Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2024/0736

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд цахимаар хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ,

Хариуцагч:  Сүхбаатар дүүргийн Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэлийн шаардлага: “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох.

1.2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага: Сүхбаатар дүүргийн Засаг даргын “2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” дугаар захирамж”-ийг хүчингүй болгох тухай.

Хоёр.Маргааны үйл баримт, процессын тухай:

2.1. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн ******* хороо *******эд нэгж талбарын *******, ******* дугаар бүхий тус бүр 700 м.кв хэмжээ талбайтай газрыг зуслангийн зориулалтаар эзэмших эрхийг олж авч, 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр /Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас , дугаартай “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших гэрчилгээ”-г олгожээ.

2.2. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн , 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгийн дагуу суурин болон хээрийн судалгаа хийхэд ойн сан бүхий газарт, тухайн газраа 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дугаар захирамжаар , нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. 

2.3. Улмаар нэхэмжлэгчийн зүгээс Сүхбаатар дүүргийн дугаар захирамжийг эс зөвшөөрч 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШЗ2024/6687 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Гурав.Хэргийн оролцогчдоос шүүхэд бичгээр гаргасан тайлбар, үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

3.1. Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:  “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тоот тушаалаар газар эзэмших эрх олгосон, тус бүр 699 м.кв талбайтай, 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй газрыг миний охин 2016 онд намайг зусланд гаргаж, утаагүй, эрүүл агаарт амьдруулахаар бусдаас газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр авч өгсөн юм.

Би өөрөө тэтгэвэрт байдаг бөгөөд өөрийн 6 зээгээ асардаг ажилтай, 3 охин минь надад дээрх газар дээр 4 улиралд амьдрах, байгаль орчинд ээлтэй, яндангүй, хог хаягдалгүй, ногоон технологи бүхий байшин барьж өгнө гэж байсан боловч ковидын нөхцөл байдлын улмаас санхүүгийн боломжгүй болж, байшин барьж чадаагүй юм. Гэсэн ч бид зуны улиралд цөөн хоногоор тус газар дээрээ асар майхан барьж өөрөө болон хүүхдүүдээ агаарлуулдаг байсан. Өвлийн улиралд ч бид дээрх газар дээрээ өдрийн цагаар очиж утаанаас холдож агааралдаг байсан юм. Тиймээс тус газрыг бид зориулалтын дагуу ашиглаагүй биш, харин өвлийн улиралд утаанаас холдох, зуны улиралд асар майхан барьж агаарлах хэлбэрээр ашигладаг байсан бөгөөд санхүүгийн боломжтой болох үедээ байшин барьж, суурин амьдрахаар төлөвлөж байсан газар юм.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай захирамж хүчин төгөлдөр болсноор , бидний дээрх газар эзэмших эрх дуусгавар болж, хүүхдүүдээ зусланд гаргах боломжгүй, улмаар ирээдүйд амьдарна гэж бодож, төлөвлөж байсан газартаа амьдрах боломжгүй үр дагавар бий болоод байна.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгосон 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай захирамжийг гаргахаас өмнө бидний тайлбарыг сонссон  бол бидний эзэмшиж байсан Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* хаягт байрлах нэгж талбарын , дугаартай газрын эзэмших эрхийг тус захирамжид хамааруулахгүй байх байсан гэж бодож байна.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдүүд болох , бидэнд тус бүртгэлтэй утасны дугаар, оршин суух хаягаар мэдээлэл хүргүүлж, сонсох ажиллагааг явуулах бүрэн боломжтой байсан. Гэтэл холбоо барих хаяг, бүртгэлтэй утасны дугаар байсаар атал бидэнд мэдэгдээгүй, тодорхой хэмжээнд эзэмшиж, ашиглаж байсан газрыг зориулалтын дагуу огт ашиглаагүй гэж үзэн газар эзэмших эрхийг хүчингүй болгосонд гомдолтой байгаа юм.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилсан мэдэгдэх, оролцоог нь хангах, заримыг тодорхойлж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны актыг...-ыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэжээ.

Бид Сүхбаатар дүүргийн Засаг даргын Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сонсох ажиллагааг мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг “этгээд тус бүрд” хүргүүлэх ёстой байсан гэж үзэж, маргаж байгаа юм.

Учир нь Газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай захирамж нь “захиргааны акт” мөн бөгөөд захиргааны акт нь тухайлсан тодорхой нэг тохиолдлыг зохицуулдаг. Тодорхой нэг тохиолдол гэдэгт тухайн захиргааны байгууллагын шийдвэрийн хаяглагдаж буй этгээд нь тодорхой нэг этгээд, эсхүл тодорхойлж болохуйц этгээд байх ойлголтыг агуулдаг. Дүүргийн Засаг даргын дээрх 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай захиргааны актын үйлчлэл нь мөн дүүргийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тоот тушаалаар газар эзэмших эрх олгосон тодорхой этгээдүүд болох , нарт чиглэсэн бөгөөд энэ мэт бусад олон хүний газар эзэмших эрхийг нэг захирамжаар хүчингүй болгосноор этгээд тодорхой этгээдүүд нь тодорхой бус этгээдүүд болох эсхүл дундаасаа төлөөлөгч томилох боломжтой нэгдмэл ашиг сонирхолтой бүлэг этгээдүүд болж өөрчлөгдөхгүй юм. 

Тиймээс , бид газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай захирамжийг гаргахдаа мэдэгдэх, сонсгох зарчмыг хэрэгжүүлээгүйгээс захиргааны акт хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу маргааны бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан болно.” гэжээ.

3.2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Өмнөх шүүх хуралдаан дээр эвлэрэх талаар санал асууж хойшилсон. Ямар учраас эвлэрээгүй вэ гэхээр захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагаа хуульд нийцсэн байх ёстой. Ганц , нарын газрын асуудлыг шийдвэрлэснээр захиргааны үйл ажиллагаа цаашид хууль зөрчөөд яваад байж болохгүй гэж үзсэн тул эвлэрэх боломжгүй. Шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэхээр шийдсэн. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Анх нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа хууль бус болохыг нь тогтоолгоё гэсэн байдаг. Тухайн үед би Улаанбаатар хотод байгаагүй, өөр хүнээр бичүүлсэн тул шаардлагаа буруу тодорхойлсон гэж ойлгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

Иргэн , нар нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны            дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн ******* хороо бэлх хаягт байрлах тус бүр 699 м.кв газрыг эзэмшдэг байсан. Дээрх газар эзэмших эрхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай дугаартай захирамжаар дуусгавар болгосон.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэсэн үндэслэлээр маргаж байгаа.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай дугаар захирамж нь бичгээр гаргаж өгсөн тайлбарын дагуу захиргааны акт мөн бөгөөд үүнтэй холбоотой тайлбарыг хариуцагч талаас гаргаагүй тул үндсэн маргаан руугаа оръё. 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай захирамжийн эрх зүйн үйлчлэл нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа тул нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх хүчингүй болсон. Дуусгавар болоогүй хүчин төгөлдөр захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д зааснаар сөрөг нөлөөлөх бүхий захиргааны актад хамаарч байгаа тул тус актыг хүчингүй болгуулах гэж маргаж байгаа. Маргаан бүхий захиргааны акт нь хууль ёсны гэдэгт захиргааны актад тавигдах эрх зүйн шаардлагыг эрх зүйн формаль болон материаллаг эрх зүйн шаардлага гаж ангилж байгаа. Формаль эрх зүйн шаардлага гэдэг нь захиргааны байгууллагаас захиргааны актыг батлан гаргахад зайлшгүй баримтлах ёстой хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмууд юм. Энэ дотор сонсох ажиллагаа явуулах нь хамаарах болно. Сонсох  ажиллагааг яагаад хуульд заасан журмын дагуу явуулаагүй вэ гэдэгтэй нэхэмжлэгч талаас маргаж байгаа. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга захирамж дээрээ юу гэж заасан бэ гэхээр сонсох ажиллагааны мэдэгдлийг Өнөөдөр сонинд нийтэлсэн. Нийтэлсэн учир мэдэгдсэн гэж үзэж байгаа. Мэдэгдсэн хэлбэр нь хуульд заасан сонсох ажиллагаа явуулсан гэж үзэх үү, үгүй юу гэдэг дээр маргаж байгаа. Сонсох ажиллагааны журмыг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар зохицуулж өгсөн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т зааснаар 20 буюу түүнээс доош тооны этгээдийг сонсгохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрт хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд       ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т 21 буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх эсвэл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж заасан. Захиргааны байгууллага хавсралтад заасан нэр бүхий 93 иргэний газар эзэмших эрхийг нэг захиргааны актаар хүчингүй болгож байгаа тул 21-ээс дээш тооны этгээдэд гэдэгт хамааруулж Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасныг хэрэглэсэн байдаг. 20-оос доош тооны этгээд, 21-ээс дээш тооны этгээд гэдгийг ямар тохиолдолд хэрхэн яаж хэрэглэх ёстой вэ, хуулийн зорилго нь юу юм, үзэл санаа нь юу байсан бэ?

Бид тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар тодорхой этгээдэд чиглэсэн буюу иргэн , зэрэг захиргааны байгууллагатай байгуулсан гэрээндээ нэр холбоо  барих утасны дугаар гэрээний хаягаа тодорхой бичсэн тодорхой этгээдэд чиглэсэн захиргааны акт дээр маргаж байгаа. Тодорхой этгээдүүдэд сонсох ажиллагааны мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасны дагуу этгээд тус бүрд шуудан хүргүүлэх боломжтой байсан. Захиргаанд сонгох боломж байдаг. Сонгох боломж байсаар байтал энэ сонголтыг баримтлаагүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг огт хэрэглээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасныг ямар тохиолдолд хэрэглэх ёстой вэ гэдэг дээр тайлбар хэлье. Хуулийн зохицуулалтыг нь харвал 21 буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн ******* зүйлийн 20.1-т заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсвэл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн ******* зүйлийн 20.1-т ижил утгатай өргөдөл, гомдол гаргасан 20 ба түүнээс дээш этгээд дундаасаа төлөөлөгч томилж захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцож болно гэж заасан. Иргэн , Энхсолонго нар бусад 91 хүнтэй нэг газрыг хувааж эзэмшдэггүй. Нэгдмэл ашиг сонирхол байхгүй, хэн нь ч хэнийгээ төлөөлөх боломжгүй, хоорондоо харилцаа хамаарал байхгүй этгээдүүд байна. Хуулийн зохицуулалт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д заасан нийтлэг шинжээр тодорхойлогддог, тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн, эсвэл эд юмсын нийтийн эрх зүйн байдлын тодорхойлох, түүнийг ашиглахтай холбоотой захиргааны акт гаргахтай холбоотой сонсох ажиллагаа явуулахад хэрэглэгдэх зохицуулалт байна. Тухайлбал нийтлэг шинжээр тодорхойлогддог, эсвэл тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн мал бүхий иргэдийг хотоос гаргах тухай Иргэдийн төлөөлөгчийн хурлын тогтоол, хүнсний захын ажиллах өдрийн хуваарь баталсан Засаг даргын захирамж, түүнчлэн эд юмсын нийтийн эрх зүйн байдлыг тодорхойлсон буюу газрыг нийтийн эзэмшилд тусгай хэрэгцээнд авах эсвэл гаргах тухай Иргэдийн төлөөлөгчийн хурлын тогтоол гэх мэт шийдвэрүүдэд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасныг хэрэглэх ёстой.

Захиргааны ерөнхий хуулийн 7 дугаар бүлэгт төлөвлөлт гэх бүлэг байгаа. Тус бүлгийн 73 дугаар зүйлийн 73.1-д төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараахь асуудлаар иргэн хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулж саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно. Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.1-д зааснаас эхэлж ямар ямар ажлыг хамааруулж байгаа вэ гэдэг жагсаалт гаргаж өгсөн байгаа. Нисэх онгоцны буудал, дагалдах байгууламж, төмөр зам, төмөр замын өртөө, буудал барих, өөрчлөх, засварлах, нүүлгэн шилжүүлэх, хот байгуулалт болон газар зохион байгуулалт хийх, олон улсын, улсын, орон нутгийн чанартай авто зам барих, засварлах, усны барилга байгууламж, усан цахилгаан станц барих, хог хаягдлын цэг байгуулах, өөрчлөх, нүүлгэх, зам талбай, гудамж, усан сан зэрэг нийтийн эзэмшлийн байгууламж, цогцолбор байгуулах, өөрчлөх, нүүлгэх буулгах зэрэг тодорхой бүлэг этгээдэд чиглэсэн захиргааны акт төлөвлөлт гаргахтай холбоотой бол 21 буюу түүнээс дээш этгээд гэж үзэж тухайн орон нутагт уншиж танилцах боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд хүргэх, эсвэл тэдгээрийн төлөөлөгчид мэдэгдэх хуулийн зохицуулалт харагдаж байна. Төлөвлөгөөнд сонсох ажиллагаа явуулах гэж Захиргааны ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т төлөвлөгөөнд сонсох ажиллагаа явуулахдаа энэ хуулийн 27 дугаар зүйлд заасныг баримтлах болно буюу 21 буюу түүнээс дээш этгээд гэж байгаа нь тодорхойлж болохуйц гэх зохицуулалтад хамаарч байгаа.

Сонсох ажиллагааг хуульд заасны дагуу тодорхой этгээдүүд байсаар байтал тодорхой бус этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасныг хэрэглэж болох байтал, тус хуулийн 27.2.2-т заасныг хэрэглэсэн нь буруу юм. Хуулийг үндсэн агуулга зорилгынх нь дагуу хэрэглэж чадаагүй байна гэж үзэж маргаж байгаа.

Хэлбэрийн шаардлагын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна гээд тус хуулийн 40.2.2-т захиргааны акт хаяглагдсан этгээд нь хувь хүн бол эцэг эхийн нэр, өөрийн нэр, хаяг, холбоо барих мэдээлэл, тус хуулийн 40.4-т захиргааны актад тухайн акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг заана гэж заасан.

Маргаан бүхий 2023 оны дугаартай захирамжийг харвал хэлбэрийн шаардлагыг хангаагүй. Хавсралтад заасан нэр бүхий 93 иргэний нэрийг нь бичсэн, газрын нэгж талбарын дугаарыг бичсэн, хаягийг нь бичсэн байгаа болохоос биш холбоо барих дугаар буюу Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Захиргааны байгууллага шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа зохицуулалтыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэсэн байдаг. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгээр 2 жил дараалан ашиглаагүй бол гэж байгаа. 2 жил дараалан ашиглаагүй бол биш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэж байгаа. Хүндэтгэн үзэх шалтгаан байсан уу?, үгүй юу гэдгийг сонсох ажиллагааны журмаар тогтоох ёстой байсан. Гэтэл сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу мэдэгдэх ёстой этгээдэд нь мэдэгдээгүй. Зохих журмын дагуу хэрэгжүүлээгүй учир сонсох ажиллагаа хуульд заасны дагуу явагдаагүй гэж үзэж байгаа. Иймд хууль, захиргааны байгууллагын шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хуулийн  зорилгод нийцээгүй гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа үндэслэл захиргааны акттай холбоотой. Захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу гарах ёстой. Хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангах ёстой гэж маргаж байгаа учир үндэслэлтэй холбоотой нарийн тодорхой асуудлыг дурдаагүй. Хэрвээ тухайн үед сонсох ажиллагаа явуулсан бол ковидоос хойш хорт хавдрын эмчилгээ хийлгэж байсан талаар нотлох баримтыг гаргаж өгөх байсан. Хүндэтгэн үзэх шалтгаан байсан. Гэвч сонсох ажиллагаа явуулаагүй учир тайлбарлах боломж байгаагүй. Өнөөдөр шүүх хурал дээр үүнтэй холбоотой маргаагүй. Зөвхөн хүндэтгэх шалтгаантай байхад, шалтгаангүй гэж үзэж шийдвэр гаргасан гэж маргаагүй учир үүнтэй холбоотой асуудлыг хөндөх нь илүүц гэж үзсэн тул сонсох ажиллагаа явуулах ёстой байсан уу? үгүй юу? Ямар хуулийн, ямар зохицуулалт хэрэглэх ёстой байсан бэ? Хэлбэрийн шаардлага хангасан уу гэдэг дээр маргаж байгаа. Эвлэрч зөвхөн , нарын газар эзэмших эрхийг хэвээр үлдээж бусад 91 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгоод явбал захиргааны байгууллага энэ алдааг цаашид давтсаар байх болно гэж үзэж байгаа тул захиргааны байгууллагын шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байгаа. Шийдвэрийг хүчингүй болгуулснаар нэхэмжлэгч нарын эрх сэргэн гэж үзэж байгаа тул захиргааны байгууллага хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулах ёстой гэж үзэж байгаа тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү.

Захиргааны байгууллагын шийдвэр гаргахдаа хууль ёсны үндэслэлтэй байх ёстой. Хуульд заасан тодорхой ажиллагааг хийхгүйгээр, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж сонсох ажиллагаа хийхгүйгээр шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэх үндэслэлийг үгүйсгэж байгаа тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Мөн хэлбэрийн шаардлагын хувьд тодорхой этгээдэд хаяглаж байгаа шийдвэр нь Захиргааны ерөнхий хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй тул хууль бус захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

3.3. Хариуцагч тал шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Ирэн , нарын нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох Газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

а.Тус дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэр *******ийн зусланд иргэн , нарт дүүргийн Засаг даргын 2014 оны дүгээр захирамжаар тус бүр 700 м.кв газрыг эзэмшүүлсэн байна. Улмаар газар эзэмших эрхээ дүүргийн Засаг даргын 2015 оны дугаар захирамжаар иргэн ******* шилжүүлсэн. Иргэн ******* нь дүүргийн Засаг даргын 2016 оны дүгээр захирамжаар иргэн , нарт шилжүүлсэн байна.

б.Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 8 дугаар сарын 07-ны өдрийн хооронд хийгдсэн хяналт шалгалтын хээрийн судалгаагаар иргэн , нар нь газраа 2 жил ашиглаагүй нь тогтоогдсон тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар захирамжаар хүчингүй болгосон байна.

в.Сонсох ажиллагааны мэдэгдлийг Өнөөдөр сонины 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 115 дугаарын А6, *******, ******* талуудад мэдэгдсэн боловч дээрх иргэд нь хариу тайлбарыг ирүүлээгүй болно.” гэжээ.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо буюу ******* зуслангийн аманд нэхэмжлэгч , нар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 281, 2015 оны 230 дугаар захирамжаар газар эзэмшиж байсныг нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газрыг зориулалтын дагуу 2-оос дээш жил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэдэг заалтаар хүчингүй болгосон. Газрын тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь гэнэтийн давагдашгүй хүчин зүйл, байгалийн тогтолцооны өөрчлөлт, элэгдэл, цөлжилт бий болсон тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаан гэж үздэг. Тухайн газар нь байгалийн гамшигт үзэгдэл явагдаагүй. Эргэлтийн цэг дээр зориулалтын дагуу газраар эзэмшиж, цэг тэмдэгтээ хамгаалж гэрээнд заасан болзол хангаагүй гэдэг үүднээс 2023 оны 9 сарын 18-ны өдрийн 430 дугаар захирамжаар нэр бүхий 93 иргэний газрыг хүчингүй болгосон. Газрыг хүчингүй болгохдоо Газар зохион байгуулалтын албанаас 2024 онд Сүхбаатар дүүргийн зуслангийн бүсэд хээрийн судалгаа хийсэн. Хээрийн судалгаа хийж 600-800 иргэний газар дээр шалгаж газраа зориулалтын дагуу ашиглаагүй байна гэдэг утгаар хүчингүй болгохдоо нэг дор тийм олон иргэний газрыг хүчингүй болгоод яав вэ. Багадаа 100 дотор багтааж 6-7 хувааж хүчингүй болгох үүднээс хувааж хүчингүй болгосон. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасныг барьж сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Сонсох ажиллагааны мэдэгдлийг сонин дээр зарлаж хувь иргэн болгонд яагаад хэлээгүй вэ гэж нэхэмжлэгч талаас маргаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т зааснаар 21 буюу түүнээс дээш иргэд гэж байгаа. Нэхэмжлэгч тал тухайн 2 нэгж талбар дээр 91 иргэн байгаагүй. Бусад иргэд хамаарал байхгүй гэж хэлээд байна. Газрын тухай хуульд зааснаар зориулалтын дагуу газраа 2 жил ашиглаагүй. Нийтэд нь 93 нэгж талбарыг хүчингүй болгож байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т зааснаар 21 буюу түүнээс дээш иргэн, хуулийн этгээдэд сонсох ажиллагаа явуулахаар бол тус бүрчлэн биш, нийтэд нь хэвлэл мэдээллээр хүчингүй болгож болно гэж заасан байдаг тул Захиргааны ерөнхий хуульд зааснаар газрыг хүчингүй болгосон. Үүнд ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй. Тухайн иргэд газраа 2016 оноос хойш эзэмшсэн байдаг. Газар зохион байгуулалтын албанаас хээрийн судалгаа хийсэн он сар 2021 он байгаа. 5  жилийн хугацаа өнгөрсөн байна. 2021 онд хээрийн судалгаа хийж иргэдэд хүндэтгэн үзэх шалтгаан буюу ковид байсан тул дахин 2 жилийн хугацаа өгч байсан. Газар дээрээ хашаа барьж, газраа зориулалтын дагуу ашиглаж байна гэсэн тайлбар иргэдээс ирж байсан. Нийт даяараа Газрын алба 2021 онд судалгаа хийж ойн сан болон газраа зориулалтын дагуу хүчингүй болгож байгаа талаар бүгд мэдэж байсан. Хэвлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж байсан. 2023 оны 9 дүгээр сард газар ашиглах эрх хүчингүй болгосон захирамж гарсан. Нийт 7 жилийн хугацаанд газар эзэмшигч иргэн газраа зориулалтын дагуу ашиглаагүй. Газрын тухай хуульд нэмэлтээр журам зааж өгсөн. Тус журам дээр иргэн хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх эрхийн гэрээ гэж байгаа. Гэрээг иргэд хүлээн зөвшөөрч байна гэж гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэтэл иргэд нь өөрсдөө гэрээнд заасан нөхцөлөө биелүүлээгүй байна. Газар эзэмшигчийн үүрэг гэж байдаг. Өөрийн эдлэн газрын хилийн эргэлтийн цэгийг газар дээр нь тэмдэгжүүлэх ёстой, хамгаалах ёстой гэж байгаа. Эргэлтийн цэгийн дагуу хашаа барьж газраа хамгаалж бусдын эзэмшилд оруулахгүй хамгаалах ёстой гэсэн заалт байгаа. Гэрээний 5 дээр газар эзэмшүүлэгчийн эрх үүрэг гэж зааж өгсөн. Газар эзэмшүүлэгчийн үүрэг нь иргэнд өөрийнх нь үүргийг сануулах болно. Төлбөрөө тогтмол төлөх, улс нийтийн ажил хийхэд газрыг эргүүлж авах, зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахгүй бол хүчингүй болгох талаар зааж өгсөн байгаа. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил түүнээс дээш хугацаанд ашиглаагүй гэж заасныг иргэн гэрээний нөхцөлөө зөвшөөрснөөр гэрээ болон Газрын тухай хуульд заасныг биелүүлэх ёстой гэсэн үндэслэл байгаа. Захиргааны байгууллагаас бүтэн 7 жилийн хугацаа өгсөн, Газрын тухай хуульд зөөж өгсөн, гэрээний журам дээр тодорхой зааж өгсөн. Үүнээс харахад хууль зөрчиж гарсан захирамж биш гэж харагдаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг баримталж сонсох ажиллагаа хийж хуулийн дагуу газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлттэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасныг баримлаж 21 буюу дээш иргэдийн газрыг хүчингүй болгосон нь үндэслэлтэй. Захиргааны ерөнхий хуульд тодорхой зааж өгсөн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж нийт 93 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсныг хүчингүй болгох гэж хэлж байгаа нь боломжгүй гэж үзэж байна. , гэх 2 хүний нэгж талбартай холбоотой асуудлыг шүүхэд ярьж байгаа болохоос биш 91 иргэн нь , хоёр шиг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил буюу түүнээс дээш эзэмшээгүй байгааг үгүйсгэхгүй. Маш олон иргэн байгаа тул тус иргэд өөрсдөө гомдлоо гаргаад явах боломжтой. 2023 оны дугаар захирамжийг хүчингүй болгох нь өрөөсгөл ойлголт байна. Зөвхөн , нартай холбоотой асуудлыг шүүх шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг түдгэлзүүлж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

2. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай захирамжийн , нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасан.

2.2. Хуулийн дээрх зохицуулалт нь энэхүү маргааны энэхүү маргааны тухайд хэрэглэгдэхгүй, тодорхой этгээдүүдэд сонсох ажиллагааны мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасны дагуу этгээд тус бүрт шуудан хүргүүлэх боломжтой байсан. Захиргаанд сонгох боломж байдаг. Сонгох боломж байсаар байтал энэ сонголтыг баримтлаагүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг огт хэрэглээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасныг ямар тохиолдолд хэрэглэх ёстой вэ гэдэг дээр тайлбар хэлье. Хуулийн зохицуулалтыг нь харвал 21 буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн ******* зүйлийн 20.1-т заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсвэл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн ******* зүйлийн 20.1-т ижил утгатай өргөдөл, гомдол гаргасан 20 ба түүнээс дээш этгээд дундаасаа төлөөлөгч томилж захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцож болно гэж заасан. Иргэн , Энхсолонго нар бусад 91 хүнтэй нэг газрыг хувааж эзэмшдэггүй. Нэгдмэл ашиг сонирхол байхгүй, хэн нь ч хэнийгээ төлөөлөх боломжгүй, хоорондоо харилцаа хамаарал байхгүй этгээдүүд байна гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна. 

3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, хуулийн уг заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тус тус заажээ.

3.1. Маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай захирамжаар , нар нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

3.2. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах”, 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заажээ.

4. Хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн хариу тайлбараас үзэхэд хуулийн дээрх заалтад заасан сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, газар ашиглагч нэг этгээдэд сонсох ажиллагааг цахим хэлбэрээр явуулах бол түүний цахим хаягаар мэдэгдэл хүргүүлсэн байхыг ойлгох энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан 21 буюу түүнээс дээш этгээдийг сонсох нөхцөл байдал үүсээгүй, хариуцагчаас мэдэгдэх сонсгох үүргээ хэрэгжүүлээгүй нь маргаан бүхий актын талаар мэдэгдэх сонсгох ажиллагааг хийгээгүй, тайлбар санал аваагүй нь хууль бус гэж маргах нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.

5.Тухайлбал хариуцагчийн зүгээс Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглагчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо нэхэмжлэгчийг газраа 2 жил дараалан ашиглаагүй болохыг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг заавал харгалзан үзэж, тайлбар өгч сонсгох боломжоор хангах ёстой атал дээрх нөхцөл байдал байсан талаар нягтлан шалгаагүй, газар ашиглах гэрээний хугацаа дууссан эсэх талаар бүрэн тогтоогоогүй акт гаргасан, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашигт шууд нөлөөлсөн захиргааны акт гаргахдаа хуульд заасан мэдэгдэх сонсгох ажиллагааг явуулаагүй нь нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

6. Учир нэхэмжлэгч нарын эрх ашиг сонирхлыг хөндсөн акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоох нь хариуцагч захиргааны байгууллагын үүрэг юм.

7. Улмаар хариуцагчийн шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх нөхцөлийг хангаагүй байх тул хууль бус байх тул хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэж, Улаанбаатар Сүхбаатар дүүргийн ******* хороо *******эд нэгж талбарын *******, ******* дугаар бүхий тус бүр 700 м.кв хэмжээ талбайтай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн захирамжийн , нарт холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

8. Нийт 93 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай захирамжийн бусад хэсгийг хууль бус болох тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

8.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил шаардлага бүхий нэхэмжлэлийг хэд хэдэн нэхэмжлэгч хамтран гаргаж болно. Мөн хуулийн 23.2.энэ хуулийн 23.1-д заасан тохиолдолд нэхэмжлэгчид дундаасаа төлөөлөгч томилон түүнд олгосон итгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийгөө төлөөлүүлэн оролцуулах эрхтэй гэж заасан байна.

8.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж заажээ. 

8.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар “энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана..” гэж заажээ.

8.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэгч , нараас 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр итгэмжлэл авсан байх бөгөөд үлдэх 91 иргэнийг төлөөлөх бүрэн эрхгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 109.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай дугаар захирамжийн 91 иргэнд холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.5-д заасныг тус тус баримтлан, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай захирамжийн , нарт холбогдох хэсгийг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч , нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                   Ц.ОДМАА