| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2018/0083/Э |
| Дугаар | 105 |
| Огноо | 2018-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Т.Солонго,
Улсын яллагч Н.Булганчимэг,
Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Сэрээтэр зайсан овогт Г.Тд холбогдох 1711007510051 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1986 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32, эрэгтэй, дээд боловсролтой, авто техник мэргэжилтэй, алтны уурхайд жолооч ажилтай, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 80 дугаар гудамжны 28 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, Баянгол дүүргийн шүүхий 2001 оны 8 дугаар хорооны 10-ны өдрийн 513 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 42 дугаар зүйлийн 1-д зааснаар тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 5 сар хорих ялаар тогтоосон, 2015 оны Өршөөл үзүүлэх хуулиар 2 жил 4 сар хорих ял хассан, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Сэрээтэр зайсан овогт Г.Т (РД:000000000000),
нь 2017 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто засварын газарт хамтран амьдрагч А.Батчимэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Г.Т нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “…Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна.” гэв.
Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Батчимэг авто засвар дотор орж ирээд миний сууж байсан хаалга онгойлгоод намайг алгадаад миний өмдний халаасанд байсан түрийвчийг авсан юм. Тэгээд түрийвчнээс бүхэл мөнгө болон виза карт аваад түрийвчийг над руу шидсэн юм. Тэгээд яваад өгөхөөр нь би араас нь гараад “чи яаж байгаа юм” гэж хэлсэн чинь А.Батчимэг яасан ч яадаг юм гэж хэлэхээр нь би айлгах зорилготой Б.Батчимэгийн хамар руу нь толгойгоороо мөргөсөн чинь хамраас нь цус гарсан…” гэжээ.
Хохирогч А.Батчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Г.Т 2017 оны 8 дугаар сарын 29-ний шөнө 02 цагийн үед ажил дээр хүрээд ир гэж хэлсэн. Би Чингэлтэй дүүгийн 18 дугаар хорооны Г.Тгийн ажиллаж байсан газарт яваад очтол согтуу урдаас гарч ирээд эхлээд түлхсэн. Тэгэхээр нь би чи харанхуй шөнө яагаад хүн түлхээд байгаа юм гэж хэлтэл янхан гичий минь гэж хэлсэн. Тэгээд би яахаараа хүн доромжлоод байгаа юм гэтэл ахар сүүл рүү өшиглөсөн. Би таксины мөнгө өгчих явлаа гэж хэлсэн чинь урдаас юм ярьж байгаад хамар руу мөргөөд миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан чинь граж руугаа хувцаснаас чирч оруулаад гражаа түгжээд явуулахгүй байсан.” гэжээ.
Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.9.13-ны өдрийн ¹11657 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.А.Батчимэгийн биед хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн хэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Г.Т нь 2017 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто засварын газарт хамтран амьдрагч А.Батчимэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг өшиглөж, толгойгоороо мөргөснөөс хохирогчийн биед хамрын ясны хугарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн “…Г.Тгийн ажиллаж байсан газарт яваад очтол согтуу урдаас гарч ирээд эхлээд түлхсэн. …Тэгээд би яахаараа хүн доромжлоод байгаа юм гэтэл ахар сүүл рүү өшиглөсөн. Би таксины мөнгө өгчих явлаа гэж хэлсэн чинь урдаас юм ярьж байгаад хамар руу мөргөөд миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан.” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.9.13-ны өдрийн ¹11657 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогчийн гомдол саналгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх хүсэлт бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Сэрээтэр зайсан овогт Г.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүний эсрэг хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Г.Тгийн торгох ялыг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сайн дуруур эвлэрсэн гэх тул шүүгдэгч Г.Тг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Сэрээтэр зайсан овогт Г.Тг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тгийн торгох ялыг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ