Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/13

 

 

 

П.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.О даргалж, шүүгч Р.М, Ш.Т нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор Б.А

Яллагдагчийн өмгөөлөгч Г.Л

Яллагдагч П.Б

Нарийн бичгийн дарга Б.М нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/.. шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор яллагдагч П.Бт холбогдох 222200... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ц.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч: Б шарга овогт Пийн Б, 19.. оны  .. сарын ..-ны өдөр Д аймагт төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Г аймгийн Б сумын .-р баг С гэх газарт түр оршин суух, Д аймгийн Г сумын .-р багт үндсэн хаягтай, /РД:/

Яллагдагч П.Б нь Дундговь аймгийн Г сумын .-р багийн нутаг “Х” гэх газраас 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр иргэн Б.Нын хонин сүргээс тасарсан алдуул мал буюу 54 тооны хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 17.280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           Дундговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.5 зүйлийн 1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч П.Бт холбогдох эрүүгийн 222200... дугаартай хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч П.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, захирамжийг хүчин төгөлдөр болмогц П.Бт холбогдох эрүүгийн 222200... дугаартай хэргийг Дундговь аймгийн Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Нд даалгаж, шийдвэрлэсэн байна.

           Прокурор Ч.О давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ... Дундговь аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч П.Бын завшсан гэх 54 тооны хонь нь алдуул мал байсан гэх нь хангалттай нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцсаныг эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Хохирогч Б.Нын: 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 54 тооны хонь дутсан. Би 2 хоног хонио хайсан. Тэгээд 3 дахь өдөр нь Дундговь аймгийн Ц сумын Ө гэх айлд очиж сурахад цөөхөн хонь туусан хүн надтай таарахад тэр тууж явсан хонь таны сурч байгаа хоньтой им тэмдэг нь таарч байна гэж хэлсэн. Ө гэх айлаас гараад зүүн хойш хонь тууж явсан хүний дүү болох М гэх айлд очсон. Очиход айлд хүн байхгүй байсан. Тэгээд хонин дээр нь очиж хонь шүүж үзэхэд миний им тэмдэгтэй хайж байсан хонинуудаас байсан. Тэгээд тоолж үзэхэд 30 гаран хонь байсан. Би Мт манай алдсан хонь танай хонинд нийлсэн байсан гэсэн. М би хоёр хоног Г сумын төв дээр байж байгаад ирлээ танай хонь ирж нийлснийг мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд М ах руугаа залгаад юу хийж байна гэж асуухад ах Б нь мал хийж байна гэж хэлсэн. Тэгээд би ярьж чи миний хонийг тууж явсан байна. Манай хонины хагас нь хаана байна гэж асуусан. Тэгсэн Б танай хонь Г сумын Б суманд хашаанд байгаа гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр Г аймагт байдаг ах О руу залгаж та Б сум ороод Бынд очоод хашаанд нь манай хонийг үзээдэхээ гэж хэлсэн. Тэгээд эхнэрийн ах О очиж үзэхэд манай им тэмдэгтэй хонь мөн байна хагасыг нь хийж байна, хагас нь машин дээр байна гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр Б суман дээр очсон. Манай хонины 12 хонийг хийчихсэн, 11 хонь машин дээр ачаастай байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 58-р хуудас/

2. Гэрч Т.Өгийн: 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр өглөө цагийн үед эхнэр Уын хамт хонио хараад Ц сумын  дүгээр баг “Х" гэх газарт явж байхад мотоциклтой хүн хонь туугаад явж байхад нь хүрч очсон Б гэх хүн 50 гаран тооны хонь тууцан явж байсан. Тэгээд бид хоёр очоод хаа хүрч явна гэхэд бид хоёрын өөдөөс нээх юм яриагүй ээ. Дараа нь нэг хоногийн дараа хонь сурсан хүн ирсэн тэгээд манайхаас оронж шар будагтай хонь байгаа юу хонины эзэн байнгаа юм гэж асуухад нь би 50 гаран тооны хонь Б гэдэг хүн туугаад явж байсан гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 66-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан хохирогч Б.Нын мэдүүлгээр Дундговь аймгийн Г сумын . дугаар багийн нутаг “Х” гэх газраас хонин сүргээс 54 тооны хонь тасарсан хонио 2 хоног хайсан, хохирогчийн 54 тооны хонийг П.Б Ц сумын . дүгээр баг “Х гэх газарт тууж явсан талаар гэрч Т.Өийн мэдүүлгээр нотлогдож байгаа ба хохирогчийн хонин сүргээс алдагдсан 54 тооны хонь өөрийн бэлчээрлэдэг бүс нутгаас гарч өөр сумын нутагт очсон үйл баримт тогтоогдож байна.

Иймд Дундговь аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/.. дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Г.Л давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2023 оны 04 сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/.. дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг Дундговь аймгийн Прокурорын газарт буцаахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч Дундговь аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Хохирогч Б.Нын 54 тооны мал өмчлөгчийнхөө хараа хяналтаас тодорхой хяналтаас өөрийнхөө бэлчээрлэдэг нутгаас гарч Дундговь аймгийн Ц сумын нутагт айлын малд ойрхон байсныг Б нь малд явж байгаад таарч бөөгнүүлээд дүүгийнхээ мал нийлүүлж орхисон байсан нь мөн дүүгийнх нь малтай малаас тасарч байсныг Б нь 2022 оны 06 сарын 10-ны өглөө бөөгнүүлээд явж байхад нь Ц сумын малчин Т.Өтай таарсан байгаа. Б бусдын алдуул 54 тооны малыг алдуул гэдгийг мэдсээр байж авч завшсан гэмт хэрэгт холбогдсон гэж зэх үндэслэлтэй байна.

Иймд Д.Бт холбогдох эрүүгийн 222200.... дугаартай хэргийг мөн аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлүүлж өгнө үү” гэв.

Прокурор Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ... Г сумын нутгаас мал нь тасарч Ц сумын нутаг дэвсгэр дээр явж байхад нь Б  таарсан. Хүний хонь алга болчихно гээд өөрийнхөө хоньтой нийлүүлээд явж байсан гэдгийг хавтаст хэрэгт мэдүүлсэн. Мөн зарим гэрч нар мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогч тухайн үед хонио алдаад эрж явж байгаад 3 хоногийн дараа сураг гаргасан. Яллагдагч нь алдуул мал хулгай хийе гэсэн санаа сэдэл байгаагүй, харин эзэн холбогдогч нь тодорхойгүй байсан урчаас амьдралын шаардлагаар тус малыг ачиж Г аймагт очиж нядалж байх үед энэ үйлдэл нь тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 1-т зааснаар анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурорын шийдвэрийн хүрээнд явагдана гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Анхан шатны шүүх нь гэрч хохирогч нарыг шүүх хуралд оролцуулж зарим зүйлийг тодруулах боломжтой байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаар яллагдагч нь алдаатай гүйлгээ, алдуул малыг завших гэдгээр зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч нь өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгчтэй оролцсон. Сонгон авсан өмгөөлөгчийн хамт гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаржуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтийг гаргасан. Прокурор дээр эрүүгийн хариуцлагын талаар ярилцсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 4-т заасан үндэслэл бүрэн хангагдсан. Хялбаржуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байхад хэргийн прокурорт буцаасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа тул 124 дугаартай захирамжийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэхүү шүүгчийн захирамж эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул энэхүү захирамжийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            П.Бт холбогдох 222200...тоот хэргийг хянаад мөрдөх ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/... дугаартай шүүгчийн захирамжийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлын дагуу эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Яллагдагч П.Б нь Дундговь аймгийн Г сумын .-р багийн нутаг “Х” гэх газраас 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр иргэн Б.Нын хонин сүргээс тасарсан алдуул мал буюу 54 тооны хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 17.280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Шүүгдэгч П.Б нь 2022 оны 06 сарын 09-ний өдөр иргэн Б.Нын 54 тооны алдуул малыг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч М, О, Ө нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргасан байна

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй, гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Шүүх ийнхүү буцаахдаа шүүгдэгч П.Быг прокуророос  бусдын алдуул малыг завших гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Яллагдагчийн тайлбарласнаар хэдэн хонь тасарсан байсныг өөрийнхөө хонинд нийлүүлсэн. Бороо их орсон учир хонио цуглуулж яваад тэр хонийг өөрийнхөө хоньтой нийлүүлж авсан. 3 хоноод ирэхгүй болохоор нь авч явсан” гэсэн мэдүүлгийг үндэслэн алдуул мал гэж өөрийн бэлчээрлэдэг бүс нутгаас гарч тодорхой орон зайг туулан өөр бэлчээрт очсон, эзэмшигч, өмчлөгчийнхөө хараа хяналтаас гарч тодорхой хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй байхыг хэлэх бөгөөд хохирогч Б.Н “2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хонь бүрэн байсан, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр алдсан” гэж, гэрч Т.Ө “2022 оны 06 дугаар сарын 09-ний өглөө 07 цагийн үед П.Б мал туугаад явж байсан” гэснээс үзвэл шүүгдэгч П.Бын завшсан гэх 54 тооны хонь нь алдуул мал байсан гэдэг нь хангалттай нотлогдоогүй гэж дүгнэсэн байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв. Хохирогчийн 54 тооны мал алдагдсан тухай орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдсэн талаар ямар нэгэн тогтоогдсон зүйлгүй бөгөөд тухайн мал эзнээсээ алдагдаж, яллагдагч П.Бын эзэмшилд орсон цаг хугацаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж ийнхүү дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй үндэслэлээр хэргийг  прокурорт буцаасан шүүгчийн  захирамжийг хэвээр үлдээхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/... дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Ц.О

                                                                           ШҮҮГЧИД                           Р.М

                                            Ш.Т