Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/05712

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/05712

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүх хуралдаанд оролцогчид:

         Нэхэмжлэгч П.М

         Хариуцагч Б.Д

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал               

        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        1.Нэхэмжлэгч П.М-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Д-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ.

 

        2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

        3.Нэхэмжлэгч П.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        3.1.Миний бие 2014 оны 02 дугаар сараас эхлэн Б.Д-тэй гэр бүл болж амьдарч байгаад түүнээс 2 жилийн дараа гэрлэлтээ батлуулж 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр охин М.Х төрсөн. Одоо 8 настай. Бид хоёр сүүлийн жил хагасын хугацаанд хамт амьдраагүй, тусдаа амьдарч байгаа. Эвлэрүүлэн зуучлагчаар ороод бид хоёр эвлэрэх боломжгүй гэрлэлтээ цуцлуулна гэсэн саналын дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа шийдвэрлэсэн. Иймд хуулийн дагуу гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэжээ.

 

        4.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:

         

5.Нэхэмжлэгчээс гадаад паспортны хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Б.Д-ий гадаад паспортны хуулбар, хүүхдийн гадаад паспортны хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0 бүртгэлийн дугаартай “Тээврийн хэрэгсэл бэлэглэлийн гэрээ” нотариатын хуулбар, ерөнхий боловсролын “Э” сургуулийн тодорхойлолт, Баянгол дүүргийн 0 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт

  

ҮНДЭСЛЭХ нь:

           

        1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

                                                                                                                                                                                                                                                                                          

        2.Нэхэмжлэгч П.М нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Бид ярилцаад эргэж нийлсэн боловч зан харилцаа таарахгүй, харилцаа улам хөндийрсөн учраас гэрлэлтээ цуцлуулах шийдвэр гаргасан” гэж тайлбарлав.

 

        3.Хариуцагч Б.Д нэхэмжлэлийг зөвшөөрч маргаагүй болно.

 

        4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

5.Зохигчид 2013 онд танилцаад улмаар 2017 оноос эхлэн хамтран амьдраад 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр охин М.Х төрсөн болох нь талуудын тайлбар, Нийслэлийн ерөнхий боловсролын “Э” сургуулийн захирал А.Э “М.Х 0 дугаар ангид суралцдаг нь үнэн болно”, Баянгол дүүргийн 0 дугаар хороонд өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Б.С “М.Х эрүүл өсөж бойжиж байгаа” гэх тодорхойлолт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 00342 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

         6.Талууд зан харилцааны таарамжгүй байдлын улмаас гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч цаашид хамтран амьдрахад эвлэрэх боломжгүй, эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрээгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.  

       

        7.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 26 дугаар зүйлд зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэж, хүүхдээ асран хамгаалах нь эцэг, эхийн үүрэг гэж тодорхойлжээ.

 

        8.Хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагын тухайд гэрлэгсдийн хэн аль нь тохиролцож болох бөгөөд хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан үзэж тогтоодог.

 

        9.Хариуцагч хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагын тухайд маргаагүй тул хүүхдийн орчин нөхцөл, амьдралынхан хэмнэл, эх, эцгийнхээ хэнд нь их ээнэгшин дассан зэргийг харгалзан үзэж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болохоор заасны дагуу охин М.Х эцгийнхэн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

      

10.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу эцэг, эх нар хүүхдээ тэжээн тэтгэх мөн насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээх бөгөөд эцэг, эх энэ асуудлаар харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтоож болох тул эцэг Б.Д-өөс сар бүр тэтгэлэг гаргуулан охин М.Х тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.       

        

        11.Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.

 

        12.Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээж эдгээр үүрэг хэвээр үлдэх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг байхыг дурдах нь зүйтэй.

 

         13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

      115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

       

        1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.М,  Б.Д нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

        2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин М.Х-г эцэг П.М гийн асрамжид үлдээсүгэй.

 

        3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин М.Х 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож эх Б.Д өөс сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

        4.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

         5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Б.Д-өөс гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

 6.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх П.М-д даалгасугай

 

         7.Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

         8.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

      

         9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

        

        10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.        

         

        11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.АРИУНАА