Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 36

 

“В” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                М.Батсуурь

Шүүгчид:                   Л.Атарцэцэг

                                    П.Соёл-Эрдэнэ

                                    Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: Э.Номин-Эрдэнэ

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/558 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, “В” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, “В” ХХК-д 2725 м.кв газрыг эзэмшүүлж, гэрээний хугацаа сунгахыг хариуцагчид даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0422 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2018/0480 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М,

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Н нар,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0422 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.8, 35 дугаар зүйлийн 35.1.5, 35.3.3, 37 дугаар зүйлийн 37.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “В” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/558 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, “В” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа сунгахгүй байгаа үйлдлийг хууль  бусад  тооцож, нийслэлийн Засаг даргын 2009 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 165 дугаар шийдвэрийн дагуу олгосон Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг хууль, журамд заасны дагуу сунгахыг хариуцагчид даалгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасны дагуу нэхэмжлэгчийн “В” ХХК-д 2725 м.кв газрыг эзэмшүүлэх захирамж гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2018/0480 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0422 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.8, 35 дугаар зүйлийн 35.1.5, 35.3.3, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.4-д заасныг тус тус баримтлан “В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагнарангийн гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/558 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, “В” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, “В” ХХК-д 2725 м.кв газрыг эзэмшүүлж гэрээний хугацаа сунгахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх болон гуравдагч этгээд “Б” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М-ын хяналтын гомдол: “...  нэхэмжлэгч “В” ХХК “Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/558 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, “В” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа сунгахгүй байгаа үйлдлийг хууль бусад тооцож, нийслэлийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 165 дугаар захирамжийн дагуу олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг хууль, журамд заасны дагуу сунгахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 422 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо маргааны харилцаанд холбогдох хууль, нотлох болон үйл баримтыг үнэлэхдээ дараах алдаа гаргаснаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн байна.

4. “В” ХХК нь газар эзэмших эрхийн хугацааг эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө газар эзэмшигч нь хугацаа сунгуулах хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргаагүй” гэх үндэслэлийн тухайд,

5. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө газар эзэмшигчийн хугацаа сунгуулахдаа бүрдүүлэх материал болон уг сунгуулах хүсэлтийг төрийн захиргааны байгууллага хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулсан байна.

6. Нэхэмжлэгч газар эзэмших гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө хугацааг сунгуулах хүсэлтээ нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандсан баримт хэрэгт авагдсан. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийснийг давж заалдах шатны шүүх буруутгасан, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлийг гаргаагүй болно. Иймд анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгаагүй гэж үзэхээр байна.

7. Харин шүүх “... хугацаа дууссан хойно нэхэмжлэгчээс гаргасан албан бичгүүдийг хариуцагч хүлээн авсан ...”, “... эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт огт гаргаж байгаагүй” гэж зөрүүтэй байдлаар дүгнэсэн нь ойлгомжгүй, бодит үйл баримтаас зөрүүтэй болжээ.

8. Тухайлбал, “В” ХХК-д маргаан бүхий газрыг нийслэлийн Засаг даргын 2009 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 165 дугаар захирамжийг үндэслэн 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж 2009 оны 5 дугаар сарын 05-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Энэ өдрөөс эхлэн газар эзэмших хугацааг тоолох ёстой, ингэж тооцож үзвэл уг хугацаа 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр дуусахаар байна” гэж дүгнэсэн нь шүүх хуульд хязгаарлагдахгүй, өөрийн үзэмжээр хийсвэр дүгнэлт гаргажээ. Учир нь, дээрх 5 жилийн хугацаанд “В” ХХК нь маргаан бүхий 2725 м.кв газрыг бодитоор өөрийн эзэмшилд байлгаагүй, шүүхээр уг газрын асуудлаа шийдвэрлүүлэхээр 2010 оноос эхлэн одоог хүртэл шийдвэрлүүлж ирсний дээр одоо ч хэрэг маргаан   эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5/7990 тоот албан бичгээр “Танай газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах тухай хүсэлттэй танилцаад дараах хариуг хүргүүлж байна ... “В” ХХК, “Б” ХХК-ийн асуудал шүүхэд хянагдаж байхад хугацаа сунгах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэснээр хүсэлт, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж байна. Энэхүү хугацаа тоолох зарчмын асуудлыг шүүх нягтлан үзэж дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн зохицуулалтыг зөрчсөн байна. Учир нь хэргийн маргаанд хамааралтай нотлох баримтыг адил түвшинд харьцуулан дүгнэж, нотлох болон үгүйсгэх талаас нь шүүх хагалж дүгнэлт хийх шаардлага дээрх хуулийн зохицуулалтаар тавигдсан. Гэтэл эрх бүхий байгууллага талуудын маргааныг шийдвэрлэтэл гэрчилгээний хугацаа сунгах хүсэлт шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн, маргаан 2010 оноос хойш үргэлжлэн эцэслэн шийдвэрлээгүй үйл баримтыг зөвхөн нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зоригоор шийдвэрлэгдэх асуудал мэт дүгнэлт хийсэн нь талуудын эрх тэгш байх, мэтгэлцэх, зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах зэрэг үндсэн зарчмуудыг зөрчсөн дүгнэлт гэж үзэж байна.

9. Тухайлбал, энэ маргаан 2010 оноос хойш одоо хүртэл нийтдээ захиргааны хэргийн шүүхийн 8 удаагийн шийдвэр гарч, одоо ч эцэслэн шийдвэрлэгдээгүй шүүхийн процесс үргэлжилж байгаа нөхцөлд газар эзэмших эрхийг сунгах эсэх асуудлыг нэхэмжлэгчид хамааруулах нь хууль ёсны дүгнэлт биш юм.

10. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж заасны дагуу гэрээ, гэрчилгээ салшгүй холбоотой зүйл гэдгийг хуульчлан тогтоожээ.

11. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа сунгуулах, гэрчилгээний хугацаа сунгуулах нь нэг ойлголтод хамаарч байна. Иймд давж заалдах шатны шүүх “В” ХХК-ийн Нийслэлийн өмчийн харилцааны газарт гаргасан хүсэлтийн утга нь зөвхөн газрын гэрээг сунгуулах хүсэлт бөгөөд газрын гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт биш” гэж үзсэн нь дээрх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

12. “Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах орон сууц, үйлчилгээний зориулалттай 2725 м.кв газрыг “В” ХХК-д эзэмшүүлэх бодит боломжгүй, “В” ХХК-д уг газрыг эзэмшүүлбэл дахин уг газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдийг нүүлгэх, албадан чөлөөлөх маргааныг тус компани үүсгэхээр байна” гэх үндэслэлийн тухайд:

13. 2010 оноос эхлэн “В” ХХК нь “Б” ХХК-тай дээрх маргаан бүхий 916 м.кв газрыг эзэмшүүлэхтэй холбоотой асуудлаар маргаж эхэлсэн байна.

14. Тодруулбал, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 517 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 147 дугаар тогтоолоор “В” ХХК нь өөрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай хүсэлтийг албан ёсоор гаргаагүй, эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар эзэмших эрхийг нь хүчингүй болгоогүй байхад түүний хууль ёсоор эзэмшиж байсан газрын хэмжээг багасгаснаас гадна тухайн газраас 916 м.кв газрыг “Б” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нийслэлийн Засаг даргын 2010 оны 581 дүгээр захирамжийн холбогдох заалт нь газар эзэмшигч “В” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэн “В” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

15. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 604 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 108 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 101 дүгээр тоггоолоор “нийслэлийн Засаг даргын 2010 оны 581 дүгээр захирамжийн хавсралт “В” ХХК, “Б” ХХК-д холбогдох хэсгийг Улсын Дээд шүүхийн 2011 оны 147 дугаар тогтоолоор хүчингүй болгосон, мөн Засаг даргын 2013 оны А/1017 дугаар захирамжийг энэхүү шүүхийн шийдвэрээр бүхэлд нь дахин хүчингүй болгосноор нийслэлийн Засаг даргын 2009 оны 165 дугаар захирамжаар анх нэхэмжлэгч “В” ХХК-д олгосон 2725 м.кв газрын эзэмших эрх хэвээр байх учиртай” гэж дүгнэн “В” ХХК-ийн эзэмшлийн 916 м.кв газрыг “Б” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1017 дугаар захирамжийг хүчингүй болгож тус тус шийдвэрлэсэн.

16. Өөрөөр хэлбэл, 2 удаагийн гурван шатны шүүхийн шийдвэрээр нэгэнт маргаан бүхий 916 м.кв газрыг “Б” ХХК-д хууль бусаар эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын захирамжуудыг удаа дараа хүчингүй болгосон, мөн хэрэгт авагдсан Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2015 оны 07/2554 дүгээр албан бичгээр “... шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон захирамжид “хүчингүй” гэсэн тэмдэглэгээ хийж ... Нийслэлийн өмчийн харилцааны газар хүчингүй болгосон захирамжтай холбоотой мэдээллийг мэдээллийн сандаа бүртгэж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллана уу” гэсэн атлаа нийслэлийн Засаг дарга дахин уг газрыг “Б” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 21 дүгээр зүйлийн 21.2.3-т зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүргээ биелүүлээгүйг нотолж байна.

17. Хэдийгээр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2009 оны 558 дугаар тогтоолоор маргаан бүхий газарт баригдсан Орхон худалдааны төвийг “Б” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө гэж тогтоосон боловч уг тогтоолоор манай компанид олгосон 2725 м.кв газрын хэмжээг шинэчлэн тогтооход хүргэсэн ямар нэг дүгнэлт хийгээгүй, энэ талаар шийдвэрлээгүй, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу газрынхаа зарим хэсгийг “Б” ХХК-д шилжүүлэх талаар хүсэлт гаргаагүй байхад манай эзэмшлийн газрыг шилжүүлсэн нь үндэслэлгүй байна.

18. Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн ““В” ХХК-д уг газрыг эзэмшүүлбэл дахин уг газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдийг нүүлгэх, албадан чөлөөлөх маргааныг тус компани үүсгэхээр байна” гэсэн дүгнэлт нь нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт хийснээрээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-д зааснаар шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ.

19. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч компани төрийн захиргааны байгууллага болон шүүхийн байгууллагад өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарласан хууль бус дүгнэлт гэж гэж үзэж байна.

20. Дээрх давж заалдах шатны шүүх маргааны харилцаанд холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзсэн дээрх үндэслэлүүдээр хяналтын шатны шүүхийн бүрэн эрхийн хүрээнд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 480 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 422 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

21. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            22. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 63 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын спорт комлексийн зүүн талд “үйлчилгээний” зориулалтаар 2725 м.кв газрыг “В” ХХК-нд анх эзэмшүүлж, мөн даргын 2009 оны 165 дугаар захирамжаар эзэмшил газрын зориулалтыг “орон сууц, үйлчилгээ” болгон өөрчилж, 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдөр газар эзэмших эрхийн 0172938 дугаартай гэрчилгээг “В” ХХК-нд 5 жилийн хугацаатай олгосон, уг газар эзэмших эрхийн хугацаа 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон, талууд уг үйл баримтуудтай маргаагүй байна.   

            23. Нэхэмжлэгч “В” ХХК-иас нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандаж, газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлт гаргасан, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 03/3046 дугаар албан бичгээр “... /танай/ хугацаа сунгах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй, Улсын Дээд шүүхийн 2009 оны 588 дугаар тогтоолоор “Б” ХХК-ийг Орхон худалдааны төвийн өмчлөгчөөр тогтоосон зэрэг байдлыг харгалзаж, нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд 2016 оны А/558 дугаар захирамжаар 916 м.кв газрыг “Б” ХХК-нд эзэмшүүлсэн байна. Харин танай байгууллага Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заагдсанаас бусад газарт Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгах хүсэлт гаргах эрх нь нээлттэй байна” гэх хариу өгсөн, нэхэмжлэгчээс “...2 удаагийн гурван шатны шүүхийн шийдвэрээр нэгэнт маргаан бүхий 916 м.кв газрыг “Б” ХХК-д хууль бусаар эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын захирамжуудыг удаа дараа хүчингүй болгосон ... /байтал/ дахин 916 м.кв газрыг “Б” ХХК-д эзэмшүүлэх шийдвэр гаргаж байгаа нь ... хууль бус, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үл хүндэтгэж, эрх мэдлээ хэтрүүлсэн” гэж маргажээ.

            24. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, нийслэлийн Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 63 дугаар захирамжаар “В” ХХК-нд анх олгогдсон 2725 м.кв газрын 916 м.кв газар дээр “Орхон худалдааны төв”-ийн барилга баригдсан, уг барилгын өмчлөлтэй холбоотой маргаан гарч, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2009 оны 558 дугаар тогтоолоор уг барилгын өмчлөгчөөр “Б” ХХК-ийг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс уг барилгын суурийн газар буюу нийслэлийн Засаг даргын 2016 оны А/558 дугаар захирамжаар “Б” ХХК-нд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 916 м.кв  газарт холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон маргасан, харин  газрын бусад хэсэгт холбогдуулж маргаагүй байна.

            25. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах харилцааг нарийвчлан зохицуулсан, уг зүйлийн 37.2-т “...  нийслэл ...-ийн Засаг дарга ... эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана” гэж заасан, тухайн тохиолдолд, нэхэмжлэгч “В” ХХК-иас маргаан бүхий 916 м.кв газрын хувьд газар эзэмших нөхцөлийг хангаагүй байх тул “В” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан хариуцагчийн татгалзал зөв гэж үзнэ.

            26. Тодруулбал, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “... газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг /ойлгох/”-оор зааснаас үзэхэд, газар эзэмших эрхийн агуулга нь эзэмшигч этгээд тухайн газрыг өөрийн мэдэлд бүрэн байлгаж, газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлын дагуу уг газрыг эзэмшиж, ашиглах бодит боломжтой байхыг шаардана, нэхэмжлэгч “В” ХХК-ийн “эзэмших эрхтэй” гэж маргаж буй 916 м.кв газрын тухайд, уг газар дээр барилга баригдсан, барилгын өмчлөгч нь “В” ХХК биш, “Б” ХХК болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, уг 916 м.кв газар нь бодит байдалд “В” ХХК-ийн мэдэлд байдаггүй, тус компани маргаан бүхий 916 м.кв газрыг “уг барилга баригдснаас хойш бодитоор эзэмшиж чадахгүй байгаа”, энэ үйл баримттай маргаагүй, энэ тохиолдолд, нэхэмжлэгч “В” ХХК-ийг маргаан бүхий 916 м.кв газар эзэмших нөхцөлийг хангасан гэж үзэх боломжгүй юм.

            27. Иймд, нэхэмжлэгч  “В” ХХК-ийн газар эзэмших эрхийг энэ үндэслэлээр сунгахаас татгалзсан хариуцагч нийслэлийн Засаг даргын татгалзал үндэслэлтэй, Газрын тухай хуулийн 37 дугаар зүлийн 37.2-т заасныг зөрчөөгүй байна.

            28. Газрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгө өмчлөгч этгээдийн тэрхүү эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болно” гэсэн нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан, гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захиргааны актад холбогдох маргаанд хамааралгүй байхад анхан шатны шүүх  маргааны үйл баримтуудад буруу дүгнэлт хийж, хэрэглэх ёсгүй Газрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг маргааны үйл баримтад хамаатуулан хэрэглэсэн, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан газар эзэмших эрхийн хугацаа сунгах тусгайлсан нөхцлүүдийг анхаараагүй, уг заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсонгүй.

            29. Давж заалдах шатны шүүх уг алдааг засахдаа, газар эзэмших эрхээ сунгуулах талаар илэрхийлж байсан нэхэмжлэгчийн хүсэл зоргыг шууд үгүйсгэсэн, “...газрын гэрээг сунгуулах хүсэлт гаргасан /нь/ ... газрын гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт биш” гэж газар эзэмших эрхийн агуулгыг буруу тайлбарласан, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй, гэхдээ энэ нь магадлалыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            30. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/558 дугаар захирамжаар маргаан бүхий 916 м.кв газрыг “Б” ХХК-д үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон, уг захирамж гарах үед тухайн 916 м.кв газарт “Б” ХХК-ийн өмчлөлийн барилга баригдаж ашиглалтад орсон, “В” ХХК-ийн газар эзэмших эрхийг хугацаа дууссан, өөр бусад хэн нэг этгээдийн эзэмшилд олгогдоогүй байжээ.

            31. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, гуравдагч этгээд “Б” ХХК-иас 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандаж, “... шүүхээс /тухайн газар дээр байгаа/ өмч хөрөнгө нь манай компанийн болохыг нотолсон ... тул ... манай компанийн нэр дээр барилгад оногдох хэсгийг эзэмшүүлэхээр олгож өгнө үү” гэх хүсэлт гаргасан, хариуцагчаас уг хүсэлтийг судлан үзээд, нийслэлийн “Газар барилгажилтын зөвлөл”-ийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2009 оны 588 дугаар тогтоолоор “Б” ХХК-ийг Орхон худалдааны төвийн өмчлөгчөөр тогтоосон нөхцөл байдлыг харгалзан үзэж, “Б” ХХК-ийн барилга баригдсан талбай буюу 916 м.кв газрыг тус компанид эзэмшүүлэхээр олгосон нь нэхэмжлэгч “В” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “... /нийслэлийн Засаг дарга/ хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх”-ээр заасантай нийцсэн, хариуцагчийн бүрэн эрхийн хүрээнд гарсан “хууль ёсны” захиргааны акт байна.

            32. Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу газрынхаа зарим хэсгийг “Б” ХХК-д шилжүүлэх талаар хүсэлт гаргаагүй байхад манай эзэмшлийн газрыг шилжүүлсэн нь үндэслэлгүй” гэх гомдол үндэслэлгүй, түүнчлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “... “В” ХХК ... /маргаан бүхий/ газар эзэмших эрхтэй болох нь удаа дараагийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, ... нийслэлийн Засаг дарга ... шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүргээ биелүүлээгүй” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

            33. Тодруулбал, Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2008 оны 116, 2011 оны 147, 2015 оны 101 дүгээр тогтоол нь “В” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсноос хойшхи үйл баримтуудад хамааралгүй, уг хугацаанаас хойш үүссэн, “газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах”,  “маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд олгосон”-той холбоотой маргааны үйл баримтууд дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэж үзэх боломжгүй, анхан шатны шүүх өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон болон одоо маргаж буй маргааны үйл баримтуудыг хольж, буруу дүгнэлт хийсэн,  хугацаатай олгогддог газар эзэмших эрхийн хугацаа дууссанаар үүсэх хууль зүйн үр дагаварыг тодорхойлоогүй орхигдуулснаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсонгүй.

            34. Эдгээр үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх агуулгаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2018/0480 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “В” ХХК-ийн өмгөөлөгч Ч.М-ын гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “В” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА