Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 98

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

            Улсын яллагч Б.Байгалмаа,

Шүүгдэгч Ч.Б,

Хохирогч Н.Баасанжаргал нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Ч.Бт холбогдох 1711000000359 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа дугуй засварын газар түрээслэн ажиллуулдаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 8-134 тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, Баянгол дүүргийн 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ч.Б (РД:000000000),

нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 84-ийн автобусны буудал орчимд иргэн Н.Баасанжаргалтай таксины төлбөр төлөх асуудлаас болж маргалдан улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлэхдээ: “…Би 2017 оны 12 дугаар сарын 03-ны шилжих шөнө 01 цагийн үед Хайлаастын хуучин эцсийн автобусны буудлын хажууд байрлах түцнээс 5 ширхэг хуушуур халаалгаж авчихаад ажил дээрээ очиж идэх гээд явж байсан. Замын хажуугаар алхаж явахдаа гараа өргөөд явж байтал энэ залуу машинтай ирж зогссон. Зогсоод “ах хаа хүрэх юм бэ” гэж надаас асуухад нь “ах нь 500 метр хүрэхгүй газар явна” гэж хэлсэн. Тэгтэл энэ залуу за суучих ахаа гэхээр би суусан. Доошоо уруудаад удаагүй байхад ах нь ажлынхаа харалдаа ирчихлээ ингээд буучихъя гээд 500 төгрөг өгөөд буух гэсэн чинь энэ 500 төгрөгөөр чинь би яадаг юм бэ гээд миний ам руу чихсэн. Ам руу мөнгө чихэхээр нь чи яаж байгаа юм бэ гээд би ам руу нь цохисон. Тэгээд би машинаас буусан чинь та миний шүдийг хугалчихлаа гээд намайг бариад авсан. Би өө тийм үү ахыгаа уучлаарай ах нь маргааш шүдийг чинь хийлгээд өгье гэтэл, би таныг хаанаас гэж олох юм бэ, цагдаа дуудъя гээд цагдаа дуудсан” гэв.

Хохирогч Н.Баасанжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 12 дугаар сарын 03-наас 04-нийг шилжих шөнийн 01 цагийн үед Хайлаастын эцэст найзындаа байж байгаад гэр рүүгээ харихаар найзтайгаа цуг такси барьсан. Тэр үед 84-ийн буудал дээр нэг ах гараа өргөөд зогсож байсан. Тухайн өдөр гадаа их хүйтэн, тэр хавьд барагтай такси олддоггүй болохоор хажууд зогсоод ах хаа хүрэх юм гэж асуутал, ах нь ойрхон явна гэж хэлсэн. Тухайн үед би таксиныхаа мөнгөнд 1.000 төгрөг ч гэсэн нэмэрлэе, энэ хүнийг ч замдаа буулгаад өгье гэж бодоод ах 1.000 төгрөг өгчихөөрэй гээд суулгасан. Доошоо уруудаж явж байгаад энэ ах буух болсон. Тэгээд 500 төгрөг гаргаж өгөхөөр нь ахаа 1.000 төгрөг өгөөрэй гэж хэлээ биз дээ гэхэд юу яриад байгаа юм бэ 100 метр хүрэхгүй газар явчихаад 1.000 төгрөг яасан гэж өгдөг юм бэ гэсэн. Тухайн үед 100 метр газар яваагүй 1 км газар явчихаад хэлсэндээ 1.000 төгрөг өгөөгүй болохоор нь би за, за май энэ мөнгө ав гээд өгөхөд уруул орчим нь хүрсэн юм шиг байна лээ. Тэрийг ах буруугаар ойлгоод намайг цохисон. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Эмчилгээнд гарсан зардал 211.000 төгрөг авсан. Цаашид шүд хийлгэх зардал нэхэмжилнэ” гэв.

Гэрчүүдээс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

1.Э.Мөнх-Ирээдүйгээс: “... 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр манай найз Н.Баасанжаргал манай гэрт ирсэн юм. Манайд хоол унд идчихээд, тоглоом тоглож байгаад 12 дугаар сарын 03-ны шөнийн 01 цагийн үед 17-д байх Санчир гэх найз дээрээ очих зорилгоор Хаан банктай эцсийн буудлаас такси доошоо уруудаж явахад 84-ийн автобусны буудлаас нэг ах, тортой эд зүйл барьчихсан, такси барих гээд зогсож байхаар нь “манай найз Баасанжаргал хаа хүрэх юм бэ гэж асуухад” харин нөгөө залуу доошоо нэг буудал гэж хэлсэн бөгөөд, таксины жолооч ах 1.000 төгрөгөөр явна гэхээр нь тус больё гэж бодоод тухайн залууг суулгасан юм. Тэгээд уг ах зөвшөөрөөд таксинд суусан бөгөөд буух газраа ирчихээд буухдаа 500 төгрөгийг манай найз Баасанжаргалд өгсөн. Тэр үед манай найз Баасанжаргал тухайн залууд хандаж “1.000 төгрөгөөр явна гэж яриа биздээ гээд хоорондоо бага зэргийн маргаан үүсгээд байх шиг байсан бөгөөд хойшоо эргээд харахад машинаас буухдаа тухайн залуу манай найз Баасанжаргалын өөдөөс уруул руу нэг удаа цохисон юм. Тэр үед Баасанжаргал буугаад тухайн залууг хэлэхээр нь би 102 дугаар ру залгаж энэ талаар дуудлага өгсөн юм. ...1 шүд унасан хажуу талынхан шүднүүд хөдөлсөн байна гэж хэлсэн юм. ...Бид хоёр эрүүл байсан...” гэжээ.

2.Н.Баярсайханаас: “…Би 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 01.00 цагийн үед 22-63 УБД улсын дугаартай соната-2 маркийн автомашинаар такси үйлчилгээнд явж байсан Хайлаастын Хаан банктай эцсийн замын хажууд 2 залуу гар өргөхөөр авсан тэр 2 залуу Хайлаастын 84 дэлгүүр орно гэсэн. Тэгээд тэр 2 залууг аваад доош явж байтал замын хажууд дахиад нэг залуу гар өргөөд зогсож байсан. Тэгээд миний ард суудал дээр сууж байсан залуу нь тэр зам дээр гараа өргөөд зогсож байсан хүнийг авчих 1000 төгрөг ч гэсэн хэрэгтэй гэхээр нь би аваад явсан. Сүүлд суусан залуу машины арын суудал дээр суусан. Тэр сүүлд суусан залуу Хайлаастын 84 дээр буугаад надад 500 төгрөг өгсөн юм. Гэтэл миний ард сууж байсан залуу сүүлд суусан залууг 1000 төгрөг өгөөч наад явсан километр чинь 1000 төгрөг гарсан байна гээд байсан. Гэтэл сүүлд суусан залуу нь надад 500 төгрөг л байна гэхээр нь би за өгчих гэтэл ард сууж байсан залуу нөгөө залуугийн өгсөн 500 төгрөгийг булааж аваад аманд нь хийгээд байсан. Тэгээд тэр хоёр маргалдаад сүүлд суусан залуу нь буух гэтэл нөгөө залуу араас татаад буцаагаад машинд суулгах гээд ноцолдоод байсан. Гэтэл нөгөө залуу нь уурлаад гараа атгаж байгаад шүд рүү нь цохьчихсон. Тэгээд би тэр 3 залууг машинаасаа буулгаад явсан. Би сүүлд суусан хүнийг суухад нь хэдэн төгрөгөөр явна гэж хэлээгүй. Би тэр 3 залуугаас такси мөнгөө аваагүй. Эхлээд суусан 2 залуугийн таксины мөнгө нь 1500 төгрөг, сүүлд суусан залуугийнх 500 төгрөг гарсан байсан. ... машины хаалга онгорхой тэр хоёр хоорондоо барьцалдаж байгаад сүүлд суусан залуу нь эхлээд суусан залууг цохисон.” гэжээ.

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.12.06-ны өдрийн ¹14964 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1.Н.Баасанжаргалын биед үүдэн 1 шүдний булгарал, үүдэн 1 шүдний хугарал, үүдэн 2 шүдний сулрал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдуулна гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Ч.Б нь нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 84-ийн автобусны буудал орчимд иргэн Н.Баасанжаргалтай таксины төлбөрийн асуудлаар маргалдан улмаар нүүрэн тус газарт гараараа цохисоноос хохирогчийн биед үүдэн 1 шүдний булгарал, үүдэн 1 шүдний хугарал, үүдэн 2 шүдний сулрал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, буйланд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь

 

 

 

шүүгдэгчийн “... Доошоо уруудаад удаагүй байхад ах нь ажлынхаа харалдаа ирчихлээ ингээд буучихъя гээд 500 төгрөг өгөөд буух гэсэн чинь энэ 500 төгрөгөөр чинь би яадаг юм бэ гээд миний ам руу чихсэн. Ам руу мөнгө чихэхээр нь чи яаж байгаа юм бэ гээд би ам руу нь цохисон. Тэгээд би машинаас буусан чинь та миний шүдийг хугалчихлаа гээд намайг бариад авсан” гэх мэдүүлэг, хохирогчийн “... Доошоо уруудаж явж байгаад энэ ах буух болсон. Тэгээд 500 төгрөг гаргаж өгөхөөр нь ахаа 1.000 төгрөг өгөөрэй гэж хэлээ биз дээ гэхэд юу яриад байгаа юм бэ 100 метр хүрэхгүй газар явчихаад 1.000 төгрөг яасан гэж өгдөг юм бэ гэсэн. Тухайн үед 100 метр газар яваагүй 1 км газар явчихаад хэлсэндээ 1.000 төгрөг өгөөгүй болохоор нь би за, за май энэ мөнгө ав гээд өгөхөд уруул орчим нь хүрсэн юм шиг байна лээ. Тэрийг ах буруугаар ойлгоод намайг цохисон” гэх мэдүүлэг, гэрч Э.Мөнх-Ирээдүйгийн мэдүүлэг “... хойшоо эргээд харахад машинаас буухдаа тухайн залуу манай найз Баасанжаргалын өөдөөс уруул руу нэг удаа цохисон юм” гэх мэдүүлэг, Н.Баярсайханы мэдүүлэг “…Гэтэл сүүлд суусан залуу нь надад 500 төгрөг л байна гэхээр нь би за өгчих гэтэл ард сууж байсан залуу нөгөө залуугийн өгсөн 500 төгрөгийг булааж аваад аманд нь хийгээд байсан. Тэгээд тэр хоёр маргалдаад сүүлд суусан залуу нь буух гэтэл нөгөө залуу араас татаад буцаагаад машинд суулгах гээд ноцолдоод байсан гэтэл нөгөө залуу нь уурлаад гараа атгаж байгаад шүд рүү нь цохьчихсон” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.12.06-ны өдрийн ¹14964 тоот шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Боржигон овогт Ч.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Н.Баасанжаргал нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд гарсан зардалд 210.800 төгрөг нэхэмжилсэн нь хэрэгт хавсаргасан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь хохирогчид 211.000 төгрөгийг нөхөн төлсөн ба хохирогч нь цаашид гарсан хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчийн эмчилгээний зардалд гарсан зардал нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овогт Ч.Быг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай

5. Шүүгдэгчээс хохирогчид 211.000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч нь цаашид гарсан эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ