| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/07016/И |
| Дугаар | 102/ШШ2024/05710 |
| Огноо | 2024-12-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2024/05710
| 2024 оны 12 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2024/05710 | Улаанбаатар хот |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Ч.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин
Хариуцагч О.Пийн хүсэлтээр хэргийг эзгүйд хянан шийдвэрлэв
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.М, хариуцагч О.Пд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
3.Нэхэмжлэгч Ч.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. Миний бие О.Птой 2019 онд танилцаад 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр М.Э гэдэг охинтой болсон. 4 сартай жирэмсэн байхад яваад утсаа авахгүй, утасны дугаараа солиод таг алга болсон. Хүүхэд том болсон байсан учраас хүүхдээ төрүүлэх шийдвэр гаргаад төрүүлсэн. О.П намайг хүүхдээ төрүүлэхэд, төрсний дараа нэг ч удаа холбогдож байгаагүй. Хүүхдээ 3 нас хүрэхэд тэтгэлгийг нь хөөцөлдөнө гэж бодож явсаар одоо хүүхэддээ тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Өөртэй нь холбогдох гэхээр болдоггүй. Шүүхэд нэхэмжлэл гаргах тухай өөрт нь утсаар мэдэгдсэн боловч хариу хэлээгүй. Охин маань над дээр эрүүл өсөн торниж байгаа тул хүүхдийн тэтгэлэгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4.Хариуцагч О.П шүүхэд гаргасан тайлбартаа:
4.1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна, Хүүхдийн эцэг мөн эсэх талаар татгалзах зүйлгүй, гэжээ.
5.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:
6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Иргэний оршин суугаа газрын лавлагаа, Баянзүрх дүргийн 0 дүгээр хорооны Е өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
7.Хариуцагчаас хариу тайлбарыг өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Ч.М нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Бид хамт амьдраагүй мөн хариуцагч охиноо төрсөн цагаас хойш холбоо тасарч өнөөдрийг хүртэл эргэж ирээгүй, асууж сураглаагүй цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан” гэж тайлбарлав.
3.Хариуцагч О.П нэхэмжлэлийг зөвшөөрч маргаагүй болно.
4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.Зохигчид 2020 онд танилцаж хамтран амьдраад 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин М.Э төрсөн болох нь талуудын тайлбар, 0 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянзүрх дүргийн 14 дүгээр хорооны ”Е” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Э.Т “М.Э эрүүл бойжиж байгаа” гэх тодорхойлолт зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.
6.Иймээс хүүхдийн тэтгэлэг, асрамж тогтоолгох шаардлагын тухайд гэрлэгсдийн хэн аль нь тохиролцож болох бөгөөд хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан үзэж тогтоодог.
7.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 26 дугаар зүйлд зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэж, хүүхдээ асран хамгаалахыг эцэг, эхийн үүрэг гэж тодорхойлжээ.
8.Нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг хариуцагч зөвшөөрч маргахгүй байх тул хүүхдийн орчин нөхцөл, амьдралынх нь хэмнэл, эх, эцгийнхээ хэнд нь их ээнэгшин дассан зэрэг байдлыг харгалзан үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болохоор заасны дагуу охин М.Эг эхийнхэн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
9.Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч хүүхдийн тэтгэлэг төлөх нэхэмжлэлийн шаардлагын тухайд маргаагүй зөвшөөрсөн тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу эцэг, эх нар хүүхдээ тэжээн тэтгэх мөн насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээх бөгөөд эцэг, эх энэ асуудлаар харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтоохоор заасны дагуу эцэг О.Поос сар бүр тэтгэлэг гаргуулан охин М.Эг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
10.Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй байна.
11.Зохигчид эд хөрөнгийн маргаангүйг дурдах нь зүйтэй.
12.Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээж эдгээр үүрэг хэвээр үлдэх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг байхыг дурдах нь зүйтэй.
13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин М.Э г эх Ч.М ын асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин М.Эг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг О.П-оос сар бүр тэтгэлэгийг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар О.Поос гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ч.Мд даалгасугай
6.Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА