| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2018/0045/Э |
| Дугаар | 70 |
| Огноо | 2018-01-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
Улсын яллагч Э.Бадрал,
Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Тойн овогт О.Бд холбогдох 1711006970318 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, Оршил констракшн ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Чоймболын гудамж, 55 дугаар хороо, 87 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тойн овогт О.Б (РД:000000000),
нь зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Солонгос улс руу явах виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэх аргаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 6 дугаар сарын 27, 7 сарын 23-ны өдрүүдэд Г.Болортуяагаас тус бүр 1.500.000 төгрөг нийт 3.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр М.Мөнхжаргалаас бэлнээр 1.500.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Б.Анхбаяр, Б.Анхтөгс нараас нийт 3.000.000 төгрөгийг дансаар, 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Б.Долгорсүрэнгээс 1.500.000 төгрөг дансаар авч залилсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: “…Гэм буруу дээр маргахгүй. 2016 оны 11 дүгээр сард 2 хүүхэд бүртгүүлсэн. 2017 онд ажлаасаа хууль бусаар халагдсан байсан. Хохирлыг барагдуулсан.” гэв.
О.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Би өмнө нь Хан-Уул дүүрэгт байдаг Монэнзим ХХК-д менежерээр ажилладаг байхдаа Энхмаа гэх хүнтэй 2014 оны үед танилцаж байсан юм. Энхмаа нь тухайн үед өөрийгөө Монгол Эм Импекс ХХК-д менежер хийдэг гэж байсан юм. Би тэр Энхмаатай анх эрүүл мэндийн яамнаас зохион байгуулдаг сургалтын арга хэмжээн дээр танилцаж байсан юм. Гэхдээ тийм сайн дотно танилцаж байгаагүй. 2016 оны 10 сард Энхмаа над руу яриад “найз нь туслах хэрэгслийн үйлдвэрийн төсөл дээр ажиллаж байгаа, энэ үйлдвэрийг БНСУ-аас оруулж ирэх гэж байгаа юм. Энэ үйлдвэрийг оруулж ирэхэд үйлдвэр мэддэг, мэргэжлийн боловсон хүчин хэрэгтэй байна” гэж хэлж байсан юм. Тухайн үед би Энхмаад “найз нь чадах юм байвал туслаад өгч чадна” гэж хэлж байсан. Энхмаа бас тэр үед “үйлдвэр эрхлэх зөвшөөрлийг нь авахын тулд надад мэргэжилтэнгээ гадагшаа гаргаж бэлтгэх шаардлагатай байна. Монголчууд гадагшаа гарахаараа харлаад явчихдаг болохоор найздаа өөрийн чинь дотны найз нөхөд, дүү чинь байна уу, тийшээ явуулаад сургалтад хамруулаад буцаад ирэх найдвартай хүн байна уу” гэж асууж байсан юм. Тэгэхээр нь найз нь сайн мэдэхгүй байна. Ганц 2 хүүхэд байвал асуугаад өгье гэж хэлсэн. Энхмаа надад 1 хүн явахад 700 ам доллар буюу төгрөгөөр 1.500.000 төгрөгийг дансанд байршуулж БНСУ явчихаад сургалтандаа суучихаад буцаж Монголд хилээр штампаа даруулж ирээд энэ мөнгөө авч болдог гэж хэлж байсан юм. Би энэ мөнгийг нь хаана ямар дансанд байршуулдаг талаар асуухад “чи өөрийнхөө данс руу авчихаа, чиний л таньдаг найз нөхөд юм чинь” гээд байсан. Тэгэхээр нь би энэ тухай урд хамт ажилладаг байсан Болормаа гэж хүнд хэлэхэд Болормаа цааш нь дүү нартаа хэлсэн байсан. Тэгээд Болормаагийн дүү нар болох Болортуяа, Анхбаяр, Анхтөгс гэх хүмүүс холбогдсон юм. Тэгээд би Анхбаяр, Анхтөгс, Болортуяа гэх хүмүүсээс хүн тус бүрээс нь 1.500.000 төгрөгийг өөрийнхөө данс руу шилжүүлж авсан юм. Одоо зарим хүмүүсийнх нь нэрийг санахгүй байна. Нөхөр нь, дүү нь гэсэн хүмүүс байсан. Тэгээд би тэр хүмүүсээс авсан мөнгийг заримдаа өдөрт нь эсвэл 1, 2 хоногийн дараагаас өөрийнхөө данснаас аваад Энхмаад бэлнээр нь өгчихдөг байсан. Ингэж мөнгийг нь өгөхдөө Болортуяа нараас авсан гадаад паспортны хуулбар, цээж зураг, хорооны тодорхойлолт зэргийг нь өгдөг байсан юм. Энхмаа цаашаа ямар хүнтэй ярьж, яаж визийг нь хөөцөлддөгийг нь би сайн мэдэхгүй байна.” гэжээ.
Хохирогч нараас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:
1.Г.Болортуяагаас: “…2017 оны 06 сард Анхтөгс над руу залгаад “манай эгчийн найз Байгалмаа 7 хүн Солонгост мэргэжил дээшлүүлэх сургалтаар 90 хоногийн хугацаатай гаргах гэж байгаа юм байна, эхний хүмүүс нь 6 сардаа материалаа бүрдүүлээд өгчихвөл 2017-08-05-ны өдөр ээлжээр явах юм байна, нэг хүний 1,5 сая төгрөгийг Байгалмаагийн дансанд байрлуулж яваад 90 хоногтоо багтаад буцаж Монголдоо ирээд 7 хоногийн дотор 1,5 сая төгрөгөө буцаагаад авч болох юм байна” гэж хэлсэн. Би тухайн үед Анхтөгсөд тэр Байгалмаатай хэдүүлээ уулзаж байгаад болъё гээд 2017-06-27-ны өдөр Анхтөгс болон түүний төрсөн ах Анхбаяр бид гурав Байгалмаатай уулзсан. Байгалмаа нь өөрийгөө Хан-Уул дүүрэгт байдаг Солонгосын хөрөнгө оруулалттай нэг удаагийн тарилгын зүүний үйлдвэрт ээлжийн дарга хийдэг өмнө нь манайх ийм аргаар 13 хүнийг Солонгост гаргаж явуулж байсан, тэдгээр хүмүүс маань тэнд 90 хоногийн турш сурч, ажиллаж байгаад ирсэн хүмүүс байгаа, одоо тэр хүмүүсийг дахин явуулж болохгүй болохоор өөр 7 хүн хэрэгтэй байна, хүмүүсийг ингэж гаргаж сургаж байгаад Солонгосоос үйлдвэр оруулж ирэх гэж байгаа юм, үйлдвэр оруулж ирэхэд гадаадад мэргэжил дээшлүүлсэн ажилчид хэрэгтэй гээд шаардлага тавиад байгаа болохоор хүмүүсийг ингэж гаргаж байгаа юм. Тийм болохоор өөр ийм мөнгө төгрөг нэмж авахгүй, зөвхөн очиж ажиллаад юм уу сурч байгаад 90 хоногтоо буцаад ирэх л хүмүүс хэрэгтэй байна, хүн тус бүр 1,5 сая төгрөгийг миний данс руу шилжүүлээд Солонгос явчихаад 90 хоногтоо багтаж ирээд надад өгсөн мөнгөнөөсөө 25 долларын хураамж төлөөд бусдыг нь буцааж авч болно, 7 хоногийн дотор мөнгийг чинь гаргаж өгнө” гэж хэлсэн. 2017-06-27-ны өдөр Урт цагааны урд талын Хаан банкны салбар дээрээс өөрийнхөө данснаас 1,5 сая төгрөгийг Байгалмаа гэх эгчийн данс руу шилжүүлсэн. Анхтөгс, Анхбаяр нар ахаасаа мөнгө зээлсэн гээд бэлэн мөнгөтэй явж байсан болохоор банкин дээрээс бэлнээр Байгалмаагийн данс руу тус бүр 1,5 сая төгрөгийг шилжүүлсэн. ... Улсын баярын дараа холбоо барьж асуухад "урилга чинь ирээгүй байгаа шүү, өөр хүн байна уу 7 хүн явуулах гэсэн чинь гүйцдэггүй, 4 хүн нэмж авахаар боллоо найдвартай яваад ирэх хүн байна уу" гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд өөрийн нөхөр Мөнхжаргал болон төрсөн дүү Болортулга нарыг явуулахаар болоод Анхтөгс найзынхаа эхнэр Долгорсүрэн гэх эмэгтэйг явуулахаар болсон. Компьютер ландын урд Байгалмаатай уулзаад дүүгийнхээ 1,5 сая төгрөгийг өөрийнхөө данснаас Байгалмаагийн данс руу мобайлаар шилжүүлж өгсөн.” гэжээ.
2.М.Мөнхжаргалаас: “…манай эхнэрт тэр хүн нь нэг удаагийн тарилгын зүүний үйлдвэр буюу компаний нэр дээр БНСУ руу 3 сарын хугацаанд гаргадаг. Гарсан хүн нь харлахгүйгээр буцаж ирдэг гэж байсан. Манай эхнэр тэр хүнээр хөөцөлдүүлж гаргуулахаар болоод 1,5 сая төгрөг өгсөн. 1,5 сая төгрөгийг компаний нэр дээр гарч байгаа болохоор барьцааны мөнгө гэж байсан. Буцаж Монголдоо ирэхдээ 25 ам долларын шимтгэл төлөөд өгсөн мөнгөө буцаагаад авч болдог гэж байсан. Манай эхнэр 2017-06-27-ны өдөр мөнгөө өгсөн. 2017-07-22-ны өдөр Байгалмаа манай эхнэр рүү яриад дахиад 4 хүн хэрэгтэй байна, тэгэх юм бол виз нь 2017-09-05-ны өдөр гарчихна гэж хэлсэн байсан. ... Намайг уулзах үед Байгалмаа нь "эхний материал өгсөн хүмүүсийн виз бүтэж байгаа өнөөдөр та нар мөнгөө өгчих юм бол цугт нь явуулна" гэж байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө картнаас 1,5 сая төгрөг Байгалмаагийн данс руу шилжүүлсэн. Ингэж мөнгө авснаасаа хойш утсаа салгаад алга болчихсон.” гэжээ.
3.Б.Анхтөгсөөс: “Байгалмаатай Урт цагааны урд уулзахад "эгч нь та нарын мөнгийг дансандаа байршуулахгүй бол цааш нь урилга захих хугацаа оройтох гээд байна" гэхээр нь би "та найдвартай юу бид нар хүнээс мөнгө төгрөг зээлээд өгч байгаа шүү" гэхэд "найдвартай өмнө нь 15 хүн гаргасан" гээд ажлынхаа газрыг зааж өгөөд байсан. Өөрийгөө Хан-Уул дүүрэгт байдаг Монгол-Солонгосын хамтарсан нэг удаагийн тарилгын зүүний үйлдвэрт ээлжийн даргаар ажилладаг гэж байсан. Манай ах Анхбаяр бид хоёр ээжийнхээ дүүгээс 2 хүний мөнгө 3 сая төгрөгийг зээлээд 2017-06-25-ны өдөр Байгалмаагийн данс руу шилжүүлсэн. Мөнгө авах үед бид нараас гадаад паспортны хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар авсан. Мөнгө авснаас хойш утас нь холбогдохгүй байсан” гэжээ.
4.М.Сайнбаяраас: “…Байгалмаа гэх хүний утасны дугаар аваад ярихад "би нэг удаагийн тарилгын зүүний үйлдвэрт ажиллаж байгаа, тэгээд өөр төсөл дээр ажиллаад тэрнийхээ шугамаар хүн гаргах гэж байгаа" гэж ярьж байсан. Найдвартай юм уу гэж асуухад "найдвартай, Солонгосоос нэмэлтээр ганц хоёр хүн боломжтой бол явуулчих гэж байна, чи мөнгөө хурдан байршуулчих бас бичиг баримтаа явуулчих" гээд байсан. 2017-07-06-ны өдөр хотод ирээд Байгалмаатай уулзаж данс өгөхөөр нь "өөрийн чинь хувийн данс юм уу байгууллагын данс байдаггүй юм уу" гэж асуухад "Солонгосчууд нь өөрсдөө энэ дансыг миний нэр дээр нээж өгсөн, энэ дансанд мөнгө байршуулаад бай гэж нээж өгсөн, виз найдвартай гарна, урьд нь хэдэн хүн явуулаад найдвартай эргэж ирсэн, харин очоод харлахгүйгээр хугацаандаа ирнэ шүү 2 сар гаран явна манай компани төсөл хэрэгжүүлээд тэрнийхээ шугамаар гаргаж байгаа мөнгөө байршуулж явчихаад ирээд тодорхой хэмжээний шимтгэл өгөөд үлдсэн мөнгийг авч болно" гээд байсан. Тэгэхээр нь 2017-07-07-нд Байгалмаагийн өгсөн дансанд 1,5 сая төгрөг шилжүүлсэн.” гэжээ.
5.Б.Анхбаяраас: “…Би ямар бичиг баримт шаардлагатай вэ гэхэд “эхний ээлжинд гадаад паспортаа хуулбарлан 1,5 сая төгрөгийг явуулах шаардлагатай байна, Солонгост манай хүн байгаа тэр хүнд өгөхөөр сургалтынхаа урилгыг наашаа явуулах юм” гэж хэлж байсан. Энэ талаар дүү Анхтөгсөд хэлээд, дүү цаашаа хамт ажилладаг Болороо гэх эмэгтэйд хэлээд бид 3 явахаар болсон. 2017-06-27-ны өдөр манай дүү намайг Урт цагааны урд дуудаад ... бид гурав Байгалмаатай уулзахад надад өмнө хэлж байсан зүйлээ хэлсэн. Тэгээд дүү бид 2 Байгалмаагийн дансанд 3 сая төгрөг шилжүүлсэн.” гэжээ.
6.Б.Долгорсүрэнээс: “…Байгалмааг Солонгос руу гаргадаг хүн байна, 1,5 сая төгрөгийг дансанд байршуулаад өөр ямар ч зардалгүй, зөвхөн өөрсдийнхөө зардлыг даагаад 90 хоногийн хугацаатай явж болох юм байна. Байгалмаа гэх хүн тэгж явуулдаг юм байна" гэж танилцуулсан. 2017-07-23-ны өдөр Байгалмаатай утсаар ярихад гадаад паспорт, иргэний үнэмлэхний хуулбар, 2 хувь цээж зураг аваад ирээрэй гэхээр нь би тэрийгээ авч ирсэн. Байгалмаагаас ямар учиртай ингэж гаргадаг талаар асуухад өөрийгөө "төсөл бичдэг, БНСУ, Монгол улсын хамтарсан компанид төсөл бичиж байгаа, тэр төсөл маань хэрэгжиж байгаа гэж байсан. Уг төсөл хэрэгжихээр болчихсон болохоор бид нар Солонгосчуудаас хариу тус асуухад оронд нь хэдэн хүн Солонгос руу явуулж өгье гэсэн. Тэрнийх нь дагуу явуулах гэж байгаа юм" гэж хэлж байсан. Тэгээд итгээд тэр өдрөө Байгалмаагийн данс руу 1,5 сая төгрөгийг шилжүүлж өгсөн.” гэжээ.
Гэрч Г.Баянмөнх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…О.Байгалмаа нь манай байгууллага анх байгуулагдсан үеэс буюу 2012 оноос эхлэн үйлдвэрийн технологич менежерээр ажиллаж байсан. 2016 оны 11 сарын 08-ны өдөр манай байгууллагаас халагдсан. Манай үйлдвэр 2012 онд байгуулагдах үед л БНСУ-аас тоног төхөөрөмж авчирч суурилуулсан хүмүүс нь сургалтаар хэрхэн яаж ажиллуулах талаар нь заагаад өгчихсөн. Манай үйлдвэр БНСУ руу ажилчид явуулж, бэлдүүлэх шаардлага байхгүй. Тэгж ажилтан бэлтгэх зориулалтаар БНСУ руу хүн явуулсан зүйл байхгүй” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч О.Б нь БНСУ, Монгол улсын хамтарсан ямар нэг компанид ажилладаггүй, БНСУ руу орох виз олгох эрх бүхий этгээд биш атлаа зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Солонгос улс руу явах виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэх аргаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 6, 7 дугаар сард Г.Болортуяагаас нийт 3.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр М.Мөнхжаргалаас бэлнээр 1.500.000 төгрөг, 2017 6 дугаар сарын 27-ны өдөр Б.Анхбаяр, Б.Анхтөгс нараас нийт 3.000.000 төгрөгийг дансаар, 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Б.Долгорсүрэнгээс 1.500.000 төгрөг дансаар авч, бусдын 10.500.000 төгрөгийг залилж авсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Болортуяагийн “…манай эгчийн найз Байгалмаа 7 хүн Солонгост мэргэжил дээшлүүлэх сургалтаар 90 хоногийн хугацаатай гаргах гэж байгаа юм байна эхний хүмүүс нь 6 сардаа материалаа бүрдүүлээд өгчихвөл 2017-08-05-ны өдөр ээлжээр явах юм байна 1 хүний 1,5 сая төгрөгийг Байгалмаагийн дансанд байрлуулж яваад 90 хоногтоо багтаад буцаж Монголдоо ирээд 7 хоногийн дотор 1,5 сая төгрөгөө буцаагаад авч болох юм байна” гэж хэлсэн. …2017-06-27-ны өдөр Урт цагааны урд талын Хаан банкны салбар дээрээс өөрийнхөө данснаас 1,5 сая төгрөгийг Байгалмаа гэх эгчийн данс руу шилжүүлсэн. Анхтөгс, Анхбаяр нар бэлнээр Байгалмаагийн данс руу тус бүр 1,5 сая төгрөгийг шилжүүлсэн. ... Улсын баярын дараа холбоо барьж асуухад "урилга чинь ирээгүй байгаа шүү, өөр хүн байна уу 7 хүн явуулах гэсэн чинь гүйцдэггүй, 4 хүн нэмж авахаар боллоо найдвартай яваад ирэх хүн байна уу" гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд өөрийн нөхөр Мөнхжаргал болон төрсөн дүү Болортулга нарыг явуулахаар болоод Анхтөгс найзынхаа эхнэр Долгорсүрэн гэх эмэгтэйг явуулахаар болсон. Компьютер ландын урд Байгалмаатай уулзаад дүүгийнхээ 1,5 сая төгрөгийг өөрийнхөө данснаас Байгалмаагийн данс руу мобайлаар шилжүүлж өгсөн.” гэх мэдүүлэг, хохирогч М.Мөнхжаргал, Б.Анхбаяр нарын мэдүүлэг, хохирогч Б.Анхтөгсийн “…Өөрийгөө Хан-Уул дүүрэгт байдаг Монгол-Солонгосын хамтарсан нэг удаагийн тариур зүүний үйлдвэрт ээлжийн даргаар ажилладаг гэж байсан. Манай ах Анхбаяр бид хоёр 3 сая төгрөгийг Байгалмаагийн данс руу шилжүүлсэн. Мөнгө авах үед бид нараас гадаад паспортны хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар авсан. Мөнгө авсанаас хойш утас нь холбогдохгүй байсан” гэх мэдүүлэг, хохирогч М.Сайнбаярын “…Байгалмаа гэх хүний утасны дугаар аваад ярихад "би нэг удаагийн тарианы үйлдвэрт ажиллаж байгаа, тэгээд өөр төсөл дээр ажиллаад тэрнийхээ шугамаар хүн гаргах гэж байгаа" гэж ярьж байсан. … Тэгэхээр нь Байгалмаагийн өгсөн дансанд 1,5 сая төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг, хохирогч Б.Долгорсүрэнгийн “Тэгээд итгээд тэр өдрөө Байгалмаагийн данс руу 1,5 сая төгрөгийг шилжүүлж өгсөн.” гэх мэдүүлэг, гэрч Г.Баянмөнхийн “…О.Байгалмаа нь 2012 оноос эхлэн үйлдвэрийн технологич менежерээр ажиллаж байсан. 2016 оны 11 сарын 08-ны өдөр манай байгууллагаас халагдсан. Манай үйлдвэр БНСУ руу ажилчид явуулж, бэлдүүлэх шаардлага байхгүй. Тэгж ажилтан бэлтгэх зориулалтаар БНСУ руу хүн явуулсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мөнгө шилжүүлсэн банкны баримт, дансны хуулга, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Тойн овогт О.Бг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилж авснаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, залилах гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцов.
Шүүгдэгч О.Бгийн торгох ялыг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Тойн овогт О.Бг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан торгох ялыг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ