Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 214/МА2020/00026

 

Ц.Б ын нэхэмжлэлтэй Б.Х д

холбогдох иргэний хэргийн тухай 

 

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 670 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Б ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Х д  холбогдох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, Ц.Б ын эзэмшлээс Булган аймгийн ... орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С , нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов. 

Нэхэмжлэгч Ц.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Б  миний бие нь Б.Х тай 2005 онд гэр бүл болж 2 хүүхдийн эцэг эх болж 10 гаруй жил амьдарсан. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09-р сарын 13-ны өдрийн 496 тоот шүүхийн шийдвэрээр Б.Х ын нэхэмжлэлээр гэрлэлт цуцлагдаж, 2 хүүхэд маань миний асрамжид үлдсэн юм. Одоо 2 хүүхэд маань өдрөөс өдөрт өсөн ахуй хэрэглээ нь нэмэгдэж байгаа ба төрсөн эцэг эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргийнх нь дагуу эх Б.Х аас нь 2006 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр төрсөн хүү Б.М , 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Б.Е  нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна.

Мөн гэр бүл болоод худалдаж авсан, одоо бид 3-ын амьдарч байгаа Булган аймгийн ...  3 өрөө байраа 40 000 000 төгрөгөөр үнэлэн өөрсдөд оногдох хувь болох 30 000 000 сая төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Уг орон сууц нь өнөөдөр хэдийгээр Б.Х ын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй боловч анх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг бид 2 нэр дээрээ авсан, тухайн үед бид 2 банкнаас зээл авахын тулд орон сууцаа Ц.О т бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн эргүүлээд худалдах худалдан гэрээ байгуулан орон сууцны зээл аваад Б.Х ын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан юм. Б.Х  нь 2016 онд шүүхэд хандахдаа хүүхдийн асрамж, тэтгэлэг, дундын өмчлөлийн эд хөрөнгийн асуудлаар хандсан боловч насанд хүрээгүй хүүхдүүдээ орон гэртээ тав тухтай амьдрах боломжтой гэж үзэн хүүхдүүдээ миний асрамжид үлдээхээр болж дундын өмчлөлийн эд хөрөнгө хуваалгах нэхэмжлэлээсээ татгалзсан. Гэвч эд хөрөнгийн эрхийг бидний нэр дээр шилжүүлэх асуудал шийдвэрлэгдэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Ц.Б  нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргахдаа хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө болох орон сууцнаас ноогдох хэсгээ гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ц.Б , Б.Х  нар нь 2005 онд гэр бүл болж 2 хүүхдийн эцэг эх болж 10 гаруй жил амьдарсан гэсэн бичвэртэй 2016 оны 9 дүгээр сарын 13-ны 496 тоот шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Тухайн үед гэрлэлтээ цуцлуулахдаа хоёр хүүхдээ эцгийн асрамжинд үлдээгээд хүүхдийн тэтгэлгийн асуудлыг тухайн үед тусгаагүй учир тэтгэлгийн асуудал шийдэгдээгүй. Одоо амьдралын явцад энэ хоёр хүн өөр өөрийн гэсэн тусдаа амьдралтай болсон. Ц.Б  одоогоор хоёр хүүхдийн хамт Япон улсад амьдарч байгаа. Хүүхдүүд өсөж том болоод хэрэглээ нэмэгдсэн. Ээж нь харж асрах хүүхдүүдтэйгээ уулзах Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ төдийлөн биелүүлэхгүй байна. Тиймээс хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгоно гэсэн байгаа. Анх гэр бүл болсны дараа худалдаж авсан Булган аймгийн ..., 3 өрөө байр нь  Ц.Б  болон 2 хүүхдийн эзэмшилд байгаа. Өмчлөгч нь Б.Х  гэсэн Улсын бүртгэлд тухайн нэрээр байдаг. Анх тухайн байрыг Ц.Б  худалдаж аваад дараа нь удалгүй Б.Х тай хамт ажилладаг Ц.О т Ц.Б  бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд тэр үед нь Ц.О ээс Б.Х  худалдаж авч байгаагаар гэрээ байгуулж, орон сууцны зээлд хамрагдахаар ийм үйл ажиллагаа явуулсан.Түүнээс эд хөрөнгө нь дундын өмч юм. Иймээс оногдох хэсгээ гаргуулна гэдэг байдлаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Х , Ц.Б  нар 2016 оны 09 дүгээр сарын 13-нд шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлт цуцлуулах үед Ц.Б , Б.Х  нар хоорондоо харилцан тохиролцоод хүүхдийн тэтгэлэг ээжээс нь авахгүй, хүүхдээ эцэгт нь үлдээгээд хоорондоо тохироод хоёр хүүхдээ эцгийн асрамжид үлдээсэн байгаа. Б.Х  2016 онд нэхэмжлэл гаргахдаа хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авъя, тэтгэвэр тогтоолгоё, дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгээ авна гэсэн шаардлага гаргасан боловч харилцан тохиролцоод нэхэмжлэлээсээ татгалзаж зөвхөн гэрлэлтээ цуцлуулсан. Нилээн олон тооны үл хөдлөх хөрөнгийн асуудал яригдаж байсан. Мөн  суудлын  2 автомашин байсан. Эдгээр хөрөнгийг Ц.Б д үлдээгээд талууд тохиролцсон. 2019 оны 06 сард нэхэмжлэлийн шаардлага  гаргахдаа байрны оногдох хэсэг 30 000 000 төгрөг болон тэтгэлэг гаргаж өгөөч гэсэн нэхэмжлэл гаргасан. Б.Х , Ц.Б  нар тус тусын амьдралтай болсон. 2 хүүхэд аавтайгаа Япон улсад байгаа. Б.Х ын хувьд 4 сартайгаас 3 настай бага насны хоёр хүүхэдтэйгээ байгаа. Хүүхэд асарсны чөлөөтэй байгаа юм байна лээ. 680 000 төгрөгийн цалинтай тухайн үед Дашинчилэн сумын үйлчилгээний барилгыг авч үлдсэн бусад суудлын машин, ачааны машин, Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн хажуу дахь үл хөдлөх хөрөнгийг Ц.Б  авсан. Япон явахдаа эд хөрөнгөө зараад хоёр хүүхдээ аваад явсан. Ийм учраас 680 000 төгрөгийн цалинтай, бага насны хоёр хүүхэдтэй учраас би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Миний асрамжинд байгаа хоёр хүүхэд яах билээ, би сарын 680 000 төгрөгийн цалингаар яаж амьдрах билээ гэсэн утга агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй юм гэсэн тайлбар гаргаж байгаа. Би хариуцагчийн энэ хүсэлтийг дэмжиж оролцож байна. Булган аймгийн ... 3 өрөө байр Б.Х ын нэр дээр байдаг. 2019 оны 01 дүгээр сарын байдлаар Булган аймгийн Сум дундын Эвлэрүүлэн зуучлахаар банк хандаад зээлийн төлбөрийг би хариуцаж төлж байгаа юм. Иймээс 30 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ц.Б  тухайн зээлээс нэг ч төлбөр төлөөгүй. Булган аймгийн ... 3 өрөө байр Б.Х ын нэр дээр байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

Хариуцагч Б.Х  нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Б.Х  нь Ц.Б ын эзэмшлээс өөрийн өмчлөлийн Булган аймгийн ... 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлэхийг хүсч байна. Учир нь бид 2016 онд гэрлэлтээ цуцлуулахдаа 2 хүүхдээ бодож, Ц.Б ын эзэмшилд үлдээсэн бөгөөд Ц.Б  2 хүүхдийг Япон улс руу явуулсан, мөн ХААН банкнаас авсан зээлийн барьцаанд орон сууц байгаа боловч зээлийн үүргийг би төлж байгаа. Тус байр нь миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө тул өмчлөгчийн хувьд Ц.Б ын эзэмшлээс байраа чөлөөлүүлэхийг шаардаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Х  нь “... 3 өрөө орон нь миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө тул Ц.Б ын эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардаж байна “гэжээ. Энэ байрыг анх Ц.Б, Б.Х  нар гэр бүл болохдоо худалдан авч Ц.Б ын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэйгээр Хаан банкнаас зээл авсан. Хаан банкаас авсан зээлийг Хас банк руу шилжүүлж, нэмж зээл авах шаардлага гарсан тул тухайн үед Б.Х тай хамт ажилладаг байсан Ц.О т бэлэглэлийн гэрээгээр байраа шилжүүлж, тэр өдөрт нь Б.Х ын нэр дээр худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлэн авч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан нь Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн лавлагаа тодорхойлолтуудаар нотлогддог. Энэ нь биднийг гэр бүл болоход зориулагдсан орон сууц бөгөөд тэнд 2 хүүхдээ төрүүлж бид 4 10 шахам жил амьдарсан тул хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохоос Б.Х ын хуваарьт өмч биш юм. 2016 онд гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, дундын өмчлөлийн асуудал яригдаж байхад энэ асуудал яригдаж байсан тул тус шүүхэд байр дундын өмч болохыг тогтоолгохоор Ц.Б  хүсэлт өгч байсан боловч шүүх уг асуудлыг шийдвэрлээгүйгээс одоо  шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан байна. Иймд дундын өмчлөлийн энэ байрнаасаа Ц.Б  2 хүүхдийн хамт оногдох хувиа автал байрыг чөлөөлөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ. 

Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай шүүхэд тайлбар гаргасан. Ингэж тайлбар гаргахдаа энэ байр бол дундын өмчлөх эд хөрөнгө юм. Дундын өмч гэдэг нь юугаар нотлогдох вэ гэхээр Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаа байгаа. Уг лавлагаанд өмч хувьчлалын журмаар ... гэдэг хүний нэр дээр шилжээд түүнээс гэр бүл болохдоо Ц.Б  худалдаж авсан юм. Ц.Б ын  нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээ аваад хаан банкнаас зээл авсан. Хаан банкнаас авсан зээлээ хас банкруу шилжүүлээд нэмж зээл авах шаардлага байсан учраас Б.Х тай хамт ажилладаг хүнд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд тэр өдөрт нь худалдах худалдан авах гэрээ байгуулан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан. Тэгээд энэ байранд хоёр хүүхдээ төрүүлж 10 гаруй жил амьдарсан. Иймээс хэний нэр дээр байгаагаас үл хамааран дундын өмчлөлийн эд хөрөнгө учраас бид нар хувааж авах ёстой. Өмчлөлийн асуудлыг Б.Х ын хувиарт өмч байх боломжгүй гэсэн тайлбар ирүүлсэн. Энэ дагуу тайлбар гаргаж байна. Орон сууцнаас өөр асуудал яригдаагүй учир нотлох баримт өөр зүйлээр гаргаж өгөөгүй. Гаргаж өгөх шаардлагагүй гэв.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчлөгч Б.Х  байгаа. Хэрвээ Ц.Б  өмчлөлөөс хувь хэсэг авна гэж байгаа бол тусдаа шаардлага гаргуулаад энийгээ авах ёстой байсан. Б.Х тай тэтгэмжийн асуудлаар ярьж байхдаа Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтээ гаргаад өмчлөлөө баталгаажуулах ёстой байсан. Гэрлэлт 2016 онд цуцлагдсан. Өнөөдрийг хүртэл Улсын бүртгэлд Ц.Б  өмчлөх эрхтэй юм гэсэн асуудал яригдаагүй. 2016 оны гэрлэлт цуцлалтын байдалд би хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө албан ёсоор тогтоолгоно гэсэн зүйл албан ёсоор гаргаагүй учраас өнөөдөр Б.Х ын өмч мөн гэж үзэх үндэслэлтэй байна.  Нэхэмжлэгчийн үндсэн шаардлага дээр энэ асуудал ороод ирсэн байгаа шаардлагыг үндэслээд шийдэх боломжтой гэж үзэж байна. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд зааснаар өмчлөх эрхийг олж авч байгаа этгээдийн зохицуулалт байгаа. Улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл нь тухайн байрны өмчлөгч хэн болохыг тодорхойлж байгаа учраас 183 дугаар зүйлд зааснаар Улсын бүртгэлд өмчлөх эрхээ бүртгүүлэх ёстой байхад бүртгүүлээгүй байгаа. Энэ байдлаар тухайн байрны өмчлөгч нь Ц.Х  гэж үзэх хууль зүйн үндэстэй учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс өөрийнхөө эзэмшлийг шаардах эрх байна гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.  

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 670 дугаартай шийдвэрээр:

   1.  Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2006 оны 11 сарын 09-ний өдөр хүү Б.М , 2010 оны 06 сарын 22-ны өдөр охин Б.Е  нарыг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх Б.Х аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эцэг Ц.Б д даалгасугай.

 2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

         3. Гэр бүлийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.3, 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.2-т зааснаар хариуцагч Б.Х аас 30 000 000 /гучин сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б , хүү Б.М , охин Б.Е  нарт тус бүр 10 000 000 /арван сая/ төгрөгийг олгосугай.

          4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Х ын өмчлөлд бүртгэлтэй Булган аймаг, ... хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-************* дугаарт бүртгэлтэй 39.2 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Ц.Б ын хууль бус эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлсүгэй.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Х аас 396 666 /гурван зуун ерэн зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б д 307 950 /гурван зуун долоон мянга есэн зуун тавь/  төгрөгийг, Төрийн санд 88 716   /наян найман долоон зуун арван зургаа/ төгрөгийг, нэхэмжлэгч Ц.Б аас 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Х д, Төрийн сангаас 50 000 /тавин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б д тус тус олгосугай.

  6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Азжаргалд даалгасугай.

  7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

  8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. гэж шийдвэрлэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С  давж заалдах гомдолдоо: “Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 670 тоот шийдвэрийг шүүхээс 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр шуудангаар явуулсныг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч танилцаад дараах гомдлыг гаргаж байна.

Миний бие Б.Х  нь ямар ч орлогын эх үүсвэргүй, 6-3 насны 2 хүүхдээ харж асран гэртээ сууж байна.

Ц.Б  нь Булган аймгийн ...  3 өрөө байрыг дундын хамтран өмчлөх эд хөрөнгөөр тогтоолгоогүй бөгөөд өмчлөгчөөр улсын бүртгэлд би бүртгэлтэй байгаа. Бид гэрлэлтээ цуцлуулах үед Б  надад 2 хүүхдийг минь өгөхгүй гээд байсан. Мөн олон үл хөдлөх эд хөрөнгийг хоёулаа ярьж тохиролцоод Б  миний нэхэмжилж байсан машин болон зарим хөрөнгүүдийг авах болж орон сууцны зээлийг би төлөхөөр тохирч зээлийг нь төлж дуусгасан. Тухайн үед 2 хүүхдээ бодон эзэмшилд нь үлдээж байсан. Гэвч энэ тохиролцоогоо зөрчиж өөрөө байрны зээлийг төлөлцөхгүй суудлын машин болон ачааны машин, газар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг авч зарж Япон явсан байгаа. Тухайн үед 2 хүүхдэдээ чамаас тэтгэвэр нэхэхгүй гэж тохирч бид эвлэрч байсан.

Үл хөдлөх эд хөрөнгө нь улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлээр өмчлөгч нь тодорхойлогдоно. Б ын шаардлагад хамтран өмчлөх 4 хүний өмчөөр тогтоож өгөөч гэсэн шаардлага гаргаагүй байхад шүүх байрыг дундын өмч гэж хувааж 30 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хэрэв өмчлөх эрхтэй өмчлөгч гэж үзэж байгаа бол тухайн үед маргаан үүсгээд өмчлөгчөөр бүртгүүлэх мэдүүлэг гаргах, шүүхээр тогтоолгох байсан. Уг байрыг барьцааны журмаар авсан, зээлийг ч мөн Б  төлөлцөх байсан байх. Иймд шүүхийн шийдвэрийн 30 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна...” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй  байна. 

Нэхэмжлэгч Ц.Б  нь хариуцагч Б.Х аас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Х  нь нэхэмжлэгч Ц.Б ын эзэмшлээс Булган аймгийн ... орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд тус тус гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн 496 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Б , хариуцагч Б.Х  нарын гэрлэлтийг цуцалж, 2006 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.М ,  2010 оны 6 дугаар сарын 22-ний өдөр төрсөн охин Б.Е  нарыг  эцэг Ц.Б ын асрамжинд үлдээж шийдвэрлэсэн байна. 

 Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийг 40.1, 40.1.2-т заасныг баримтлан эх Б.Х аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь дээр дурьдсан хуулийн зохицуулалттай нийцжээ. 

Нэхэмжлэгч Ц.Б  нь Булган сум 5 дугаар багийн 17 дугаар байр 25 тоот орон сууцыг гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө тул ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлах байтал  Гэр бүлийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.3, 129 дүгээр зүйлийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.2-т зааснаар гэж Гэр бүлийн тухай хуулинд байхгүй зүйлийг баримталсан нь буруу болжээ. 

Маргааны зүйл болж байгаа орон сууцны үнийг шинжээчээр томилогдсон  “Далай ван аудит” ХХК-наас 46.200.000 төгрөг гэж тогтоосон байхад  ямар үндэслэлээр 40.000.000 төгрөгөөр тооцсон талаар дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгч 2016 оны 9 дүгээр сарын 12-ний өдөр анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтэндээ  үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бид 3-ийг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг хариуцагч Б.Х д даалгаж өгөх талаар хүсэлт гаргасан байхад энэ талаар эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хариуцагч Б.Х ыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгчөөр тогтоогдсон байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй төдийгүй үл хөдлөх эд хөрөнгө гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгө мөн эсэх орон сууц хэний эзэмшилд байгааг тогтоогоогүй атлаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.   /х.х-ийн 36/ 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 9-ны өдрийн 670 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308.000 /гурван зуун найман мянга/ төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Ё.БЯМБАЦЭРЭН 

       ШҮҮГЧИД                            Д.МӨНХӨӨ

                                                            М.ХҮРЭЛБААТАР