Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2024/0745

 

 

 

 

 

 

    2024           09           25                                      128/ШШ2024/0745

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “*******” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******

Хариуцагч: Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч *******, *******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******

Маргааны төрөл: Татварын маргаан

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нарыг оролцуулан, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч *******, ******* нарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч *******, ******* нарын 2023.12.25-ны өдрийн №НА-2******* тоот нөхөн ногдуулалтын актын төлбөрөөс 75,000,000 төгрөгийн төлбөрийг бууруулахаар шаардан маргаж байна.

1.1.Нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд: “Нийслэлийн татварын газрын татварын хэлтсийн татварын улсын байцаагч *******, ******* тоот хяналт шалгалт хийх томилолтын дагуу 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 25-ний өдрүүдэд “*******” ХХК-ын 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт /НӨАТ- хэсэгчилсэн/ хийж 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр №HA-2******* тоот нөхөн ногдуулалтын актаар 102,086,108 төгрөгийн төлбөрийг ногдуулсан.

            Татвар төлөгчийн зүгээс Татварын улсын байцаагчийн №НА-2******* тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөл (цаашид маргаан таслах зөвлөл)-д гомдол гаргасан.

Уг гомдлын дагуу маргаан таслах зөвлөл 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдор хуралдаж, 16 тоот тогтоолоор татварын улсын байцаагчийн №HA-2******* тоот нөхөн ногдуулалтыг актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү нөхөн ногдуулалтын акт болон түүнийг урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэсэн Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 16 тоот тогтоолыг эс зөвшөрч Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зуйлийн 19 дэх хэсэгт заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.

Маргаан бухий үйл баримт нь: Татварын хяналт шалгалтаар 2019 оны оны 8 дугаар сард "" ХХК-иас 500,000,000 төгрөгийн дүн бухий Нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авч, тайланд тусгасан гэж зерчилд тооцсон байдаг.

Хөөн хэлэлцэх хугацааг тоолох тухайд: Татварын торгууль, алдангийг Татварын ерөнхий хуулийн 15.3-д заасан журмаар хөөн хэлэлцэх тоолж, татварын актаар оногдуулдаг. Ингэхдээ Татварын ерөнхий хуулийн 82, 83, 84-р зүйлд зааснаар нөхөн татварын, Зөрчлийн тухай хуулийн 11.19-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар татварын хууль зөрчсөн торгуулийг, Татварын ерөнхий хуулийн 73-р зүйлд зааснаар хугацаанд нь төлөөгүй татварт алдангийн тус тус оногдуулдаг. Татварын ерөнхий хуулийн 15-р зүйлд нөхөн татварын, хугацаанд хуульчлаагүй байхад Татварын алба зөвхөн Нэмэгдсэн өртгийн албан татвар дээр нөхөн татварын хөөн хэлэлцэх хугацааг дараа оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш, хугацаанд нь төлөөгүй татварын хөөн хэлэлцэх хугацааг дараа сарын 10-ны өдрөөс хойш тоолдог хуулийг буруу хэрэглэдэг буруу жишиг тогтоод удаж байна.

Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Татварын нөхөн ногдуулалт хийх алданги, торгууль, … хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд…” мөн 15.3.2 дах заалтад “Тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс” гэж зааснаас үзэхэд “буюу” холбоос нь 12 дугаар сарын тайлан нь тухайн төрлийн татварт “жилийн эцсийн тайлан” гаргах татварын төрөлд хамаарна. Жилийн эцсийн тайлан нь тухайн төрлийн татварын өссөн дүнгээр, “жилийн эцсийн тайлан” гэдэг нэртэйгээр гаргадаг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/, аж ахуй нэгжийн орлогын албан татвар /ААНОАТ/, хувь хүний орлогын албан татвар /ХХОАТ/ зэрэг татварууд хамаарах юм. Тухайлбал "жилийн эцсийн тайлан”-г Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.11-д, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 26-р зүйлийн 26.2-т, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 27-р зүйлийн 27.1-т тус тус хуульчилсан байдаг. Харин НӨАТ тайланд “жилийн эцсийн тайлан” гэсэн ойлголт байхгүй, өссөн дүнгээр биш тухайн сарын борлуулалт, худалдан авалтыг тайлагнадаг тул нэмэгдсэн өртгийн албан татварын хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 15 дугаар зүйлийн 15.3.2 дах заалт хамаарахгүй юм. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг зөвхөн нөхөн татвар, түүнд торгууль, алданги ногдуулахтай холбоотой ойлголт биш бөгөөд хугацаанд нь төлөөгүй татварт торгууль, алданги ногдуулахад бас хэрэглэдэг. Тэгвэл 2019 оны 1 сарын НӨАТ-н өр төлбөрийн хугацаанд нь төлөөгүй торгууль, алдангийг 2020 оны 1 дүгээр сарын 11-нээс тооцож ногдуулах ёстой болж байна. Гэтэл татварын алба нь АМНАТ, ААНОАТ, ХХОАТ гэх мэт татваруудын хугацаанд нь төлөөгүй торгууль, алдангийг дараа оны 2 сарын 10-наас хойш, НӨАТ-г дараа сарын 10 наас хойш тооцож ногдуулж байна. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15 дугаар зүйлийн 15.3 дах заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолоход хамгийн чухал анхаарч үзэх “татвар төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс” гэх гол агуулгыг авч үзэлгүй татвар төлөгчдийн эрх, ашгийг дордуулан хуулийг хэрэглэж байна. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн шударга байх, тодорхой байх зарчмуудыг зөрчиж байна.

Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.3 дах заалт "борлуулалт хийгдсэнээс хойш тодорхой хугацааны дотор татвар төлөхөөр хуульд заасан татварын төрөл болон суутгаж төлдөг татварын хувьд тухайн төрлийн татварын тайланг гарган, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс" гэж заасан байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана”, мөн зүйлийн 16.1.1 дах заалтад “тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө" гэж НӨАТ-н хувьд тухайн сарын борлуулалтыг суутган төлөгч дараа сарын 10-ны дотор төсөв төлөхөөр хуульчилсан. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэгт “үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна" гэж зааснаас нэмэгдсэн өртгийн суутган төлөгч нь НӨАТ-г суутгаж төлдөг байна. Нэмэгдсэн өртгийн албан татвар нь Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.3-д заасан 2 шинжийг бүрэн хангаж байх тул түүний хөөн хэлэлцэх хугацааг тухайн сарын тайлан гаргаж, төлсөн байх өдөр буюу дараа сарын 10-ны өдрийн дараагийн ажлын өдрөөс эхлэн тоолохоор байна. "" ХХК-иас 2019 оны оны 8 дугаар сарын 500,000,000 төгрөгийн худалдан авалтад хариуцлага ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг 2019 оны оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.9 дэх хэсэгт зааснаар “жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусах бөгөөд..." 4 жилээр тоолбол 2023 оны 9 дүгээр сарын 11-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болно. Тодруулбал, 2019 оны оны 8 дугаар сарын 500,000,000 төгрөгийн худалдан авалтад хариуцлага ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил 3 сар 14 болсон учир Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг зөрчиж байна.

Иймд Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч *******, ******* нарын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № НА-2******* тоот нөхөн ногдуулалтын актаар 2019 оны 8 сарын худалдан авалтад ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийн хөөн хэлэлцэх хугацаа 3 сар 14 хоног хэтэрсэн тул Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг үндэслэн тус актын төлбөрөөс 75,000,000 төгрөгийн төлбөрийг бууруулж өгөхийг шаардсан.” гэжээ.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“*******” ХХК-ийн Татварын ерөнхий газрын захиргааны хяналт шалгалтаар 2019 оны 8 сард Татварын торгууль  алдангийг Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15 дугаар зүйлийн 15.3-т тус тус зааснаар татварын акт тогтоож торгууль оногдуулсан. Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйл, 83 дугаар зүйлд болон Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-т зааснаар  хугацаанд төлөөгүй татварыг дотор нь нөхөн татвар, хугацаанд нь төлөөгүй татвар гэсэн 2 өөр төрөлд хуваан авч үздэг. Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлд заасан хугацаанд нь татварыг төлөөгүй бол татварыг торгууль, алданги оногдуулдаг. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд зааснаар нөхөн татвар болон хугацаанд нь төлөөгүй татвар гэж ангилж зааглаагүй, Татварын алба нь хөөн хэлэлцэх хугацааг нь дараа оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойших хугацаанд нь төлөөгүй татварыг хөөн хэлэлцэх хугацааг дараа сарын 10-ны хойш тоолж байгаа нь буруу гэж үзэж байна. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т татварыг нөхөн ногдуулах алданги, торгууль хөөн хэлэлцэх хугацаа нь 4 жил байх бөгөөд Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох талаар зааж өгсөн. 1992 онд орчин цагийн татварын тогтолцоо үүсэж, нэг заалтаар л хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлж өгсөн. Энэ төрлийн татварыг төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс гэж заасан. 2008 онд эхний шинэчлэлийг хийж тухайн шинэчлэлээр хөөн хэлэлцэх хугацааг өөрөөр тоолж эхэлсэн. Татварыг нөхөн татвар болон хугацаанд нь төлөөгүй татвар гэдгээр нь ангилах биш татварын тайлан гаргадаг, гаргадаггүй гэдгээр нь ангилан 2008 оны хуулиар баталсан. Татварын тайлан гаргахыг 3 хувааж үздэг. Жилд нэг удаа татварын тайлан гаргах, жилийн татварын тайланг гаргасны дараагийн улиралдаа нь тайланг, сар, улирлаар тайлан гаргахыг 2019 оны хуулиар хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн яаж тоолохыг бүгдийг нь хуулбарласан байсан. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолоход “татвар төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс гэх гол агуулгыг авч үзээгүй байна. 2023-2024 оны жилийн эцсийн тайлан нь тухайн татварууд өссөн дүнгээр гаргадаг. Өөрөөр хэлбэл нэг сарын тайланд хийгдсэн зүйл 2 сар дээрээ нэмэгдэж, 3 сар дээрээ нэмэгдээд, эхний улирал тайлан гардаг. 2 дугаар улиралд 5, 6, 7 дугаар сар дээр 4, 5, 6 дугаар сарын гаргасан тайланг нэмээд гаргах боломжтой. 1 дүгээр улиралд гарсан зөрчлийг 3 дугаар улирлынхаа тайлан дээрээ залруулж болдог. Бид нар жилийн эцсийн тайланг 02 дугаар сарын 10-ны өдөр жилийн эцсийн тайланг гаргадаг. Нөхөн татварын нөхөн төлөөгүй, алданги торгуулийг 02 дугаар сарын 10-аас нь хойш тооцдог. Гэтэл нэмэгдсэн өртгийн албан татвар дээр яагаад болохгүй вэ гэхээр, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар борлуулсан бараа, ажил үйлчилгээнд ноогдох татварыг дараа сарын 10-ны дотор төлнө. Нэмэгдсэн өртгийн албан татвар бол сар сараар л хийгддэг бөгөөд 1 дүгээр сард хийгдсэн борлуулалт, ажил үйлчилгээний татварыг тухайн 01 дүгээр сард тайланг гаргана. 12 дугаар сарын ажил үйлчилгээний татварын тайланг 1, 2 дугаар саруудыг бүгдийг нэмж гаргадаггүй. 3 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын ажил үйлчилгээнд засвар оруулахад тухайн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд засвар хийх хэрэгтэй. Татварын суутган төлөх татвар нь тухайн аж ахуй нэгж нь цалинг олгоход хувь хүний орлогын албан татвараас суутгаж авдаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.3-т зааснаар “Борлуулалт хийгдсэнээс хойш тодорхой хугацааны дараа татвараа төлдөг. Суутган төлөгддөг татварын хувьд тухайн тайланг гаргаж төлж дууссан өдрийн дараагийн ажлын өдрөөс гэж заасан” Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар борлуулсан бараа, ажил үйлчилгээний ноогдох татварыг дараа сарын 10-ны өдөр төлнө гэдэг нь Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан “борлуулалт хийгдсэнээс хойших тодорхой хугацааны дараа төлнө гэдэг шинжийг агуулсан байна. Нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д суутгасан татварын талаар тусгагдсан. Энэ нь татвар төлөгч нь эцсийн хэрэглээндээ худалдаж авагч болон бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй хүмүүс суутган татвар төлөгч байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар “бараа, ажил үйлчилгээ эрхлэгч нь 50 сая төгрөгийн борлуулалт хийсэн татвар төлөгч бол суутган төлөгч байна. “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-т суутган төлөгч нь тухайн сард өмнөх сарын борлуулалтын бараа, ажил үйлчилгээний төлбөрийг суутган авч төсөвт шилжүүлнэ гэж заасан”, Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан борлуулалт хийгдсэнээс хойш тодорхой хугацааны дараа төлөгдөх мөн суутган төлөх 2 шинжийг нь агуулж байгаа. Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын хөөн хэлэлцэх хугацааг 15 дугаар зүйлийн 15.3.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг дараа оны 01 дугаар сарын 11-ний өдрөөс хойш тоолж эхэлнэ. Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Татварын алба, татвар төлөгчийн татварын ноогдол бүрэн гүйцэт төлсөн байна уу гэдгийг хянан шалгана.  Зардал, орлого, дутуу тусгасан байвал нөхөн татварыг ноогдуулна. Хугацаанд нь төлөөгүй татвар гэдэг нь татвар төлөгч нэгэнт тайлагнасан зардал, орлогын ямар ч зөрчил байхгүй. Татвар төлөгч хууль ёсны дагуу бүгдийг нь хуульд заасан журмынхаа дагуу бүгдийг нь тайлагнасан байна. Энэ татварыг хугацаанд төлөөгүй тохиолдолд торгууль алданги тооцдог. Татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар нөхөн төлбөр болон хугацаанд нь төлөөгүйг тооцно гэж заасан. Энэ ямар ч зохицуулалт хийгдээгүй гэдэг нь харагдана. Нэмэгдсэн өртгийн албан татварыг хугацаанд нь төлөөгүй нь торгууль, алдангийг дараа сарын 10-аас эхлээд тооцсон нь Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасан тайланг гаргах, гаргахгүйг тодорхойлон зааглах хэрэгтэй.  Мөн нөхөн татварыг хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.2-т зааснаар тооцож, хугацаанд нь төлөөгүй татварыг Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.3-д зааснаар тооцно гэж ангилж өгөх хэрэгтэй юм. Нөхөн татварыг дараа оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хугацаанд нь төлөөгүйг дараа сарын 10-аас тооцоолж болохгүй юмаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын хөөн хэлэлцэх хугацаа нь 15 дугаар зүйлийн 15.2.3-д зааснаар хугацаанд төлөөгүй болон нөхөн татварууд ч мөн адил нь заалтаар хөөн хэлэлцэх хугацааг тооцно.  2024 оны 1, 2, 3 дугаар сарын тайланг дараа оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл торгууль, алданги бодохгүй учраас 12 дугаар сарыг хүртэл татвар төлөөд явах боломжтой. Төсвийн санхүүгийн мэдээллээс 7 сарын мэдээг харахад, Монгол Улсын 2024 оны төсвийн орлого нь 25,8 их наяд, Нэмэгдсэн өртгийн албан татвар 6,6 их наядыг төвлөрүүлж, 4 их наяд нь импортоор оруулж, 2,6 их наяд нь дотоодын борлуулалт нийт 1,3 их наядын орлого орсон байна. Дараа оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн төсвийн орлогууд алдагдахад хүрнэ. Мөн төсвийн зохицуулалтаас үзэхэд 92 тэрбум төгрөгт 92 тэрбумын 80% нь татварын орлого, татварын торгууль болно. 80-70 тэрбум төгрөгийн орлогыг цуглуулахын тулд Нэмэгдсэн өртгийн албан татварын хөөн хэлэлцэх хугацааг 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1.2 их наядын татвар асуудал үүсэж байна. Иймд Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тооцож, нөхөн ногдуулалтыг ч дараа сарынхаа 10-ны өдрөөр тооцох хэрэгтэй. 2019 оны 8 дугаар сард хийгдсэн худалдан авалтын хөөн хэлэлцэх хугацаа нь хэзээнээс тоолох вэ гэдэг асуудал үүсэж байна. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.3-т зааснаар тооцож, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөр тоолж, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.9-т зааснаар хугацааг жилээр тоолж, тухайн сар, өдрийн дууссанаар дуусгавар болгох нь 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр нөхөн ногдуулалт дуусаж байна. Энэ нөхөн ногдуулалтын акт нь 12 дугаар сарын 25-ны өдрөөр буй хөөн хэлэлцэх хугацаагаар тооцвол 3 сар 14 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн байх тул төлбөрийг хүчингүй болгож, мөн төлбөрийн баримтыг бууруулж өгнө үү. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.9-д заасан хугацааг тоолохдоо хугацааг жилээр тоолж, тухайн сар өдрөөр дуусгана. 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор 2023 оны 9 сарын 11-ний өдрөөр дуусгавар болж байна.” гэжээ.

2.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн Татварын Газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч *******, ******* бид Хяналт шалгалтын үйл ажиллагаанд ерөнхий удирдамж, Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн хөндлөнгийн мэдээлэл, санхүү, татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, падаан, зэрэг баримтад тулгуурлан Нийслэлийн Татварын Газарт бүртгэлтэй, тоот регистрийн дугаартай "*******" ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны санхүүгийн баримтад тоот томилолтоор нэмэгдсэн өртгийн албан татварын хэсэгчилсэн татварын хяналт шалгалтыг хийсэн. 2023 оны 12 дугаар сарын 25 өдөр НА-2******* тоот нөхөн ногдуулалтыг үйлдсэн.

Тус актаараа 680,574,045.46 төгрөгийн зөрчил илрүүлж татварын ерөнхий хууль заасны дагуу 68,057,404.54 төгрөгийн нөхөн татвар, 20,417,221.36 төгрөгийн торгууль, 13,611,482.9 төгрөгийн алданги нийт 102,066,108.8 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Нөхөн ногдуулалтын актын зөрчлийн талаар:

2019 онд "" ХХК-иас 3 ширхэг 680,574,045.46 төгрөгийн бараа үйлчилгээний үнийн дүн бүхий бодит бус (хий бичилттэй) нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусган төлбөл зохих татварын дүнгээс хасаж тооцон, төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварыг өсгөсөн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтанд тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй." гэсэн заалтыг зөрчсөн.

Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйл. Татварын хөөн хэлэлцэх хугацаа 15.1.Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй.

Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт 6.1.28. "татварын жил" гэж тухайн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааг; 15.3.2. тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс; гэсэн заалтад нийцэж байна гэж татварын улсын байцаагч бид үзэж байна. Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах ... хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх...”, 15 дугаар зүйлийн 15.3-т "Энэ хуулийн 15.1-д заасан хугацааг дараах байдлаар тоолно", 15.3.2-т "тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс" гэж тоолохоор зохицуулсан.

Хуулийн дээрх зохицуулалтаар нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг 4 жил байхаар, хөөн • хэлэлцэх хугацааг тоолохдоо сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр заасан татварын төрлийг жилийн эцсийн тайлан гаргаж татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн өдрөөс буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дараагийн өдрөөс тоолохоор нарийвчлан зохицуулсан байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухайд, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 16 дугаар зүйлийн 16.1- т "Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана" гэж тайланг сараар гаргахаар заасан, 2019 оны жилийн эцсийн тайланг дараа сарын 10-ны өдрийн дотор гаргахаар хуульчлан тогтоосон байгаа энэ тохиолдолд хөөн • хэлэлцэх хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж, түүнээс хойш 4 жилийн хугацаа буюу 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дотор тодорхойлохоор байна”

Нөхөн ногдуулалтын актаар зөрчил гэж үзсэн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй “” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 17, 12 дугаар зүйлийн 31-ний өдрийн падааны хөөн хэлэлцэх хугацаа нь 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дуусахаар байгаа тул Татварын ерөнхий хууль /2019/-ийн 15 дугаар зүйлийн 15.3.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчөөгүй гэж үзэж байна.

Иймд “*******” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Татварын улсын байцаагч нарын татварын хяналт шалгалтын акт хуульд үндэслэл бүхий байна. Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын газрын байцаагч *******, ******* нар нь тус газарт бүртгэлтэй // тоот регистрийн дугаартай “*******” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 сарын 31-ний өдөр дуусах хугацаанд // тоот томилолтоор албан татварын хэсэгчилсэн татварын хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Татварын хяналт шалгалтаар 680 574 045.46 төгрөгийн зөрчил илэрсэн. Манай талаас хий бичилттэй эсэхийг орхиод, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал дээр нь тайлбараа хэлье. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд зааснаар Татварын хөөн хэлэлцэх хугацааг 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар нөхөн ногдуулалт хийх, алданги, торгуулийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алданги, шилжүүлэх, хөрөнгө болон албан татварын ноогдуулах, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хуульд хамаарахгүй гэж заасан. Мөн хуулийн 6 дугаар зүйлд хуулийн нэр томьёоны тодорхойлолтын 6.1.28-д татварын жил гэж тухайн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааг хэлдэг. Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-т тайлант сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс гэж заасан. Татварын улсын байцаагч нарын гаргасан нөхөн ногдуулалттай нийцэж байна. Татвар бол онцлог зохицуулалттай хуулиудтай олон төрөлтэй. Олон татварууд хүү торгууль, алданги байдаг. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль нь хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулахын үйлдсэн хугацаа 4 жил байна гэж заасан. Энэ нь миний дурдсан 5 зүйлийн нөхөн нөхөн ногдуулалтын акт дээр 5 зүйлийг шалгахад, Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т заасныг баримтална гэсэн хуулийн зохицуулалт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдаад байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлд албан татвар ногдуулах хугацаа гэж байгаа юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын албан татварын ногдуулах хугацаа нь албан татвар суутган төлөгчийн борлуулалтад албан татвар ногдуулах хугацааг татварын албанаас гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн тооцно. Ногдуулалтыг хугацаа нь 10 дугаар зүйлийн 10.2-т нь бараа, ажил үйлчилгээг борлуулсан тухай бүрд албан татвар ногдуулах хугацааг дор дурдсан. Үйлдлийн аль түрүүнд хийх зүйл дээр тогтооно. 10 дугаар зүйлийн 10.2.1-т борлуулагч бараа, ажил үйлчилгээний борлуулалтын орлогыг хүлээн авсан өдөр, 10 дугаар зүйлийн 10.2.2-т  бараа, ажил үйлчилгээг борлуулж, төлбөрийн баримт, нэхэмжлэх үйлдсэн өдрөөр гэж заасан. Энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт нь борлуулалт хийсэн өдрөө хөөн хэлэлцэх хугацаагаа яаж тооцсон бэ гэдгийг л зохицуулсан юм. Борлуулалт хийгээд тайлангаа хэзээ гаргах юм бэ? Хөөн хэлэлцэх хугацааг бараа, ажил үйлчилгээг борлуулсан тухай бүрд татвар ногдуулах хугацааг сар, сараар нь гаргаад борлуулах хугацааг нь зааж өгсөн байна. Энэ хэрэг маргаанд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж үзэж байна. Яагаад вэ гэхээр борлуулалт хийгээд, ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг нь зохицуулж өгсөн. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3-т татварын улсын байцаагч нарын барьсан хөөн хэлэлцэх хугацаа нь нөхөн ногдуулалтын албан татварын хяналт шалгалт хийхтэй холбоотой хуулийн заалт байгаа. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил гэж байгаа. Энэ нь борлуулалт хийсэн нэмэгдсэн өртгийн албан татварын хөөн хэлэлцэх хугацаа биш. Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалтын акт, татварын хяналт шалгалтаар орох хөөн хэлэлцэх хугацаа нь 4 жил байна гэдгийг зохицуулсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн баримт шивсэн өдрөөр хөөн хэлэлцэх хугацааг тооцож дараагийн сараас тооцно гэсэн зохицуулалтыг бариад байгаа. Татварын хяналт шалгалтын хөөн хэлэлцэх хугацааг Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.2-т тайланг сар улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан. Татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс гэж заасан. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1-т зааснаар тайлант жилийн эцэст нэг удаа гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд уг тайланг гарган татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс, жилийн эцэст нэг удаа гаргадаг тайлан, сар улирлаар гаргадаг татвар байгаа. Сар улирлаар гаргадаг татвар дээр аж ахуйн нэгж, улирлаар гаргаж байна. Аж ахуйн нэгж, нэмэгдсэн  өртгийн албан татвар, сар улирлаар гаргаж татвараа төлдөг татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс гэж Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.2-т тодорхой заасан. 2019 оны 8 дугаар сарын бичигдсэн нэхэмжлэгчийн гаргасан хугацаа нь дууссан нэмэгдсэн өртгийн албан татвар нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр буюу хөөн хэлэлцэх хугацаа нь 2024 онд дуусахаар байна. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй. Татварын улсын байцаагчдын нөхөн ногдуулалтын акт нь хуульд нийцсэн байна гэж үзэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Нэхэмжлэгч “*******” ХХК-аас Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч *******, ******* нарт холбогдуулан 2021.12.25-ны өдрийн НА-2******* тоот нөхөн ногдуулалтын актын төлбөрөөс 75,000,000 төгрөгийн төлбөрийг бууруулах  шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.Шүүх маргааны үйл баримтыг тодруулж, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэв.

3.Хариуцагч татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, татварын хяналт шалгалт хийх дугаартай томилолтод үндэслэн “*******” ХХК/РД:/-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны санхүүгийн баримтад нэмэгдсэн өртгийн албан татварын хэсэгчилсэн татварын хяналт шалгалтыг хийж, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр №НА-2******* дугаартай нөхөн ногдуулалтын актаар 680,574,045.46 төгрөгийн зөрчил илрүүлж, 68,057,404.54 төгрөгийн нөхөн татвар, 20,417,221.36 төгрөгийн торгууль, 13,611,482.9 төгрөгийн алдангин нийт 102,066,108.8 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

3.1.“*******” ХХК уг маргаан бүхий актыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх ба Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 16 тоот тогтоолоор №НА-2******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталсан байна.

3.2.Улмаар “*******” ХХК нь шүүхэд хандаж маргаан бүхий №НА-2******* дугаартай нөхөн ногдуулалтын актын төлбөрөөс 75,000,000 төгрөгийн төлбөрийг бууруулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ “... 2019 оны 8 сарын худалдан авалтад ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийн хөөн хэлэлцэх хугацаа 3 сар 14 хоног хэтэрсэн ...” гэж, мөн “... НӨАТ тайланд “жилийн эцсийн тайлан” гэсэн ойлголт байхгүй, өссөн дүнгээр биш тухайн сарын борлуулалт, худалдан авалтыг тайлагнадаг тул нэмэгдсэн өртгийн албан татварын хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 15 дугаар зүйлийн 15.3.2 дах заалт хамаарахгүй юм.”, “..."" ХХК-иас 2019 оны оны 8 дугаар сарын 500,000,000 төгрөгийн худалдан авалтад хариуцлага ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг 2019 оны оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.9 дэх хэсэгт зааснаар “жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусах бөгөөд..." 4 жилээр тоолбол 2023 оны 9 дүгээр сарын 11-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болно. Тодруулбал, 2019 оны оны 8 дугаар сарын 500,000,000 төгрөгийн худалдан авалтад хариуцлага ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил 3 сар 14 болсон учир Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг зөрчиж байна.” гэж тайлбарлан маргаж байна.

3.3.Харин хариуцагч талаас “... Татварын ерөнхий хуулийн 15.1-д “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах ... хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх...”, 15 дугаар зүйлийн 15.3-т "Энэ хуулийн 15.1-д заасан хугацааг дараах байдлаар тоолно", 15.3.2-т "тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс" гэж тоолохоор зохицуулсан.

Хуулийн дээрх зохицуулалтаар нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг 4 жил байхаар, хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр заасан татварын төрлийг жилийн эцсийн тайлан гаргаж татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн өдрөөс буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дараагийн өдрөөс тоолохоор нарийвчлан зохицуулсан байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухайд, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 16 дугаар зүйлийн 16.1- т "Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана" гэж тайланг сараар гаргахаар заасан, 2019 оны жилийн эцсийн тайланг дараа сарын 10-ны өдрийн дотор гаргахаар хуульчлан тогтоосон байгаа энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж, түүнээс хойш 4 жилийн хугацаа буюу 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дотор тодорхойлохоор байна. Нөхөн ногдуулалтын актаар зөрчил гэж үзсэн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй “” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 17, 12 дугаар зүйлийн 31-ний өдрийн падааны хөөн хэлэлцэх хугацаа нь 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дуусахаар байгаа тул Татварын ерөнхий хууль /2019/-ийн 15 дугаар зүйлийн 15.3.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчөөгүй гэж үзэж байна” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

4.Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.“Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:5.1.1.зайлшгүй байх”, 15 дугаар зүйлийн 15.1.“Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй.”, 15.3.“Энэ хуулийн 15.1-д заасан хугацааг дараах байдлаар тоолно:15.3.2.тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс;”, 41 дүгээр зүйлийн 41.1.“Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана.” гэж тус тус хуульчилсан.

4.1.Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.“ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.”, 16 дугаар зүйлийн 16.1.“Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана:16.1.1.тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө;” гэж заасан байна.

4.2.Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг сараар гаргахаар нарийвчилсан хуулиар зохицуулсан, улмаар Татварын ерөнхий хуульд тайланг сараар гаргаж татвар төлөхөөр заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сар буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тооцохоор Татварын ерөнхий хуульд зааснаас үзвэл маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар хөөн хэлэлцэх хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж, түүнээс хойш 4 жилийн дотор буюу 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлбөр тогтоосон шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн байх тул татварын улсын байцаагч нарын шийдвэр үндэслэл бүхий болжээ.

4.3.Гэтэл нэхэмжлэгч талаас 2019 оны 8 дугаар сард худалдан авсан барааны талаар 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор тайлагнах зохицуулалттай уялдуулан хөөн хэлэлцэх хугацааг мөн энэ хугацаанаас тоолно гэж маргаж байгааг хүлээн авах боломжгүй, өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацааг тоолохтой холбоотой хуулийн заалтын урьдчилсан нөхцөлийг “тайланг сар, улирлаар гаргаж, татвар төлөхөөр хуульд заасан” гэж тодорхойлсон, харин хөөн хэлэлцэх хугацааг хаанаас эхэлж тоолох вэ гэдгийг “... тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс” гэж хууль тогтоогч тогтоож өгсөн байна.

5.Иймд маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийг бууруулах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.3.2, 41 дүгээр зүйлийн 41.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн татварын газрын татварын хэлтсийн татварын улсын байцаагч *******, ******* нарын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №НА-2******* тоот нөхөн ногдуулалтын актын төлбөрөөс 75,000,000 төгрөгийн төлбөрийг бууруулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.УРАНГУА