Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 00117

 

Ө.Бат-Очир, Ө.Эрдэнэчимэг нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                          Хэргийн индекс 142/2016/0027/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

           Прокурор                                           Б.Бүжинлхам

            Ялтан                                     Ө.Бат-Очир

            Шүүгдэгч                                           Ө.Эрдэнэчимэг

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                З.Баттулга

            Хохирогчийн өмгөөлөгч               С.Ванчиг

            Нарийн бичгийн дарга                 Б.Ганчимэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолтой, Ө.Бат-Очир, Ө.Эрдэнчимэг нарт холбогдох, 201514000243 дугаартай, эрүүгийн хэргийг ялтан Ө.Бат-Очирын давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, “Батжин-Ундрах” ХХК-д талбайн даамал ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Хуучин тосгон 7-15а тоотод оршин суух, ФМ90021671 регистрийн дугаартай, Үхэр цагаан овогт Өлзийбадрахын Бат-Очир.

 

Монгол Улсын иргэн, 1966 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал, махны худалдаа эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн 45-04 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, АО66041906 регистрийн дугаартай, Боржигон овогт Өлзийтийн Эрдэнэчимэг.

 

Шүүгдэгч Ө.Бат-Очир нь давтан үйлдлээр бусдын орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч буюу 2015 оны 04 дүгээр сард Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ баг Хабитатын 32 тоот хашаанд байх Ө.Батцэнгэлийн төмөр агуулахаас мужааны багаж хэрэгсэл хулгайлж 1.534.900 төгрөгний хохирол, 2015 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт багт оршин суух М.Лханаагийн өвлийн байшингаас мөнгөн тоноглолтой эмээл, хазаар хулгайлж 4.000.000 төгрөгийн хохирол, 2015 оны 10 дугаар сарын 10-ны үед Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт бэлчээрлэж байсан Ц.Зийнаагийн 1 тооны үхрийг хулгайлж 1.300.000 төгрөгийн хохирол, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ө.Эрдэнэчимэгтэй бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт бэлчээрлэж байсан Ц.Түмэнбаярын 2 тооны үхрийг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт бэлчээрлэж байсан Г.Баярмаагийн 2 тооны үхэр, Д.Тольяажавын 1 тооны үхрийг хулгайлж 3.700.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

                                                                                            

Шүүгдэгч Ө.Эрдэнэчимэг нь Ө.Бат-Очиртой бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт бэлчээрлэж байсан Ц.Түмэнбаярын 2 тооны үхрийг хулгайлж 1.800.000 төгрөгний хохирол, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт бэлчээрлэж байсан Г.Баярмаагийн 2 тооны үхэр, Д.Тольяажавын 1 тооны үхрийг хулгайлж 3.700.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Ө.Эрдэнэчимэгт Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 болгон өөрчлөн зүйлчилж,

 

Шүүгдэгч Үхэр цагаан овгийн Өлзийбадрахын Бат-Очирыг давтан үйлдлээр бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, шүүгдэгч Боржигон овгийн Өлзийтийн Эрдэнэчимэгийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг зарж борлуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар шүүгдэгч Ө.Эрдэнэчимэгт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ө.Бат-Очирыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ө.Бат-Очирт оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ө.Бат-Очирын цагдан хоригдсон 139 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцож,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар энэ хэрэгт Ц.Алтангэрэлийн эзэмшлийн 32-22 ОРО улсын дугаартай цагаан өнгийн “Hyundai porter” маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ө.Бат-Очироос 4.600.000 төгрөг гаргуулж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг ПДУ 4-3 тоотод оршин суух Д.Тольяажав /МВ74050219/-т 700.000 төгрөг, хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Чулуутын 11 тоотод оршин суух Г.Баярмаа /РУ83051708/-д 1.350.000 төгрөг, хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг Шинэ тосгон 10-07 тоотод оршин суух Ц.Түмэнбаяр /ЙГ58110217/-т 1.000.000 төгрөг, хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багийн гэр хороолол 1-1 тоотод оршин суух Ц.Зийнаа /ОР66112904/-д 1.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Булган аймгийн Орхон сумын 2 дугаар баг Халиун гэх газарт оршин суух Б.Мөнхцоож /ГЖ83011311/-д 50.000 төгрөг, шүүгдэгч Ө.Эрдэнэчимэгээс 1.050.000 төгрөг гаргуулж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Чулуутын 11 тоотод оршин суух Г.Баярмаа /РУ83051708/-д 650.000 төгрөг, хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг Шинэ тосгон 10-07 тоотод оршин суух Ц.Түмэнбаяр /ЙГ58110217/-т 400.000 төгрөгийг тус тус олгож,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ө.Эрдэнэчимэг нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Эрдэнэчимэгт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ө.Бат-Очирт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Ө.Бат-Очирын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.    

 

Ялтан Ө.Бат-Очир давж заалдах гомдолдоо:

 

Үхэр цагаан овгийн Өлзийбадрахын Бат-Очир миний бие Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн.

 

Хохирлоо төлөх зорилгоор шүүх хуралдаан болох өдөр бэлэн 2.500.000 төгрөг авчирсан боловч хохирогч нартай ойлголцож чадалгүй шүүх хуралдаанд орсон. Хохирогч нарын хохирлыг төлж гомдол саналгүй болсон. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж гэм буруугаа ойлгож, ухаарсан тул надад оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр ялыг тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Бүжинлхам дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

 

Шүүгдэгч Ө.Бат-Очир нь 2015 оны 04 дүгээр сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ баг хабитатын 32 тоот хашаанд байх хохирогч Ө.Батцэнгэлийн төмөр агуулахаас мужааны багаж хэрэгсэл хулгайлж 1.534.900 төгрөгийн хохирол, 2015 оны 08 дугаар сарын 05 наас 06-нд шилжих шөнө Баян-Өндөр сумын Яргуйт багт оршин суух хохирогч М.Лханаагийн өвлийн байшингаас мөнгөн тоноглолтой эмээл, хазаар хулгайлж 4.000.000 төгрөгийн хохирол, 2015 оны 10 дугаар сарын 10-ны үед Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт бэлчээрлэж байсан Ц.Зийнаагийн 1 тооны үхрийг хулгайлж 1.300.000 төгрөгийн хохирол, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ө.Эрдэнэчимэгтэй бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт бэлчээрлэж байсан Ц.Түмэнбаярын 2 тооны үхрийг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт бэлчээрлэж байсан Г.Баярмаагийн 2 тооны үхэр, Д.Тольяажавын 1 тооны үхрийг хулгайлж 3.700.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгч Ө.Бат-Очирын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Тольяажав, Г.Баярмаа, Ц.Зийнаа, Ц.Түмэнбаяр, Ө.Батцэнгэл, М.Лханаа нарын мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Эрдэнэчимэгийг Орхон аймгийн прокурорын газраас Ө.Бат-Очиртой бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзэж Ө.Бат-Очирын хулгайлсан 5 тооны үхрийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж худалдан авч зарж борлуулсан гэж зүйлчлэлийг өөрчлөн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй  байна.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүх ялтан Ө.Бат-Очирт хуульд заасан ял оногдуулсан байна.

 

Шүүгдэгч Ө.Эрдэнэчимэг нь шийтгэх тогтоолоор хохирогч Г.Баярмаа, Ц.Түмэнбаяр нарт төлөх хохирлыг нөхөн төлсөн байх ба Ө.Бат-Очирын хохирол нөхөн төлсөн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул Ө.Бат-Очирыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1.д заасан “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан...” гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд ялтан Ө.Бат-Очирын “...Хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсан тул хорих ялыг минь тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ө.Бат-Очирын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Шүүгдэгч Ө.Эрдэнэчимэг нь хохирогч Г.Баярмаа, Ц.Түмэнбаяр нарын хохирол төлбөргүй гэсэн болохыг дурьдсугай.

 

            3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.