. Нүүр рүү тас хийгээд л цус их хэмжээгээр гарсан. Эхнэр нь нүүрийг маань цэвэрлэж өгөөд тогтохгүй байсан” гэх мэдүүлэг, гэрч М.Чинцэцэгийн “…би гарч бие засчихаад ороод иртэл Одонцэцэг гэрийн зүүн талын орон дээр суугаад доошоо тонгойсон нүүрнээс нь цус гарсан цусаа доошоо гоожуулаад сууж байсан. Тэгэхээр нь би очоод үзтэл Одонцэцэг баруун нүд хамар хоёрын хооронд зүссэн байсан” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.6.28-ны өдрийн ¹8430 тоот шинжээчийн дүгнэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Гэмт хэрэг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гарсан бөгөөд 2015 оны шинэ Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлохоор заасан тул прокуророос шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны хуучин Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч О.Бямбадэлгэрийн үйлдсэн гэмт хэрэг нь догшин авирлаж, танхайрсан шинжгүй болох нь шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон болно.  

Иймд шүүгдэгч О.Бийг 2002 оны хуучин Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн тул шүүгдэгч О.Бийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болж байна.

Хохирогч Д.Одонцэцэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтаар тогтоогдсон 367.750 төгрөгийг шүүгдэгч О.Бээс гаргуулж олгохоор шийдвэрлэлээ. Хохирогч нь цаашид гарсан эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Бт холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Бор адуу овогт Олзвойн Бямбадэлгэрийг 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч О.Бийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч О.Бямбадэлгэрээс 367.750 (гурван зуун жаран долоон мянга долоон зуун тавь) төгрөг гаргуулж, хохирогч Д.Одонцэцэг (РД:ГЮ68072403 Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 6-154 тоот)-т олгож, хохирогч нь цаашид гарсан эмчилгээний зардлаа иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ