Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/14

 

 

Д.Ө-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ц.О даргалж, шүүгч Ш.Б, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Ц.Б,

Шүүгдэгч Д.Ө,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нарыг оролцуулан,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.М-ын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/49 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор шүүгдэгч Д.Ө-д холбогдох эрүүгийн 2216001120013 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овогт Д.Ө нь Монгол Улсын иргэн, халх, 19 ... оны ... дүгээр сарын ... -ны өдөр Г........... аймгийн .............. сумд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл ..., эхийн хамт ................ аймгийн ........... сумын ........... багийн ... - ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ................... регистрийн дугаартай.

 

1. Шүүгдэгч Д.Ө-ыг 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Г................ аймгийн ............... сумын ........... багт байрлах ... дүгээр байрны ... дугаар орцны доод давхрын подвалын цонхоор нэвтрэн, хохирогч В.Т эзэмшлийн эд зүйл хадгалдаг өрөөний хаалганы цоожийг эвдлэн орж, хохирогч В.Т өмчлөлийн шинэ цагийн мөнгөн тоногтой гэх, ясан хяртай хүүхдийн эмээл 1 ширхэг, хохирогч Г.Д өмчлөлийн шинэ цагийн мөнгөн тоногтой гэх, ясан хяртай, жийжүү дөрөөтэй том хүний эмээл 1 ширхэг, хохирогч Н.М-ийн эзэмшлийн ТОЗ-8 загварын буу 1 ширхэгийг авсан үйлдэлд буруутгаж прокуророос уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

2. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Д.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө-д 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө-д оногдуулсан 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Д.Ө-оос 1,800,000 (нэг сая найман зуун мянга) төгрөгийг гаргуулан хохирогч Г.Д-т, 800,000 (найман зуун мянга) төгрөгийг гаргуулан хохирогч Н.М тус тус олгож, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Ц 300,000 (гурван зуун мянга) төгрөг төлсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан том хүний дөрөөгүй 1 ширхэг эмээлийг хохирогч Г.Д-т, хүүхдийн эмээл 1 ширхгийг хохирогч В.Т-д тус тус буцаан олгож, ТОЗ-8 загварын галт зэвсгийн гохны хүрээ төмөр 2 ширхэг, гох 1 ширхэг, боолт 1 ширхэг, ......... дугаартай замаг 1 ширхэг, АВN1607 дугаартай гол төмөр 1 ширхэг зэргийг устгуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, тайлбартаа: Шүүгдэгч Д.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шүүхээс түүнд 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Д.Ө нь өндөр настай ээжийн хамт Г.......... аймгийн ............. сумын ................ багт оршин суудаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан, өөрийнх нь биеийн байдал тааруухан, хэргийн талаар анхнаасаа тогтвортой мэдүүлэг өгч, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.

 

   4. Шүүгдэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Нарийн дөрөө байсан. Авсан хүн нь зарсан байх гэж бодож байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

   5. Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, түүний хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан шударга ёсны зарчимд нийцүүлж ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Тухайн үед шүүгдэгч нь хохирогч Н.М 800,000 төгрөг, хохирогч Г.Д-т 1,800,000 төгрөгийн хохирлыг төлөөгүй байсан. Анхан шатны шүүхээс хохиролтой холбоотой завсарлага авах уу гэхэд завсарлага авах шаардлагагүй гэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байгаа. Шүүгдэгчийн хувьд анхнаасаа гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол шударга ёсны зарчимд нийцүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг харгалзаж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

6. Хэргийн үйл баримтын талаар:

 

6.1. Шүүгдэгч Д.Ө нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ........... аймгийн ............ сумын .......... багт байрлах ... дүгээр байрны ... дугаар орцны доод давхарын подвалын цонхоор нэвтэрч орж улмаар хохирогч В.Т эзэмшлийн эд зүйл хадгалдаг өрөөний хаалганы цоожийг эвдлэн орж түүний өмчлөлийн хүүхдийн монгол эмээл, хохирогч Г.Д өмчлөлийн ясан хяртай, жийжүү дөрөөтэй том хүний монгол эмээл, хохирогч Н.М-ийн өмчлөлийн ТОЗ-8 загварын буу зэргийг авсан байна.

6.1.1. Энэ үйл баримт нь: Хохирогч В.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Улаанбаатар хотод байхад 2022 оны 04 дүгээр сарын 07-08-ны үеэр эмээлээ хадгалуулсан байсан Г.Д гэдэг залуу утсаар залгаад “Миний эмээлийг зарах гээд Нарантуул зах дээр хүн бариад явж байна.” гэхээр нь  2022 оны 04 дүгээр сарын 11-ний үеэр аймагт ирж шалгахад подволын өрөөний хаалганых нь цоожийг эвдэн хулгай орсон байсан. Тэгэхээр нь эхнэрээрээ Нарантуул зах  дээр зарах гэж байсан эмээлийг үзүүлэхэд алдагдсан эмээл мөн байсан тул Нарантуул захын цагдаад мэдэгдэж хураалгасан. Хулгайд алдсан эд зүйлээ бүртгэхэд том хүний эмээл, хүүхдийн эмээл, калибр буу зуны хувцаснууд байхгүй байсан. Хүүхдийн эмээл нь 2021 онд хийсэн эмээл, харин калибр буу нь найз Н.Мгийнх нь буу байсан” тухай мэдүүлэг /хх 65-66/,

6.1.2. Хохирогч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “В.Т эмээлийг нь 2019 онд хэрэглэж байгаад өгнө гэж аваад явсан байсан. Уг эмээл үе дамжин ирсэн, дөрөө нь дээр үеийн, их үнэтэй жийжүү дөрөө байсан” тухай мэдүүлэг /хх 53/,

6.1.3. Хохирогч Н.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Б гэдэг хүнээс 1,500,000 төгрөгөөр буюу идэшний үхрээр худалдаж авсан ТОЗ-8 загварын бууг нь 2021 оны 10 дугаар сарын үед В.Т нь бичиг баримттай болгож өгөхөөр авч явсан. 2022 оны 04 дүгээр сарын үед В.Т-тай бууныхаа талаар асууж утсаар ярихад хулгайд алдсан гэж хэлсэн. Одоог болтол буугаа олж авч чадаагүй байгаа” тухай мэдүүлэг /хх 71/,

6.1.4. Гэрч Ж.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 03 дугаар сарын сүүлээр намайг Нарантуул зах дээр наймаа хийж байхдаа нэг залуугаас ......... аймгаас ирсэн гэх хүүхдийн болон том хүний мөнгөн чимэггүй, нэг нь шинэ цагийн хайлшин даруулгатай хоёр эмээлийг 300,000 төгрөгөөр худалдаж авсан” тухай мэдүүлэг /хх 85/,

6.1.5. Хохирогч С.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Нарантуул захын хуучин эд зүйл зардаг газар худалдаа хийдэг зүс таних эмэгтэйгээс хоёр эмээлийг 300,000 төгрөгөөр худалдаж авсан. Уг эмээлийг буцааж өгсөн тул 300,000 төгрөгөө нэхэмжилж байгаа” тухай мэдүүлэг /хх 58/,

6.1.6. Гэрч Ө.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Аав Ө нь эмээ Ц-ийнх нь амбаараас буу аваад ирээрэй гэж хэлсний дагуу 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот явахдаа уг бууг авч явсан” тухай мэдүүлэг /хх 77-78/,

6.1.7. Гэрч Ц.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 04 дүгээр сард нөхөр болох Т нь “Нарантуул захын эмээл зардаг газарт миний эмээл байна гэнэ. Очоод мөн бишийг нь үзээд орхи” гэж утсаар хэлсний дагуу очиж үзэхэд мөн байхаар нь зарах гэж байсан хүнээс нь уг эмээлийн талаар асуухад 2-3 сарын өмнө худалдаж авсан гэж хэлсэн. Тэгээд Нарантуул захын цагдаагийн хэсэгт очиж өөрийнхөө эмээлийг хураалгасан. Хүүхдийнхээ эмээлийн модыг хар хөх торгоор өнгөлж байсан болохоор тэрийг нь хараад таньсан. Хамт байсан эмээлийн зургийг нь дараад нөхөртөө үзүүлэхэд Д-ийн манай нөхөрт хадгалуулсан эмээл мөн байж таарсан” тухай мэдүүлэг /хх 89/,

6.1.8. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр С.Цгээс 2 ширхэг эмээл хураан авсан тэмдэглэл /хх 31/, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ө.Б-өөс ТОЗ-8 загварын галт зэвсгийн гох, гохны хүрээ төмөр 2 ширхэг, боолт зэргийг хураан авсан тэмдэглэл /хх 36/, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Д.Ө-оос ТОЗ-8 загварын галт зэвсгийн ......... дугаартай гол төмөр, ......... дугаартай замаг зэргийг хураан авсан тэмдэглэл /хх 41/,

 6.1.9. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч жижиг цонхоор хэрхэн нэвтэрсэн талаар мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 15-19, 25-28/,

 6.1.10. Шүүгдэгч Д.Ө-ын шүүх хуралдаанд өгсөн: “Найзтайгаа архи хувааж ууж байгаад талыг нь халааслаад явсан. Нэг сэрэхэд цоожтой өрөөнд байсан. Тийшээ яаж орсноо мэддэггүй. Ийм зүйлүүд байж байхаар нь аваад гарсан. Гэртээ аваачиж нууж байгаад хот руу авч явсан. Уг үйлдэлдээ гэмшиж байгаа” тухай мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

7. Нотлох баримтын талаар.

7.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Ө-д холбогдох хэргийг хянан хэлэлцэж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

7.2. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

7.3. Хэргийн үйл баримтыг нотлож байгаа, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, харилцан бие биенээ нөхсөн шинжтэй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд бүхэлдээ хангалттай байна.

 

7.4. Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, шүүгдэгчийн уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдож байгаа болохыг дурьдах нь зүйтэй.

 

8. Эрх зүйн дүгнэлт хууль хэрэглээний талаар.

8.1. Шүүгдэгч нь нийтийн зориулалттай орон сууцны зоорийн давхарын хагарсан байсан жижиг цонхоор зоорийн давхарт нэвтэрч, уг зоорийн давхар дахь хохирогчийн агуулахын зориулалтаар ашиглаж байсан өрөөний цоожийг эвдлэн өрөөнд орж хохирогч нарын эд зүйлийг авч захиран зарцуулсан нь тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

8.2. Прокуророос шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх шүүгдэгчийг эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

8.3. Мөн мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, эд мөрийн баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

9. Давж заалдах гомдлын талаар:

9.1. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг багасгуулахаар давж заалдах гомдол гаргажээ.

 

9.2. Шүүгдэгч нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас хойш хохирогч Г.Дт  1,800,000 төгрөг, Н.М 800,000 төгрөг төлж гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчээс гаргаж өгсөн банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна. Тиймээс шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсныг дурьдах нь зүйтэй.

9.3. Шүүгдэгч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад тогтоогдсон хэргийн үйл баримтыг уг үйл баримтад өгсөн прокурор, анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлтийг бүрэн хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ухамсарлаж, гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байхыг амлаж байгаа зэргийг харгалзан давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдсон шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээнийхээ хүрээнд анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн ял хөнгөрүүлэх талаарх давж заалдах гомдлыг хүлээн авахаар шийдвэрлэв. 

9.4. Шүүгдэгч нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас хойш давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан хүртэл 39 хоног цагдан хоригдсон байх тул шүүгдэгчийн цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож нийт цагдан хоригдсон хугацааг хорих ял эдлэх хугацаанаас нь хасах нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/49 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын эхэнд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан” гэсэн нэмэлт оруулж, тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад “2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих” гэснийг “1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын 3, 5 дахь заалтыг хүчингүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож нийт цагдан хоригдсон 39 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс шүүгдэгчээс 1,800,000 төгрөг гаргуулж хохирогч Г.Дт, 800,000 төгрөг гаргуулж Н.М олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө төлж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан болохыг дурьдсугай.  

 

 4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.О

                  ШҮҮГЧИД                             Ш.Б

                                                               Ч.Э