Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/585

 

           

    2023               5             31                                   2023/ДШМ/585

Н.Нд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Түвшинбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

иргэний хариуцагч НӨА газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,

шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/279 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Н.Нд холбогдох 2109013971915 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

*********** овгийн Н.Н, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, *********** мэргэжилтэй, НӨА газар ***********аар ажиллаж байсан, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, *** дугаар байрны * тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:**00000000/;

Н.Н нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах НӨА газрын Коронавируст халдвар (Ковид-19)-ын тусгаарлах тасагт 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс хэвтэн эмчлүүлж байсан коронавируст халдвартай өвчтөнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байхдаа 2021 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цагийн орчим өвчтөн С.Бгийн биеийн байдалд өөрчлөлт орж, зүрхээр хатгуулах, зүрхний цохилт цөөрөх шинж тэмдэг илэрсэн нөхцөл байдалд зүрхний цохилтыг сайжруулан дэмжих үйлчилгээтэй Атропин тариаг хийх гэж байгаад андуурч, араг ясны булчин сулруулдаг, түргэн үйлчилгээтэй, хэрэглэх үедээ зохиомол амьсгал зайлшгүй шаардлагатай Тракриум /атракуруим бесилат/ олон улсын нэршилтэй, худалдааны нэршил нь ATRAFINE нэртэй тариаг өвчтөн С.Бд тарьсны улмаас хохирогч ухаангүй болж, амьсгалын дутагдалд орж, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 05 цаг 54 минутад нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Нг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нгийн эмчлэх эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нд оногдуулсан 2 жилийн хугацаагаар эмчлэх эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “НӨА газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг”-ээс 84.358.953 /наян дөрвөн сая гурван зуун тавин найм мянга есөн зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г /РД:**00000000/-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санааны хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар “НӨА газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг” нь гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй болохыг, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи- г хэрэгт үлдээж, шүүгдэгч Н.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг тухайн өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие ажил үүргээ гүйцэтгэж яваад өөрийн болгоомжгүй, хариуцлагагүй, сэрэмжгүй байдлаасаа болж эрдэнэт хүний амь насыг хохироосон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшин харамсаж байгаа. Дэлхий нийтээрээ тэмцэж байсан Ковид 19 өвчний үед улаан бүсэд ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө өөрийн биеэ үл хайрлан аюулт өвчинтэй тэмцэж ажиллаж байсан. 2015 оноос хойш НӨА газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт 8 дахь жилдээ эх баригчаар ажиллаж, 1500 эх нярайг эсэн мэнд амаржуулж, эх нярайн эрүүл мэндийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул шүүхээс надад оногдуулсан хорих ялыг миний ар гэрийн байдал, миний хувийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү. ... Юуны өмнө хохирогчийн ар гэрийнхнээс нь уучлалт гуйж, гүн эмгэнэл илэрхийлж байна. Өөрийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Олон хоног нойргүй ажиллаж, хамгийн сүүлийн өдөр алдаа гаргасан. Миний зүгээс хохирогчийн зовуурийг арилгая гэж эмчийн хийсэн тариаг хийж, яаралтай тусламж үзүүлж, биеийн байдлыг нь сайжруулъя гэж явахдаа алдаа гаргасандаа маш их харамсаж байна. Өөрийн хийсан алдаагаа маш сайн ойлгож, ухамсарлаж байна. Ногоон бүсэд байсан эмч, сувилагч нарыг иртэл хүлээх ёстой байтал сэхээний эмчээс утсаар асууж, тариаг найруулан хийсэндээ маш их харамсаж байна. Хурдан эмчийн хэлсэн тариаг хийж, биеиийнх байдлыг сайжруулъя гэж бодсон” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Н нь өөрийн гэм бурууг шүүх хуралдааны явцад бүрэн хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан байдаг. Дэлхий нийтийг хамарсан Ковид 19 халдварт цар тахлын тархалтын хүнд хэцүү цаг үед Н.Н өргөсөн тангарагынхаа хүрээнд, ажил үүргээ гүйцэтгэж явахдаа санамсар болгоомжгүйгээс алдаа гарган хүний амь нас хохироосон гэм буруутай үйлдлийн хувьд маргах зүйл байхгүй болно. Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд гэм буруугийн 2 ойлголт шинжтэй. Үүнд:

Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ:

хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс,

зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан байхыг гэмт хэрэг гэж хуульчилсан. Энэхүү зүйл, хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс гэсэн гэмт хэргийн ойлголт шинжээс зохих ёсоор биелүүлээгүйгээс гэсэн гэмт хэргийн ойлголт шинж нь эмнэлгийн мэргэжилтэн үүрэгт ажлаа хийсэн боловч зохих стандартыг зөрчсөн байдгаараа ялгагддаг.

Энэ ч утгаараа цар тахлын голомтод Н.Н нь ажиллах явцдаа ажлаас хойш сууж, эмнэлгийн тусламж үйлчилгээг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй биш харин ч хүний амь насыг аврах гэж шуурхай ажиллаж байхдаа зохих стандартыг зөрчсөн байдаг.

Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилсан. Н.Нгийн үйлдсэн гэмт хэрэг нь хуульд заасны дагуу тогтоогдсон, түүнд оногдуулсан хорих ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээ хязгаарын дотор шүүхээс ял шийтгэл оногдуулсан боловч шийтгэх тогтоолд хийсэн Эрүүгийн хариуцлагын дүгнэлт хэсэгт “Шүүгдэгч Н.Нгийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй” гэх дүгнэлт нь хэргийн бодит байдлаас эрс зөрүүтэй дүгнэлтийг анхан шатны шүүхээс хийсэн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Учир нь, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй, бодитой боловч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоор байхад тогтоогдоогүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Н.Нд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;” мөн 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн”, мөн 1.6-д “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн;” гэсэн Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд байгаагаас гадна гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл болох олон хоног нойргүйгээр удаан хугацаагаар улаан бүсэд ажилласан, мөн эмнэлгийн мэргэжилтний хувьд өөрийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй байхад өргөсөн тангараг, ажил үүргийнхээ хүрээнд халдварт цар тахлын голомтод ажил үүргээ гүйцэтгэж байгаад гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн гэмт хэрэг үйлдсэн байдал, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэж өгөхийг хүсье.

... Хохирогч талтай өмнө нь ярилцаж байсан учраас ойлголцож, энэ шүүх хуралдааны дараа 10.000.000 төгрөгийг нөхөн төлөхөөр болж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ггийн өмгөөлөгч О.Баярбаясгалантай тохиролцсон. Хэдийгээр завсарлага аваагүй ч энэ байдлыг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж, албан ёсоор баталгаажуулж, хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тухайн үед шүүгдэгч Н.Н нь улаан бүсэд ажиллаж байсан. 7 хоногийн турш тасралтгүй корона вирусээр өвчилсөн хүмүүст үйлчилж байсан. Үнэндээ 1 тасагт 1 эмч, 2 сувилагч байсан учраас ачааллын хувьд үнэхээр хүнд нөхцөл байсан. Өдөрт 2 цаг унтаж, нүднийхээ хорыг гаргахаас бусад үед эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, биологийн чадамжаасаа давсан ажил хийж гүйцэтгэсэн. Миний үйлчлүүлэгч Н.Н өргөсөн тангарагынхаа хүрээнд улаан бүсэд ажилласан. Эрүүл мэндийн ажилчид өөрсдийнх нь ч амь насанд аюултай халдвар авах, өвчлөх хүнд нөхцөл байсан ч бусдын амь насыг аврах гэсэн өргөсөн тангарагтай үнэнч ажилладаг. Тусламж хэрэгтэй байна гэж дуудаад байхад нь хүртэл очилгүйгээр амь насыг нь хохироосон тохиолдол байдаг. Гэтэл миний үйлчлүүлэгч Н.Н тусламж хэрэгтэй хүнд туслахын тулд эмчийнхээ хэлсэн ойролцоо дуудлагатай эм тариаг алдаж хийсэн. Энэ үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй үйлдэл болсон юм. Мөн байгууллага зохион байгуулалтын хувьд хүний эрүүл мэндийн хүчин чадлаас дээш буюу 7 хоног хүнд нөхцөлд ажиллуулсан. Энэ хэрэг гарахад байгууллага болон тухайн үед ажиллаж байсан ажилчдын сэтгэл, хариуцлага нөлөөлсөн. Зөвхөн Н.Н бус, бусад хүмүүстэй шалтгаант холбоотой гэдгийг хэлэхийг хүсэж байна. Хохирогч талтай утсаар холбогдож хохирол, төлбөрийн талаарх асуудлыг ярих гэсэн боловч утас нь холбогдоогүй. Мөн шүүгдэгч Н.Нгийн ар гэрээс хохирол, төлбөрийг өөрсдийн боломж бололцооныхоо хэрээр цуглуулсан нь энэ байсан юм. Миний үйлчлүүлэгч Н.Н нь эрүүл мэндийн салбарт бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө ажилласан. Тэгэхээр минийн үйлчлүүлэгч Н.Нгийн хувийн байдлыг нь харгалзан үзэж, хорих ялаас бусад төрлийн ял шийтгэл оногдуулах, эсхүл хорих ялыг тэнсэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд нагац эгч нь байгаа юм. 4 өнчин хүүхэд үлдсэн байгаа, дүү нараа л бодож байна. Дүү нараа цааш хэрхэн авч явах вэ. Түүнээс Н.Нг хорилоо гээд талийгаач дүү маань босохоосоо өнгөрсөн. Төрсөн дүү нартайгаа сая уулзахад “шүүх хуралдаанаар сайн баталгаажуулж аваарай, 2 жил өнгөрөхөд уулздаггүй байсан хүмүүс шүү” гэж хэлсэн” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уг хэрэгт гомдол гаргахаас эхлэн хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүйгээр үзүүлсэн. Хохирогчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан шиг гэм буруугийн асуудалд шүүгдэгчийн талаас маргадаггүй, сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа. Гагцхүү өмгөөлөгчийн зүгээс хохирол, төлбөртэй холбоотой асуудлыг яагаад 84.358.953 төгрөгөөр тогтоосон талаар тайлбар хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г “Н.Нг хорилоо гээд миний дүү босоод ирэхгүй” гэж байна. Тиймээс шүүгдэгч Н.Нд заавал хорих ял эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Хохирогч талаас уучлалт гуйсан асуудал байгаа. Энэ хэрэг гараад 2 жил өнгөрсөн байна. Цаашдаа өнчирч үлдсэн 4 хүүхдийг эргэж, тойрч байх асуудлыг анхаарч, холбоотой байгаасай. Учир нь, насанд хүрээгүй 2 бага насны эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа. Иймд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг дэмжиж байна” гэв.

Иргэний хариуцагч НӨА газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрээр гарсан 84.358.953 төгрөгийг НӨА газраас төлөхөөр шийдвэрлэсэн. НӨА газрын хувьд мэдээж гарсан хэргийн хувьд харамсаж байна. Бидэнд эрсдэл гарсан тохиолдолд эрсдtлийн сан байдаггүй учраас энэ хугацаанд нэг удаагийн шилжүүлгээр асуудлыг шийдэх боломжгүй байлаа. Улсын байгууллага учраас зардал хооронд шилжүүлдэг цаг хугацааны асуудал байгаа. Цалингийн зардлыг бусад зардал руу шилжүүлж, Эрүүл мэндийн яамаас зөвшөөрөл авсны үндсэн дээр бид 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Байгууллагад хэдийгээр цалингийн зардал байгаа ч шууд шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал байгаа. Гэхдээ эхний шилжүүлэг хийгдсэн учраас Эрүүл мэндийн яамтай зөвшилцөхөд нилээн нээлттэй болсон гэж ойлгож байна. Бидний тооцооллоор 2-3 сарын дотор тус бүр 20.000.000 төгрөгөөр шилжүүлэх бүрэн боломжтой. Мөн Эрүүл мэндийн яамтай нэг асуудлын талаар ярьж байгаа. Эх баригч Н.Нгийн талаас 84.358.953 төгрөгийг дараа нь нөхөн төлүүлэх асуудлын хувьд амаргүй, өндөр дүн болох учраас нөхөн төлүүлэхгүй байх талаас байгууллага хариуцах асуудлыг ярилцаж байгаа. Эхний ээлжид 20.000.000 төгрөгийг шижлүүлсэн. Цаашид 3 сарын дотор тус бүр 20.000.000 төгрөг шилжүүлэх боломжтой” гэв.

Прокурор Г.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийсэн. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн эрүүгийн хариуцлага оногдуулсан. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт оногдуулсан эрүүгийн хариуцлага тохирсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Н.Н нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах НӨА газрын Коронавируст халдвар (Ковид-19)-ын тусгаарлах тасагт 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс хэвтэн эмчлүүлж байсан коронавируст халдвартай өвчтөнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байхдаа 2021 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цагийн орчим өвчтөн С.Бгийн биеийн байдалд өөрчлөлт орж, зүрхээр хатгуулах, зүрхний цохилт цөөрөх шинж тэмдэг илэрсэн нөхцөл байдалд зүрхний цохилтыг сайжруулан дэмжих үйлчилгээтэй Атропин тариаг хийх гэж байгаад андуурч, араг ясны булчин сулруулдаг, түргэн үйлчилгээтэй, хэрэглэх үедээ зохиомол амьсгал зайлшгүй шаардлагатай Тракриум /атракуруим бесилат/ олон улсын нэршилтэй, худалдааны нэршил нь ATRAFINE нэртэй тариаг өвчтөн С.Бд тарьсны улмаас хохирогч ухаангүй болж, амьсгалын дутагдалд орж, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 05 цаг 54 минутад нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ггийн “...Дөрвөн хүүхдээ орхиод цэл залуухан насандаа өөд болсон, мөн ковидын эмчилгээ хийлгэж байгаад буруу тариа хийсэн асуудлаас болж нас барсанд гомдолтой байна. ...” /1хх 20/,

гэрч Д.Агийн “...Нараа сувилагч дусал хийсний дараа эргээд гарч яваад орж ирэхдээ бор шилтэй тариа авч орж ирсэн бөгөөд уг тариаг дуслыг нь салгаад уян зүүгээр нь дамжуулаад хийсэн. Тариа хийгээд шахаж дуусаагүй шахуу байхад царай нь хөхрөөд, тэгээд эмчээ гэж хэлээд баруун гараа өргөөд амьсгалгүй болсон. ... Миний харснаар 5, 6 см орчим хэмжээтэй, бор шилтэй тариа хийсэн, өмнөх өдөр нь бас бор шилтэй тариа хийж байсан. Би адилхан тариа юм байх гэж бодсон. ...” /1хх 35/,

гэрч Б.Сийн “...2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр эм, тарианы бүртгэлээ хийн нүдээр тоолон үзэхэд Тракриум 1 дутуу байсан, харин 2021 оны 9 дүгээр сарын 22-ны Атропиныг 1 хүнд хэрэглэсэн. Учир нь, би яагаад сайн мэдэж байна гэхээр сувилагч Н.Н Атропин тариаг хэрэглэх эмчийн заавраар өгсөн гэсэн бөгөөд хэрхэн яаж хэрэглэхээ мэдэхгүй байсан тул би Атропинийг нь 1 мл хэмжээтэйг нь 10 мл болгон шингэлж өгөөд 3 мл-ийг тусад нь тасдаад тариуртай 2 тариа болгоод тарианы шилний хамт өгөөд явуулсан. Ингээд Атропин нь 23-ны өдөр ээлж хүлээлцэх үед 6 ширхэг болсон. Харин Тракриумын хувьд 4 ширхэг байснаа 3 ширхэг болсон байсан бөгөөд 1 дутуу байсан, тухайн өдрүүдэд Тракриум хэрэглэх заалттай хүн байгаагүй. ...” /1хх 50/,

шинжээч Ц.Гын “....Үзлэгээр 2021 оны 9 дүгээр сарын 17-ноос 23-ны өдрийн 10 цаг 40 минутад биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, амин үзүүлэлт тогтвортой байсан. 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 22 цаг 35 минутын үзлэгт өвчтөн гэнэт сонин болчихлоо гэсэн сувилагчийн дуудсанаар очиход өвчтөний биеийн байдал маш хүнд, ухаангүй, царай хөхөлбөр, гүрээний артер пульс тэмтрэгдэхгүй, амьсгал зогссон тул зүрхний шууд бус массаж эхлүүлсэн, тусламж дуусав гэсэн байна. Тракриум тарианы хувьд араг ясны булчин сулруулах үйлчилгээтэй бөгөөд уг тариаг хийснээр ийм шинж тэмдэг өгч ухаангүй болж, амьсгалын дутагдалд орж нас барсан байна. Харин Атропин тариаг хийхэд ийм шинж тэмдэг өгөхгүй, өмнөх өдөр нь хийхэд хэвийн байсан талаар тусгагдсан байсан. Нэгэнт зүрх зогссон, 2-3 минут болсон бол тархи үхжилтэд орж эргэшгүй өөрчлөлтөд орно. ...” /2хх 157-158/,

Н.Нгийн яллагдагчаар өгсөн “Гэрэлчимэг эмч Нармандах сувилагчийн дугаараас над руу залгаад С.Бд Атропин сульфат тариаг 0.3 граммаар судсаар хийгээрэй гэж хэлсэн. Ингээд би 402 тоот өрөөнөөс гараад 408 тоот өрөө рүү орсон бөгөөд С.Бд Ковидын цагийн эмчилгээгээ хийгээгүй бөгөөд Гэрэлчимэг эмч зөвлөсний дагуу 5 давхар руу гарч Атропин сульфат тариаг авсан. Тухайн тариаг би 5 давхрын эм, тарианы өрөө рүү орж эм, тариа хадгалах хөргөгчөөс Атропин сульфат тариаг авсан. Энэ тариаг авах үед эм, тарианы өрөөнд хүн байгаагүй бөгөөд бүгд цагийн тариандаа явсан байсан. Ингээд уг тариагаа аваад 408 тоот өрөөнд орж С.Бд уг тариагаа гарт нь байсан уян зүүгээр дамжуулан хийсэн. Тариа хийгээд 2-3 минутын дараа С.Б өвчтөний амьсгал улам давчдаад эхэлсэн бөгөөд би энэ талаар Нармандах сувилагчид хэлж Амаржаргал, Оюунтунгалаг, Гэрэлчимэг эмч нарыг дуудаарай гэж хэлсэн, ингээд удаагүй эмч нар орж ирсэн бөгөөд Оюунтунгалаг эмч өвчтөнөө иллэг, массаж, адерналин тариагаар хийсэн. ...” /Зхх 20-24/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2068 дугаар “...Талийгаачийн цогцост гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. ...Талийгаач тодорхойгүй эмийн бодисын цочмог хордлогоор нас баржээ. ...” /2хх 57-65/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 847 дугаар “...НӨА газрын 444 тоот өвчний түүхэнд бичигдсэнээр 2021.09.17-ны өдрөөс 2021.09.23-ны өдрийн 23 цаг 35 мин өмнөх хугацаанд хийгдсэн Ковид-19 өвчний эмчилгээ болон эрчимт эмчилгээний тасагт хийгдсэн эмчилгээний улмаас эмийн бодисын цочмог хордлогод ороогүй байна. Талийгаач 2021.09.17-ны өдрөөс 2021.09.23-ны өдрийн 10 цаг 40 мин үзлэгүүдэд биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, амин үзүүлэлтүүд тогтвортой байсан. “2021.09.23-ны өдөр 22 цаг 35 мин үзлэгт: эрчимт эмчилгээний эмчийн үзлэгт: өвчтөн гэнэт сонин болчихлоо гэж сувилагчийн дуудсанаар очиход өвчтөний биеийн байдал маш хүнд ухаангүй, царай хөхөлбөр, гүрээний артер пульс тэмтрэгдэхгүй, амьсгал зогссон тул зүрхний шууд бус массаж эхлүүлэн тусламж дуусав, адерналин З мл судсаар хийв...” гэсэн нь амьсгалын дутагдал шинж илэрсэн байх ба тухайн хугацаанд хийгдсэн тариатай холбоотой буюу араг ясны булчин сулруулдаг, түргэн үйлчилгээтэй, хэрэглэх үедээ зохиомол амьсгал зайлшгүй шаардлагатай Тракриум /атракуруим бесилат/ олон улсын нэршилтэй, худалдааны нэршил ATRAFINE гэсэн эмийн бодисын үйлчлэлийн улмаас ухаангүй болж, амьсгалын дутагдалд орж нас баржээ. ...” /2хх 70-73/,

Эрүүл мэндийн яамны Эмгэг судлалын салбар зөвлөлөөс гаргасан 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №22/07 дугаар “...Уг тохиолдолд гуурсан хоолойн хөндий, уушгины эдэд эозинофиль, хөөмөг эсийн (CD 117 (++) эерэг) нэвчдэстэй байгаа нь анафилаксийн урвалын илрэл бөгөөд дотор эрхтнүүдэд цусны эргэлтийн гүнзгий хямрал, амин чухал эрхтнүүдэд үхжил үүсч, шок болон олон эрхтний дутагдлаар нас барсан байна. ...” /2хх 146-148/ гэсэн дүгнэлтүүд,

НӨА газрын даргын Н.Нг ажилд авах тухай 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б/295 дугаар тушаал /2хх 22/, албан тушаалын тодорхойлолтын маягт /2хх 23-25/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Н.Нг “эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Н.Н нь НӨА газрын Коронавируст халдвар (Ковид-19)-ын тусгаарлах тасагт 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс хэвтэн эмчлүүлж байсан коронавируст халдвартай өвчтөнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байхдаа 2021 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цагийн орчим өвчтөн С.Бгийн биеийн байдалд өөрчлөлт орж, зүрхээр хатгуулах, зүрхний цохилт цөөрөх шинж тэмдэг илэрсэн нөхцөл байдалд зүрхний цохилтыг сайжруулан дэмжих үйлчилгээтэй Атропин тариаг хийх гэж байгаад андуурч, араг ясны булчин сулруулдаг, түргэн үйлчилгээтэй, хэрэглэх үедээ зохиомол амьсгал зайлшгүй шаардлагатай Тракриум /атракуруим бесилат/ олон улсын нэршилтэй тариаг өвчтөн С.Бд тарьсны улмаас хохирогч ухаангүй болж, амьсгалын дутагдалд орсны улмаас нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Н.Н “...миний хувийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү ...” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг “...оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Н.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ггийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оийн хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Нд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон хөнгөрүүлэх нь гэм бурууд нь тохирно гэж үзэв.

Хавтаст хэргийн материалыг судлан үзэхэд, Бавуугийн Цэрэн /3хх 100/, С.Б /3хх 99/ нарын нас барсны гэрчилгээ авагдсан бөгөөд Нийслэлийн Баянзүрх дүүргийн засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/613 дугаартай захирамжаар тэдний насанд хүрээгүй төрсөн хүүхдүүд болох Ц.У, Ц.Н нарын асран хамгаалагчаар Ц.Быг тогтоосон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “хохирогч нас барсан, ...тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг” тогтоохоор хуульчилсан байх бөгөөд Ц.Б, Ц.Б, Ц.У, Ц.Н нарын өв нээгдэж, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авчээ.

Иймд энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон М.Гг өөрчилж, амь хохирогчийн төрсөн хүү Ц.Быг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Дээрх үндэслэлээр иргэний хариуцагч “НӨА газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг”-ээс 84.358.953 /наян дөрвөн сая гурван зуун тавин найм мянга есөн зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бд олгохоор заав.

Магадлалд заасан дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Н.Нгийн “тэнсэж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Одонтунгалагийн гаргасан “...хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэж өгөх ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/279 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нгийн эмчлэх эрх (эх барих)-ийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй” гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нд оногдуулсан 2 жилийн хугацаагаар эмчлэх эрх (эх барих) хассан нэмэгдэл ялын хугацааг 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.” гэж,

5 дахь заалтыг “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “НӨА газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг”-ээс 84.358.953 /наян дөрвөн сая гурван зуун тавин найм мянга есөн зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б /РД:**00000000/-д олгосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зорчих үүрэг хүлээлгэсүгэй” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нгийн цагдан хоригдсон 75 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон эдлэх ялаас хасч тооцохыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Нд сануулсугай” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Нг нэн даруй сулласугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР