Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2023/ДШМ/387

 

 

 

 

 

2023         4        11                                 2023/ДШМ/387

 

Ц.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өлзийжаргал,

шүүгдэгч Ц.Б,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/220 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Бий гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2206003713226 дугаар хэргийг 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн  Ц.Б, ......... оны ..... дугаар сарын ...-ний өдөр ...... суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт ............. тоотод оршин суух, /РД: ................/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 491 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 179 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1387 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн,

Ц.Б нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн гүний худгийн орчим хохирогч Г.Гийн 150.000 төгрөгийн үнэлгээ бүхий булган малгайг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Бийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ц.Бд өмнөх шийтгэх тогтоолоор буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1387 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 248 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 31 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Ц.Бд энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 31 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 31 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Ц.Бий цагдан хоригдсон 20 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, нийт эдлэх түүний биечлэн эдлэх ялын хугацааг 1 жил 11 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бээс 150.000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Гэд олгох, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ц.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, алдаа дутагдал дахин гаргахгүй гэж амласан боловч 150.000 төгрөгийн хохирлоо мэдээгүйн улмаас барагдуулалгүй ял авсан болно. Уг хохирлоо барагдуулсан, хохирогч надад гомдол саналгүй гэсэн. Би чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Ар гэрээ ажил хийж авч явдаг, эхнэр маань жирэмсэн тул шинээр мэндлэх хүүхдийг минь эрүүл өсөж торниход тус болж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Өнөрбаяр давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: “... Шүүгдэгч Ц.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн боловч хохирогч Г.Гэд учирсан 150.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хэм хэмжээг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй. Мөн Ц.Б нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1387 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн боловч тухайн ялыг эдлээгүй болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 248 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор дүйцүүлэн 31 хоногийн хугацаагаар тооцсон нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцжээ. Иймд шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Б.Өлзийжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Урьд нь 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1387 дугаар шийтгэх тогтоолоор 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн боловч уг ялын эдлээгүй үлдсэн 248 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ц.Бд 1 жил 31 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Б 150.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй, төлөхөө илэрхийлээгүй тул анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Ц.Б нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн гүний худгийн орчим хохирогч Г.Гийн 150.000 төгрөгийн үнэлгээ бүхий булган малгайг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Г.Гийн “... Би 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 13 цагийн үед эхнэр Цэенбатыг тосож авахаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 81-25 тоот гэрээсээ гараад Эрдэнэтолгойн гүний худаг руу чиглээд явж байхад гудманд үл таних 2 залуу байж байсан. Тэр 2 залуугийн хажуугаар гарахад намайг дуудаад “мөнгө байна уу, архи авч ууя” гэхээр нь ах нь архи уухгүй, мөнгө байхгүй гэж хэлээд цааш гүний худгийн хажуугаар гараад шинээр баригдсан цэцэрлэгийн орчим явж байхад нөгөө 2 залуу араас дагаж алхаж байсан. Тэгээд гэнэт хар малгайтай, хар хүрэмтэй залуу нь миний өмсөж явсан булган малгайг шүүрээд зугтсан. ...” /хх 23-24/,

Гэрч Ж.Ул-ын “... Би 2021 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 8 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Бэрхийн Боргио дэлгүүрийн гадна зүс таних Ц.Бтэй таарсан. Тэгээд мөнгөө нийлүүлж тухайн дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн Гомбоо нэртэй архи авч уусан. Тэгээд харуул алтай орчмоор хамт хог түүж байгаад Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн гүний худаг дээр явж очсон. Тэнд очоод үл таних настайвтар эрэгтэй хүнтэй таараад Ц.Б бид хоёр тэр хүнээс мөнгө байна уу, архи авч ууя гэж асуусан чинь тэр хүн мөнгө байхгүй гэж хариулаад шинээр баригдаж буй цэцэрлэгийн хажуугаар явсан. Гэтэл Ц.Б “тэр эрэгтэйн малгайг шүүрээд авчихъя” гэж хэлснээ хойноос нь гүйж очоод малгайг нь шүүрч аваад зугтаасан. Тэгэхээр нь би 16-ын автобусны буудал дээр явж очтол Ц.Б малгайг дотуураа хийчихсэн зогсож байсан. Тэгээд надад жижиг шилтэй хараа авч өгөөд явлаа гээд надаас салсан. ...” /хх 33-34/,

Ц.Бий яллагдагчаар өгсөн “... Би хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, дахиж гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй. ...” /хх 57/ гэсэн мэдүүлгүүд,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12-14/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 43-44/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос Ц.Бий бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Бийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс Ц.Бий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Ц.Б “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялын санкцитай ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хорих ялыг сонгож оногдуулсан нь үндэслэлтэй ба эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосон нь тохирсон гэж үзэв.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/220 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Бий гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Бд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэхдээ тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг хангаагүй байх тул үүнд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Тодруулбал, анхан шатны шүүх Ц.Бд өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг баримтлан хорих ял болгон өөрчлөөд дараагаар нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялыг нэмж нэгтгэсэн нь ойлгомжгүй болсон төдийгүй хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг тогтоосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ц.Бий 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл нийт 57 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/220 дугаар шийтгэх тогтоолын 3, 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.Бд энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/1387 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай жил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 248 цагийн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 31 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 31 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Бий гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бий цагдан хоригдсон 57 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

  ШҮҮГЧ                                              Ц.ОЧ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.ЗОРИГ