| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2017/0023/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/21 |
| Огноо | 2018-02-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/21
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Батжаргал, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Ч.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Ганзоригт холбогдох эрүүгийн 1836000000017 дугаартай, 178/2018/0023/Э/ индекстэй хэргийг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутагт төрсөн,40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Манхан сумын Тахилт багт оршин суух, , Арал овогт Чоймпигийн Ганзориг
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Ганзориг нь 2018 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт согтуурсан мансуурсан үедээ 78-09 ХОА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас Э.Анхтуяагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ганзориг нь согтуурсан мансуурсан үедээ78-09 ХОА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-10/-ээр Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэр Хар үзүүрийн гурван замын уулзварт Ч.Ганзоригийн жолоодож явсан 78-09 ХОА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл осол гаргасан байх бөгөөд уг ослын улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учирсан нь хохирогч Э.Анхтуяагийн: 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай ангийн Нансалмаа шагнал авсан гээд Нямхүү бид гурав тэмдэглэхээр Бадмаа эгчийн дэлгүүрт ороход тэнд Санжидмаа, Бадмаа, Дууяа гурав сууж байсан. Тэр өдөр мөнСанжидмаа эгч шагнал авсан байсан. Тэгээд бид нар тэнд архи ууж байгаад Санжидмаа эгчийг гэрт нь хүргэж өгсөн.Санжидмаа эгчийн гадна байх ангийнхаа хүүхдийнд ороод шөл хийлгэж уучихаад би нөхөр Ч.Ганзоригийг намайг ирээд ав би согтуу байна гэж дуудсан.Удалгүй Ч.Ганзориг ирэхээр нь бид хоёр Санжидмаа эгчийн гэрт орсон чинь нөхөр нь болох Гомбоо ах архи тамхи аваад ир гэхээр нь за гээд гарахад гадна Ундраа машинтайгаа ирчихсэн байсан. Тэгээд тэндээсээ яваад Гомбоо ахынд архи тамхийг нь оруулж өгчихөөд Нямхүүгийн гэрт очсон. Тэднийд очоод нэг шил архиа тойруулаад дууссан. Тэгээд Ундраа нэг шил архи авна гэхээр нь Ганзориг машин бариад бид гурав Зогсоо ахын дэлгүүрт очсон чинь хаачихсан байсан. Тэгэхээр нь Хар үзүүрийн дэлгүүр лүү явж архи авахаар яваад архиа авчихаад буцаад явж байтал зам дээр нэг цагаан машин явж байсныг гүйцэж түрүүлээд манай машин шарвах шиг болоод унах шиг болсон. Тэрнээс хойш юу ч мэдээгүй, нэг мэдэхэд эмнэлэг дээр хэвтэж байсан.Би тухайн үед машины урд талын жолоочийн хажуу суудалд сууж явсан гэх мэдүүлэг /хх-70-73/
Гэрч Ч.Ундраагийн: 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 20 цагийн үед гэртээ байж байтал Нансалмаагийн дугаараас Анхтуяа над руу яриад хүрээд ир гэж дуудсан.Би Ганбаа гэх айлд очоод Нансалмаа, Нямхүү нарыг дагуулаад гараад ирэхэд Ч.Ганзориг эхнэртэйгээ гадна зогсож байсан.Шонхоогийнд байж байтал Ганаа нэг шил архи гаргаж ирээд бид нар хувааж уусан.Тэдний гэрээс гараад архи авахаар дэлгүүр ороход Ганаа би барьж явна гээд машинаа барьсан. Дэлгүүр онгойгоогүй болохоор буцаж Шонхоогийнд очьё гэхэд Ганаа Хар үзүүр яваад ирье гээд машинд суугаад явсан.Тэгээд Хар үзүүр орж архи аваад Ганаа машинаа бариад эхнэр нь урд талд нь суугаад сумын төв рүү явсан.Бид нарын урд Старикс машин явж байсан.Тэр машиныг гүйцэж түрүүлэх гээд урдуур нь ортол халтирч замын хашлага мөргөөд өнхөрсөн.Ар талд явсан машины жолооч бид нарт тусалж эмнэлэгт хүргэж ирсэн.Тухайн үед Ч.Ганзориг нь согтуу байсан /хх-13-р/ гэх мэдүүлэг,
Гэрч А.Амарсанаагийн: Би Ховд аймгийн Манхан сумын чиглэлд 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гараад шөнө 00 цагийн үед Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт байрлахТөгрөг гол цайны газарт очоод тамхи аваад гараад ирэхэд цагаан өнгийн Приус-20 машин зогсож байсан. Дэлгүүрээс гарч ирээд Ч.Ганзориг надтай уулзсан.Би түрүүлээд Манхан сумын чиглэлд Тэс ШТС-ыг өнгөрөөд явж байтал Ч.Ганзоригийн машин араас гүйцэж түрүүлээд явж байснаа шарваад замын хашлагыг зүүн талаараа мөргөөд өнхөрсөн. Тэгээд цас бужигнаад юу болж байгаа нь сайн харагдаагүй.Би замын хашлаганы төмөр дээгүүр гараад тухайн төмрийг холдуулаад осол болсон машин дээр очсон. Тэгээд ар талын багажны хагархай цонхоор Ундраа,Ганзориг нарыг гаргасан.Дараа ньурд талын шилийг хуулж аваад Э.Анхтуяаг гаргаад Манхан сумын хүн эмнэлэгт хүргэж өгсөн.Тухайн үед Э.Анхтуяагийн толгойн хэсэг зүсэгдэж цус гарсан, мөн нуруу нь зүсэгдэж цус гарсан байсан гэх мэдүүлэг /хх15-р/
2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд : Э.Анхтуяагийн биед зүүн уушигны тархмал няцрал,зүүн уушигны доод дэлбэнд 3.4х2.7 см, 4.6х1.6см гематом, баруун уушигны дээд дэлбэнд няцрал, баруун уушиг шахагдсан, баруун плеврийн хөндийн арын хэсэгт нилээд том хэмжээний гематом,баруун плеврт хана дагасан хийцтэй баруун талд 2-р хавирга эгэмний дунд шугамаар хугарч зөрсөн, тархи доргилт, духны дунд дээд хэсэгт 5.5х0.3 см,4х0.3 см, 4.5х0.2 см шархны сорвинууд, нурууны дунд хэсэгт 6х0.2 см, 6 ширхэг оёдолтой шарх, нурууны хэсэг нилэнхүйдээ олон тооны жижиг зулгаралтын сорвинууд гэмтэл тогтоогдлоо.Э.Анхтуяагийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.Э.Анхтуяагийн биед үүссэн гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 -д... цээж хэвлий, аарцгийн хөндий болон хэвлийн гялтангийн гаднах эрхтний битүү гэмтэл Үүнд: цээж, хэвлий аарцгийн хөндийн эрхтнүүд болон хэвлийн гялтангийн гаднах эрхтнүүд бяцрах, няцрах, тасрах, урагдах, задрах, үүний улмаас цээж, хэвлийн хөндийд цус хий, агаар хуралдсан гэмтэл хамаарна гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Э.Анхутяагийн биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх -29-30-р хуудас/
2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Г.Гэрэлчулууны: жолооч Ч.Ганзориг нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна.Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.9.2-т Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн байна. Жолооч Ч.Ганзориг нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын болон цаг агаарын нөхцөл байдал / замын хальтиргаа гулгаа/ тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан яваагүй, зогсоох арга хэмжээ аваагүйгээс шалтгаалан зам тээврийн осол гарсан гэх дүгнэлт /хх-55-р/
2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Ч.Ундраагийн биед толгойн хуйханд 3х3 см-т хаван хавдар, духанд 2 см өнгөц зулгаралт, зүүн хацар эрүүнд 5х8 см, зүүн гуянд 14х11 см, 3х4 см тус бүр цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.Ч.Ундраагийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь цохигдох мөргөлдөх, унах үед үүссэн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Ч.Ундраагийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт / хх 59-р/
Гэрч Б.Ундармаагийн: 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би ээлжийн сувилагчийн ажилтай байсан. Одоо дүн бүртгэгч болсон. Тухайн шөнө нэг жолооч Э.Анхтуяаг аваарт орсон гээд авчирахаар нь сумынхаа эмчийг дуудаж үзүүлсэн.Э.Анхтуяа ухаан нь орж гарсан байдалтай,толгой хэсэгтээ задарчихсан,нуруу хэсэг нь шалбарсан, баруун гар даагдахгүй өвдөж байна гэсэн зовиуртай ирсэн. Тухайн үед Ч.Ганзоригоос архи үнэртэж байсан. Хэсгийн төлөөлөгч Ч.Ганзоригоос цус авах шаардлагатай гэхээр нь хуруу шилэнд цус авсан гэх мэдүүлэг / хх 86-87/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-115-119-р/,
Автомашины эвдрэл үнэлсэн тухай тайлан / хх-130-131-р/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 18 дугаартай дүгнэлтээр Ч.Ганзоригийн биенээс авсан гэх цусанд /5 хоногийн дараа авсан цусны дээж/ этилийн спирт илрээгүй гэх боловч гэрч Ч.Ундраа, Д.Нямхүү, Б.Хүрэлчулуун, Б.Ундармаа нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байх тул шүүгдэгч Ч.Ганзоригийг гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ч.ГанзоригийгЭрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан согтуурсан мансуурсан үедээ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Шүүгдэгч Ч.Ганзориг нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар / хх-91/ , учруулсан хохирлыг төлсөн болох нь хохирогч Э.Анхтуяагийн “.. гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Н.Пүрэвхүүгийн ”... би Приус-20 маркийн мөнгөлөг цагаан өнгийн автомашиныг 2017 оны 12 дугаар сарын 05-ны үед Улаанбаатар хотоос 9500000 төгрөгөөр худалдаж авсан.Намайг Таван толгойд машин барих ажлаар явсны ард хүн барьж яваад унагасан байсан.Би Ч.Ганзоригоос 3500000 төгрөг бэлнээр авсан. Үлдсэн мөнгийг нь цагаан сарын дараа буюу 2018 оны 05 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр тохиролцсон” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байллын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэрэг хувийн байдлыг нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж,шүүгдэгч Ч.Ганзоригийн эзэмшлийн 34-82 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 5/17 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5,6,8, 36.2 дугаар зүйлийн 1,2, 36.7,36.8,36.10, 37.1, 37.4 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Арал овогт Чоймпигийн Ганзоригийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодон Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч Арал овогт Чоймпигийн Ганзоригийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 01/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Шүүгдэгч Ч.Ганзоригт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ганзоригт оногдуулсан 01/нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцохыг дурдсугай.
5.Шүүгдэгч Ч.Ганзориг нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгчийн эзэмшлийн 34-82 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 5/17 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6.Шүүгдэгч Ч.Ганзоригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС