Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2024/05778

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2024/05778

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 3.194.180 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн аваад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани Монгол улсын урд хилээс хойд хил хүртэл 1199 километр урттай газрын шилэн кабелийн дамжуулах сүлжээтэй бөгөөд сүлжээгээр дамжуулан Ази-Европыг холбосон А зэрэглэлийн Олон улсын транзит мэдээллийн урсгалыг дамжин өнгөрүүлж байна. Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон сүлжээ байгуулах бүрэн эрхийн хүрээнд Монгол улсын мэдээлэл холбооны сүлжээний стандартын дагуу суурилуулагдсан "Ж" ХХК-ийн энэхүү Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас Дорноговь аймгийн Замын-Үүд сум хүртэл байрлах шилэн кабелийн сүлжээ дамжин өнгөрч буй орон нутгийн газрын албаны мэдээллийн сан, кадастрын албанд зохих журмын дагуу бүртгэгдсэн. Нийслэл дэх сүлжээний төвийн 1 дүгээр байрнаас 2 километр 260 метрт дулааны шугам солих газар шорооны ажил гүйцэтгэхдээ В.Золбаяраар ахлуулсан баг Олон улсын G-000 ангиллын 00 корын газрын шилэн кабельд тасалдал үүсгэсэн бөгөөд Харилцаа холбооны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.4, 28 дугаар зүйлийн 28.1.2, 29 дүгээр зүйлийн 29.4 дэх заалтыг зөрчин урьдчилан манайд мэдэгдэхгүйгээр шилэн кабелийн хамгаалалтын зурваст газар шорооны ажил гүйцэтгэж шилэн кабельд тасалдал үүсгэсэн болно. Иймээс шилэн кабель сэргээсэн зардлыг төлөхийг шаардахад төлөхгүй байгаа тул 3.194.180 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

"Ж" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3.194.180 төгрөгийг хариуцагч "О" ХХК төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

        

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б "Ж" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3.194.180 төгрөгийг хариуцагч "О" ХХК төлсөн гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.   

     

           Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3.194.180 төгрөгийг хариуцагч О" ХХК төлж биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.056 төгрөг 88 мөнгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 33.028 төгрөг 44 мөнгө, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 33.028 төгрөг 44 мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

 

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА