Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 78

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга А.Болор,

            Улсын яллагч Д.Оюунгэрэл,

            Шүүгдэгч Э.У, Б.С, Э.Б нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Сартуул овогт Э.У, Жалаа овогт Б.С, Утай овогт Э.Б нарт холбогдох эрүүгийн 1711013690004 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, “Номин” их дэлгүүрт хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхэд нарын хамт амьдрдаг, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхт 9-165б тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Э.У (РД:00000000000),

2.Монгол улсын иргэн, 1997 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Номин” их дэлгүүрт хамгаалагч ажилтай, ам бүл 3, эцэг, эгч нарын хамт амьдардаг, Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн ард Аюуш 25-10 гудамжны 317 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Жалаа овогт Б.С (РД:000000000),

3.Монгол улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Номин” их дэлгүүрт хамгаалагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 1-8 насны 3 хүүхдийн амьдардаг, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн 14 гудамж 203а тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, Дүүргийн 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1337 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, Утай овогт Э.Б (РД:000000000000), 

нар нь 2017 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миллион доллар” нэртэй пабын гадаа иргэн Б.Бат-Очирыг “Уламбаярын түрийвчийг хулгайлсан” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг

 

 

т холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Э.У, Б.С, Э.Б нар нь өөрсдийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэв.

Шүүгдэгч Э.У мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...Бат-Очир миний түрийвчийг авсан гэдгийг яг ч би сайн мэдэхгүй л дээ. Манай эхнэр тухайн үедээ миний хэтэвчийг олсон хүнээс авч байсан. Тэгтэл Бат-Очироос гээд бичсэн цаас байсан гэсэн. Тэгээд л Бат-Очирыг авсан байх л гэж бодоод байсан юм. ...Миний түрийвчийг авсан юм уу гээд Бат-Очироос асуутал Бат-Очир аваагүй гэхээр нь би худлаа ярихаа болиоч гэж хэлээд л цохичихсон юм. ...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Би Бат-Очироос албан ёсоор уучлалт гуйж учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан” гэжээ.

Шүүгдэгч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...Би нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Өөр Бат-Очирыг цохисон асуудал байхгүй. ...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Би Бат-Очироос албан ёсоор уучлалт гуйж учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан” гэжээ.

Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр манай Их дэлгүүрийн хамгаалалтын албаны ажилчид уртасгасан цагаар ажилласан. Тэгээд 22 цагийн орчимд ажлаа тараад бид нэг газар очиж суухаар болсон. Тэгээд замдаа явж байгаад гадаа 2 шил архи хувааж уугаад тэгээд ойролцоо байх нэг пабад орсон. Тэгээд тэндээ бид нар дахин авч уусан. Тэгээд л юу болсноо сайн санахгүй байгаа, маргааш нь миний баруун гарын дунд хуруунд мөнгөн бөгж зүүлттэй байдаг. Тэгтэл бөгжний ором гараад хуруу шалбарсан байсан. Тэгээд би бодохдоо бөгжтэй гараар цохичихсон юм байна даа л гэж бодож байсан. Бас миний хувцаснууд хэсэг газраа цус болчихсон байсан. ...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Би Бат-Очироос албан ёсоор уучлалт гуйж учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан” гэжээ.

            Хохирогч Б.Бат-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 18-ны орой хамт ажилладаг 6 залуугийн хамт Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр болох “Миллион доллар” нэртэй пабад орж сууцгаасан. Намайг Уламбаярын түрийвчийг авсан гээд элдвээр хэлж байсан. Би тэр түрийвчийг нь аваагүй гэдгээ хэлсэн. Бид бүгд л нилээн архи уучихсан байсан учраас аль алиныхаа үгийг даалгүй л ийм зүйл болчихсон. Намайг паб дотор байхад ирээд нүүр рүү цохисон. Дараа нь гадна гарсан байхдаа зууралдаж байхдаа бас цохиод байсан. ...Би шүүх хуралдаанд оролцохгүй, надад ямар нэгэн гомдол байхгүй. Надаас бүгд уучлалт гуйсан” гэжээ.

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.24-ний өдрийн ¹14502 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1.Б.Бат-Очирын биед доод уруулын дотор салстад шарх, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны зөрүүгүй хугарал, зүүн бугалгад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Э.У, Б.С, Э.Б нар нь 2017 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө хамт ажилладаг хүмүүстэйгээ архи ууж согтуурсан үедээ Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Миллион доллар” нэртэй пабын дотор болон гадна талд Э.Уын түрийвчийг хулгайлсан гэх шалтгаанаар Б.Бат-Очирыг бүлэглэж зодсоноос, хохирогчийн биед доод уруулын дотор салстад шарх, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны зөрүүгүй хугарал, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь

 

 

шүүгдэгч нараас үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Бат-Очирын “...Намайг Уламбаярын түрийвчийг авсан гээд элдвээр хэлж байсан. Би тэр түрийвчийг нь аваагүй гэдгээ хэлсэн. Бид бүгд л нилээн архи уучихсан байсан учраас аль алиныхаа үгийг даалгүй л ийм зүйл болчихсон. Намайг паб дотор байхад ирээд нүүр рүү цохисон. Дараа нь гадна гарсан байхдаа зууралдаж байхдаа бас цохиод байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Учралын “Сүхболд Бат-Очирын нүүр рүү нь гараараа цохиод авахаар нь би салгаад Сүхболдыг цааш нь түлхсэн. Дараа нь Уламбаяр гүйж ирээд бас Бат-Очирын нүүр рүү нь гараараа цохих шиг болсон. Бат-Очир Бат-Оргил хоёр нилээн удаан зууралдсан. Бат-Оргил Бат-Очирыг цохиод байсан санагдаж байсан” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.24-ний өдрийн ¹14502 тоот шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Сиди-д үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн “Ажлынхаа газрын залуучуудад зодуулж хөнгөн зэргийн гэмтэлтэй байсан боловч албан ёсоор надаас уучлал гуйж хохиролгүй болгосон тул гомдол саналгүй” гэх бичгээр гаргасан хүсэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Сартуул овогт Э.У, Жалаа овогт Б.С, Утай овогт Э.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Хохирогч Б.Бат-Очир нь шүүгдэгч нараас хохирлын 3.000.000 төгрөг нэхэмжилснээс 1.500.000 төгрөг хүлээн авсан бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Э.У, Б.С, Э.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзав.  

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч нарын саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн боловч согтуугаар гэмт хэрэг үйлдсэн тул тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.У, Б.С, Э.Б нарын торгох ялыг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Сартуул овогт Э.У, Жалаа овогт Б.С, Утай овогт Э.Б нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У, Б.С, Э.Б тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У, Б.С, Э.Б тус бүрийн торгох ялыг 2018 оны 5 дугаар сарын 15-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У, Б.С, Э.Б нар нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У, Б.С, Э.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ