Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2023/ДШМ/385

 

 

 

 

 

  2023        4        11                                2023/ДШМ/385

            

Ц.Т, Г.Х нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Улсболд,

шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Ц.Б,

шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч У.Х,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2023/ШЦТ/178 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Ц.Б, шүүгдэгч Г.Х нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.Т, Г.Х нарт холбогдох эрүүгийн 2202004200340 дугаар хэргийг 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж овгийн Ц.Т, ...... оны .... дүгээр сарын ...-ны өдөр ................... төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурдаг гэх, ам бүл 3, эх, дүүгийн хамт ...................... тоотод оршин суух, /РД: ................./,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 396 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж, 6 сарын хугацаагаар тогтоож, эдлэх ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Б овгийн  Г.Х, .. оны ... дугаар сарын ...-ны өдөр .......... хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Кореа Булл ресторанд зөөгч ажилтай, ам бүл 2, эхийн хамт ................... тоотод оршин суух, /РД: .................../, ял шийтгэлгүй.

Ц.Т, Г.Х нар нь гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө төмөр замаар Дархан-Уул аймагт очин тус аймгийн төв болох Дархан сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, улмаар 2022 оны 7 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 77а байрны 127 тоотод НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан өвс гэх нэршилтэй нийт 478.0328 грамм цэвэр жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ц.Т, Г.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Т, Г.Х нарыг “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Тыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн ерөнхий газрын харъяа Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй эд мөрийн баримтууд болох “1 гэсэн хаягтай гялгуур уутанд хийсэн ногоон өнгийн цэвэр жин нь 66.9 грамм ургамал мэт зүйл, “2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн цэвэр жин нь 108.9 грамм ургамал мэт зүйл, “3 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн улаан болон шар өнгө хосолсон капсултай эм мэт зүйл, “4 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цаасан боодолтой ногоон өнгийн цэвэр жин нь 4.0 грамм шавар мэт зүйл, “5 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн мөнгөлөг цаас, “6 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн төмөр зүйл зэргийг шүүхийн шийтгэх тогтоол Г.Хин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Тамгын газарт, АК1409096 гэсэн серийн дугаартай 50-тын мөнгөн дэвсгэртийг хэрэгцээний дагуу Монгол банкинд шилжүүлж өгөхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Т, Г.Х нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2022 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс Ц.Тын дарамтанд өртөн өвс гэх нэршилтэй мансууруулах ургамал түүсэн нь үнэн. Би Тебандин гэх нэршилтэй тариаг өөртөө тарьж үзсэн бөгөөд үүнийг миний ээж Алтанзоос гэрчилдэг. Харин би тухайн үед Ц.Тын шахалтаар өвс түүсэн, мөн анх удаа сонирхоод хэрэглэж үзсэн. Уг түүсэн өвсийг би хадгалж, тээвэрлээгүй, бүгдийг нь Ц.Т авч явсан. 2022 оны 7 дугаар сарын 4-ний шөнө намайг дуудаж, хамт өвс татах талаар ярьж, 1-2 удаа соруулсан. Ингээд бид Ц.Тын гэрт ороход Хар тамхитай тэмцэх газрын цагдаа нарт баригдсан. Тухайн үед миний хадгалсан, тээвэрлэсэн зүйл илрээгүй, харин Ц.Тын гэрээс 478 грамм өвс олдсон гэсэн. Бид хоёрын Дархан-Уул аймгаас түүсэн өвс маш бага байсан ба бид хоёр хэрэглээд үлдсэн жаахан хэсгийг Ц.Т авч явсан. Түүний гэрээс 478 грамм өвс гарсныг гайхаж байна. Тухайн өдөр би өвсийг сорсондоо харамсаж, гэмшиж байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг өөрчилж өгнө үү. Надад хадгалсан зүйл байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би гэмт хэрэг хийсэндээ маш их гэмшиж, харамсаж байна. Дахин гэмт хэрэгт орооцолдохгүй, ажил хийж сурч боловсорч амьдарна. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж хийсэн хэргийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг журамлаж өгнө үү. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж ухаарсан. Мөн би Г.Хийн хамт 2022 оны 8 дугаар сард залилангийн гэмт хэрэгт холбогдсон нь үнэн. Иймд энэ 2 төрлийн гэмт хэргийг нэгтгэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Тын өмгөөлөгч Ц.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ц.Т нь 2022 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө төмөр замаар Дархан-Уул аймагт очиж, өвс буюу сэтгэцэд нөлөөлөх ургамлыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 77а-127 тоотод дээрх ургамлыг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн. Мөн Ц.Т нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр иргэн О.З...с байр түрээслүүлнэ гэж зараар танилцаж 950.000 төгрөг залилсан гэмт хэрэг үйлдсэн. Ц.Тын хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйлдэлд анхан шатны шүүх 2 жилийн хорих ял оногдуулсан.

Өмгөөлөгч миний бие үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалахаар Ц.Тын үйлдсэн 2 үйлдлийг нэгтгэн шийдвэрлүүлэхээр 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 22/33 дугаар албан бичгээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулах тухай хүсэлт өгч хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн захирамжаар өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч “мөрдөн байцаалтад нэмэлт ажиллагаа хийлгэж, шүүгдэгч нарт холбогдох үйлдэл холбогдлыг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн” шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Гэтэл прокурор хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн мөн яллагдагч Ц.Тын үйлдсэн өөр төрлийн гэмт хэргийг шалган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэсэн нь дээрх 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж байна. Учир нь Ц.Тын залилангийн үйлдэлд Сонгинохайрхан дүүргийн прокурор шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан мөн хэсэгт прокурорын бичсэнээр “өөр төрлийн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэн шалгах шаардлагагүй” гэсэн зэрэг нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Ц.Тт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг нэгтгэх хүсэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Г.Хингүй болгож, хэргийг нэгтгэж өгнө үү.

Ц.Тын хувьд бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Хийн өмгөөлөгч У.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан. Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд давхар залилах гэмт хэрэг үйлдэгдэж байсан. Энэ үйлдлүүдийг нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэх нь тухайн хүний эрх зүйн байдлыг нь дээрдүүлнэ гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Н.Улсболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Г.Х, Ц.Т нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад үндэслэж шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зохих эрүүгийн хариуцлагыг оногдуулсан. Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, гэмт хэргийн шинж, нөхцөл байдал, учруулсан хохирол, мөн ял шийтгүүлж байгаа этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд энэ талаар шийтгэх тогтоолд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүгдэгч Г.Хийн хувьд энэ төрлийн бодисыг хэрэглэж байсан нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Шүүгдэгч Ц.Т урьд нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, хорих ял шийтгүүлж, шүүхээс өсвөр насны яллагдагч, шүүгдэгч гэдэг утгаар нь ялыг өршөөн хассан нөхцөл байдлууд хэргийн материалд байдаг. Дээрх нөхцөл байдалд үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч нарт зохих эрүүгийн хариуцлага оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Өмгөөлөгч Ц.Бын дурдсан асуудал нь анхан шатны шүүх хуралдаанд яригдсан. Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглээд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах асуудлыг ярьвал нэмж нэгтгэж болно гэсэн байдлаар дүгнэлт хийж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Г.Х, Ц.Т нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хоёр өөр төрлийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдсон тул шийтгэх тогтоол гарсны дараа нэмж нэгтгэх бүрэн боломжтой. Ийм учраас өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж байгаа хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, шийтгэх тогтоолыг Г.Хингүй болгосноор шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул өмгөөлөгч болон шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Ц.Т, Г.Х нар нь гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө төмөр замаар Дархан-Уул аймагт очин тус аймгийн төв болох Дархан сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, улмаар 2022 оны 7 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 77а байрны 127 тоотод уг өвс гэх нэршилтэй нийт 478.0328 грамм цэвэр жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Г.Хийн яллагдагчаар өгсөн “... Би найз Ц.Тын хамт 2022 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө төмөр замаар Дархан -Уул аймагт очиж, тус аймгийн төв болох Дархан сумын нутаг дэвсгэрээс 478,0328 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт марихуан гэх өвс түүж, 2022 оны 7 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Ц.Тын гэрт очиж түүсэн өвсөө тагтан дээр нь хатааж байгаад цагдаад баригдсан” /1хх 177-178/,

Ц.Тын яллагдагчаар өгсөн “... Би найз Г.Хийн хамт 2022 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө галт тэргээр Дархан-Уул аймагт очиж, тус аймгийн төв болох Дархан сумын нутаг дэвсгэрээс 478,0328 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт марихуан гэх өвс түүж, 2022 оны 7 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө өөрийн гэрт очиж түүсэн өвсөө гэрийнхээ тагтан дээр хатааж байгаад цагдаа нарт баригдсан” /1хх 180-181/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 3439 дугаар “Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Ц.Т Цэнгэлсайхан 2022.7.04” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно” /1хх 85-86/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 3440 дугаар “Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Г.Х УК03282755 2022/7/4” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно” /1хх 90-91/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3438 дугаар “Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цаасанд боодолтой ногоон өнгийн нунтаг зүйл, “6” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн төмөр зүйл зэргээс дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг. ... “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 70,5г, цэвэр жин нь 66.9г, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 125,9г, цэвэр жин нь 108,9г, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цаасанд боодолтой ногоон өнгийн нунтаг зүйлийн гялгар ууттай жин нь 4,0 гр, цэвэр жин нь 0,5328 гр байна” /1хх 102-104/,

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын төвийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 715 дугаар “1. Ц.Т нь олон төрлийн сэтгэцэд нөлөөт эм бодисын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Ц.Т нь хэрэг болох үед буюу 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр олон төрлийн сэтгэцэд нөлөөт эм бодисын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байсан байна. 2. Ц.Т нь Олон төрлийн сэтгэцэд нөлөөт эм бодисын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. Мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. Ц.Т нь болсон явдлын талаар мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай байна” /1хх 109-110/,

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын төвийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 724 дугаартай “1. Г.Х нь олон төрлийн сэтгэцэд нөлөөт эм бодисын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Г.Х нь хэрэг болох үед буюу 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр олон төрлийн сэтгэцэд нөлөөт эм бодисын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байсан байна. 2. Г.Х ньОлон төрлийн сэтгэцэд нөлөөт эм бодисын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. Мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. Г.Х нь болсон явдлын талаар мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай байна.” /1хх 157-159/ гэсэн дүгнэлтүүд, 

Нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх 13-19/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 20/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Ц.Т, Г.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Т, Г.Х нарыг “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Тыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Ц.Б нараас “... шүүгдэгч нарын үйлдсэн залилах гэмт хэрэгтээ энэ хэргийг нэгтгэж шийдвэрлэж өгнө үү, эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч Г.Хээс “... Ц.Тын шахалтаар өвс түүсэн, надад хадгалсан зүйл байхгүй тул хорих ялыг өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

  Шүүгдэгч Г.Хийн хувьд хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад тууштай мэдүүлж байсан ба түүний мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул түүнийг шүүгдэгч Ц.Тын шахалтаар тухайн бодисыг түүж бэлгэсэн, хадгалсан гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялын төрөлтэй ба анхан шатны шүүхээс Г.Хийн олон төрлийн сэтгэцэд нөлөөт эм бодисын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байдал болон бусад хувийн байдал, энэ төрлийн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзаж үзэж, хорих ялыг сонгон оногдуулж, эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосон нь үндэслэлтэй ба ял тохирсон байна.

Мөн Ц.Тын хувьд мөн олон төрлийн сэтгэцэд нөлөөт эм бодисын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй, урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан атлаа засарч хүмүүжихгүй дахин мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг эрж хайн түүж бэлтгэсэн, түүнийгээ хадгалсан үйлдэлд анхан шатны шүүхээс 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан шийдвэр болжээ.

Иймд нэр бүхий шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан оногдуулах ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх нөхцөл байдал бүрдээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж тус тус зааснаар Ц.Т, Г.Х нарын үйлдсэн өөр төрлийн гэмт хэргийг шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа нэмж нэгтгэхэд тэдний эрх зүйн байдал дордохооргүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг нь хүлээж авах үндэслэлгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2023/ШЦТ/178 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Ц.Б, шүүгдэгч Г.Х нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ц.Т, Г.Х нарын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл нийт 67 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/178 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Ц.Б, шүүгдэгч Г.Х нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т, Г.Х нарын цагдан хоригдсон 67 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

              ШҮҮГЧ                                                  Ц.ОЧ

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ЗОРИГ