Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2016/01156

 

“Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/01399 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1238 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Мөнхбат, Н.Хосбаяр нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт Н.Хосбаяраас 362 315 170 төгрөг, Н.Мөнхбатаас 126 781 830 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Хосбаярын 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээнээс Н.Хосбаярт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Н.Мөнхбат, Н.Хосбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Гэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Очирбал, хариуцагч Н.Хосбаяр, Н.Мөнхбат, хариуцагчийн өмгөөлөгч Я.Батханд,  нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Мөнгөнзоос кредит ББСБ” ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор 2010 онд үүсгэн байгуулагдсан Монгол улсын Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг. 2013 оны 09 дүгээр сард Н.Хосбаяр 56 айлын орон сууц барьж байгаа, богино хугацаанд 100 000 000 төгрөг зээлчих, барьцаанд нь уг орон сууцны 1, 2 тоот орон сууцыг захиалан бариулах гэрээ хийгээд зээл авъя гэсэн.Би хэлснийх нь дагуу барьцаанд нь захиалан бариулах гэрээ хийж, 100 000 000 төгрөгийг Н.Хосбаярт олгосон. Мөнгийг 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 55 000 000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 45 000 000 төгрөг гээд 2 хувааж өгсөн.Үүний дараа 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр яг энэ журмаар нэмж, 100 000 000 төгрөг зээлээч гээд Н.Хосбаяр, Н.Мөнхбат нар ирсэн тул дахин гэрээ хийсэн.Уг мөнгийг 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 34 000 000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 16 000 000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 50 000 000 төгрөгийг тус тус олгосон.Гэтэл зээлийн хугацаа дуусахад зээл төлөгдөөгүй. Эхэн үедээ утсаар ярьдаг байж байгаад сүүлдээ Н.Хосбаяр утсаа авахаа байсан.Эхний 100 000 000 төгрөгийн зээлийг Н.Хосбаярт 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй, дараагийн 100 000 000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй Н.Хосбаяр, Н.Мөнхбат нарт зээлж нотариатаар батлуулсан.Н.Хосбаяраас 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээний үүрэгт 235 533 440 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 126 781 830 төгрөг, нийт 362 315 170 төгрөг, Н.Мөнхбатаас 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 126 781 830 төгрөгийг гаргуулж өгнө үү.Н.Хосбаярын хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу зээлүүлсэн үндсэн мөнгө, хүүг нэхэмжилж байгаа. Н.Хосбаярын хувьд үгүйсгэж байгаа боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээнд Н.Хосбаяр Н.Мөнхбат гээд н.Маяагүл гэдэг нотариатаар гэрчлүүлж батлагдсан.Мөн нотариатчийн тайлбар байгаа. ...Зээлийн гэрээний 2-т “...2 сарын дараа 120 000 000 төгрөг болгож өгнө”, 3 дахь заалтад “...1, 2 тоотыг буцааж олгоно” гэсэн байгаа. Тэгээд өр төлбөрөө дууссаны дараа гэрээний дагуу Н.Хосбаярт байрыг буцааж өгнө гэсэн асуудал гарч ирж байгаа. Нэхэмжлэгч худалдан авах хүсэл байгаагүй ба өмчлөлд шилжүүлэн авсан бүртгэл байдаггүй.Өнөөдрийг хүртэл Н.Хосбаяр болон н.Нинагийн нэр дээр явж байгаа. Хөрөнгө шилжүүлэхээр байраа аваач гэсэн зүйл байхгүй. Иймд зээлийн гэрээний дагуу энэ баримтыг барьцаанд авч байна гэж ойлгож, тийм ч учир 2013 оны  09 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр зээл хүүгээ нэхэмжилсэн.Энэ гэрээний хамгийн сүүлд 120 000 000 төгрөгийг төлж дууссан өдрөөс 5 хувийн хүү өгнө гэсэн. Ингээд талуудын хооронд хийсэн гэрээгээр мөнгө хүлээлцсэн баримт байгаа. Эсрэгээрээ худалдах, худалдан авах гэрээ байсан бол н.Нина болон Н.Хосбаяр нараас О.Гэрэлд баримт өгөх ёстой. Хэрэг дотор өнөөдрийг хүртэл ийм баримт байхгүй. Н.Хосбаярт бэлэн мөнгөний хэрэг гарсан. Иймд захиалан бариулах гэрээ байгуулсан. Үүний дагуу төлбөр авсан гэдгээ нотлоогүй. Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Хосбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Н.Мөнхбат надад байр авах хүн олж ирсэн гээд О.Гэрэлийг дагуулан ирсэн. Би байр авах гэж байгаа юм байх гэж ойлгосон. Уг байр нь н.Нина Н.Хосбаяр нарын барилга гэж явдаг. Тэгээд би уг байрны 1, 2 тоотыг 100 000 000 төгрөгөөр тооцож худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Гэтэл зээлийн гэрээ гэсэн цаас оруулж ирсэн. Юун гэрээ вэ гэхэд барилга ашиглалтад оруулахын тулд ийм гэрээ хийж байгаа гэж ойлгуулсан. Энэ үед 10 хувь, 5 хувийн хүү гэдгийг огт мэдээгүй. Тухайн үед хоёр байрыг 100 000 000 төгрөгөөр зарж байна гэж ойлгосон.Бид нар бэлэн мөнгийг гардаж авахдаа 55 000 000 төгрөгийг 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр би очиж авч байсан. Үлдсэн 45 000 000 төгрөгийг 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Голомт банкны гадаанаас О.Гэрэл гэдэг хүнээс авсан.Сүүлийн 100 000 000 төгрөгийг Н.Мөнхбат “...би зээл авах гэсэн юм гээд намайг батлан даагчаар гарын үсэг зураад өг” гэж хэлсэн, тэгээд би гарын үсэг зурж өгсөн. Тэр мөнгөнөөс нэг ч төгрөг барилга руу ч хийгээгүй. Өөр зүйлд ч зарцуулаагүй.Иймд надаас яагаад зээлийн гэрээний үүрэг шаардаад байгааг ойлгохгүй байна. 2 орон сууцыг одоо ч хүлээлгэж өгөхөд бэлэн байна. Орон сууц захиалагч иргэдтэй байгуулах гэрээг талууд байгуулаад, зээлийн гэрээний өмнө байгуулагдсан байдаг. Энэ нь орон сууц захиалах гэрээ байгуулах хүсэл зоригтой байна гэдэг нь харагдаж байгаа. Хоёр иргэний хооронд хийгдсэн, Н.Хосбаярын хэлсний дагуу барилга барьж байгаа нь цаг хугацааны хувьд удааширдаг учир зээлийн гэрээг хийсэн. Зээлийн гэрээг харахад “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК байгуулсан гэсэн боловч нотариатаар гэрчлүүлэхдээ худалдах, худалдан авах гэрээ, өөрөөр хэлбэл орон сууц захиалах гэрээний дагуу зээлийн гэрээг хийсэн. Энэ гэрээ иргэд хооронд хийгдсэн гэрээ. Тэгэхээр орон сууц захиалах гэрээний дараа хийгдсэн.Нөгөө талаас Банк бус санхүүгийн байгууллага хийж байгаа тохиолдолд тамга дарах ёстой. 2013.9.12-ны өдөр гэрээнд Н.Мөнхбат өөрөө дангаараа мөнгө авсан гэдэгт маргахгүй байна. Гэтэл энэ гэрээний хугацааны урт нь зургаан сарын хугацаатай байгаа, сунгасан зүйл байхгүй. Гэтэл энэ гэрээний хугацааг тооцоод эвлэрэх боломж байсан. Гэтэл энэ их сарууд дээр хүү тооцоод хүүг хэтэрхий өндөр тавьсан. Тэгэхээр энэ гэрээний хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гараагүй байхад нэр шилжих боломжгүй. Анхнаасаа худалдах-худалдан авах гэрээ хийсэн, зээлийн гэрээ нь тамга, тэмдэг дарагдаагүй, хуульд заасан хэлбэрээр байгуулагдаагүй.Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Мөнхбат шүүхэд гаргасан тайлбартаа: “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-иас би 2013 оны 09 дүгээр сард мөнгө зээлж авсан нь үнэн. Уг мөнгийг “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-иас Н.Хосбаяртай нийлж авсан боловч тэр 100 000 000 төгрөгийг би дангаараа захиран зарцуулсан нь үнэн.Би нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч байна. Гэрээний 5 дахь заалтад 100 000 000 төгрөгийг хүүгийн хамт тохиролцсон хугацаанд өгөөгүй бол байруудыг О.Гэрэл өөрийн мэдэлд авч худалдан борлуулна гэж заасан. Барьцаанд байгаа 2 байрыг гэрээний энэ заалтын дагуу төлбөрт тооцон өгөх хүсэлттэй байна гэжээ.

Хариуцагч Н.Хосбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:Нэхэмжлэгч О.Гэрэлтэй Н.Мөнхбатаар дамжуулан танилцсан бөгөөд О.Гэрэл нь анх Налайх дүүрэгт баригдаж байсан барилга дээр ирж, байр үзэж байсан. Тэгээд О.Гэрэл нь байр авахаар болж, уг баригдаж байгаа барилгын хөрөнгө оруулагч нарт мэдэгдэж зөвшөөрөл авсны үндсэн дээр гэрээ байгуулахаар болсон. Гэтэл О.Гэрэл нь “...танай барилга хэзээ ашиглалтад орох вэ, найдвартай юу...” гэх мэтээр асуугаад явснаа сүүлдээ би давхар зээлийн гэрээ хийнэ гэсэн. Миний хувьд байр ашиглалтад орох нь үнэн, О.Гэрэлийг байр авах хүн гэж ойлгосон тул зээлийн гэрээ хийхэд яахав, энэ хүний байрыг нь даруй ашиглалтад оруулчихад болно гэж бодсон.Тэгээд 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр орон сууц захиалагч иргэдтэй байгуулах гэрээ байгуулсан. Ийнхүү орон сууц захиалагчтай гэрээ байгуулахад тэрээр Зээлийн гэрээ авчирсан бөгөөд уг бичиг дээр өндөр үнийн дүн бүхий буюу эхний 2 сард нь 10 хувь, дараа нь 5 хувийн хүүтэй байхаар нь “...яагаад ийм өндөр хүү энэ тэр гээд бичэв” гэхэд “...энэ чинь зүгээр л нөлөөллийн арга хэмжээ шүү дээ, танай тал байраа өгөхгүй бол би яахав” гэхээр нь “би юу гэж тийм зүйл байхав дээ” гэчихээд гүйцэтгэгч талыг байраа өгөхгүй болчих вий гэж болгоомжилсондоо өндөр хүү тавьчихсан байна гэж ойлгосон. Тэгээд орон сууцны захиалгын гэрээний дараа нь зээлийн гэрээг нь хийсэн. Тэгээд орон сууц захиалагч иргэдтэй байгуулах гэрээний 2.1-д гэрээ хийхэд нийт үнийн дүнг 100 хувь төлнө гэсний дагуу 2 байрны төлбөрт тооцож 100 000 000 төгрөгийг ажил дээрээс нь очиж авсан.Гэрээний дагуу төлөх ёстой төлбөр дутуу байгаа тул гэрчилгээг нь гаргаагүй. О.Гэрэлийн хувьд өөрийн авсан байраа зарахаар зар өгч байсан. Тэгснээ гэнэт л нөгөө гэрээгээ бариад надаас мөнгө нэхэмжлээд эхэлснийг зөвшөөрөхгүй. Би зээл авах байсан бол ийм өндөр хүүтэй зээл авахгүй байсан. ...Би хэргийн материалд хавсаргасан 2013.9.12-ны өдрийн зээлийн гэрээний агуулгыг нь ч уншаагүй бөгөөд зүгээр л гарын үсэг зураад явсан. Би мөнгийг нь аваагүй, хэрэглээгүй. Энэ талаар сүүлд шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа л төлбөр тооцооных нь талаар ойлголттой болсон. Н.Мөнхбатын хувьд ч уг мөнгийг авсан, захиран зарцуулснаа зөвшөөрч байгаа бөгөөд төлбөр тооцоогоо О.Гэрэлийн өмнө хариуцахаа хэлдэг. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн дараах шаардлагыг гаргаж байна. 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн зэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2013 оны 09 дүгээр сарын 12-ны зээлийн гэрээний Н.Хосбаярт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох гэсэн сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:Сөрөг нэхэмжлэл гаргахдаа хүчин төгөлдөр буст тооцуулах гэж гаргаад байна гэж ойлголоо. Энэ хэлцлийн хувьд 3-н үндэслэлээр ноцтой төөрөгдөл, хууран мэхэлж, хүч хэрэглэн хийсэн тохиолдолд гэсэн байгаа. Гэтэл энэ талаар уг гэрээнд аль нь ч дурдаагүй байна. Харин орон сууц захиалан бариулах гэрээ өөрөө дүр үзүүлэн хийсэн гэрээ. Бид нарын хувьд дөрвөн байр авах шаардлага байхгүй. Банк бус санхүүгийн байгууллага тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээнд 5 хувийн хүү тавьсан. Хүүтэй холбоод байна. Хүүгээ талууд өөр хоорондоо тохиролцдог. Өмнө нь бол хэд хэдэн удаа зээл авч байсан итгэлцэл дээр зээлийн гэрээ хийсэн. Барьцаа байгаагүй. Гэхдээ орон сууц захиалан бариулах гэрээнд “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК байгуулах боломжгүй учир О.Гэрэл гэдэг хүний нэр дээр хийгдсэн.Өнөөдрийг хүртэл О.Гэрэлийг байраа ав гэж хэлээгүй ба О.Гэрэл байраа шаардаж байгаагүй. Энэ нь захиалан бариулах гэрээ байгуулаагүй гэдгийг нотолж байгаа. Эвлэрэх талаар байнга ярьж байсан. Эвлэрэх гэж ярилцаж байсан зүйлээсээ тэс ондоо зүйл яриад байна. 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан гэрээнд Н.Хосбаяр хангалттай гарын үсэг зурсан. Н.Мөнхбат зөвшөөрөөд, Н.Хосбаяр мэдэхгүй, байгуулаагүй гээд байгаа атлаа гарын үсэг зураад нотариатаар батлуулсан байдаг. Нэг дэх гэрээг ойлгоогүй байгуулсан гэж үзээд хүндэтгэж үзэхэд 2 дахь гэрээнд яагаад гарын үсэг зурчихваа гэдэг нь сонин. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжилж байгаа. Энэ гэрээнд зээлдэгч нар хугацааг сунгаагүй байсан ба мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу хүүгээ зээлээ төлтөл нэхэх эрхтэй. Тиймээс өмгөөлөгчийн ярьж байгаа иргэд хоорондын байгуулсан гэрээ гээд байгаа нь үндэслэлгүй. Эцэст нь Иргэний хуулийн 58, 59, 60 дугаар зүйлд заасан байдаг. Энэ зүйлийн аль нь ч гэрээнд бүрдээгүй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/01399 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 282.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Н.Хосбаяраас 100 000 000 төгрөг, хариуцагч Н.Мөнхбатаас 100 000 000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-д олгож, Н.Хосбаярт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 262 315 170 төгрөгийг, Н.Мөнхбатад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26 781 830 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтыг баримтлан 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ, 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээнээс Н.Хосбаярт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай Н.Хосбаярын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 919 370 төгрөгөөс 2 603 435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 315 935 төгрөгийг татварын хэлтсийн тоот данснаас, хариуцагч Н.Хосбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Хосбаяраас 578 975 төгрөг, хариуцагч Н.Мөнхбатаас 578 975 төгрөгийг тус тус улсын тэмдэгтийн хураамжид гаргуулж, нэхэмжлэгч “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1238 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/01399 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Хосбаяраас 362 315 170 төгрөг, хариуцагч Н.Мөнхбатаас 126 781 830 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “хариуцагч Н.Хосбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Хосбаяраас 578 975 төгрөг, хариуцагч Н.Мөнхбатаас 578 975 төгрөгийг тус тус улсын тэмдэгтийн хураамжид гаргуулж, “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-д олгосугай” гэснийг “улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Н.Хосбаяраас 1 969 525 төгрөг, хариуцагч Н.Мөнхбатаас 791 859 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-д олгон, хариуцагч Н.Хосбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 315 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 603 435 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагч Н.Хосбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн заалтыг зөрчсөн....Хэдийгээр О.Гэрэл нь ББСБ-аар гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа ч “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-аар гэрээ хийгдээгүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, гэрээ хийгдсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Үүнд: Тухайн үед Орон сууц захиалагч иргэдтэй байгуулах гэрээг иргэд хооронд байгуулах байсан учраас мөн иргэд болохоор тамга тэмдэг байхгүй байсан учраас нотариатчаар гэрчлүүлэхээр болсон.Хэрвээ ББСБ-тай зээлийн гэрээ хийхээр тохирсон бол Налайх биш, харин Улаанбаатарт тухайн ББСБ-ын оффис дээр очих байсан. Тэгээд ч энэ гэрээн дээр ББСБ-ын тамга тэмдэг дарагдаагүй байхад яагаад ББСБ гарын үсэг зурсан, хуульд нийцсэн гээд байгааг ойлгохгүй байна.Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-ыг зөрчсөн. О.Гэрэл нь зүгээрээ, чи байраа хурдан барьчих, тэгээд л энэ гэрээ хамаагүй гээд байсан. Иргэнээр гэрээ хийж байсан учраас бидний иргэний үнэмлэхний хуулбарыг ар талд нь хавсаргаж, гэрчилсэн. Тухайн үед ББСБ-ын талаар ямар нэгэн баримт бичиг хараагүй. Төлбөрийн хувьд байрны мөнгөө л өгч байна гэж бодож байсан. Маргалдагч талуудын хооронд анх “Орон сууц захиалагч иргэдтэй байгуулах гэрээ” байгуулагдсан. Дараа нь О.Гэрэл өөрөө бичиж ирсэн Зээлийн гэрээ гэх баримтад гарын үсэг зур гэхээр нь л зурсан. Түүнээс би зээл авъя гэж хүсэлт гаргаад байсан зүйл байхгүй. ...2013.9.05-нд байгуулагдсан “Орон сууц захиалагч иргэдтэй байгуулах гэрээ” нь 127 тоот нотариатчийн тамган дээр бүртгэлийн 891 дугаарт бүртгэгдсэн байдаг бол түүний дараа буюу 892 тоот дугаарт уг өдөр Зээлийн гэрээ нь бүртгэгдсэн байгаагаар аль гэрээг өмнө нь байгуулсан нь нотлогдож байгаад давж заалдах шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй.Мөн Зээлийн гэрээ гэх баримтын 1-д “Н.Хосбаяр нь О.Гэрэлд ...гэрээ хийж, 100 сая төгрөг бэлнээр авна” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл баримт дээрээ өөрөө О.Гэрлээс мөнгө өгөхөөр бичсэн буюу үндсэн нөхцөлд нь “Мөнгөн зоос кредит” ББСБ гэж огт байхгүй байхад хуулийн этгээдээр нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК нь зээлийн гэрээ байгуулахдаа олон хуудас стандарт нөхцөлтэй гэрээгээр байгуулдаг. Тамга тэмдэгээ ч дардаг. Зээлдэгч нартай байгуулдаг зээлийн гэрээг нь хэргийн материалд хавсаргасан байгааг анхаарч үзсэнгүй. Гэрэл нь санаатайгаар байрыг хүлээн авахгүйгээр зээлийн гэрээ хийсэн гэж нэхэмжилж байхад Н.Хосбаяр би хүчээр байрыг хүлээлгэн өгөх боломжгүй шүү дээ. ББСБ нь нэг гишүүнтэй. Уг гишүүн нь бусадтай хэлцэл хийсэн байсан ч хуулийн этгээд, хувь хүн хоёрыг ялгаж, зааглаж ойлгох ёстой гэж үзэж байна. О.Гэрэл гэдэг иргэн өөрийн иргэний үнэмлэхийг ашиглан, нотариатаар гэрчлүүлж гэрээ хийчихээд уг хэлцэлдээ ББСБ-ынхаа нэрийг оруулан бичээд хуулийн этгээдээр гэрээ хийсэн гээд маргаж байгааг анхаарч үзээгүй. Тамга тэмдэг ашиглахгүй, байгууллагынхаа улсын бүртгэлийн гэрчилгээг хэрэглэхгүй бусдыг төөрөгдүүлж, эцэст нь шүүхээр шийдүүлж сурсан байгаа нь харагдаж байна....Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 3-т дурдсан заалтууд нь гэрээ байгуулсан эсэх, гэрээнд хуулийн заалтыг тусгасан эсэх, гэрээ нь хүчинтэй эсэхтэй огт хамааралгүй бөгөөд харин нэгэнт байгуулагдсан гэрээний үүргийн гүйцэтгэлд хэрэглэгдэх зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүтэй холбоотой зохицуулалт юм. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д дурдсан заалт нь энгийн бичгийн хэлбэрээр хийгддэг хэлцэлд хамаарах бөгөөд гэрээнд тусгах нөхцлийг хуулиар зохицуулсан хэлцэлд хамааралгүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс үндэслэл болгоод буй Зээлийн гэрээ гэх баримт нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2, 22 дугаар зүйлийн 2, 23 дугаар зүйлийн 2-т заасан заалтуудыг зөрчсөн. Тэгээд ч хуулийн этгээдээс олгож буй зээлийн гэрээнд тусгахаар хуульчилсан заалтыг уг зээлийн гэрээ гэх баримтад тусгаагүй, мөн хувийн хэргийн бүрдүүлбэрээс эхлээд хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байхад тусгай зөвшөөрөлтэйгээр хийгддэг гэрээг хийдсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэж байгаа нь үндэслэлгүй.Миний хувьд иргэн О.Гэрэлтэй худалдах-худалдан авах болон зээлийн гэрээг хийсэн бөгөөд тэрээр худалдан авсан байраа одоо авахгүй гэсэн учраас, хуулийн нарийн зохицуулалтыг нь мэдэхгүй учраас гэрээ хийгээгүй ББСБ-аас мөнгө авсан байсан тул хуулийн этгээдэд нь мөнгийг буцаан өгөх ёстой гэж ойлгож байна. Байраа авъя гэвэл уг байрууд нь одоо ч байж байгаа. Түлхүүрийг нь хүлээлгэн өгөхөд бэлэн байна. Түүнээс биш давж заалдах шатны шүүхийн шийдсэнээр асар их хэмжээний төлбөрийг төлөх ёсгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь иргэн намайг бүрэн төлбөрийн чадваргүй болгон дампууруулах, ажиллах нь байтугай амьдрах итгэлгүй болгосон ба иргэн намайг асар их хохироож байна.Тиймээс Давж заалдах шатны шүүхийн 1238 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 102/ШШ2016/01399 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Мөнхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй ба шүүх бүрэлдэхүүн нь нэг талыг барьж нотлох баримтуудыг үнэлэн хариуцагч намайг хэтэрхий хохироосон. Хэргийн материалд байгаа нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, шударгаар шийдвэрлээгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дүгээр зүйлийн 172.1-д заасныг удирдлага болгон хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлалын агуулгаас харвал “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-тай гэрээ хийсэн мэтээр дүгнэж, их хэмжээний мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Гэтэл үнэн хэрэгтээ ББСБ-тай “Зээлийн гэрээ” хийгээгүй, иргэн О.Гэрэлтэй гэрээ хийсэн.Харин мөнгийг ББСБ-аас авсан. Уг гэрээний төлбөрийг би хариуцахаар Хосбаяртай тохиролцсон байсан талаараа би анхнаасаа л хэлж байсан. Миний хувьд “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-иас хэд хэдэн зээлийг авсан байсан бөгөөд О.Гэрэлийн зүгээс ирэх дарамтаас айж, иргэд хооронд хийгдсэн зээлийн гэрээний хугацаагаараа бодож, төлбөрийг нь бүрэн төлье гэж шийдэж, тайлбар өгснийг намайг ББСБ-тай гэрээ хийсэн гэж дүгнэж, асар их хэмжээний өр төлбөр төлөхөөр магадлалд тусгасан байна.Ер нь бол би хувь хүнтэй зээлийн гэрээ хийсэн. Харин ББСБ-аас мөнгө авсан. Нэгэнт гэрээ хийсэн этгээд маань надад мөнгө өгөөгүй байж, хүү тооцох эрхгүй. Харин “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-ийн хувьд надтай гэрээ хийгээгүй мөнгө өгсөн байж, надаас хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхгүй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх хэн гэрээ хийсэн, ямар субъект мөнгө өгсөн байгааг анхаарч үзээгүй, үнэлэлт дүгнэлт өгөөгүй. МУ-д эдийн засгийн хямрал нүүрлэсний улмаас үл хөдлөх эд хөрөнгийн үнэ унасаар нэхэмжлэгч нь авна гэж байсан байруудаа авахгүй гэснээр маргаан үүсэх эхлэл тавигдсан бөгөөд тэрээр аргаа өөрчлөн. ББСБ-тай зээлийн гэрээ хийсэн агуулгаар нэхэмжлэх болсон. Миний хувьд авсан 100 сая төгрөгөө л буцаан өгөхөд татгалзах зүйлгүй.Дээр дурдсанаар би “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-иас бусдаар дамжуулан мөнгө авсан байсан. Энэ талаар 2013.9.12-ны 10 дугаартай гэрээний 4-т Н.Батбаяр, Н.Мөнхзаяа, Д.Туул, Д.Дөлгөөн гэсэн нэр дурдагддаг. Энэхүү зээлүүд нь харин ББСБ-аар хийгдсэн бөгөөд санхүүгийн эрсдэлд орж, төлж чадахгүй болсны улмаас шүүхээр шийдвэрлэгдэж, хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг нь бүрэн бодогдож, олон зуун сая төгрөгөөр тооцогдох өр төлбөрт унаад байна.Энэхүү гэрээнүүдийг байгуулахад ч, гэрээнд нөхцлөө тусгахад ч, мөнгө шилжүүлэхэд ч бусад үйлдлүүд нь бүгд холбогдох хуульд заасан шаардлагыг хангасан байдаг. Уг гэрээнүүдийг байгуулахад ББСБ-ын тамга нь дарагдахаас эхлээд холбогдох мэдээллүүдийг нь өгч, барьцааны гэрээ хүртэл хийгддэг. Харин энэ гэрээ нь иргэд хооронд хийгдсэн учраас өөр агуулгатай.Гэтэл О.Гэрэл нь иргэнийхээ хувиар хийсэн гэрээгээ ББСБ-аар хийсэн болгож, дахиад их хэмжээний мөнгө нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. Миний авсан 100 сая төгрөгийн гэрээн дээр дурдсан энэ хүмүүсийн талаар Н.Хосбаяр нь мэдэхгүй бөгөөд тэрээр төлөх ч үндэсгүй юм. Гэтэл энэ талаар Н.Хосбаяртай хийсэн гэрээд дурдагдсан байгаа нь надтай гэрээ хийх гэж байгаад л Н.Хосбаяраас байр худалдах худалдан авах гэрээ хийхдээ агуулгыг нь өөрчилсөн байх гэж бодож байна. Тиймээс давж заалдах шатны шүүхийн 1238 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 102/ШШ2016/01399 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                                 ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг хэрэглээгүй, хуулийг буруу  тайлбарлаж  хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлж чадаагүй, харин анхан шатны шүүх гэрээний нөхцлийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлээгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар дээрх алдааг залруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Н.Хосбаяраас 2013 оны 09 дүгээр сарын 05-ны болон 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүүд 274 318 340 төгрөг,  хариуцагч Н.Мөнхбатаас 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 95 285 000 төгрөг, нийт 369 603 340 төгрөгөөр шаардлагаа тодорхойлжээ \хх-ийн 1-2 дугаар тал\.

Нэхэмжлэлийн шаардлага болсон 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн, 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээг анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан иргэд хоорондын гэрээ гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгосон гэрээ гэж үзжээ.

Дээрх хоёр гэрээ нь “Мөнгөн зоос кредит” ББСБ-ын албан маягт дээр бичигдсэн боловч гэрээний агуулга Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний шинжгүй байна.

Эдгээр гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1.-д заасан стандарт нөхцлөөр хийгдээгүй, “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-иас зээлийн үйл ажиллагаагаа явуулах эрхийнхээ хэмжээнд зээлдэгч нартай байгуулдаг гэрээнээс нөхцөл, хүү, хариуцлага, эрх, үүргийн хувьд ялгаатай, гэрээнд зээлдүүлэгч талыг  “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК биш харин О.Гэрэл гэж тодорхойлсон зэргээс үзэхэд гэрээний зээлдүүлэгч талыг “зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд” гэж, “мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу... зээлдэгчид шилжүүлсэн” гэж тус тус үзэх үндэслэлгүй байхад давж заалдах шатны шүүх зохигчдын хоорондох гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зохицуулалтад хамааруулсан нь хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаатай болжээ.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д “банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид “зээлдэгч” гэх/-д олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох /цаашид “зээл” гэх/ гэнэ” гэж заасан байх ба уг тодорхойлолтод зохигчдын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 05, 12-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнүүд нийцэхгүй байна. 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээнд “Н.Хосбаяр нь О.Гэрэлд Налайх дүүргийн 2 дугаар хороо, 10 шар явах зам дагуу байрлалд барьж байгаа 5 давхар орон сууцнаас 1. 2 тоот захиалан бариулах гэрээ хийж, 100, 0 сая төгрөг бэлнээр авна \1м2 –ыг 900, 0 мян. Төгрөг тооцно\  гэж зааснаас үзэхэд зээлийн гэрээний зээлдүүлэгч нь О.Гэрэл, зээлдэгч нь Н.Хосбаяр байна. 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээнд мөн дээрхийн адил агуулгаар О.Гэрэл нь Н.Хосбаяр, Н.Мөнхбат нарт 100,0 сая төгрөг зээлдүүлсэн байна.

Түүнчлэн, эхний гэрээний зүйл болох 100,0 сая төгрөгийг хоёр сарын дараа 120,0 сая төгрөг болгож бэлнээр өгөх, 120,0 сая төгрөг авсны дараа байрыг Н.Хосбаярт буцаан өгөх, 120, 0 сая төгрөгийг тохирсон хугацаанд өгч чадахгүй бол 120,0 сая төгрөг төлж дуусах өдрөөс 5% хүүг хугацаагүйгээр, ашигласан хоногоор авах тухай тохиролцоо, 2 дахь гэрээний зүйл болох 100,0 сая төгрөгийг 6 сарын хугацаанд сарын 5% хүүтэй зээлдүүлэх, хэрэв Н.Хосбаяр, Н.Мөнхбат нар нь тохирсон хугацаанд 100,0 сая төгрөгийг хүүгийн хамт өгч чадахгүй бол байруудыг О.Гэрэл өөрийн мэдэлд авч худалдан борлуулах тухай тохиролцоо нь банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох үйл ажиллагааны талаарх  Иргэний болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зүйл, заалтад туссан зээлийн нөхцөл, агуулга, хүү болон барьцаа хөрөнгийн зохицуулалтад нийцээгүйгээс гадна “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-ийн дүрэм, банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах журамд тохирохгүй байна.

Энэ утгаар нэхэмжлэгч “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан нөхцөл тогтоогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох боломжтой боловч зээлийн гэрээг “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-ийн захирал О.Гэрэл байгуулсан, зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгө компанийн данснаас гарсан, О.Гэрэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, зээлийн гэрээний үүргийн харилцаа Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан нөхцөлд тохирч байгаа буюу гэрээний үндсэн шинжийг агуулж байгаа байдлыг харгалзан зохигчдын хооронд ердийн зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай   хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т заасан зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү төлөх тухай зохицуулалт зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаанд хамааралгүй гэж үзэж, нэхэмжлэлийн үндсэн шаардлагын зарим хэсэг болон нэмэгдүүлсэн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэн нь зөв боловч зохигчдын хоорондох гэрээний хүү тооцох тухай нөхцлийг хангаагүй нь учир дутагдалтай болжээ.

Өөрөөр хэлбэл, 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээгээр гэрээний зүйл болох 100,0 сая төгрөгийг 2 сарын дараа 120,0 сая төгрөг болгон буцаан төлөөгүй тохиолдолд ийнхүү 120,0 сая төгрөг төлж дуусах өдрөөс 5% хүүг ашигласан хоногоор авахаар гэрээнд зааснаас үзвэл зээлийн хүүг 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс нэхэмжлэлд зааснаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 14 сараар тооцож, 70 000 000 төгрөг гэж үзэхээр байна \сарын 5 000 000 төгрөгөөр\.

Уг гэрээнд хугацаа заагаагүй тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2., 208.3.,   283 дугаар зүйлийн 283.1.-д зааснаар хүүг нэхэмжлэгчийн шаардсан үеэр тодорхойлох нь зөв болно. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2., 208.3.-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй  гүйцэтгэх үүрэгтэй ба хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй байна. Харин Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1.-д зааснаар зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлэх үүрэгтэй байна.

Харин 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний зүйл болох 100,0 сая төгрөгийг нэхэмжлэгч 6 сарын хугацаатай, сарын 5% хүүтэй зээлдүүлсэн тул хүүнд 30 000 000 төгрөг тооцох үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хоёр дахь гэрээнд хүү тооцоогүйгээс гадна зээлийн төлбөрт төлсөн 7 586 670 төгрөгийг зээлдэгчийн хариуцах төлбөрөөс хасч тооцоогүй нь буруу болжээ.

Нэхэмжлэгч нь 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний зүйл болоогүй буюу 100,0 сая төгрөгт ороогүй 12 100 000 төгрөгийг уг гэрээний нөхцөлд хамааруулан шаардсан байх тул хариуцагч Н.Мөнхбатын 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсан гэх 12 100 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр хангах боломжгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг хариуцагч Н.Хосбаяр, Н.Мөнхбат нараас шаардсан боловч мөнгийг Н.Мөнхбат хүлээн авсан, дангаар захиран зарцуулсан болох нь хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба хариуцагч Н.Мөнхбат уг гэрээний төлбөрийг дангаар хариуцах талаар шүүхэд мэдэгдсэнийг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул уг гэрээний үүрэг болох 122 413 330 төгрөгийг хариуцагч Н.Хосбаяр, Н.Мөнхбат нарт хувааж ногдуулахгүй байх боломжтой байна.

Н.Хосбаяр, О.Гэрэл нарын хооронд орон сууц захиалгын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн  2, 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2 нийт 4 гэрээ байгуулагдсан байна. Эдгээр гэрээг нэхэмжлэгч тал зээлийн гэрээний барьцааны агуулгаар хийсэн гэж тайлбарласан бол хариуцагч тал зээлийн гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний баталгааны агуулгатай гэж мэтгэлцжээ. Барьцаа болон баталгааны гэрээний шинжийг орон сууц захиалгын ч, зээлийн ч гэрээ тус тус агуулаагүй, эдгээр гэрээнд тавигдах хуулийн шаардлага хангагдаагүй, орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах, эсхүл зээлийн гэрээний зүйлийг орон сууц захиалгын гэрээний төлбөрт тооцуулах талаар хэргийн оролцогчид харилцан бие биендээ шаардлага гаргаагүй тул орон сууц захиалгын гэрээний зүйл болох 4 орон сууцыг зээлийн гэрээний төлбөрт тооцож авах, өгөх эсэх  асуудлыг талууд шүүхийн бус журмаар тохиролцон шийдвэрлэхэд энэ хэргийн шийдвэр саад болохгүй юм.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1238 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/01399 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-д зааснаар хариуцагч Н.Хосбаяраас 170 000 000 төгрөг, хариуцагч Н.Мөнхбатаас 122 413 330 төгрөг тус тус гаргуулж, нийт 292 413 330 төгрөгийг “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-ийн захирал О.Гэрэлд олгож, нэхэмжлэлээс 196 683 670 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 44 дүгээр зүйлийн 44.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1., 56.2.-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-ийн төлсөн 2 919 370 төгрөгөөс 2 603 435 төгрөгийг, хариуцагч Н.Хосбаярын төлсөн 1 315 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 315 935 төгрөгийг улсын орлогоос,  1 007 950 төгрөгийг хариуцагч Н.Хосбаяраас, 770 016 төгрөгийг хариуцагч Н.Мөнхбатаас тус тус гаргуулан нэхэмжлэгч “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-д олгосугай”  гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн Н.Хосбаярын 1 470 000 төгрөг, Н.Мөнхбатын 291 860 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН