Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2024/0768

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М гол ХХК

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Н,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.А, Б.Б, Ж.Б М.Э нарын хоорондын түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхээс татгалзсан шийдвэрийн тухай маргааныг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Намуунцэцэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А, Б.Б, Ж.Б, М.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч компани нь нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаартай М гол ХХК-ийн M******* дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхээс татгалзсан шийлвэрийг хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгуулах-ыг гэж тодорхойлжээ.

1. Нэхэмжлэгч М гол ХХК-аас  ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сэргээлэх хүсэлтийг нийслэлийн Засаг даргад 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гаргасан боловч нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаартай шийдвэрээр татгалзсан хариуг өгсөн тул шүүхэд 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

2.1 Анх ХХК-ийг хувьчлагдсаны дараа бид нар 2007 онд худалдаж авсан. Урьд нь нэлээд газрууд нь түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогдчихсон учраас цаашид үйлдвэрийнхээ үйл ажиллагааг тогтвортой хангахын тулд тухайн үеийнхээ ойр орчныхоо газрыг судалж үзээд М гол ХХК-аар хайгуулын ажил хийсэн,

2.2 Гэтэл 2008 онд авсан лиценз маань 2009 оны Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан газарт нэг хэсэг газрын өнцөг орчихсон. Энэ өнцгөөс шалтгаалаад лицензээ ашиглах боломжгүй болсон,

2.3 Төрөөс аж ахуйн нэгжүүдээ дэмжиж байна гэж ойлгоод Засаг дарга солигдсон учир эвлэрлийн гэрээн дээр заасан 3 сарын хугацаа хамаагүй, бид энэ 3 сарын хугацааг авч хэлэлцэхгүй учраас та бүхэн хурдан материалаа бүрдүүлээд өг гэж хэлсэн. Тухайн үед 3, 4 сар гээд л ажлууд эхэлдэг учраас 4 сараас эхлээд компаниудтай холбогдоод уулын ажлын төлөвлөгөө, тайлангаа хүргүүлээд өгөөд бүх юм процессынх нь дагуу явагдаж байсан. Тэгээд бидэнд мэдэгдэлгүйгээр ажлын хэсэг байгуулаад шүүгчийн гаргасан захирамж дээр ажлын хэсэг нь дүгнэлт гаргаад манай лицензийг сэргээхгүй гэж хариу өгсөн.

2.4 Манай тусгай зөвшөөрлийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр цуцлагдсан. 2017 оноос хойш 2021 он хүртэл олборлосныг хууль бус олборлолт гэж үзээд торгууль тавьсан гэжээ.

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай газар Урт нэртэй хуульд орсон, лиценз түдгэлзсэн байдаг. Үйл ажиллагаа нь 2014 онд хэвийн явагдаж байсан. Тухайн үед уулийн ажлын төлөвлөгөө батлагдаж байсан, хийж байсан гэдэг бичиг баримт нь Ашигт малтмал газрын тосны газраас гарч байсан.

4. Тухайн үед эвлэрэх асуудал яригдаж, эвлэрэх учраас шүүх дээр мэтгэлцээд яах вэ гээд эвлэрэх саналыг нь хүлээж аваад асуудлаа цаашаа шийдээд явъя гэж шийдсэн. Бид эвлэрлийн гэрээ байгуулаад 10 дугаар сарын сүүлээр гардаж авсан.

5. Бидэнд мэдэгдэлгүйгээр ажлын хэсэг байгуулаад шүүгчийн гаргасан захирамж дээр ажлын хэсэг нь дүгнэлт гаргаад манай тусгай зөвшөөрлийг сэргээхгүй гэж хариу өгсөн. Би 2019 онд бичиг баримтын бүрдүүлбэр хангаж явж байхдаа Нийслэлийн зүгээс анхны эвлэрлийн гэрээн дээр хэн хэндээ хүндрэл учруулахгүй хурдан шуурхай асуудлыг шийдвэрлэнэ гэсэн нөхцөлөөр эвлэрсэн байтал төрийн байгууллагын зүгээс дарга цэрэг нар солигдох болгонд ярьсан хэлсэн нь дандаа зөрж шуурхай шийдвэрлэнэ гэж эвлэрсний дараа хугацаа яриад эхэлсэн.

6. Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр ажлын хэсгийн дүгнэлттэй маргаж байсан. Ажлын хэсгийн дүгнэлттэй маргаад явж байтал шүүхийн шийдвэр биелүүлэх шийдвэрийн хүрээнд манай ажлыг батлаад, газрын төлбөрийг маань аваад, 2020 онд уулын ажлын төлөвлөгөө тайлан батлагдсан. 2021 онд ажил явагдаж байгаад 2021 онд манай лицензийг сунгасан. 2022 оны 07 дугаар сарын 17-нд 2017 оноос 2021 оны лиценз сунгасан нөхөлтийг дараа нь харж байгаад нөхөж дарж өгнө ажлаа явуулж бай гэсэн.

7. 2020 оны ажлын хэсгийн дүгнэлтийн шүүхийн шийдвэрийн дараа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс танай ажлыг явуулъя, танайхтай маргаан байхгүй юм байна. Танайхыг арай хохироочихжээ. Би тухайн үеийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга асан н.М*******тай уулзаад учир байдлаа ярихад танайхыг сэргээе. Угаасаа шүүхийн шийдвэрээс бичиг ирсэн учраас сэргээгээд татварын цахим системд оруулаад намайг 50,340,000 төгрөгийг 1 сард төл гэхээр нь төлсөн.

8. 2020 оны уулын ажлын төлөвлөгөөг баталсан. Бүтэн жил ажлаа явуулчхаад би тайлангаа хийсэн. Тайлан төлөвлөгөөг дандаа мэргэжлийн компаниуд хийдэг. Нэг төлөвлөгөө, тайланг 4,000,000 төгрөгөөр хийдэг. Ингээд бид 2 жил төлөвлөгөө, тайлангаа хийгээд батлуулаад явж байтал бичиг баримтыг маань 2021 оны 12 сард н.Ц хууль бусаар авсан. 2020 он, 2021 онд гэхэд 800,000,000 төгрөг орчим гаргасан гээд бодоход өнгөрсөн хугацаанд 1,000,000,000,000 гаран төгрөг бараг, тэгтэл 2007 он, 2008 он, 2009 оны мөнгө төгрөгийн ханш өнөөдрийн ханштай харьцуулаад үзвэл одоо хэдэн төгрөг билээ. Өнөөдрийн байдлаар би банканд өр төлбөртэй шүүхийн шийдвэр дээр өртэй, хилийн хоригтой, энэ хүнд нөхцөлд ажил явуулж байгаа. Тэгээд аж ахуйн нэгжээ дэмжинэ гээд манай төрийн удирдлагууд ярьдаг. Доошоо яваад, хэлтэс дээр очоод, мэргэжилтэн дээр очоод, бүх ажил гацдаг. Тэгээд хууль яриад эхэлдэг. Би хуулийн хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэхээс явж байна, хүн талаасаа хараач, бид ажлаа явуулж байна, хөрөнгөө оруулчихсан байна, хууль талаас зөрчих юм ерөөсөө байхгүй байгаа шүү дээ. Бид нарт ажлаа явуулж болж байна. Манай талбай дээр маргаан байхгүй. Нийслэлээс дахиж хайгуулын лицензүүдийн өргөдлийг авахгүй, ийм шийдвэр гаргахгүй гээд шийдвэр нийслэлийн Засаг дарга Д.С******* өөрөө гаргачихсан. Ийм маргаантай компаниуд маш олон байгаа учраас энэ асуудлыг цэгцэлтэл дахиж лиценз олгохгүй гэсэн зүйл яригддаг. Тэгээд хамгийн гол нь би улсын хөрөнгөөр хайгуул хийчихсэн орд газрыг авах гээд байгаа юм биш. Өөрийнхөө хөрөнгөөр хайгуул хийсэн. Хүн талаасаа ч харсан одоо хүмүүнлэг сайхан ардчилсан нийгэм л гээд байна. Ингээд явахад үнэхээрийн хүндрэлтэй, маш их хүнд суртал, маш их гацааг туулаад явж байгаадаа гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан талбартаа: Талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар М гол ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зааснаар цуцалсан болон сэргээсэн шийдвэр гараагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас асуухад 2017 онд цуцалсан шийдвэр хүчинтэй байгаа гэж байгаа боловч түүнийг шийдсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамж байгаа. Захирамж нь шүүхийн шийдвэрээр нэгэн адил хүчинтэй буюу эхний цуцалсан шийдвэр гаргасан Засаг даргын захирамжийн актын үйлчлэл түүгээрээ дуусгавар болж байгаа. Үүнээс хойш дүгнэлт Ашигт малтмалын тухай хуулийн 37-д заасан шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын зүгээс гаргаагүй өнөөдрийг хүртэл явсан. Үүний цаана хэлэхийг хүсэж байгаа нэг зүйл байгаа. Төр аж ахуйн нэгжийг хохироож, бизнесийнх нь үйл ажиллагааг нь зогсоож болдгийн бодит жишээ өнөөдөр энд яригдаж байгаа.

10. М гол ХХК өөрийн бизнесийн үйл ажиллагаагаараа хохироод явж байгаа дүр зураг үзэгдэж байна. Төрийн ажил туйлын ойлгомжтой байх ёстой. Хэн нэгэн Засаг дарга солигдоно, эсвэл Тамгын газрын мэргэжилтэн солигдсон гээд төрийн албаны ажил цалгардах, ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж иргэн, хуулийн этгээдэд чирэгдэл учруулахгүй байх ёстой. Гэтэл ойлгомжгүй нөхцөл байдал үүсгээд байдаг. Удаа дараа шүүхийн шийдвэр лүү бичиг явуулахад эдний тусгай зөвшөөрлийг нь сэргээхээр холбогдох Байгаль орчны газар луу нь хандаж байгаа. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн тэр 37-д зааснаар цуцлахдаа захирамж гаргаж шийдвэрлэх ёстой. Хэн нэгэн ажлын хэсэг тусгай зөвшөөрлийг цуцлах эрхийг тухайн хуульд олгоогүй. Үүнтэй холбоотой Засаг даргын захирамж гараагүй байгаа. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шийдвэрлэх эрхтэй гэж дүгнэхээр байна. Хариуцагч талуудад энэ асуудал дээр сайшаалтай нухацтай хандъя гээд мэргэжлийн байгууллагуудынх нь төлөөллүүдийг оруулж ирээд их хариуцлагатай хандаж байгааг онцолмоор байна. Бусад асуудлууд дээр нэг мэргэжилтэн явуулаад тэр мэргэжилтэн нь мэдээд байгаа юм уу, мэдэхгүй байгаа юм уу гэдэг байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагддаг байсан бол энэ удаагийнх харин онцлогтой байна. Засаг даргын зүгээс Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан шийдвэр гараагүй гэдгийг нотолж байгаа нотолгооны баримтуудыг судалсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн мөн 10 дугаар сарын 11-ний өдрийн Байгаль орчны газарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулж байгаа албан бичгүүд үндсэндээ юуг илтгээд байна вэ гэхлээр хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй болохыг илтгээд байгаа юм. 2017 оны дүгээр захирамж хүчинтэй гэдэг тайлбар нь Засаг даргын Тамгын газраас өгч байгаа албан бичгүүд дээр үгүйсгэгдэж, шүүгчийн захирамж гарснаар тухайн захирамжийн үйлчлэл дуусгавар болсон гэдэг миний тайлбар үндэслэлтэй гэдгийг нотолж байна. Шүүхийн шийдвэр үүнтэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүй. Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ бол акт биш, мэдээллийн шинж чанартай байсан гэж байна. Гэтэл хэвийн үйл ажиллагаа явуулахаас татгалзсан ийм хариу мэдэгдлийг хүргүүлснээрээ Захиргааны ерөнхий хуулийн 37-д заасан энэ актын шинжийг агуулсан. Нэхэмжлэгчийн хувьд ийм ойлгомжгүй, тодорхойгүй нөхцөл байдалтайгаар үндсэндээ 2008 оноос хойш урт нэртэй хууль гараад, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 онд батлагдаад, хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хяналт шалгалтын ажиллагаанууд хийгдээд, 2017 он, 2018 оноос үйл ажиллагаагаа явуулъя гэж байтал тусгай зөвшөөрлийг нь цуцалсан. Үүний дараагаар талууд эвлэрээд үндсэндээ үйл ажиллагаа явуулсан нь энэ хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2020 он, 2021 он, 2022 онуудад л үйл ажиллагаа явуулсан байдаг. Зөвхөн үйл ажиллагаа явуулж байна гэж ойлгож болохгүй. Тухайн компани хөрөнгө мөнгөө зараад хэчнээн ч тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тухайн тусгай зөвшөөрөл бүхий газар дээрээ хийсэн. Үндсэн үйл ажиллагааных нь түүхий эд болдог лиценз бүхий газрын тусгай зөвшөөрөл дээр яахаараа хайхрамжгүй хандана гэж ойлгоод байдаг юм. Харин ч эсрэгээрээ энэ одоо юу болж байгаа юм, манай тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал, газрын төлбөр төлөхгүй бол, бусад баримт бичгүүдээ боловсруулахгүй бол гэдэг байдлаар хариуцлагатайгаар хандаж ирсэн гэдэг нь тогтоогдож байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэлийн Засаг даргад албан бичиг явуулахлаар ажлын алба руугаа цохоод ажлын албанаас татгалзаж шийдвэрлээд байгаа. Энэ шийдвэр, үйл ажиллагаанууд нь бүхэлдээ хууль бус гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

11. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн нэхэмжлэгчийн талаас яриад байгаа манай асуудал дээр хяналт шалгалт оруулсан гэдэг нь 2022 онд болсон асуудал. Энэ үед мэргэжлийн хяналтын байгууллагаас жил тутам явагддаг хяналт шалгалтаар тухайн аж ахуйн нэгж дээр ашигт малтмалыг хууль бусаар олборлох эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай удирдамжийн дагуу шалгалт явагдсан. Тусдаа асуудал байгаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын баталсан удирдамжийн хүрээнд Налайх дүүргийн 5 дугаар хороо Элстэй нэртэй М гол ХХК-ийн талбай дээр Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийгдсэн. Шалгалтын явцад талбай дээр очиход ашигт малтмалыг олборлох үйл ажиллагаа явуулж байсан. Үүнд шалгалтын ажиллагаа, зөрчлийн хэрэг нээгдсэн. Тухайн талбай нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны дүгээр захирамжаар цуцлагдсан талбай болсон. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тухайн ийм ийм газрууд эвлэрлийн гэрээний үүргээ биелүүлээгүй үүнд хяналт тавьж ажиллана уу гэж нэрс манай Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Цагдаагийн ерөнхий газар дээр ирсэн. Эдгээр аж ахуйн нэгжүүд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байж болзошгүй тул хяналт шалгалт хийнэ үү, гэх албан бичиг миний зөрчлийн хэргийн материал дотор байгаа. Шалгах явцад тухайн байгууллага нь маш их хэмжээний элс олборлосон байх боломж, нөхцөл байдал тогтоогдоод байгаль орчинд онц их хэмжээний хохирол үүссэн байж болзошгүй үндэслэлээр Нийслэлийн прокурорын газрын харьяаллаар эрүүгийн хэргээр шалгуулахаар шилжүүлсэн байдаг. Шалгагдаж байгаад 2022 оны 9 сард хэрэг нээгдсэн гэдэг чинь 2, 3 сарын турш шалгагдаж явж байгаад буцаад 2023 оны 12 сарын 31-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар татан буугдсан. Тэгэнгүүт бидний чиг үүрэг Нийслэлийн Байгаль орчны газар дээр харьяаллаараа ирсэн. Гэтэл буцаад зөрчлийн шинжтэй гэх үндэслэлээр зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар Налайх дүүргийн прокурорын газраас манай байгууллага руу шилжиж буцаж ирсэн. Манай дээр шууд прокурорын байгууллагаар зөрчлийн хэрэг нь нээгдээд ирсэн. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа 4 сарын хэдэнд нээгдсэн байгаа. Тэгээд шалгалтын ажиллагаа явагдаж байх явцад Нийслэлийн прокурорын газрын прокурорын зөвшөөрлөөр эрх бүхий албан тушаалтны саналаар тогтоол гараад үйл ажиллагааг зогсоосон. Тухайн явцад эднийх манайх тусгай зөвшөөрөлтэй байсан гэдэг асуудлаар маргаад байсан талаар бүх баримт, эрх зүйн акт, шүүхийн шийдвэр, баримт материалыг зөрчлийн хэргийн хавтаст авч шийтгэл оногдуулсан. Шийтгэл оногдуулахдаа торгуулийн шийтгэл дээрээс нь шийтгэлийн хуулийн зүйл заалт нь болохоор Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 7.12.1.2 буюу түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон, ашигласан зүйлчлэлээр торгууль, нөхөн төлбөрийн арга хэмжээ авч албан даалгавар өгч шийдвэрлэсэн. Зөрчлийн хэргийн шалгах хугацаа 58 хоног байдаг. Энэ хугацаанд холбогдогчийг олон удаа дуудаж тайлбар мэдүүлэг авах, үйл ажиллагааг зогсоох шаардлага хүргүүлэх, шинжээч тогтоох гээд олон удаа дуудсан боловч хэрэгт оролцохгүй байсан. 06 дугаар сарын 14-ний өдөр шийтгэлийн хуудас тавигдаад 06 дугаар сарын 16-ны өдөр хэргийн хугацаа дуусах байсан. 06 дугаар сарын 16-ны өдөр бүтэн сайн өдөр байсан. 06 дугаар сарын 14-ны өдөр 5 дахь өдөр байсан шийтгэлийн хуудас тавигдаад шуудангаар хүргүүлсэн байгаа. Холбогдогч ирж танилцаагүй. Тухайн шийтгэлийн хуудсыг хүлээж аваад нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан. Миний захиргааны актын биелэлт, албан даалгаварт Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад нэхэмжлэлээ анхан шатны шүүхээс дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар түдгэлзүүлсэн. Энэ шүүхийн шийдвэрт 2 талаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад давж заалдах шатны шүүхээр0 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийн гомдлыг бүхэлд нь хүлээж авахгүйгээр улсын байцаагчийн тавьсан акт, албан даалгаврыг бүхэлд хангахаар шийдвэрлэсэн байгаа. Үүний дараагаар нэхэмжлэгч тал Хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байсныг хяналтын шатанд хүлээж аваагүй байдаг гэв.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М гол ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг авч үзвэл Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 033081 дугаартай М гол ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сэргээхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрөл сэргээхийг даалгасан нэхэмжлэл гаргасан. Тэгээд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хариу хүргүүлэх тухай албан бичгийн агуулгыг нь үзвэл танай ийм дугаартай тусгай зөвшөөрлийг захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Эвлэрлийн гэрээндээ үүргээ биелүүлээгүй учраас захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Улмаар танай байгууллагаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргын 2019 оны А******* дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг хариуцагчаар татан, ажлын хэсгийн шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгож, мөн Захиргааны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Иймд танай компанийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглах зөвшөөрлийг сэргээх боломжгүй байна гэсэн хариу хүргүүлэх тухай албан бичиг байгаа. Захиргааны акт өөрөө эрх зүйн шууд үр дагаврыг үүсгэсэн байх ёстой. Мөн гадагшаа чиглэсэн нийтийн эрх зүйн хүрээнд гаргасан байх ёстой байтал энэ албан бичиг зөвхөн одоо үйл явцыг мэдээлж, тухайн компанид хариу хүргүүлэх тухай албан тоот юм гэв.

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны А/ дүгээр захирамж цуцалсан. Энэхүү лиценз цуцалсан шийдвэртэй холбоотойгоор тухайн компаниас шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх явцад бид нар эвлэрлийн гэрээг байгуулсан. Тухайн эвлэрлийн гэрээнд юу гэж заасан бэ, гэхээр 3 сарын хугацаанд буюу зөвхөн нэхэмжлэгчийн дурдсанчлан 3 сарын хугацаанд гэрээнд заасан нөхцөлүүдийг бүрэн биелүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг өөрөө сэргэсэнд тооцно гэсэн заалттай. Эвлэрлийн гэрээг бол ямар нэгэн дарамт шахалтгүйгээр 2 тал харилцан зөвшөөрсний үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулж, шүүхийн захирамжаар баталж өгсөн. Үүнээс хойш 2019 онд Нийслэлийн Засаг даргын ******* дүгээр захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Энэ байгуулагдсан ажлын хэсэг нь ямар шаардлагаар байгуулагдсан бэ, гэхээр эвлэрсэн компаниудыг эвлэрлийн гэрээнд заасан шаардлага бүх бичиг баримт юмнуудаа бүрэн хангасан уу, үгүй юу гэдгийг хэлэлцэхээр байгуулагдсан. Нэхэмжлэгч компани буюу М гол ХХК-ийг шаардлагатай нөхцөл юмнуудаа хангаагүй учраас тусгай зөвшөөрлийг дахин сэргээх боломжгүй гэдэг ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Ажлын хэсгийн дүгнэлтийн талаар нэхэмжлэгч компаниас мөн шүүхэд хандсан. Ажлын хэсгийн дүгнэлт санал нийлэхгүй байна гээд энэ хэрэг нь бас нэлээн урт процесстой явагдсан. Тэгээд үүнээс урьдаад 2020 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал маань мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж Нийслэл дэх анхан шатын шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж шаардлага гаргахад Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байгаа. Мөн Хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Хяналтын шатны шүүх, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч компанийн маргаад байгаа энэ хэрэг маань шүүх процессынхоо хүрээнд бүх юмнууд нь болоод 2 шатын шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээрээ байгаа учир мөн одоо 2017 оны Нийслэлийн Засаг даргын дүгээр захирамжаар М гол ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан захирамж хүчин төгөлдөр хэвээр байгаа учраас хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэг авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл М гол ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/ дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, тус 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 07/11 дугаартай Эвлэрлийн гэрээний 2.1-д зааснаар нэхэмжлэгч нь 2.1.1 уурхай дээр зайлшгүй байх баримт бичгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу бүрдүүлбэрийг хангасан байх /Техник эдийн засгийн үндэслэл, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, тайлан, Уулын ажлын төлөвлөгөө, тайлан, газар ашиглах гэрээ болон төлбөрийн баримтын хуулбар, байгаль орчны тусгай дансанд байршуулсан барьцаа хөрөнгийн төлбөрийн хуулбар гэх мэт/, 2.1.2 газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгэх, 2.1.3 гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангасан талаар Нийслэлийн Байгаль орчны газраар тодорхойлолт гаргуулах ба талбайг ашиглахад шаардлагатай баримт бичгүүдийг нийслэлийн Байгаль орчны газарт гаргаж өгөх, 2.1.4 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нийслэлийн Байгаль орчны газрын шаардлагыг тухай бүрд биелүүлж ажиллах гэж заасан үүргийг, гэрээний 2.2-т зааснаар хариуцагч нь 2.2.1 нэхэмжлэгч тал гэрээний 2.1-д заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь холбогдох төрийн байгууллагуудад хандаж, асуудлыг түргэн шуурхай шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, саад учруулахгүй байх, 2.2.2 нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нь холбогдох баримт бичгийг шуурхай хүлээн авах, шийдвэрлэх, 2.2.3 нэхэмжлэгчийн хэрэгжүүлсэн ажлыг хугацаанд нь хүлээн авах гэж заасан үүргийг тус тус хүлээсэн байх бөгөөд гэрээнд заасан үүргийг анхан шатны шүүхээр баталгаажуулснаас хойш 3 сарын дотор бүрэн хийж гүйцэтгэхээр тохиролцож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 559 дүгээр захирамжаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Үүний дараа нийслэлийн Засаг дарга нь эвлэрлийн гэрээний биелэлтийг дүгнэх ажлын хэсэг байгуулж, эвлэрлийн гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн эсэхийг шалгаж гэрээний 2.1.1-д заасан үүргээс газрын төлбөрийн баримтын хуулбар-ыг бүрдүүлэх үүргээ, 2.1.2-т заасан газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгэх үүргээ тус тус биелүүлээгүй болох талаар дүгнэлт гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ******* дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3, 37.1.3, 37.6, Газрын хэвлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М гол ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/******* дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн шийдвэрийн М гол ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримттай талууд маргаагүй, шүүхээс эдгээр үндэслэлд дахин дүгнэлт хийхгүй болно.

3. Харин нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч М гол ХХК-д ...танай M******* дугаар түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг нийслэлийн Засаг даргын 2017 оны А/ дүгээр захирамжаар хүчингүй болгож,...анхан шатны шүүхийн 2018 оны ******* дүгээр шүүгчийн захирамжаар тодорхой чиг үүргийг 3 сарын хугацаанд биелүүлэх нөхцөлтэйгөөр нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/******* дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ирүүлсэн баримт материалыг шалгаж үзээд эвлэрлийн гэрээнд заасан чиг үүргээ бүрэн биелүүлээгүй гэж дүгнэн тусгай зөвшөөрлийг сэргээх боломжгүй болсныг мэдэгдэж албан бичиг хүргүүлсэн. Тус ажлын хэсгийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан боловч шүүхийн 2020 оны ******* дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож уг шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул танай компанийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг сэргээх боломжгүй гэж мэдэгдсэнийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч ... шүүхийн шийдвэр, магадлалаар нийслэлийн Засаг дарга нь эвлэрлийн гэрээний биелэлтийг дүгнэх ажлын хэсэг байгуулж, уг ажлын хэсэг нь гэрээний үүргээ биелүүлсэн эсэх талаар дүгнэлт гаргасан нь хууль зөрчөөгүй гэж эвлэрлийн гэрээтэй холбоотой эрх зүйн ямар нэгэн үр дагавар үүсгээгүй, ...2021 оны 02 дугаар сард нийслэлийн газрын албатай газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг үйлдэн холбогдох баримт бичгийн бүрдлийг ханган хүргүүлсэн тул 2021 онд тусгай зөвшөөрлийн 14 дэх жилийн төлбөр төлснийг тэмдэглэн тусгай зөвшөөрлийн хугацааг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл сунгасан тухай тэмдэглэл хийсэн... гэж, хариуцагчаас ...тус компанийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон нийслэлийн Засаг даргын 2017 оны А/ дүгээр захирамж хүчин төгөлдөр байх тул тусгай зөвшөөрлийг сэргээх боломжгүй гэж тайлбарлан маргажээ.

4. Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 06/4575 дугаартай албан бичгээр нийслэлийн Байгаль орчны газарт ...шүүхийн шийдвэр, захирамжийг биелүүлэх арга хэмжээ авч, эргэн хариу мэдэгдэх-ээр хүргүүлсэн, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 4-218/18537, 4-21б/12240 дугаартай албан бичгийг нийслэлийн Засаг даргад хүргүүлж, ...нийслэлийн Засаг даргын 2017 оны А/ дугаартай захирамжийн М гол ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох-ыг мэдэгдэж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчээс ...манай компанийн нэр дээр захирамж гаргахаар албан тоотын төсөл явж байгаад алга болсон... гэж тухайн нотлох баримтыг гаргуулахаар хүсэлт гаргаж, шүүхээс уг хүсэлтийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай захирамжийн хяналтын дагалдах хуудас болон төслийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар шаардсан боловч нийслэлийн Архивын газар болон нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гараагүй, энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...хяналтын дагалдах хуудсыг хэлтэс тус бүрээр хянадаг тэгж хянагдаж байхад нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг сэргээх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон болоод албажиж гараагүй байх... гэж тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээсэн үйл баримт тогтоогдохгүй байна.

5. Нөгөөтэйгөөр нэхэмжлэгч ... манай компани тусгай зөвшөөрлийн 14 дэх жилийн төлбөрийг төлж, тусгай зөвшөөрлийг 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэл сунгасан... гэж тайлбарлаж, хавтаст хэрэгт авагдсан ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад тусгай зөвшөөрлийн 14 дэх жилийн төлбөр төлснийг тэмдэглэв. Хугацаа 2021.07.17-2022.07.17 хүртэл гэсэн тэмдэглэлийг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нийслэлийн Байгаль орчны газрын дарга үйлдэж, тамга дарсан болох нь тогтоогдож байгаа хэдий ч эдгээр нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээсэн үйл баримт гэж үзэх боломжгүй юм.

6. Учир нь нийслэлийн Засаг даргын 2017 оны А/ дүгээр захирамжаар нэхэмжлэгч М гол ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал тусгай зөвшөөрлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална, 37.1.3-т тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан гэх үндэслэлээр цуцалсан бөгөөд энэхүү захирамж өнөөдрийг хүртэл хүчинтөгөлдөр үйлчилж байгаагаас гадна нийслэлийн Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5-д харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох бүрэн эрхийг хэрэгжүүлэхээс гадна мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална гэж зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдвэл цуцлах эрхийг хэрэгжүүлэхээр заасан байна.

Иймд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 0 дугаартай албан бичигт нэхэмжлэгч компанийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг сэргээх боломжгүй гэдгийг мэдэгдсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий байх гэж заасантай нийцсэн, талууд Эвлэрлийн гэрээгээр тогтоосон хугацаанд тодорхой үүргүүдийг хэрэгжүүлэхээр сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцсон байх тул гэрээгээр хүлээсэн үүргийг дүгнэсэн ажлын хэсгийн тэмдэглэлийн холбогдох хэсгийг хууль нийцсэн талаар өмнө нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэсэн зэрэг нөхцөл байдалтай холбогдуулан маргаан бүхий акт нь нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5, 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3 дах хэсэгт заасныг баримтлан М гол ХХК-ийн нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргаснаар нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаартай М гол ХХК-ийн M******* дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.   

 

 

    

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ