Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/451

 

 

 

 

 

  2023         4        25                              2023/ДШМ/451

            

    Ц.Бид холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Тэгшбаяр,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Л.Г,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/200 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Бийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2205024892546 дугаар хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн  Ц.Б, ....оны 8 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нарантуул 2 худалдааны төвд махны бэлтгэгч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт ............ тоотод оршин суух, /РД: ................./,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 525 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр биелүүлсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 779 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр биелүүлсэн.

 

Ц.Б нь 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 1 дүгээр гудамжны 34 тоотод байрлах байшингийн онгорхой цонхоор гараа оруулан хохирогч Б.Бийн эзэмшлийн “Dell” загварын нөүтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Бийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Ц.Бид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бийн цагдан хоригдсон 14 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Ц.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж хорих ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, эдлэх ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолох, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Боос 750.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бөд олгох, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй, засарч хүмүүжих болно. Би бага насны 1 хүүхэдтэй, өндөр настай эцэг, эхийгээ асарч халамжлан амьдардаг өрх толгойлсон хүн юм. Мөн бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Иймд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Л.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч нь өөрийн үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч гэм буруугийн хувьд маргадаггүй. Бидний зүгээс анхан шатны шүүхээс хохирогчид олгуулахаар заасан хохирлыг төлсөн гурван хуудас баримтыг шүүхэд гаргаж өгч байна. Үүнд 750.000 төгрөгийг хохирогчид төлсөн баримт, хавтаст хэрэгт авагдаагүй үйлчлүүлэгчийн хувийн байдалтай холбоотой охины хамт амьдардаг гэсэн баримт. Мөн охины төрсөний гэрчилгээ зэргийг хавсаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирол төлбөр төлсөн зэргийг харгалзаж ял шийтгэл оногдуулна гэж заасан. Анхан шатны шүүхээс 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал болоод гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэрэгт тохирохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ялтай. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзаж хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү. Мөн хохирол төлбөрөө төлсөн, гэм буругаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хөнгөрүүлэх үндэслэл болно. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж хоёрны нэгээс хэтрэхгүйгээр хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Тэгшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэрэгт шүүгдэгчийн оршин суугаа газрын бүртгэлийг Улсын бүртгэлийн газраас авсан. Хорооны бүртгэлийг аваагүй байсныг шүүгдэгчийн өмгөөлөгч гаргаж өгч байна.  Шүүгдэгч нь бага насны хүүхэдтэй гэдэг талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэлж байсан. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Гэвч шүүгдэгчийн хохирол төлбөр төлсөн, хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 1 дүгээр гудамжны 34 тоотод байрлах байшингийн онгорхой цонхоор гараа оруулан хохирогч Б.Бийн эзэмшлийн “Dell” загварын нөүтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Бийн “... 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр би Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 1-34 тоотод байрлах гэрээсээ 10 цаг өнгөрч байхад гараад ажил амжуулчихаад гэртээ 16 цаг өнгөрч байхад ирээд хаалгаа онгойлгоод гэртээ орсон чинь цонхны харалдаа орон дээр тавьсан байсан Dell маркын, саарал өнгийн нөүтбүүк алга болсон байсан. Би гарахдаа тухайн өрөөний цонхоо онгорхой орхисон байсан. Тэр цонхоор орж ирээд авсан байсан. Өөр алдагдсан зүйл байгаагүй. Би алдсан нөүтбүүкээ 2018 онд 1.200.000 төгрөгөөр авч байсан. Үнэлгээ гаргуулахад 750.000 төгрөгөөр үнэлсэнтэй санал нийлж байна. Үнэлгээ хийлгэхэд өгсөн 20.000 төгрөгийг хулгай хийсэн хүнээс нэмж гаргуулах хүсэлтэй байна. ...” /хх 20-21/,

Гэрч Д.Сы “... 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр фэйсбүүк дээр нөүтбүүк зарна гэсэн зар тавьсан байсны дагуу Цолмон овогтой Ц.Б гэх хаягаар холбогдсон. Тэгсэн тэр хүн хорооллын Минж плаза худалдааны төв дээр ирээд үзэж болно гэсэн. Зарах гэж байгаа нөүтбүүк нь Dell маркын, саарал өнгийн нөүтбүүк байсан. Тэгээд би тухайн хүн дээр ирээд үзсэн чинь 20-25 орчим насны нэг залуу би энд ажилладаг юм гээд нэг ресторан лоунж руу заасан. Тэгэхээр нь би гайгүй найдвартай хүн байгаа байх гэж бодоод нөүтбүүкийг үзсэн чинь гадна талын үзэмж нь муу байсан. Тэгэхээр нь тухайн хүнээс жаахан хямд зарвал авъя гэтэл 230.000 төгрөгөөр ав гэж хэлсэн. Би өөрийн 5009483640 тоот данснаас тухайн хүний 5017433984 тоот данс руу 230.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би тухайн нөүтбүүкний гадна талын корпус, батериа зэргийг солиулах гээд Компьютер ланд дээр очсон чинь сэлбэг нь их үнэтэй байхаар нь Б1 давхарт байрлах засварчинд 235.000 төгрөгөөр зарсан. ...” /хх 26-27/,

Ц.Бийн яллагдагчаар өгсөн “... Тухайн үед би Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туул 1-34 тоотод нийтийн байр түрээслээд амьдарч байсан бөгөөд мөнгөний хэрэг гарчихсан, их хэмжээний өртэй байсан үед 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн үед эсрэг талын нийтийн байрны өрөөний цонх онгорхой харагдсан. Тэгэхээр нь би цонхоор шагайж хүн харж байгаад цонхны доор байсан Dell маркын нөүтбүүкийг авсан. Тэгээд фэйсбүүк дээр зар тавиад нөүтбүүкийг 230.000 төгрөгөөр зарсан. ...” /хх 87/ гэсэн мэдүүлгүүд,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-10/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн хөрөнгөд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх 45-47/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 01/248 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн 4 гэж дугаарласан гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэх 4 гэж дугаарласан гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд MN000СБД02533 дугаараар бүртгэгдсэн Цолмонгийн Ц.Б /РД:УИ99080733/-н зүүн гарын алганы хээний дардастай тохирч байна. ...” /хх 56-57/ гэсэн дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Ц.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Бийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Бийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг шүүгдэгч Ц.Б үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэрэг давж заалдах шатны шүүхэд хянагдаж байх явцад бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” байдлаар хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч Ц.Бийн бага насны хүүхдэд асран хамгаалагч тогтоохыг Чингэлтэй дүүргийн засаг даргад даалгаж шийдвэрлэв.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Ц.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ц.Бийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 42 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/200 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Бийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.“ гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Бийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.“ гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолд “Шүүгдэгч Ц.Бийн асрамжид байсан түүний охин 3 нас 6 сар 4 хоногтой охин Б.Үүрийнцолмонд асран хамгаалагч тогтоохыг Чингэлтэй дүүргийн засаг даргад даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 42 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БАТСАЙХАН   

                                  ШҮҮГЧ                          Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.ЗОРИГ