Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/05735

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/05735

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 587.600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн аваад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ж ХХК ажлын хувцасны захиалга, борлуулалт хийдэг бөгөөд оёдлын үйлдвэр урд хөршид байрлан ажиллаж бэлтгэлийн хувцас, сурагчийн поло цамц зэргийг захиалгаар оёдог гэж танилцуулсан. 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр миний бие тус компанид хандан Ш  сургуулийн 8-А ангийн 26 хүүхдэд нэг бүрийн үнэ 69.000 төгрөгөөр юүдэнтэй цамц, бэлтгэлийн өмд хосоор захиалж, хүүхдүүдийн жин, өндрийг хэмжиж хүснэгтээр өгөөд, чанар байдлын андуурал, үл ойлголцол гаргахгүйн үүднээс ярилцсан бүхнээ бичгээр үйлдэн хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулан урьдчилгаанд 70 хувь буюу 1.225.800 төгрөгийг төлсөн. Ингээд үлдэгдэл 30 хувийнхаа 20 хувь 358.800 төгрөийг нэмж төлөөд хувцсаа автал бидний хүлээсэн чанарт хүрээгүй, доголдолтой бараа өгсөн тул 587.600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Р.М шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Ж ХХК нэхэмжлэлийн шаардлага 587.600 төгрөгийг бүрэн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

        

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Р.М ийн нэхэмжлэлийн шаардлага 587.600 төгрөгийг хариуцагч Ж ХХК бүрэн төлсөн гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Р.М нэхэмжлэлийн шаардлага 587.600 төгрөгийг хариуцагч Ж ХХК төлж биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.599 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 4.800 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 4.800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.АРИУНАА