| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/07837/И |
| Дугаар | 102/ШШ2024/05744 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2024/05744
| 2024 оны 12 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2024/05744 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэлийн шаардлага: Н.Б-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин
Нэхэмжлэгч Г.Сын хүсэлтээр хэргийг эзгүйд хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.С, Н.Б-ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг гаргажээ.
2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
3.Нэхэмжлэгч Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
3.1.Миний бие Н.Б-ээс маш их хэмжээний эвдрэлтэй машины мэдэхгүй худалдаж аваад эргэн холбогдож буцаая гэж залгасан боловч холбогдох ямар ч боломж байгаагүй тул машины мөнгө 7.500.000 төгрөгийг гаргуулж авахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүхээс хариуцагч хаягтаа оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Н.Б-ийг эрэн сурвалжилж өгнө үү, гэжээ.
4.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:
5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Баянгол дүүргийн 0 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2024/30005 дугаартай Шүүгчийн захирамж, Хас банкны гүйлгээний хуулга, худалдах, худалдан авах гэрээг өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Г.С нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ хариуцагчаас машины мөнгийг шаардахад хаягтаа оршин суудаггүй амьдардаггүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан гэж тайлбарлав.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шаардах эрхтэй.
4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч Г.С, хариуцагч Н.Б-д холбогдуулан 7.335.198 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх бөгөөд шүүхээс нэхэмжлэлд дурдагдсан хаягаар ажиллагаа явуулахад хариуцагч хаягтаа оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна.
6.Иймээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Б мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2024/30005 дугаартай Шүүгчийн захирамж зэрэг бичгийн баримтаар тогтоогдож оршин суух хаяг тодорхойгүй, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
7. МЮ регистрийн дугаартай Н.Б-ийг Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дугаар хороо, 0 дүгээр байрны 0 тоотод оршин суудаг гэх мэдээлэлийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст мэдэгдэх нь зүйтэй байна.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Б-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
4.Шийдвэрийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Түмэнцаст даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА