Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/452

 

 

 

 

 

  2023         4        25                              2023/ДШМ/452

            

    М.Оод холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ундрах,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бын өмгөөлөгч Н.У,

шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч Л.Ц,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Л.Баатар, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/202 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч Л.Ц нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн М.Оод холбогдох эрүүгийн 2208033691981 дугаар хэргийг 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С овгийн  М.О, ... оны 3 дугаар сарын 28-ны өдөр ...... хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт .................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .................../,

М.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Орбитын тойрогт хохирогч Г.Згийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хатуу хучилттай /асфальт/ зам дээр дагзны ар хэсгээр хүчтэй унагааж, гавал тархины хүнд гэмтэл учруулан, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэм хорын төлбөр, оршуулгын зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 3 ширхэг дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон, мөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнийг цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анхнаасаа гэм буруугийн үйлдэлдээ маргаагүй, хүлээн зөвшөөрч тогтовортой мэдүүлэг өгч ирсэн. Миний үйлдлийг зүйлчилсэн зүйл ангийг анх зүйлчилсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар сольж, түүнд тохирох ял шийтгэл оногдуулж өгнө үү. Өөрийн хийсэн гэм бурууг ухаарч, цаг хором бүр гэмшиж сууна. Надад оногдуулсан ялыг хурдан дуусгаад хохирол төлбөрөө барагдуулж, хохирогчийн ар гэр, үр хүүхэд, хань ижилд бага ч гэсэн тус дэм болохыг хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч М.Оын өмгөөлөгч Л.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... М.О нь амь хохирогч Г.Зг өмнө нь таньдаггүй байсан. Тухайн хэрэг болсон өдрийн шөнө караокед хамт сууж байхдаа зүсээ харалцсан. Таксинд тамхи асууснаас болж согтуу хүмүүсийн авир араншингаар үл ялих зүйлээр маргаснаас болж зам дээр Г.Зг нэг удаа гараараа цохиж унагааснаас ийм үр дагавар үүссэн байдаг. Энэ хэргээ шүүгдэгч шударгаар хүлээн зөвшөөрч гэм буруутайгаа хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн үеэс хүлээн мэдүүлж, гэмшиж байгаагаа илэрхийлсэн. Прокурорын яллах дүгнэлтэд заагдсан хохирлыг анхан шатны шүүх хурлын өмнө төлж барагдуулсан, хэргийн нөхцөл байдлын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өмгөөлөгчийн үзэж байгаагаар хэргийн зүйлчлэл эргэлзээтэй, бусдыг санаатай алах санаа зорилго агуулаагүй, тухайн нөхцөл байдлын азгүйтлээс болж хохирогч газарт унахдаа цохигдон хүнд гэмтэл авсан. Тухайлбал гэмт хэрэг үйлдэгчийн үхэлд хүргэх гэсэн субьектив талын санаа зорилго байгаагүй байдлыг харгалзан үзэлгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байна. М.Оын хувьд Шүүхийн шийдвэрт заасны дагуу Иргэний журмаар цаашид гарах хохирол төлбөрийг төлж хохирлыг арилгах арга хэмжээ авахаа илэрхийлж байгаа. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан ноогдуулсан 9 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. Хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа үнэн сэтгэлээсээ гэмшиж байгаа, хэргийн материалд заасан материалын хохирлыг нөхөн төлсөн, цаашид нэхэмжилж болох хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзэхийг хүсье. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бын өмгөөлөгч Н.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Тийм учраас давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалт нь шүүх заавал хэрэглэнэ гэсэн хэм хэмжээ биш, өөрийн эрх хэмжээний хүрээнд нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан шийдвэрлэх боломжтой заалт. Нөгөө талаар хүний эрдэнэт амь нас хохирсон гэмт хэрэгт хохирлыг барагдуулна гэсэн ойлголт байхгүй. Тийм учраас анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэж үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогчийн зүй бус үйлдэл байсан гэж хэлж байна. Хохирогчийн зүй бус үйлдэл энэ хэрэгт байгаагүй. Тухайн үед хохирогч Г.Зг салж явсны дараа шүүгдэгч түүн дээр буцаж очоод цохисон. Шүүгдэгч нь тухайн хэргийг санаатайгаар үйлдээгүй гэж байна. Хохирогчийн амь насыг аврах боломжгүй гэмтэл учруулсан учир тухайн гэмтлийг авснаас хойш хохирогч нас барсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

М.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Орбитын тойрогт хохирогч Г.Згийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хатуу хучилттай асфальтан зам дээр дагзны ар хэсгээр хүчтэй унагааж, гавал тархины хүнд гэмтэл учруулан, хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бын “... Пүрэвсүрэнгээс Г.Зтай хамгийн сүүлд хаана салсан талаар асуухад Орбитын тойрог дээр байдаг бааранд хамт орсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би Пүрэвсүрэнгийн хамт Орбитын тойрог дээр байрлах бааранд очиход зөөгч эмэгтэй Пүрэвсүрэнг хараад таньтай хамт явж байсан залуу хүнд зодуулаад гэмтлийн эмнэлэг дээр биеийн байдал нь маш муу байгаа талаар хэлсэн. Тэгэхээр нь би гэмтлийн эмнэлэг дээр очоод эмч нартай уулзахад нөхөр Г.Згийн биеийн байдал маш хүнд хагалгаанд орох гээд байж байсан. Ингээд Г.З нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хагалгаанд ороод ухаангүй гэмтлийн эмнэлэгт эмчлэгдэж байгаад 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нас барсан. ...” /1хх 21/,

Гэрч Б.Б-гийн “... Би 2022 оны 10 дугаар сарын 12-ны орой 21 цагийн үед “Орбит” караоке ажиллуулж байсан юм. Тухайн үед гаднаас хар хөх өнгийн биеийн тамирын хослол, хар саравчтай малгайтай залуу, цэнхэр өнгийн ажлын формын хувцастай залуу, саарал ноосон цамцтай залуугийн хамт гурвуулаа орж ирсэн. Ингээд манайхаас 0.5 литрийн Tiger нэртэй пиво 6 ширхэгийг аваад суусан. 00 цагийн үед дахин 6 ширхэг пиво авч ууж байгаад 02 цагийн үед биеийн тамирын хослолтой залуу нь хамт ирсэн хүнийг дагуулж гараад удалгүй эргээд ороод ирсэн. Тэгээд караокены урд талын дэлгэцийн баруун талын ширээн дээр суугаад дахин 6 шил пиво авч ууж байгаад тамирын хослолтой залуу хамт явж байсан ажлын хувцастай өөрөөс нь арай хөгшин бололтой залуутай хэрүүл маргаан болоод байгаа бололтой харагдсан. ... ажлын хувцастай нөгөө хоёроосоо ахмад залуу нь явчихлаа гээд тамирын хослолтой залуу нөгөө залуугийн хамт 02 цагийн үед буцаж ирсэн. Гэтэл 3 цагийн үед гаднаас саарал үстэй, хар өнгийн куртиктэй залуу, хар бомбер, саарал өнгийн малгайтай цамцтай залуу, ногоон өнгийн бомбер, хар өнгийн малгайтай цамцтай залуу, цэнхэр өнгийн жинстэй 3 залуу орж ирсэн. ... тухайн үед сүүлд орж ирсэн залуучууд архиа уугаад сууж байтал тамирын хослолтой залуу нөгөө 3 залууг хамт бүжиглэх үү, дүү нар гоё байцгаая гэж хэлээд босгож хамт бүжиглэсэн. Тэгээд би 03 цаг 45 минутын үед хаалаа, гараарай гэж хэлэхэд сүүлд орж ирсэн 3 залуу гараад явсан. Тэгэхэд эхэлж орж ирсэн тамирын хослолтой залуу хамт явж байсан саарал өнгийн тамирын цамцтай залуугийн хамт байж байгаад караоке дотор байсан хүмүүстэй гараад явсан. Хэсэг хугацааны дараа тамирын хослолтой залуу текний зүүн талд сууж байсан залууг дагуулж орж ирээд архи нэхээд байгаа бололтой байсан. Тэгэхээр нь би манайх хааж байна гэж хэлээд гаргасан юм. Маргааш нь тамирын хослолтой залуутай хамт явж байсан эрээн өмд, саарал цамцтай залуу эхнэрийг нь дагуулж орж ирээд гэртээ ирээгүй гээд хайж байна гэж хэлээд асууж байсан. ...” /1хх 25/,

Гэрч Э.Б-ын “... Би 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн үед ажил дээрээ ирэхэд цагдаагийн байгууллагаас хүмүүс ирсэн хяналтын камерын бичлэг шүүж байсан. Манай байгууллагын ертөнцийн зүгээр баруун хойд талын зогсоол руу харсан хяналтын камерт 2022 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө “Тунгалаг центр”-ийн замын хойд талд хүн зодуулаад ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдсэн. ...” /1хх-27-28/,

Гэрч Д.-ийн “... Манай ГГСҮТөвд 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 07 цагт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооноос хэн болох нь тодорхойгүй, маш хүнд, шинжилгээнд бүртгүүлээд эмнэлэгт хэвтүүлэв. Тархи, цээжний хүнд гэмтэлтэй одоо яаралтай хагалгаанд орно, бусад гэмтлийг мэдэхгүй. ...” /1хх 34/,

Гэрч Ч.Ц-ийн “... 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр М.О бид хоёр Орбит захын 2 давхарт очиход Нэ ирчихсэн байсан. Тэгээд бид 3 гаднаас 2 литрийн Нийслэл нэртэй пиво нэгийг аваад караокены вип өрөөнд орж ууцгаасан. Цаг дуусахаар нь бид 3 өрөөнөөс гарч нийтийн талбайд суусан. ... Бүжиглэж байхад нэг ах ирээд дүү нартай танилцая, гоё дүү нар байна гэх зэргээр ярьцгааж хоёр ахтай танилцсан. Бүжиг дуусч тэндээс гарахад нөгөө 2 ах хамт явцгаая гэхээр нь бид 3 зөвшөөрч, караокены гаднаас такси бариад хамт суусан. Тэндээс 1 тойрог яваад Орбитын тойрог дээр бууцгаасан. Машинд явж байхад нэг ах нь манай найз М.Отой тамхи асууснаас болоод маргалдаад байсан. Таксинаас бид хэд буугаад харих гэж байтал нөгөө 2 ахын нэг нь такситайгаа буцаад явсан. Бид 3 харих гээд алхаад явж байтал нэг ах нь замын цаана зогсож байсан. М.О тэр ахтай таксинд нилээн маргалдсан болоод тэр юм уу нөгөө ах чинь замын цаана зогсож байна. Би нэг уулзаадхья гээд тэр ах дээр очсон. Тэгээд замын голд дөнгөж уулзангуутаа М.О тэр ахыг гараараа шууд цохичихсон. Тэр ах цохиулаад шууд уначихсан. Тэгтэл замын цаанаас нэг эгч ирээд цагдаа руу залгаад дуудлага өгсөн. Тэр цохиулсан ах босохгүй хэвтээд хажуугаар нь машин яваад байхаар нь замаас гаргая гээд бид 3 тэр ахыг чирээд замаас гаргаад замын хажууд байрлуулсан. Тэгээд бид 3 сандраад тэр хүнийг үлдээчихээд гэр лүүгээ шууд харьцгаасан. ...” /1хх 37-38/,

Насанд хүрээгүй гэрч Б.Нэ-ын “... Би 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 23 цагийн үед найз М.О, Ц нартай караоке орж пиво, архи ууж бүжиглэсэн. ... бүжиглэж байгаад суутал 2 ах ирээд дүү нар гараад бүжиглээч гээд байхаар нь гараад бүжиглээд тэр хоёр ахтай танилцсан. Тэндээсээ гараад нөгөө хоёр ахтай хамт явцгаахаар болоод такси барьсан. Такси дотор суугаад явж байтал нөгөө хоёр ахын нэг нь М.Отой маргалдаад М.Оыг янз бүрээр хэлээд байсан. Тэгэхээр нь бид 3 бууя гэж бодоод Орбитын тойрог дээр буусан. Тэгтэл тэр хоёр ах дагаад буугаад ирсэн. Тэгээд бид 3 харихаар болоод Цанлиг, М.О хоёр намайг дөхүүлж өгөх гээд зам гарахаар алхаж байтал замын нөгөө талд нөгөө ах бид хэдийг дуудаад ална гэх зэргээр орилоод өөдөөс алхаад ирж байсан. Тэгээд тэр ах өмнөөс ирээд бид 3 ч яг таараад замын голд таартал М.О тэр ахыг гараараа шууд цохиод авсан. Тэр ах шууд газарт саваад унасан. Бид 3 тэр ахыг хартал амьсгалаад, хурхираад байгаа мөртлөө босохгүй байсан. Тэгтэл цаанаас нэг эгч ирээд цагдаа юм уу, эмнэлэгт дуудлага өгсөн. Замын голд тэр ах уначихсан хажуугаар нь машинууд яваад байхаар нь бид гурав нөгөө ахын дамжлаад чирч замын хажуу руу гаргасан. Тэгээд шууд гэр лүүгээ явцгаасан. ...” /1хх 43-44/,

Гэрч С.П-ийн “... 2022 оны 10 дугаар сарын 12-ны орой 23 цагийн үед хадам аав Болдбаатар, Г.Здорж нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутагт байрлах “Орбит night club”-т орсон. Хүний 10 шил пиво ууж байгаад би архиндаа тасраад 04 цагийн үед сэрэхэд хадам аав, Г.Здорж нар байхгүй байсан. 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн үед Г.Здоржийн эхнэр над руу залгаад манай нөхрийн утас холбогдохгүй байна, хаана байна гэж асуухаар нь би мэдэхгүй байна, яаж салснаа санахгүй байна гэж хэлээд утсаа салгасан. Уг үйл явдлын дараа орсон газраа очиход цагдаа нар ирээд хүнд зодуулчихсан байна гээд бичлэг шүүгээд явсан гэж хэлсэн. ...” /1хх 47-48/,

Гэрч Ж.Н-ийн “... Би 2022 оны 10 дугаар сарын 12-ны орой 23 цагийн үед гэртээ амарч байтал дүү маань дуудаад нийтийн караокед нөхрийн хамт очсон. ... караокеноос гараад Орбитын тойргийн урд ганцаараа такси барих гээд зогсож байтал нөгөө 3 залуугийн нэг нь дахин гүйж ирээд тамхи асуугаад хамт явж уух юм уу эгчээ гэхээр нь би үгүй, эгч нь харилаа гэж хэлээд нөгөө залуугаас салж Тунгалаг төвийн араар алхаад явж байтал замын хойд талд хар хөх өнгөтэй, цагаан өнгийн канттай хувцастай залуу зам гарах гэж байгаа бололтой алхаж яваа харагдсан. Тухайн үед би даараад шууд өнгөрөөд алхаж явж байгаад хэсэг хугацааны дараа эргээд харахад нөгөө зам гарч байсан тамирын хувцастай залуу уначихсан бололтой хөл нь хойшоо харсан байхад нөгөө 3 залуу хажууд нь ирчихсэн цамцных нь хойд захнаас чирээд замаас түшээд гаргасан. Тэгээд би гайхаад очих замдаа юу болов гэхэд нөгөө 3 бид хэд яагаач үгүй, энэ хүн өөрөө уначихсан гэж хэлэхэд нь түргэн дууд гээд би дуудсан. Нөгөө 3 залуу эмнэлэг ирэхийн өмнө яваад өгсөн. ...” /1хх 49-51/,

Гэрч Ч.Б-ын “... 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн үед ажлаасаа чөлөө авчихаад 20 хоногийн өмнө хот руу орж ирэхдээ машин эвдэрч үлдээсэн газраас очиж авах гээд хүргэн П-г дуудахад 18 цагийн үед З-н хамт ирсэн. Бид 3 тэндээс Хан-Уул дүүргийн Өлзийт постны ойролцоо байх Гонгор ахын хашаанд байсан машиныг аваад хот руу оруулж ирсэн. Замдаа явж байхад Г.З өмнөх өдөр нь архи уусан, шартаад байна гээд хүргэн бид 2 дөрвөн шил пиво авч өгсөн. Тэгээд харьж явах замд Орбит караоке паб таарсан бөгөөд хамт орохоор болсон. Караокед 40 гаран шил пиво авч уусан. Шөнө 04 цагийн үед караоке хаалаа гээд хөөгдөөд гарч байснаа санаж байна. Гараад уусан архиндаа согтоод тасарчихсан байсан. Нэг сэрэхэд гудамжинд ганцаараа унтаж байсан. 08 цагийн үед З-н эхнэр над дээр ирээд нөхрөө асуухад нь би мэдэхгүй байна гэж хэлээд тэндээсээ таксинд суугаад ажил руу явсан. Ажил дээрээ ажиллаж байхад З-н эхнэр Ц над руу залгаад З-г хүнд зодуулаад гэмтлийн эмнэлэгт хэвтэж байна гэж хэлээд болсон асуудлын талаар сонссон. ...” /1хх 53-54/,

Гэрч Ж.А-ын “... 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дуулгат-118 чиглэлд авто эргүүл дээр дуудлага мэдээлэл хүлээн авч ажилласан юм. Шөнийн 05 цаг өнгөрч байхад Орбитын тойрог дээр нэг залууг 2 залуу нийлээд зодоод байсан, нөгөө залуу нь энд ухаангүй цус нөж болсон хэвтээд байна гэх дуудлагын дагуу би жолооч М-ийн хамт очиж энгэрийн камераар нэгжлэг хийж шалгахад ертөнцийн зүгээр зүүн тийш толгой нь харсан байдалтай 30 гаран насны эрэгтэй хүн ухаангүй, хурхирсан, амнаас нь цус гарсан байдалтай хэвтэж байхаар нь 103 дуудаж үзүүлсэн чинь согтуу тасарсан хүн байна, авч явахгүй гээд байхаар нь наад хүн чинь илт хурхираад байна, яаралтай авч явахгүй бол болохгүй гээд 103-т өгөөд явуулсан. ...” /1хх 58/,

М.Оын сэжигтнээр өгсөн “... 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шөнө 05 цагийн үед караокеноос гурвуулаа гарахад нөгөө махлаг ах найзтайгаа гадаа байсан ба бид гуравтай тамхилж зогссон. Ингээд махлаг ах такси барина гэхээр нь дөхөөд бууя гэж хэлээд суусан. Такси доош уруудаад 100 метр яваад Орбитын тойрог дээр ирэхэд махлаг ах “гурван пизда минь ална шүү” гэж хэлээд хараагаад байсан. Тэгээд таксинд маргалдаад таксины ах замын голд зогсоод бид 3 эхэлж буусан. Тэгтэл араас махлаг ах найзтайгаа буусан бөгөөд найз нь орхиод цаашаа явчихсан. ...нөгөө махлаг ах замын эсрэг талд зогсож байхаар нь би очоод “ахаа тамхи байвал өгөөч” гэж хэлэхд “зайл пизда минь” гэж хэлэхээр нь би нэг удаа гараараа нүүрэн тус газарт нь цохисон. Бид хоёр замын голд маргасан бөгөөд намайг нэг цохиход хар зам дээр уначихсан. Тэгээд манай хоёр найз хоёр талаас нь өргөөд замаас холдуулж замын хажууд хэвтүүлсэн бөгөөд бид нарын хажууд нэг эмэгтэй түргэн цагдаа дуудна гэхээр нь зугтчихсан. ...” /1хх 30-31/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2700 дугаар “Талийгаач Г.Зн цогцост дагз ясны зүүн талын арагш, дээш хоёр талд лямбда заадас хүрч төгссөн, урагш дагзны төвгөр дайрч нугасны том нүхний ар хэсэгт хоёрлож салаалан, нэг салаа нь зүүн чулуулаг хүрсэн, нөгөө салаа нь баруун тийш кливусын баруун талаар чулуулаг, их, бага далавч дайран зүүн нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн нийлмэл шугаман хугарал, тархины баруун дух, чамархайн эд доторх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, тархины хоёр талын дух, чамархайн дэлбэн, судаллаг биеийн цусархаг няцрал, их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, уруулд няцарсан шарх, дагзны хуйхны дотор гадаргуу, эрүү, цээж, хоёр бугалганд цус хуралт, хэвлийд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Шинэ гэмтлүүд байна. Үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх дагз ясны зүүн талд арагш дээш хоёр талд лямбда заадас хүрч төгссөн, урагш дагзны төвгөр дайрч нугасны том нүхний ар хэсэгт хоёрлож салаалан, нэг салаа нь зүүн чулуулаг хүрсэн, нөгөө салаа нь баруун тийш кливусын баруун талаар чулуулаг, их, бага далавч дайрсан зүүн нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн нийлмэл шугаман хугарал, тархины баруун дух, чамархайн эд доторх цусан хураа, тарх дарагдал, тархины хоёр талын дух, чамархайн дэлбэн, судаллаг биеийн цусархаг няцрал, их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь амь насанд аюултай гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэг, бусад гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй. Гэмтэл согог судлын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасгийн №14496 тоот өвчний түүхэнд бичигдснээр 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 21 цаг 40 минутад нас баржээ. Гуравдугаар бүлгийн харъяалалын цустай байна. Ходоодонд 100.0 мл шар ногоон өнгийн хагас өтгөн агууламжтай байна. Эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлэн, зөв онош тавигдсан байна. Цус, ходоодны шингэнд спиртын агууламж илрээгүй. Талийгаач дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. ...” /1хх 84-92/ гэсэн дүгнэлт,       

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 8-9/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 10-13/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 67-70, 74-78/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос М.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч М.Оыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс М.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч М.Ооос “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар сольж, түүнд тохирох ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн, түүний өмгөөлөгч Л.Цгоос “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол тус тус гаргажээ.

Анхан шатны шүүхээс “хохирол төлөгдсөн гэдэгт гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын төлбөр, оршуулгын зардлыг бүрэн төлснийг ойлгох бөгөөд холбогдох баримтын бүрдэл дутуу үндэслэлээр хохиролтой холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон нь хохирол бүрэн төлөгдөөгүй агуулгыг илэрхийлнэ” гээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан урьдач үндэслэл бүрдээгүй гэж үзэн тухайн зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.  

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялын хугацаатай ба шүүхээс шүүгдэгч М.Оод 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь тохирсон гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/202 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч Л.Ц нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч М.Оын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 71 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/202 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч Л.Ц нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оын цагдан хоригдсон 71 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БАТСАЙХАН

 

              ШҮҮГЧ                                                  Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ