| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2023/02731/И |
| Дугаар | 102/ШШ2023/03357 |
| Огноо | 2023-09-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2023/03357
2023 оны 09 сарын 21 өдөр Дугаар 102/ШШ2023/03357 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, 26 дугаар байрны 10 тоотод оршин суух Бор банди овогт Хуягийн О
Хариуцагч Баяннол дүүрэг, 18 дугаар хороо, “КОСО” төвийн 2 дугаар давхарт байрлах “Ч.А” сургалтын төвд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн аваад
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Х.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзий
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З хүсэлтээр хэргийг эзгүйд хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.О, хариуцагч “Ч.А” сургалтын төвд холбогдуулан 1.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
3.Нэхэмжлэгч Х.О нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие “Ч.А” сургалтын төвийн нягтлан бүртгэлийн сургалт явуулна гэсэн зарын дагуу тухайн сургалтын төвтэй холбогдож яриад, сургалтанд суухаар болж, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дээрх байгууллагын дансанд 6 сарын сургалтын төлбөр 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн.
Ингээд сургалтанд 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс суух байсан боловч хөдөө байдаг ээжийн минь бие муудаад явахаар болоод 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн сургалтанд суух боломжгүй болсон тухайгаа хариуцагчид мэдэгдэж тус сургалтын санхүүд өргөдөл өгсөн.
Гэтэл 2 сарын дараа надад төлбөрийг буцааж өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн.
Миний хувьд сургалтанд суугаагүй байхад төлбөрт төлсөн 1.000.000 төгрөгийг буцааж өгөөгүйд гомдолтой байгаа тул гаргуулж өгнө үү, гэжээ.
4. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд
5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэилэхийн лавлагаа, төлбөр төлсөн баримт, нэхэмжлэх, оршин суух хаягийн тодорхойлолт
6.Хариуцагчаас “Ч.А” ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, Э.З олгосон итгэмжлэлийг өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Х.О нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Миний бие нягтлан бүртгэлийн сургалт явагдана. Төлбөр 1.000.000 төгрөг гэсэн зарын дагуу хариуцагчтай холбогдоод төлбөрийг төлсөн. Гэвч ээжийн бие муудаад сургалтанд сууж чадаагүй. Энэ талаараа хэлсэн. Ингээд сургалтанд суугаагүй учраас төлбөрөө буцааж авъя гэхэд өгөхгүй байгаа тул шүүхэд хандсан” гэж тайлбарлав.
3.Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.
4.Нэхэмжлэгчийн тайлбар, “Худалдаа хөгжлийн” банкны орлогын ордерын баримтаас үзэхэд 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 55 минутанд “Ч.А” ХХК-ийн “Худалдаа хөгжлийн” банк ХХК-ийн 0000000000000 дугаартай дансанд “Х.О, 0000-0000” гэсэн утгатай, 999.999 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
5.Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.
6.Хариуцагч “Ч.А” ХХК боловсролыг дэмжих сургалтын үйл ажиллагаа явуулах эрхтэй этгээд болох нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр олгосон регистрийн 000000, хувийн 000000000, бүртгэлийн 000000000 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
7. Тэрээр хөлсөөр ажиллах гэрээгээр хариуцагч тохиролцсон ажил үйлчилгээг үзүүлэх, нэхэмжлэгч тохиролцсон үнэ хөлсийг төлөх үүрэгтэй байдаг бөгөөд хэрвээ гэрээнд заасан үйлчилгээг үзүүлээгүй тохиодолд ажиллуулагч буюу хөлс төлөгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.
8.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хариуцагч тус шүүхэд 2023 оны 2023 оны 05 дугаар сарын.............өдөр хүрэлцэн ирж гардан авсан боловч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хуульд заасны дагуу шүүхэд хариу тайлбараа бичгээр ирүүлээгүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагчаас сургалтын төлбөр 1.000.000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.550 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 28.550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ч.А” сургалтын төвөөс гэрээний үүргийн биелэлтэд 1.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.От олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.550 төгрөгийг улсын орлогод үлдэээ, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 28.550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА