Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/453

 

 

 

 

 

  2023        4        25                                2023/ДШМ/453

            

Э.С, М.Т, Т.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Бат-Амгалан,

өсвөр насны шүүгдэгч Т.Аын өмгөөлөгч Т.Б,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгч Т.Аын өмгөөлөгч Т.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.С, М.Т, Т.А нарт холбогдох эрүүгийн 2210005110388 дугаар хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ү овгийн  Э.С, ..........оны 8 дугаар сарын 30-ны өдөр ......... төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ........-ийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт .................... тоотод оршин суух, /РД: .................../, ял шийтгэлгүй.

З овгийн  М.Т, ............ оны 6 дугаар сарын 02-ны өдөр ............. төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ................. сургуулийн 12 дугаар ангид суралцдаг, ам бүл 5, эмээ, эх, дүү нарын хамт ..................... тоотод оршин суух, /РД: ......................../, ял шийтгэлгүй.

И овгийн  Т.А, ..... оны 8 дугаар сарын 28-ны өдөр ............... төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ................ сургуулийн 12 дугаар ангид суралцдаг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ..................... тоотод оршин суух, /РД: ................./, ял шийтгэлгүй.

Э.С нь ганцаараа цахим хэрэгсэл ашиглаж фейсбүүкт “заал түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж,

2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч Т.О.аас шилжүүлсэн 30.000 төгрөгийг,

2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Б.Д.гаас Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Наадам центр дотор явж байхдаа шилжүүлсэн 20.000 төгрөгийг,

2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Д.Д.ээс Сонгинохайрхан дүүргийнх 18 дугаар хороо, Таван шарын 153 дугаар байрны 15 тоот гэрээсээ шилжүүлэн 50.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкны 5926259560 тоот дансаар тус тус авч залилсан,

Өсвөр насны шүүгдэгч Т.А, М.Т нар нь бүлэглэж цахим хэрэгсэл ашиглаж фэйсбүүкт “заал түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж,

2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч А.Э.ээс Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 53 дугаар байрны 56 тоот гэртээ байхдаа шилжүүлсэн 20.000 төгрөгийг,

 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Д.Д.аас Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 6 дугаар байрны 253б тоот гэрээсээ шилжүүлсэн 20.000 төгрөгийг Т.Аын эзэмшлийн Хаан банкны 5926311500 тоот дансаар,

2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Н.На.аас Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 6 дугаар гудамжны 14б тоот гэрээсээ шилжүүлсэн 20.000 төгрөгийг,

2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч М.Э.аас Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зуун айл орчим явж байхдаа шилжүүлсэн 20.000 төгрөгийг М.Тий эмээ Д.Гийн эзэмшлийн Хаан банкны 5926370203 тоот дансаар,

2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хохирогч У.Ч.аас Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өргөө кино театр орчим явж байхдаа шилжүүлсэн 10.000 төгрөгийг,

2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Л.Л.аас Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дэлгэрэх хотхоны 80-6 дугаар байрны 64 тоот гэрээсээ шилжүүлсэн 20.000 төгрөгийг Т.Аын эзэмшлийн Хаан банкны 5926311500 тоот дансаар авч тус тус залилсан,

Шүүгдэгч Э.С, М.Т нар нь бүлэглэж цахим хэрэгсэл ашиглаж фэйсбүүкт “заал түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Б.Д.ээс Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн орчим явж байхдаа шилжүүлсэн 25.000 төгрөгийг,

2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч О.Ө.аас Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дүүргийн нэгдсэн эмнэлэгт байхдаа шилжүүлсэн 20.000 төгрөгийг,

2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Э.Х.ээс Амжилт кибер сургууль дотор байхдаа шилжүүлсэн 20.000 төгрөгийг,

2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Л.А.аас Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Тахилтын 3 дугаар гудамжны 10 тоот гэртээ байхдаа шилжүүлсэн 25.000 төгрөгийг тус тус М.Тий эмээ Д.Гийн эзэмшлийн Хаан банкны 5926259560 тоот дансаар,

2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч П.М.ээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Наадам центр дотор явж байхдаа шилжүүлсэн 30.000 төгрөгийг Э.Сын эзэмшлийн Хаан банкны 5926259560 тоот дансаар,

2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “Тэрэлжид байшин түрээслүүлнэ” гэсэн хуурамч зарыг фэйсбүүкт байршуулж уг зарын дагуу холбогдсон хохирогч Ё.О.гээс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан орчимоос шилжүүлсэн 200.000 төгрөгийг Н.Мөрөнгийн эзэмшлийн Хаан банкны 5082105693 тоот дансаар тус тус авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.С, М.Т, Т.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.С, М.Т, Т.А нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр, цахим хэрэгсэл ашиглаж, бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Т, Т.А нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ст хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч М.Т, Т.А нар оногдуулсан 1 жилийн хорих ял биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.С нь өсвөр насны шүүгдэгч М.Т, Т.А нарт оршин суух газар, сургуулиа өөрчилбөл хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүгдэгч Э.С нь шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, өсвөр насны шүүгдэгч М.Т, Т.А нар нь шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч М.Т, Т.А нарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Э.Ст мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Аын өмгөөлөгч Т.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь өсвөр насны шүүгдэгч Т.Аад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах үндэслэлээр шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухай

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Өсвөр насны шүүгдэгч Т.А, М.Т нар нь бүлэглэж, цахим хэрэгсэл ашиглаж фэйсбүүкт заал түрээслүүлнэ гэсэн хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж ... тус тус залилсан болох нь ... зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна” гэжээ. Гэтэл шүүхийн үндэслэл болгосон доорх нотлох баримтуудад Т.Аыг тухайн иргэнийг төөрөгдөлд оруулж, хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэх баримт байхгүй. Өөрөөр хэлбэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга зэрэг нотлох баримтуудад Т.Аыг гэмт хэрэг үйлдэхээр зохиомол байдал бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулсан нь нотлогддоггүй.

Харин насанд хүрээгүй гэрч С.Т.ын мэдүүлгийг үндэслэж Т.Аыг буруутгасан боловч түүний 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлгийг илтэд дутуу, буруу ойлгогдохоор шүүхийн шийдвэрт бичсэн байна. Учир нь гэрч С.Т “... хамгийн анх энэ санааг манай найз Т.А тоглоомоор хүмүүс заалны захиалга хийгээд мөнгө олоод байна гэж хэлсэн чинь М.Т үргэлжлүүлээд хүн луйвардаад явсан байна” гэснийг шүүх Т.Аыг буруутгахдаа дээрх мэдүүлгийн утга, ямар зорилгоор хэлсэн болохыг үгүйсгэж харагдуулахын тулд санаатайгаар мэдүүлгийг зассан. Энэхүү зассан мэдүүлгээр Т.Аыг буруутгаж болохгүй бөгөөд гэрч С.Тын мэдүүлэгт нууц фейсбүүк хаягийг М.Тийг ашигладаг болохыг мэдүүлсэн нь Т.Аыг зохиомол хаяг нээсэн гэх үндэслэл нь няцаагдаж байна. Мөн шүүх хуралдаанд Э.С, Т.А нар нь хуурамч хаягийг М.Т нээж, ашигладаг тухай мэдүүлсэн болно.

Мөн шүүгдэгч М.Тий 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон боловч түүний мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй бөгөөд 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Т нь Т.Аыг мөнгө бусдаас авч, тэнцүү хуваан, хувцас, тоглоом авсан гэж мэдүүлдэг боловч уг мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадаагүйгээс гадна дансны хуулгаар хохирогч нараас Т.Аын дансанд шилжүүлсэн мөнгийг 1-2 минутын дотор М.Т нь эмээ Д.Гийн данс руу шилжүүлэн авч, тэрхүү мөнгөнөөс Т.Аад мөнгө өгөлгүй явсан болох нь Д.Гийн дансны хуулгаар нотлогддог. Өөрөөр хэлбэл, М.Тий мэдүүлэг нь худал болох нь дээрх баримт, үйл явдлаар нотлогдож байх тулб уг мэдүүлгээр Т.Аыг гэм буруутайд тооцож болохгүй.

Т.Аын Хаан банкны 5926311500 тоот данс нь ямар нэгэн орлогын хязгаарлалтгүй данс бөгөөд Т.Аыг М.Ттэй бүлэглэж бусдаас мөнгө залилж авсан гэх боловч,

Хохирогч А.Э нь 5434035547 данснаас 13 цаг 55 минутад Т.Аын 5926311500 данс руу 20.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд уг мөнгийг М.Т нь 13 цаг 58 минутад эмээ Д.Гийн 5926370203 данс руу шилжүүлэн авсан.

Хохирогч Д.Д нь 5019262052 данснаас 12 цаг 55 минутад Т.Аын 5926311500 данс руу 20.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд уг мөнгийг М.Т нь 12 цаг 57 минутад эмээ Д.Гийн 5926370203 данс руу шилжүүлэн авсан.

Хохирогч Н.Нын 5175112073 данснаас 14 цаг 53 минутад шилжүүлсэн 20.000 төгрөгийг М.Т нь эмээ Д.Гийг 5926370203 дансаар авсан.

Хохирогч У.Ч нь 5041444330 данснаас 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр18 цаг 31 минутад Т.Аын 5926311500 данс руу 10.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд уг мөнгийг М.Т нь 18 цаг 41 минутад эмээ Д.Гийн 5926370203 данс руу шилжүүлэн авсан.

Хохирогч Л.Лувсанжамба нь 5018675650 данснаас 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Т.Аын 5926311500 данс руу 20.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд М.Т нь найз Одкогийн дансаар шилжүүлэн авсан,

Өөрөөр хэлбэл, дээрх 6 хохирогчийн 6 удаагийн мөнгөн гүйлгээ бүхий 110.000 төгрөгийг М.Т нь эмээ Д.Гийн дансаар шилжүүлэн авсан болох нь дансны хуулгуудаар нотлогдож байх бөгөөд Т.А нь өөрийн ангийн сурагч найз нь дансаа хэрэглүүлээч гэсэн хүсэлтийн дагуу бусдын адил хэрэглүүлсэн гэсэн нь дээрх мөнгөн шилжүүлгээр нотлогдож байна.

Иймд шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байх бөгөөд харин шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дараах нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Учир нь шүүх хуралдаанд М.Т нь мэдүүлэг өгөхдөө хуурамч Munguu Depressed гэсэн нэртэй фэйсбүүк хаягийг Т.Аыг нээсэн, түүний нууц үгийг би мэдэхгүй, ашиглаж байгаагүй гэсэн боловч Э.С нь дээрх хаягийг Т.М.Т ашигладаг, нууц үгийг М.Т надад хэлсэн гэж мэдүүлсэн нь Т.Аын мэдүүлэгтэй зөрүүгүй, мөн гэрч С.Т, М, Бнар нь Т.М.Тийг хуурамч хаяг нээсэн, гар утас, интернетийг ашиглан залилан хийсэн болохыг мэдүүлсэн байдаг. Гэтэл шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзээгүй бөгөөд М.Тий мэдүүлэг нь гэрч нар болон Э.С, Т.А нарын мэдүүлэг, дансны хуулга, өөрийнх нь мэдүүлгээр илтэд зөрүүтэй байхад М.Тий мэдүүлгийг авахдаа дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлийг шүүх зааж өгөөгүй.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухай

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудад Т.А нь бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг бий болгосон гэх нотлох баримт үгүй бөгөөд харин түүнийг дээрх гэмт хэрэг үйлдээгүй, бусдын эд хөрөнгийг аваагүй болох нь нотлогддог тул Т.Аын дансыг ашиглан шилжүүлж авсан 70.000 төгрөг нь нийгмийн аюулын хэр хэмжээ бага, гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуул, түүний үйлдлийн улмаас бусдад бодит хохирол, хор уршиг учраагүй байх тул дээрх хуулийн зохицуулалтын дагуу гэмт хэрэгт тооцохгүй байх боломжтой юм. Мөн Т.Аыг гэмт хэрэг үйлдэхэд шууд санаатай хамтран оролцсон гэдэг байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүх хувийн байдал гэмт хэрэгт хандсан хандлагас, оролцоог огт үнэлээгүй. Тодруулбал “залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь шунахайн сэдэлтэй байх буюу хууль бус үйлдлийн улмаас өөрт эд хөрөнгийн давуу байдал олж авах гэсэн зорилготой байдаг. Гэтэл Т.Аын хувьд энэ хууль бус үйлдэлд мэдээгүй, зөвхөн дансаа бусдын адил ашиглуулсан, олсон хууль бус орлогыг нь буруу ойлгосон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тухай

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар яллагдагчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг нь дангаараа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Гэтэл М.Тий зөрүүтэй олон мэдүүлгээс хэргээ хүлээсэн гэх худал мэдүүлгийг үндэслэл болгон Т.Аыг буруутгасан бөгөөд түүний хэргээ хүлээсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас илтэд зөрж няцаагддаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой байх бөгөөд 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт гэмт хэрэг үйлдсэн арга, сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, хохирлын хэмжээ, гэмт хэргийн шинжийг тогтоосон нөхцөл байдлыг тусгах, мөн өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгай ёстой. Гэтэл 138 тоот шийтгэх тогтоолд дээрх нөхцөл байдлыг тусгаагүй, харин ч Т.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэж огт мэдүүлээгүй хохирогч нарын мэдүүлэг, 70.000 төгрөгийг Т.Аын дансыг ашиглан авч, эмээ Д.Гийн данс руу шилжүүлсэн нөхцөл байдлыг тогтоосон хуулга, гэмт хэргийн талаарх зөрүүтэй мэдүүлгийг тусгаж гэм буруутайд тооцсон. Хэн гэдэг хохирогч нь Т.Аыг залилсан гэж мэдүүлсэн юм, Т.Аын дансанд мөнгө хэрхэн яагаад шилжсэн болох, тэр мөнгийг Т.А ашигласан уу, М.Т өөрөө авсан уу гэдгийг тогтоогоогүй хэрнээ Т.Аын дансанд мөнгө орсон учраас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж болох уу, үнэхээр тийм бол дансаа ашиглуулсан Д.Г, Мөрөн, гар утсаа ашиглуулсан хүүхдүүд, гэмт хэргийн замаар олж авсан мөнгө гэдгийг мэдсээр байж захиран зарцуулсан этгээдүүд бүгд адил гэмт хэрэг үйлдсэн болох ёстой. Мөн бусдаас залилж авсан мөнгөө хэрхэн хувааж захиран зарцуулсан талаар тодорхой мэдүүлсэн байна гэх боловч тэр мэдүүлгийг хэн өгсөн, уг мэдүүлэг нь бусдад нотлох баримтаар няцаасан, зөрүүтэй байхад яагаад шүүхийн үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна. Мөн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цугларсан нотлох баримтуудад хангалттай үндэслэл бүхий бодит дүгнэлт хийж чадаагүй. Энэ гэмт хэргийг хэн зохион байгуулсан хэн эдгээр үйлдэлд хамтран оролцсон гэм буруугийн асуудлыг тодорхойлж чадаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “Шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”-ийг шүүхийн шийдвэрт тусгах боловч Т.Аыг энэ гэмт хэрэгт шууд санаатай хамтран оролцсон гэдгийг шүүх зөвхөн М.Тий мэдүүлгээр тогтоож байгаа нь илт үндэслэлгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7, 39.8 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөн байх тул мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу өсвөр насны шүүгдэгч Т.Аад холбогдох хэсгийг хүчингүй болгон, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор З.Бат-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Өсвөр насны яллагдагч Т.А нь М.Ттэй бүлэглэж нийт 6 удаагийн гүйлгээгээр бусдад 110.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт дан ганц яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримт болгоогүй. Яллагдагч Т.Аын Хаан банкны дансны хуулга, насанд хүрээгүй гэрч Төрбатын “энэ асуудлыг анх санаачилсан хүн нь Т.А” гэсэн мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагдсан. М.Т нь бусадтай нийлж 6 удаагийн үйлдлээр бусдад 110.000 төгрөгийн хохирол учруулсан гэх боловч М.Т нь хохирогч Лувсанжамбатай холбоотой үйлдлээ хүлээн зөвшөөрдөггүй. М.Т нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад “Т.А нь тухайн хэргийг ганцаараа үйлдсэн. Өөрийн дансаараа шилжүүлж авсан. Ямар нэгэн байдлаар надтай уулзаагүй” гэдэг. Шүүхийн хэлэлцүүлэгт Т.А нь “би тухайн мөнгийг уулзаж бэлнээр өгсөн” гэдэг боловч тэрээр тухайн мөнгийг Одко гэсэн найзынхаа дансанд шилжүүлсэн баримт байдаг. Шүүх хуралдааны явцад “Т.Аын гэрт ороход Т.А санал тавиад энэ үйлдлийг хийх болсон” талаар шүүгдэгч нар мэдүүлдэг. Шүүхийн хэлэлцүүлэгт миний зүгээс шүүгдэгч нараас асуухад “Миний данс лимиттэй. Тийм учраас чи өөрийнхөө данс руу шилжүүлээд авчих” гэж шилжүүлж аваад, мөнгийг “бид хамт явж хувцас, тоглоом авсан” гэж яаж захиран зарцуулсан талаараа мэдүүлдэг. Иймд шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. М.Тий эмээ Г “би тухайн дансыг хүүдээ ашиглуулдаг” гэж мэдүүлсэн. Гэрч Төрбатын мэдүүлгийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ямар нэгэн байдлаар буруутай хэрэглэсэн зүйл байхгүй. “Мөнгөө depress” гэсэн фейсбүүк хаягийг анх хэн нээсэн талаар асуухад “тухайн үед Т.А нь ухаалаг утасгүй байсан учраас миний утсыг ашиглаж фейсбүүк нээсэн” талаар мэдүүлдэг. Өмгөөлөгчийн гомдолд дурдагдсан дан ганц яллагдагчийн мэдүүлгээр өсвөр насны шүүгдэгч Т.Аыг ялласан зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Э.С, өсвөр насны шүүгдэгч Т.А, М.Т нар нь нийт 17 удаагийн үйлдлээр бусдад нийт 640.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Т.Огийн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр фейсбүүк дээр байршуулсан “Сансарын И-март дэлгүүрийн ард байрлах сургуулийн заал түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу холбогдож авахаар болоод интернэт банк ашиглан өөрийн 5920379982 тоот данснаас 5926259560 тоот данс руу 30,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд заалаа авахаар буцаагаад залгасан боловч утсаа авахгүй алга болсон...” /3хх 46-47/,

Хохирогч Б.Дгийн “... 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01 цагийн үед Хан-Уул дүүргийн “Наадам центр” дотор дэлгүүр хэсэж байгаад найзуудтайгаа “заал авъя” гэж бодоод фейсбүүк дэх “заал авна” гэсэн группт байсан зарын дагуу утсаар холбогдоход “хорооллын 43 дугаар сургуулийн спорт зааланд цаг өгнө” гэхээр нь 20-22 цагийн хооронд тал заал авахаар тохиролцоход “урьдчмлгаа мөнгө 25,000 шилжүүл” гэхээр нь би өөрийн ХААН банкны 5819483800 тоот данснаас 20,000 төгрөгийг ХААН банкны 5926259560 Э.С гэсэн данс руу шилжүүлсэн...” /1хх 229/,

Хохирогч Д.Дийн “... Би 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр заал түрээслэхээр 50,000 төгрөгийг ХААН банкны Э.С гэх нэртэй 5926259560 тоот данс руу Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Таван шарын 153 дугаар байрны 15 тоотоос интернэт банкаар шилжүүлэн залилуулсан. Би фейсбүүк дээрх зарын дагуу утсаар холбогдож ярьсан бөгөөд надад 48 дугаар сургуулийг 2 цагийн хугацаатай түрээслүүлнэ, цагийн төлбөр 50,000 төгрөг, 2 цаг авах бол урьдчилгаа төлбөр 50,000 төгрөг шилжүүлэх талаар хэлэхээр нь өөрийнхөө данснаас шилжүүлсэн. Тэгээд шилжүүлээд заал авах гээд буцаад холбогдох гэхэд миний дугаарыг блок хийсэн байсан...” /2хх 208-209/,

Хохирогч А.Эийн “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 13 цаг 55 минутад Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 53-56 тоотод гэртээ байхдаа фейсбүүк дээр байршуулсан “заал түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу заал авахаар тохирч өөрийн ХААН банкны 5434035547 данснаас 5926311500 тоот данс руу 20,000 төгрөгийг “99135806 бүтэн сайнд 15 цагаас” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. “Мөнгөө шилжүүлчхээд мессеж бичээд баталгаажуулаарай” гэж хэлсэн. Тэгээд мөнгө шилжүүлснээс хэсэг хугацааны дараагаар тухайн утасны дугаар руу залгасан боловч холбогдох боломжгүй болсон байсан. Сүүлд нь заалны групп дээр хүмүүс “луйврын пост байна шүү, болгоомжлоорой” гэсэн утгатай мэдээллийг байршуулсан байсан...” /3хх 135/,

Хохирогч Д.Дын “... 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн дугаар хороо 6-2536 тоот гэртээ байхдаа «фейсбүүкийн заал авна гэсэн групп дээр “Их шавь сургуулийн заал түрээслэнэ” гэсэн зарын дагуу өөрийн 98983181 дугаарын утаснаас холбогдож 20 цагт заал авахаар болж урьдчилгаа 20,000 төгрөгийг ХААН банкны 5926311500 тоот данс руу шилжүүлсэн. Орой нь 19 цаг өнгөрөөгөөд Модны 2-т байх “Их шавь” сургууль дээр очиход “манай цаг дүүрчихсэн байгаа, манайх өөрийн Их шавийн пэйж хуудсан дээр зараа байршуулдаг” гэж хэлсэн...” /3хх 175/,

Хохирогч Н.Нын “... 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 6-146 тоотод гэртээ байхдаа фейсбүүкийн “заал түрээслүүлнэ” гэх группээс “заал түрээсэлнэ” гэсэн зарын дагуу холбогдож өөрийн ХААН банкны 5175112073 тоот данснаас 20,000 төгрөгийг 5926370203 тоот данс руу шилжүүлж залилуулсан...” /3хх 245/,

Хохирогч М.Эийн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тоглохоор фейсбүүк дээрээс “заал түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу утасны дугаараар нь холбогдоход “Модны 2-т заал түрээслүүлнэ, цагийн 20,000 төгрөг, дансаар мөнгөө шилжүүлж баталгаажуулах” талаар хэлэхээр нь өөрийнхөө 3020007456 тоот данснаасаа ХААН банкны 5926370203 тоот данс руу 20,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд мөнгө шилжүүлсний дараа заалаа авах гээд цагийн дараа залгасан чинь утсаа авахгүй алга болсон. Тэгээд буцаагаад фейсбүүк хаяг дээрх зарыг хайсан. Зар нь байсан мөртөө утсаа авахгүй байсан. Тэгээд залилан мэхлүүлсэн талаараа мэдсэн юм...” /2хх 236-237/,

Хохирогч У.Чын “... Би 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр заал захиалахаар гадуур найзуудын хамт явж байхдаа фейсбүүк дээр байршуулсан “заал өгнө” гэсэн зарын дагуу хорооллын эцсийн 13 дугаар сургуулийн заалыг 20 цаг 30 минутаас захиалж урьдчилгаа 10,000 төгрөгийг 5926311500 тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд 13 дугаар сургууль руу очиж байхад миний гар утсыг блок хийсэн байсан...” /3хх 202-203/,

Хохирогч Л.Л “... 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дэлгэрэх хотхоны 80-6 дугаар байрны 64 тоот гэртээ байхдаа фейсбүүк дээр байршуулсан “заалны захиалга авна” гэсэн зарын дагуу холбогдож хорооллын 13 дугаар сургуулийн заалны урьдчилгаа гэж 20,000 төгрөгийг 5926311500 дансанд шилжүүлээд 13 дугаар сургууль дээр очсон чинь “манайх өөр захиалга авсан” гэж хэлсэн. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдсэн...” /3хх 155-156/,

Хохирогч Б.Д-гийн “... би 2021 оны 11 дүгээр сард ШУТИС-ийн элсэгчдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болох гээд би элсэгч оюутнуудыг бэлдэхээр фейсбүүк дээрээс заалны зар хайж байгаад 80207065 гэсэн дугаараар холбогдож “48 дугаар сургуулийн зааланд авахаар болж, 35,000 төгрөгийн урьдчилгааг 5926370203 тоот дансанд шилжүүлсэн. Тэгээд тухайн өдрийнхөө орой 48 дугаар сургууль дээр очиход “манайх заалны захиалга авдаггүй, та хүнд хулхидуулсан байна” гэж хэлсэн...” /2хх 5-6/,

Хохирогч О.Ө-ны “... Би 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хан- Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт явж байгаад фейсбүүк дээрээс заалны захиалгын зар харж байгаад нэг дугаартай яриад оройн 7 цагаас 9 цагийн хооронд заал авахаар захиалж 5926370203 тоот дансанд 20,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд орой нь Сансарын 48 дугаар сургууль дээр очиход “манайд ийм дугаартай хүн байхгүй, өнөөдөр ийм дугаарыг 2-3 хүн асууж ирсэн гэж хэлсэн...” /2хх 46-47/,

Хохирогч Ц.Б-ийн “...би 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Фейсбүүк дээр байршуулсан “Сансрын И-март дэлгүүрийн ард байрлах сургуулийн заал түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу холбогдож заал авахаар болоод Хан-Уул дүүргийн Улаанбаатар их дэлгүүр ажил дээр байх үедээ интернэт банкаар өөрийн 5920379982 тоот данснаас 80,000 төгрөгийг 5926370203 тоот данс руу шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлснийхээ дараа зар дээрх дугаар руу залгасан боловч миний дугаарыг блок хийсэн байсан...” /2хх 131-132/,

Хохирогч Э.Х-ийн “... Би 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр фейсбүүк дээр байршуулсан “48 дугаар сургуулийг 2 цагийн хугацаатай түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу холбогдоход “цагийн төлбөр 20,000 төгрөг, 2 цаг авах бол урьдчилгаа төлбөр 20,000 шилжүүлнэ” гэхээр нь Амжилт кибер сургууль дотор байхдаа интернэт банк ашиглан манай найзын багш болох Батболдын 824003542 гэх данснаас ХААН банкны Г гэх нэртэй 5926370203 тоот данс руу 20,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд дугаар руу нь буцаад залгасан боловч миний дугаарыг блок хийсэн байсан...” /3хх 84-85/,

Хохирогч Э.С-ын “... 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 1058-32 тоотод гэртээ найзуудтайгаа байж байхдаа спорт заал авахаар болж фейсбүүк дээр байршуулсан “Хан-Уул дүүрэгт тухтай заал олгож байна, та бүхэн яаран зочлоорой, холбогдох утас 98099599” гэсэн зарын дагуу холбогдоход “Хан-Уул дүүрэг АПУ-аас урагшаа 300 метрт ирээд залгаарай” гэхээр нь оройн 21 цагийн орчимд найзуудын хамт 9-үүлээ Орхон дээд сургууль дээр очиход тухайн сургуулийн заалны хүн нь “манайх ямар ч заалны захилга аваагүй, манай заалны зургийг тавиад гадуур луйвар яваад байгаа” гэж хэлэхээр нь бид нар луйвардуулсан болохоо мэдсэн...” /3хх 224-225/,

Хохирогч Л.А-ын “... 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр фейсбүүкээс заалны захиалга хайгаад 98099599 гэсэн дугаартай холбогдож Орхон сургуулийн заалыг 16 цагаас авахаар болж 5926370203 тоот данс руу 25,000 төгрөг шилжүүлж залилуулсан. Тэгээд тухайн зааланд ирэхэд заалыг хүмүүс авсан байхаар нь 98-тай дугаарыг заалны хүнд хэлэхэд “манайд ийм дугаар байхгүй гэсэн...” /2хх 172-173/,

Хохирогч П.М-ийн “... Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр фейсбүүк дээр байршуулсан “хорооллын эцэст байрлах сургуулийн спорт заал түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу холбогдож 30,000 төгрөгийг 5926259560 тоот дане руу Хан-Уул Наадам центр дээрээс интернэт банкаар шилжүүлсэн. Дараа нь тухайн дугаар луу залгасан боловч утасны дугаарыг блок хийгээд алга болсон...” /2хх 89-90/,

Хохирогч Ё.О-ийн “... гоё амралтын газар нэртэй фейсбүүк пэйж байсан. Тухайн хуудсанд Тэрэлжид байр хоногоор түрээсэлнэ гэсэн зарын дагуу 94429079 дугаараар холбогдон хүү Өсөхбаярын дансанд байсан өөрийн мөнгөнөөс 300,000 төгрөгийг зуслангийн байшин түрээслэхээр шилжүүлсэн. Удалгүй 100,000 төгрөгийг нь буцааж шилжүүлснээ “манайх урьдчилгаа 200,000 төгрөг авна” гэж хэлсэн. Ингээд 200,000 төгрөгийг шилжүүлээд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр түрээсэлсэн байшин дээрээ очихоор гар утсаар нь залгасан боловч утсаа аваагүй. Тэгээд залилуулсан талаараа мэдсэн...” /1хх 12-13, 15-16/,

Гэрч Б.Ө-ын “...ээж Оюунсүрэнгийн 300,000 төгрөг миний дансанд байсан. Ээж 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр над руу залгаад “5082105693 гэсэн данс руу 300.000 төгрөг шилжүүлчих” гэж хэлэхээр нь Хаан интернэт банкны апплекейшн ашиглан тэр данс руу нь 300,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлээд удаагүй байж байтал 100,000 төгрөг нь буцаад ороод ирсэн...” /1хх 18-19/,

Гэрч Д.Гийн “...би коронавирус гээд гадагшаа дэлгүүр хоршоо байнга гарч чадахгүй болохоор зээ хүү М.Тд өөрийнхөө ХААН банкны 5926370203 тоот дансны картаа өгсөн байсан. М.Тээс өөр хүнд өгч ашиглуулсан зүйл байхгүй...” /1хх 39-40/,

Насанд хүрээгүй гэрч С.Тын “... тухайн өдөр би юу ч мэдээгүй байж байгаад М, М.Тийг болохгүй юм хийгээд байна гэж гадарлаад М.Тээс “чи юу хийгээд байгаа юм бэ” гэж асуухад М.Т хийж байгаа юмныхаа талаар хэлсэн. М надад “энэ М.Т чинь хүн луйвардаад яваа юм биш үү” гэж хэлэхээр нь энэ асуудлын талаар мэдсэн. Энэ санааг хамгийн анх Т.А “хүмүүс заалны захиалга хийгээд мөнгө олоод байна” гэж хэлэхэд М.Т үргэлжлүүлээд хүн луйвардаад явсан байна...” /1хх 59-61/,

Насанд хүрээгүй гэрч Б.О-ын “... би 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хандгайтад байдаг Э.С гэх хуурай ахынхаа лагерт Т, Б, М.Т, Э.С, М, Б нарын хамт очсон юм. 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө 10 цагийн орчимд Э.С ах, Б бид 3 хот руу явсан. Анх 2021 оны 10 дугаар сард манай найз заал авах гээд урьдчилгаа мөнгө хийгээд луйвардуулсан гэсэн. Үүнийгээ Т.Аад хэлсэн юм шиг байна лээ. Т.А тэгээд энэ маягаар хүнээс мөнгө авч болох юм байна гэж бодоод луйвар хийж эхэлсэн юм шиг байна лээ. Үүнийг би сүүлд нь мэдсэн. Намайг 2021 оны 11 дүгээр сард М.Т миний 86656698 утасны дугаарыг надаас гуйгаад авсан бөгөөд уг утасны дугаараар зар тавьж залилан хийсэн байсан. Би сүүлд дугаараа авсан чинь над руу хүмүүс залгаад “заал түрээслэх үү” гээд асуугаад байсан. Миний дугаарыг М.Т ганцаараа ирж аваад 4-5 хоног ашигласан. Сүүлд М.Т, Т.А, Э.С ахын яриагаар М.Т зар байрлуулдаг, утсаар ярьдаг, мөнгөө эмээгийнхээ дансаар авдаг гэж сонссон...” /1хх 35-37/,

Гэрч Н.М-гийн “...Э.С хуурай дүү М.Т нартай нийлээд “заал түрээслүүлнэ” гэж фейсбүүк хаяг дээр зар байршуулан бусдаас мөнгө авсан байсныг би сүүлд мэдсэн. Миний дансанд орж ирсэн мөнгийг Э.С бусдаас залилан мэхэлж авсан юм шиг байна лээ. Э.С миний бүх юмыг мэднэ. Интернэт банкийг мөн ашиглаж байсан. Миний сонссоноор М.Т санааг нь гаргаж Э.С миний дансыг өгөөд мөнгө авсан гэж байсан...” /1хх 42-44/,

Насанд хүрээгүй гэрч Б.Б-ын “...миний 94429079 дугаарыг М.Т надаас гуйгаад “найз нь дугаарыг чинь ашиглаад буцаагаад өгнө” гэхээр нь итгээд өгсөн. Тэгтэл миний дугаараар залилан хийж мөнгө олж байсныг Мөрөн эгч мэдээд Э.С ах, М.Т хоёрыг “хүнээс авсан мөнгөө буцааж өг” гэж хэлсэн. Тэгээд мөнгийг нь буцааж өгсөн байх гэж бодож байсан боловч Э.С ах, М.Т хоёр өгөөгүй байсан...” /1хх 53-55/,

Насанд хүрээгүй гэрч Г.Мын “...М.Т найз надаас “гэрийн интернэт байхгүй байна, танайх интернэттэй биз дээ найздаа дататай дугаараа түр ашиглуулаач” гээд 2021 оны 12 дугаар сарын сүүлээр 80158372 гэх дугаарыг аваад ашиглаж байгаад 2022 оны 01 дүгээр сарын дундуур надад буцааж өгсөн. Надаас авсан 80158372 гэх дататай дугаарыг авчихаад юунд ашиглаж байгаа талаараа огт хэлж байгаагүй. “Бусдад заал түрээслүүлнэ, лагерийн байшин түрээслүүлнэ” гэсэн зарыг цахим орчинд байршуулсан талаар би сүүлд М.Т, Э.С хоёроос сонссон. ...” /1хх 47-48/ гэсэн мэдүүлгүүд,

Хохирогч Т.Огаас 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 30.000 төгрөг шилжүүлснийг нотолсон баримт /3хх 40/,

Хохирогч Б.Дгаас шүүгдэгч Э.Сын ХААН банкин дахь 5926259560 тоот данс руу 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 20.000 төгрөг шилжүүлснийг нотолсон дансны хуулга /1хх 224/,

Хохирогч Д.Дээс 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 50,000 төгрөг шилжүүлснийг нотолсон баримт /2хх 202/,

Хохирогч А.Эээс 20.000 төгрөг шилжүүлснийг нотолсон баримт /3хх 132/,

Хохирогч Д.Даас 20.000 төгрөг шилжүүлснийг нотолсон баримт /3хх 172/,

Хохирогч Н.Наас 20.000 төгрөг шилжүүлснийг нотолсон баримт /3хх 242/,

Хохирогч М.Эаас 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 20.000 төгрөг шилжүүлснийг нотолсон баримт /2хх 230/,

Хохирогч У.Чаас 10.000 төгрөг шилжүүлснийг нотолсон баримт /3хх 197/,

Хохирогч Л.Л-аас 20.000 төгрөг шилжүүлснийг нотолсон баримт /3хх 150/,

Хохирогч Ц.Б-ээс 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 80.000 төгрөг шилжүүлснийг нотлох баримт /2хх 125/,

Шүүгдэгч Э.Сын ХААН банкин дахь 5926259560 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /1хх 71-76/,

Өсвөр насны шүүгдэгч Т.Аын ХААН банкин дахь 5926311500 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /1хх 77-79/,

Д.Гийн ХААН банкин дахь 5926370203 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /1хх 80-85, 3хх 2-3/,

Н.М-ийн ХААН банкин дахь 5082105693 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /1хх 86-91/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Э.С, өсвөр насны шүүгдэгч М.Т, Т.А нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр, цахим хэрэгсэл ашиглаж, бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн шүүгдэгч Э.Сын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ст хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Т, Т.А нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч М.Т, Т.А нар оногдуулсан 1 жилийн хорих ял биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж заасан байхад анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч М.Т, Т.А нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгалгүй орхигдуулсан нь тэдний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Харин өсвөр насны шүүгдэгч Т.Аын үйлдэл хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаар нотлогдсон, дээрх залилах гэмт хэргийг үйлдэхэд түүний үйлдэл оролцоо тогтоогдсон, бусдад учруулсан хохиролтой шалтгаант холбоотой байх тул өмгөөлөгчийн хэргийг нь хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын огноог бичихдээ 2022 он гэж алдаатай бичигдсэнийг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Т, Т.А нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих, ...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Тд 6 сарын, Т.Аад 6 сарын хугацаагаар тус тус хорих ял, ...” гэж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч М.Т, Т.А нар оногдуулсан 1 жилийн хорих ял биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч М.Т, Т.А нарт 6 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БАТСАЙХАН   

                                  ШҮҮГЧ                          Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.ЗОРИГ