| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2017/0470/Э |
| Дугаар | 436 |
| Огноо | 2017-10-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 436
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,
Улсын яллагч Э.Бадрал,
Шүүгдэгч Ж.З, Ж.З нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Илжгэн овогт Бат-эрдэнэнийн Эрдэнэдаш, Цөөхөр овогт Ж.З нарт холбогдох 1711003550093 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 72 дугаар гудамж 979 тоотод оршин суух хаягтай, Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 397 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, Илжгэн овогт Б Э (РД:0000000000),
2.Монгол Улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Увс аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Шихихутаг” Их сургуулийн 2 дугаар дамжаанд суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 87 дугаар гудамж 1270 тоотод оршин суух хаягтай, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 256 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Цөөхөр овогт Ж.З (РД:000000000000),
нар нь 2017 оны 8 дугаар сарын 08-ны шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Чойжилсүрэнтэй маргалдаж улмаар бүлэглэн зодож түүний эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, ташаа, зүүн өвдгөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Ж.З, Ж.З нар нь үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Хохирогч С.Чойжилсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:-...2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 23 цагийн орчим худаг дээр Даш, Зүчи нартай тааралдсан. Тэгээд би юм уух уу гэхэд Даш тэгье гээд машиныхаа голын хайрцгаас 0,75 литрийн соёрхол нэртэй архи гаргаад ирсэн. Тэгээд бид 3 тэр архиа хувааж уучихаад дахиад 84-ийн буудал дээр байдаг “Түвшин ундраа” дэлгүүрээс “Эзэн Чингис” нэртэй 0,5 литрийн архи авч, хувааж уусан. Энэ үед Эрдэнэдаш дүү Батзоригийг дуудаж машинаа бариулсан. Тэгээд сүүлд авсан архиа хувааж ууж байгаад намайг хүргэж өгөхөөр манай гэрийн гадаа очсон. Тухайн үед шөнийн 04 цаг болж байсан юм. Тухайн үед машины хөгжим нь нилээн чанга дуугарч байхаар нь манай эхнэр гарч ирээд “машиныхаа хөгжмийг багасгаач хүмүүс амарч байна” гэхэд Эрдэнэдаш манай эхнэр лүү хандаж “чамд ямар хамаатай юм дуугүй байгаач” гээд манай эхнэртэй маргалдахад нь би “Эрдэнэдаш аа чи яаж яриад байгаа юм бэ, манай эхнэр ш дээ гээд маргалдсан юм. Тэгсэн чинь Эрдэнэдаш намайг давхар хамж унагаад дээрээс гараараа цохиод өшиглөж байхад Батзориг бууж ирээд салгаж авсан, араас нь Зүчи гарч ирээд тэр хоёр намайг дахиад өшиглөөд зодсон юм. Тэгээд тэд нар намайг машинд суулгаж авч явах гээд байсан болохоор манай эхнэр согтуу хүнээр та нар яах гээд байгаа юм гээд өгч явуулаагүй гэсэн. Тэгээд тэд нар машиндаа суугаад явсан. Би эхнэртэйгээ гэртээ үлдсэн. Тухайн үед Эрдэнэдашийн дүү болох Батзориг тэр хоёрыг холдуулж салгасан юм. Өөр хэрүүл зодоон болох зүйл болоогүй. Тухайн үед бид гурав 0,75 л архи, 0,5 л архи нэг шилийг хувааж уусан юм. Нэлээд согтуу байсан юм. Тэр хоёртой танил болоод 3 жил болж байна. Нэг гудманд хамт амьдардаг. Өөр харилцаа холбоо байхгүй. Бидний хооронд өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. Эмчилгээний мөнгө төгрөгөө гаргуулж авмаар байна. Өөр санал гомдол байхгүй гэжээ.
Гэрч А.Дагиймаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:...2017 оны 8 дугаар сарын 07-ны шөнийн 04 цагийн үед хашааны гадаа машины хөгжим дуугараад хүмүүс чанга чанга яриад байхаар нь гарч харсан чинь манай нөхөр Чойжилсүрэн, Эрдэнэдаш гэх залуугийн хамт зогсож байсан. Тэгээд би Эрдэнэдашид хүмүүс амарч байна, хөгжмөө багасга гэхэд “чи дуугүй бай чамтай ярих юм байхгүй” гэтэл хүүхэд уйлаад байхаар нь “шүдгүй новш минь дуугүй байгаарай” гэж хэлээд гэр рүүгээ ороод удалгүй 10 минутын дараа түс тас гэсэн чимээ гарахаар нь би гараад очсон чинь Эрдэнэдаш манай нөхрийн толгой руу атгасан гараараа цохьж, дараа нь хамж унагаагаад дээрээс нь өшиглөж зодсон. Хамж унагаасны дараа Зүчи манай нөхрийг гутлаа сугартал өшиглөж толгой орчимд гараараа цохьсон гэжээ.
Гэрч Б.Батзориг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:-...2017 оны 8 дугаар сарын 07-ны орой 23 цагийн үед гэртээ орж ирээд байж байтал Даш ах залгаад дээд талын гудманд байна. Жаахан уучихсан байна, жолооны үнэмлэхээ аваад гараад ир гэхээр нь яваад очтол Даш, Зүчи, Чойжилсүрэн гурав машинтайгаа Зүчийн гэрийн гадаа сууж байсан. Тэгээд ууж сууж байгаад Чойжилсүрэнг гэрт нь хүргэж өгөхөөр гэрийнх нь гадаа очсон. Гэтэл эхнэр нь гарч ирээд бид нар руу дайраад доромжлоод байхаар нь Даш ах чи наад эхнэртээ хэлээрэй гэсэн чинь эхнэр нь Даш ахыг шүдгүй өвгөн царайлчихаад дуугүй бай гээд маргалдсан. Даш машинаас буусан чинь Чойжилсүрэн чи одоо юу гээд байгаа юм бэ гээд Даш ахыг шууд цохиод авсан. Тэгсэн чинь Даш ах Чойжилсүрэнг хавсраад унагахаар нь би машинаас бууж очоод салгасан. Тэгээд Даш ах Зүчийг хойшоо суулгах гээд машинаас буулгахад Чойжилсүрэн Зүчийг цохиод авсан. Зүчи толгойгоо бариад машин тойрч очоод Чойжилсүрэнг цохиод авсан. Ингээд тэр 2 хоорондоо зодолдохоор нь очоод салгасан. Тухайн үед би жолоо барьж байсан болохоор эрүүл, нөгөө гурав нилээн согтуу байсан. Миний хувьд Чойжилсүрэнтэй зодолдсон зүйл байхгүй. Тэд нарыг нэг нэгээр нь салгаж машинд суулгасан гэжээ.
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.8.10-ны №10088 тоот дүгнэлтэд:
1.С.Чойжилсүрэнгийн биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, ташаа, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ.
Шүүх дээрх баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Ж.З, Ж.З нар нь 2017 оны 8 дугаар сарын 08-ны шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Чойжилсүрэнтэй архи ууж, согтуурсан үедээ түүнтэй маргалдаж бүлэглэн зодсоноос хохирогчийн биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, ташаа, зүүн өвдгөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүдэгч нараас үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.8.10-ны №10088 тоот дүгнэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч И овогт Б Э, Цөөхөр овогт Ж.З нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч нарын саналыг тус тус харгалзсан болно. Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч нарын торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хохирогчоос эмчилгээний зардал 482.000 төгрөг, цалингийн зээл 380.000 төгрөг, нийт 862.400 төгрөг нэхэмжилсэн ба хохирогч нь эмчилгээний төлбөрөө бүрэн барагдуулж авсан (хх-ийн 054) гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Илжгэн овогт Ж.З, Ц овогт Ж.З нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ж.З, Ж.З тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.З, Ж.З нарын торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 05-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ж.З, Ж.З нар нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.З, Ж.З нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ