| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2202000000408 |
| Дугаар | 2023/ДШМ/386 |
| Огноо | 2023-04-11 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2023/ДШМ/386
2023 4 11 2023/ДШМ/386
М.Цд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ө.Мөнхнавч,
нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Цн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2202000000408 дугаар хэргийг 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн М.Ц, 1...... оны ... дугаар сарын ...-ны өдөр ........... төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...............” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхийн хамт ............................... тоотод оршин суух, /РД: .............../,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 869 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.
М.Ц нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо “Эс Ти” хотхоны 712 дугаар байрны 4 давхрын коридорт өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 1.8450 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: М.Цн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Цг хориглосон мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цн цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Цд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа “...№1 гэж дугаарласан зиплок уутанд давхарлан хийсэн цэвэр жин нь 1.8450 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй зүйл, №2 гэж дугаарласан зиплок ууттай улаан өнгийн асаагуур, цэнхэр өнгийн соруул шилэн бонготой шилний хэсгүүд төмөр зүйлүүд, №1 гэж дугаарласан зиплок уутанд хийсэн 7 ширхэг соруул зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, шүүгдэгч М.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Ц гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би ам бүл 2, ээжийнхээ хамт амьдардаг. Ээж С.Отгонцэцэг нь 63 настай, тэтгэвэрт байдаг. Би ээжийгээ асран хамгаалж байдаг ба намайг энэ гэмт хэрэгт холбогдон хоригдсоноос хойш даралт нь тогтворгүй болж зүрх нь муудаж, биеийн байдал нь муу байгаа тул давж заалдах шатны шүүх хэргийг минь хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. Би энэ хэрэгт холбогдож, цагдан хоригдох хугацаандаа хар тамхи гэдэг зүйл ямар муу хор нөлөөтэй гэдгийг хамгийн сайн ойлгож гараад “Цэлмэг өдөр” гэх нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага байгуулж, ажил эхлээд явж байхад шүүх хурал болж хоригдоод үйл ажиллагаа маань зогссон. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, цаашид сайн иргэн байхаа амлаж байна. Иймд хүсэлтийг хүлээн авч, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Ө.Мөнхнавч тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч М.Цд холбогдох хэрэг анхан шатны шүүхээр 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэгдэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээ, хадгалсан бодисын хэмжээ, хувийн байдал, түүний сэтгэцийн хувьд F15 буюу сэтгэцэд идэвхт бодисын хэрэглээтэй гэх дүгнэлт зэргээр түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч М.Ц нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо “Эс Ти” хотхоны 712 дугаар байрны 4 давхрын коридорт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 1.8450 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
М.Цн яллагдагчаар өгсөн “... 2022 оны 9 дүгээр сарын сүүлээр танил Гооры гэх залуу Турк явах гэж байгаа гээд өөрт байсан зүйлээ надад өгсөн. Надад өгсөн зүйл нь мөс гэх нэршилтэй, цагаан гялгар ууттай, жамц давс шиг цагаан нунтаг зүйл байсныг авсан. Тэр зүйлээс би гэртээ байхдаа ганц, хоёр удаа хэрэглэсэн. Би ганцаараа амьдардаг учир ганцаараа хэрэглэсэн. Намайг хэрэглэж байгааг харсан хүн байхгүй. 2022 оны 9 дүгээр сарын сүүлээр нэг удаа, 10 дугаар сарын дундуур нэг удаа хэрэглэсэн. Би уг мөс гэх зүйлийг өөрийн биедээ буюу хувцасныхаа халаасанд хийж явж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 03-ны орой гэр лүүгээ орохдоо орцонд баригдсан.” гэсэн мэдүүлэг /1хх 162-163/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5538 дугаар “Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн гуурс, шар судалтай цагаан өнгийн гуурс, өнгөгүй гуурс, цагаан өнгийн гуурс, өнгөгүй гуурс, шар судалтай цагаан өнгийн гуурс, улаан судалтай цагаан өнгийн гуурс зэргээс метамфетамин илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг.” /1хх 66-67/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5537 дугаар “Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цэнхэр өнгийн соруул зэргээс метамфетамин илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багдаг.” /1хх 72-73/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5750 дугаар “1. Шинжилгээнд авсан дээжүүд хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд авсан М.Ц гэж хаягласан цус, шээсэнд тус тус мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Шинжилгээнд авсан М.Ц гэж хаягласан үсэнд метамфетамин илрэв. 3. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн II дугаар жагсаалтад багдаг. 4. Шинжилгээгээр цус, шээсэнд тус тус мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй ч үсний дээжинд метамфетамин илэрсэн нь хүний биед бодисын солилцоонд орж биеэс тухайн бодис ялгарсан үед биологийн дээжээ авсан бөгөөд ойрын 1-3 сарын мэдээлэл үсэнд хадгалагддаг.” /1хх 83-84/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын төвийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1125 дугаар “М.Ц нь урьд өмнө сэтгэцийн өвчин эмгэгтэй байсан гэх баримт үгүй байна. М.Ц нь F15. Сэтгэцэд идэвхит бодисын хэрэглээтэй байна. М.Ц нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай байна.” /1хх 89-90/ гэсэн дүгнэлтүүд,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 10-17/, М.Цн гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх 18-22/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч М.Цг хориглосон мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Мөн шүүгдэгч М.Цн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон хүнд биш ял байна.
Иймд шүүгдэгч М.Цн “... хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар тооцсон эд зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасан нь үндэслэлгүй шийдвэр болсон ба уг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хийж гүйцэтгэх нь хуульд нийцнэ гэж үзэж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгчийн 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш цагдан хоригдсон 89 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
6 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа “...№1 гэж дугаарласан зиплок уутанд давхарлан хийсэн цэвэр жин нь 1.8450 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй зүйл, №2 гэж дугаарласан зиплок ууттай улаан өнгийн асаагуур, цэнхэр өнгийн соруул шилэн бонготой шилний хэсгүүд төмөр зүйлүүд, №1 гэж дугаарласан зиплок уутанд хийсэн 7 ширхэг соруул зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.“ гэснийг,
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа “...№1 гэж дугаарласан зиплок уутанд давхарлан хийсэн цэвэр жин нь 1.8450 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй зүйл, №2 гэж дугаарласан зиплок ууттай улаан өнгийн асаагуур, цэнхэр өнгийн соруул шилэн бонготой шилний хэсгүүд төмөр зүйлүүд, №1 гэж дугаарласан зиплок уутанд хийсэн 7 ширхэг соруул зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.“ гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 89 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ