Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/470

 

 

 

 

 

 

  2023        5        02                                2023/ДШМ/470

            

Б.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Янжиндулам,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/741 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Янжиндуламын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.Бд холбогдох эрүүгийн 2308005010378 дугаар хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн  Б.Б, ..... оны .. дүгээр сарын 20-ны өдөр ...... суманд төрсөн, 31 настай, эрэгтэй,  “....” хиамны цехэд жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт .................. тоотод оршин суух, /РД: ................./,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 427 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 336 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 59 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11.328.000 төгрөгөөр торгох ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 710 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгссэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн.

Б.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчингийн 1 дүгээр гудамжны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дугуй засварын газарт иргэн Д.Хын эзэмшлийн “Самсунг А5” маркийн гар утсыг “утсаар яриад өгье” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тус хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх дараах үндэслэл тогтоогдсон болно. Үүнд:

Хэргийн зүйлчлэл зөвтгөх: Хохирогч Д.Х нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлэхдээ “... 2023 оны 01 дүгээр сарын 13-ны орой 19 цагийн үед би дугуй засвартаа байж байхад нэрийг нь сайн мэдэхгүй, зүс таних эрэгтэйтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд архи уугаад сууж байхдаа тухайн эрэгтэй “утсаа өгч бай, утсаар яриад өгье” гэж хэлээд миний “Самсунг А5” маркийн гар утсыг авч гараад буцаж орж ирээгүй алга болчихсон. /хх 7/,

2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлэхдээ “... 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажил дээрээ хаах гэж байхад 19 цагийн үед зүс таних, нэрийг нь мэдэхгүй залуу 0,5 грамм хараа нэртэй архи 1 шилийг хувааж ууж байгаад архи тал үлдэхэд “ахаа гар утсаа өгч бай, хүнтэй яриад өгье” гээд миний утсыг аваад тэр хооронд би их согтоод юу болж байгаа талаар мэдэхгүй байсан. Нэг сэрэхэд манай эхнэр, охин 2 ирсэн, одоо гэртээ харья гэж байсан. Тэгээд манай эхнэр гар утас, хэтэвч чинь хаана байна” гэхээр нь харахад миний хэтэвч байсан, гар утас байхгүй байсан. /хх 10/

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хуульчилж өгсөн ба улмаар тухайн бүлэгт заасан ойролцоо төрлийн гэмт хэргийг нэгийг нөгөөгөөс нь обьектив болон субьектив шинжээр нь ялган зүйлчлэх нь чухал юм.

Тухайлбал, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг нь хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруй хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжийг агуулдаг бол залилах гэмт хэргийн хувьд хохирогч өөрийн эд хөрөнгийг хууртагдах болон бусад нөхцөл байдлаар төөрөлдөж гэмт этгээдийн захиран зарцуулах эрхэд шилжүүлж өгсөн байдаг буюу залилах гэмт хэргийн хохирогч нь эд хөрөнгө, түүнийг захиран зарцуулах эрхийг гэмт этгээдэд сайн дураар бүр мөсөн шилжүүлсэн байдаг.

Гэтэл дээрх хэргийн үйл баримтаар хохирогч нь утсаар яриулаад буцаагаад авахаар түр хугацаагаар өгсөн гэж мэдүүлж байгаа тул хэргийн зүйлчлэлийг зөвтгөж ирүүлэх нь зүйтэй байна.

Яллагдагчийн хувийн байдлыг тогтоох: учир нь, хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 336 дугаар шийтгэх тогтоолоор Б.Быг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 59 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11.328.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн атал прокурорын яллах дүгнэлтэд яллагдагчийн биеийн байцаалт хэсэгт: “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 336 дугаар шийтгэх тогтоолоор Б.Быг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар” гэж бичсэн нь 2022 оны болон 2017 оны хуулийг ялгаагүй шинжтэй,

Мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 710 дугаар шийтгэх тогтоолоор Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, НШШГГ-ын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, хот хооронд зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн атал прокурорын яллах дүгнэлтэд зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн мэтээр бичсэн нь учир дутагдалтай байна. Иймд дээрх асуудлуудыг тодруулах, зөвтгөх, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр Б.Бд холбогдох хэргийг прокурорт буцааж, хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хамт буцаан хүргүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэргийг прокурорт очтол Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Г.Янжиндулам бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх үндэслэлээр эс зөвшөөрч байна. Захирамжийн 1 дэх заалтын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүдийг тусгасан ба тус бүлэгт заасан гэмт хэргүүдийн төсөөтэй шинж нь гэмт хэргийн обьект нь бусдын өмчлөх эрх байдгаараа ижил байдаг боловч “өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хохирогчоос хэрхэн шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад гэмт хэргүүд болж ялгагддаг. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн шинж буюу үйлдлийн арга, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргээрээ ялгагдана.

Залилах гэмт хэрэг нь өмчлөгч, эзэмшигч гэмт этгээдэд хууртагдан мэхлэгдэж, төөрөгдсөний улмаас өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхээ сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг ба нэг талаас хохирогч нь өөрийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шүүгдэгчид шилжүүлэн өгөхдөө урьдын харилцааны үр дүнд бий болсон нөхцөл байдлыг үнэлэн түүнд итгэсний үндсэн дээр өгсөн байдаг бол нөгөө талаас шүүгдэгч нь урьдын харилцааны явцад бий болсон өөрт нь итгэсэн байдлыг ашиглаж, хохирогчийг өөрт нь эд хөрөнгөө шилжүүлэн өгнө гэсэн болзолт санаагаар хандсан байхаар хуульчилсан. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэж, илээр тэдний нүдэн дээр хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган үнэ төлбөргүйгээр өөрийн өмчлөлд бүр мөсөн авч, хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй байдаг.

Хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар яллагдагч Б.Бын үйлдсэн гэмт хэрэг нь залилах гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдсон. Үүнд:

Хохирогч Д.Хын “... тэгээд архи уугаад сууж байхдаа тухайн эрэгтэй надад гар утсаа өгч бай гэж хэлээд миний Самсунг А52 загварын гар утсыг авч гараад буцаж орж ирээгүй алга болчихоор нь маргааш нь гэрт нь очиж уулзахад би чиний гар утсыг аваагүй, чиний гар утас надад байхгүй гэж хэлээд цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэлд суугаад яваад өгсөн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан. Надаар байнга ирж дугуйгаа янзлуулдаг хүн байсан. ... би дугуй засвар дотор байрлах орон дээрээ сууж байхдаа тухайн эрэгтэй надаас утсаар яриад өгье гэж хэлэхэд би орон дээрээс авч өгсөн. Тэгээд тэр эрэгтэй миний гар утсыг буцааж өгөөгүй.” гэх,

Яллагдагч Б.Бын “... дугуй засварын ах руу ороод ахаа надад нэг шил архи байна хамт хуваагаад уух юм уу гэхэд за тэгье гээд бид хоёр хувааж ууж байгаад Хишигжаргал ахаас та гар утсаа өгч бай, нэг хүнтэй яриад өгье гээд гар утсыг нь аваад дугуй засвараас гараад шууд гэртээ харьсан. ...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б.Б нь хохирогч Д.Хаар дугуйгаа байнга засуулдаг байсан, хохирогч хэдий нэрийг нь сайн мэдэхгүй ч гэрийн хаяг, тээврийн хэрэгсэл зэргийг сайтар мэдэж байгаагаас үзэхэд яллагдагч болон хохирогч нарын хооронд итгэлцлийн харилцаа бий болсон нь харагдаж байна. Улмаар яллагдагч Б.Б нь хохирогч Д.Хтай хамт архи ууж байхдаа хохирогчийн гар утсыг “ярьчихаад буцаан өгөх” нэрийдлээр авч гарч байгаа, хохирогч гар утсаа орон дээрээс өөрөө сайн дураараа авч өгсөн хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байх ба шүүгдэгчийн үйлдлийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг буюу өмнө нь дугуй засуулж хохирогчийн итгэлийг олсон харилцааг урвуулан ашиглаж, эд хөрөнгө болох гар утсыг нь хэрэглээд буцааж өгөх итгэл үнэмшил төрүүлэн авч байгаа идэвхитэй үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Шүүхээс яллагдагч Б.Бын үйлдлийг дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтуудыг зөрчсөн буюу бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байна.

Захирамжийн 2 дахь заалтын хувьд яллагдагчийн хувийн байдлыг зөв тогтоох буюу биеийн байцаалт хэсэгт урьд ял шийтгүүлснийг бичилгүй орхигдуулсныг зөвтгөж ирүүлэх гэжээ. Яллагдагч Б.Бын хувийн байдалтай холбоотой дээрх шийтгэх тогтоолууд нь хавтаст хэрэгт авагдсан тул гэм буруугийн шүүх хуралдааны шатанд шинжлэн судлах замаар тодруулах, түүнчлэн яллагдагчийн дээрх хувийн байдалтай холбоотой хэсгийг яллах дүгнэлтийн биеийн байцаалт хэсэгт буруу, зарим хэсгийг орхигдуулж бичсэн нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд техникийн шинжтэй алдаа юм. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх заалтад зааснаар засуулах боломжтой гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 741 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэл бичсэн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Анхан шатны шүүх яллагдагч Б.Бд холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэж, зүйлчлэлийг зөвтгөн яллагдагчийн хувийн байдлыг зөв тогтоох шаардлагатай гэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Учир нь, прокуророос Б.Бын бусдын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн байх ба хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмжээнд анхан шатны журмаар шийдвэрлэх бүрэн боломжтой байхад дээрэмдэх гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах талаар зааж, прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон буюу урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан баримт, урьд ял шийтгүүлсэн шүүхийн шийтгэх тогтоолууд хэрэгт авагдсан байхад заавал дахин энэ ажиллагааг дахин хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй, бичиглэлийн буюу техникийн шинжтэй алдааг зөвтгөж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/741 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Г.Янжиндуламын бичсэн эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй.

Яллагдагч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/741 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                       ШҮҮГЧ                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ