Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 205/МА2021/00002

 

Б.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 651 дугаар шийдвэртэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3 дугаар баг, Жаргалант Найрамдал *** дугаар гудамжны ** тоотод хаягийн бүртгэлтэй, одоо Есөнбулаг сумын Түмэн баг, ** дүгээр гудамж ** тоотод оршин суух, эмэгтэй, РД-ДЮ******, ******* овогт *******аагийн *******ийн нэхэмжлэлтэй Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэлийн шаардлага: 36 сарын тэтгэмжид дутуу олгосон 11.397.626 төгрөг, 2016 оны ээлжийн амралтын зөрүү 600.000 төгрөг, үндэслэлгүйгээр суутгаж авсан 1.723.000 төгрөгийг тус тус гаргуулах тухай

Нэхэмжлэлд: Би 1983 оны 4 дүгээр сараас эхлэн Говь-Алтай аймаг дахь хөдөө аж ахуйн техник мэргэжил сургуульд байрны багш, номын санчаар ажилд орж тасралтгүй нийт 33 жил ажилласан болно. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 43.5, 3.1.15, мөн Засгийн газрын 2015 оны 8-р сарын 17-ны өдрийн 338 дугаар тогтоолоор нэмсэн 30.2-т заасан дээрхи хууль тогтоомжоор үндсэн байгууллагын 2016 оны төсвийн саналд Г.*******э, Б.*******, Д.*******, Ц.*******, Б.******* нарын 5 хүний нэг удаагийн мөнгөн тэтгэмж болох 2017 онд УИХ-аас нийт 28.069.200 төгрөг батлагдаж МУ-ын Сангийн яам санхүүжилтийг хийсэн юм. Гэтэл миний тэтгэмж болох 16.671.600 төгрөгийн тэтгэмжийг Боловсролын тухай хуулийн 3.1.15 дахь заалтын галч үйлчилгээний бусад ажилтныг гэсэн хуулийг өөрчлөн МСҮТ-ийн номын санч гэж тусгагдаагүй болно гэж хууль бусаар өөрсдөө өөрчилж үндэслэлгүйгээр 30 сарын тэтгэмж дутуу олгогдсон тул дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан Говь-Алтай аймаг дахь МСҮТ-өөс 11.397.626 төгрөгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ /хх-1-2/.

2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нэмэгдүүлэн гаргасан шаардлагадаа: Миний бие 2020-05-27-нд Говь-Алтай аймгийн мэргэжил сургалт үйлдвэрийн төвөөс дутуу олгогдсон тэтгэмжийн 11.397.626 төгрөгийг нэхэмжилсэн. Одоо нэхэмжлэлийн шаардлагыг 2.323.000 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Надад 2017 оны 5-р сард тэтгэмж гэж 5.625.000 төгрөг өгөхдөө үүнээс 1.723.000 төгрөгийг өр гэж суутган авч 3.906.131 төгрөг өгсөн. Ингэж 1.723.000 төгрөгийг суутгахдаа ямар ч санхүүгийн баримтгүйгээр үндэслэлгүйгээр суутгаж авсан тул 1.723.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Мөн намайг тэтгэвэрт гарахад ээлжийн амралтын мөнгийг тооцож олгохдоо 600.000 төгрөгийг дутуу тооцож олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг 2.323.000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 13.720.626 төгрөгийг ажил олгогчоос нэхэмжилж байна гэжээ 

Хариуцагчийн тайлбарт: Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн номын санчаар ажиллаж байсан Б.******* нь өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт ирүүлсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.3 дахь хэсэг, Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хөдөлмөрийн журмын 6.8-ыг үндэслэн тус мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны Б/03 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, Б.*******т 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг тооцож олгосон.

Уг тэтгэмжийг олгох шийдвэрийг гаргахдаа дараах үндэслэлүүдийг харгалзан үзсэн болно. Үүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасны дагуу ажилтан 56 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 42 дугаар зүйл ажлаас халагдсаны тэтгэмжийн 42.1 дэх хэсэг ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно-ийг үндэслэсэн.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын тухай хуулийн 19 дүгээр зүйл /мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийн эрх, үүрэг, нийгмийн баталгаа/-ийн 19.3 дахь хэсэгт мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, түүнтэй адилтгах мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай хуулийн 43.1-д заасан баталгаагаар хангагдахаас гадна түүнд 5 жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа сургалтын байгууллагаас олгоно, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйл /боловсролын харилцаанд оролцогчдын нийгмийн баталгаа/-ийн 43.1-д багш нийгмийн дараах баталгаагаар хангагдана, 43.1.4 төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгах, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т багш ажиллагчдын ээлжийн үндсэн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Хөдөлмөрийн онцлогийг харгалзан багшид ажлын 33, захирал, эрхлэгч, орлогч захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, хичээлийн зохицуулагч, нийгмийн ажилтан, арга зүйч, дадлагын болон байрны багш, цэцэрлэгийн туслах багшийг тодорхойлсон ба үүнд сургуулийн номын санчийн албан тушаал хамрагдаагүй байна.

Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 2, Боловсролын тухай хуулийн 43.1.4, 43.5-д заасан төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан хугацаа болон энэ журмын 5.4-5.8-д заасан хугацааг оруулан тооцно.

Мөнгөн тэтгэмжийг энэ журмын 6-10-т заасныг баримтлан олгоно гэж заасан байна. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 3.1.15-д заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаас нь тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгана гэсэн байна. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг тодорхойлж өгсөн ба үүнд мэргэжлийн боловсролын байгууллагыг тусгаагүй байна. Тус мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017 оны төсвийн төслийг бэлтгэн холбогдох яаманд хүргүүлэхдээ номын санч Б.*******т олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг 24 сараар тооцон хүргүүлсэн боловч ний 6 хүний 38.268.600 төгрөг 2017 оны батлагдсан төсөвт 6 сараар тооцон нийт 6 хүнд 28.069.200 төгрөг буюу төлөвлөсөн зардлыг 10.199.400 төгрөгөөр бууруулан батлагдсан хуваарилсан байна. Б.******* нь 2017 оны 02-р сарын 14-ний өдөр Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 36 сарын тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байсан. Үүний дагуу Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 151 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 15 дугаар магадлал зэргээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Иймд номын санчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан Б.*******т 30 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгох боломжгүй тул Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тайлбарыг хүлээн авч, уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ /хх-43-45/.

2020-07-22-ны өдөр нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: Тус мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017 онд батлагдсан төсөвт өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгох тэтгэмжид нийт 6 хүнд олгох 28069,2 мянган төгрөг төсөвт суугдсан. Үүнд Б.*******т 12 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж 5629,2 мянган төгрөгийн тэтгэмж тусгагдсан байсан. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017-02-06-ны өдрийн Б/03 дугаар тушаалын дагуу номын санчаар ажиллаж байсан Б.*******т олгох 5629,2 мянган төгрөгийн тэтгэмжээс 2016 оны жилийн эцсийн тооллогоор Б.*******ийн хариуцан ажиллаж байсан номын сангийн номоос 890.600 төгрөгийн ном дутагдсан. Үүний тус мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн өмч хамгаалах байнгын зөвлөл болон захирлын зөвлөлийн хурлаар удаа дараалан хэлэлцэж, гаргасан шийдвэр болон өөрийнх нь бичиж өгсөн хүсэлтийг үндэслэж номын дутагдал 890.600 төгрөг, бусад цалингийн урьдчилгаа болон бараа материалын авлага 764.775 төгрөг, төрийн аудитын газраас 2016 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар тогтоогдсон акт 67.694 төгрөг, нийт 1.723.069 төгрөгийг суутган, 3.906.131 төгрөгийн тэтгэмжийг Б.*******ийн дансанд шилжүүлсэн.

Б.******* нь тэтгэмжийн талаарх болон амралтын мөнгөний тооцооны асуудлаараа Говь-Алтай аймаг дахь төрийн аудитын газар, аймгийн засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, аудитын алба, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, авлигатай тэмцэх газар, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас ирж ажилласан ажлын хэсэг гэх мэт маш олон хууль хяналтын байгууллагаар шалгуулан зохих хариу тайлбарыг тухай бүр авч байсан болно гэжээ

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 651 дугаар шийдвэрээр

1. Боловсролын тухай хулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 43.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс ажилтанд олгох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжээс үндэслэлгүй суутгагдсан 1.563.000 /нэг сая таван зуун жаран гурван мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* овогт *******аагийн ******* //-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 39.958 /гучин есөн мянга есөн зуун тавин найман/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******аагийн давж заалдах гомдлын агуулга:

Тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн номын санчаар ажиллаж байгаа 2017 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан Б.******* нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэмэгдүүлэн гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Надад 2017 оны 05 дугаар сард тэтгэмж гэж 5.625.000 төгрөг өгөхдөө үүнээс 1.723.000 төгрөгийг өр гэж суутган авч 3.906.131 төгрөг өгсөн. Ингэж 1.723.000 төгрөгийг суутгахдаа ямар ч санхүүгийн баримтгүйгээр үндэслэлгүйгээр суутгаж авсан тул 1.723.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 651 дугаар шийдвэрт Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийн 43.1.4, 43.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс ажилтанд олгох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжээс үндэслэлгүй суутгагдсан 1.563.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэжээ.

Дараах шалтгааны улмаас дээрх Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 651 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Б.******* нь өндөр насны тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжээсээ өөрийн хүсэлтээр суутгуулахаар хүлээн зөвшөөрч, бичиж өгсөн өргөдлийнх нь дагуу авлага 764.753 төгрөг, Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газраас тогтоосон нийгмийн даатгалын шимтгэл илүү төлөгдсөн акт 67.716 төгрөг, номын дутагдал 890.600 төгрөг, нийт 1.723.069 төгрөгийг суутгасан буюу тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 100050037009 тоот дансанд хуримтлагдан оны эцэст улсын төсөвт татуулсан болно.

1. Б.******* нь номын дутагдлын өр болох мөнгийг өөрийн тэтгэмжийн мөнгөөс суутгаж авахыг хүлээн зөвшөөрсөн гарын үсэгтэй нотлох баримт байгаа ба гарын үсгээрээ баталгаажуулсан баримтыг нотлох баримт гэж үнэлээгүй байгаад гомдолтой байна.

2. Б.******* нь сургуулиас дараах зүйлүүдийг авсан болно. Энэ нь холбогдох санхүүгийн баримтад тусгагдсан байгаа болно.

 

д/д

Огноо 

Падааны дугаар

Бүтээгдэхүүний нэр

Нэг бүрийн үнэ 

Тоо ширхэг

Нийт үнэ

1

2016.10.30

21

Үхрийн мах

5500

21.05

115.753

2

2016.10.30

21

Дэвтэр

1000

49

49.000

3

2016.10.30

21

Торго

4000

40

160.000

4

2016.10.30

18

Дээл

31.250

4

315.000

3. Тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газраас хийсэн аудитаар нийгмийн даатгалын тайланд Б.*******ийн цалинг илүү тайлагнаж 67.716 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл илүү төлсөн байсан учир Б.*******ээс суутган авч улсын төсөвт төвлөрүүлэхээр акт тогтоосон бөгөөд актын биелэлтийг ханган ажилласан.

Б.*******ийн цалин хөлснөөс дээрх суутгалыг суутгаагүй болно. Учир нь Б.*******ийн 5.629.200 төгрөг авсан нь сарын цалин хөлс биш тэтгэмжийн мөнгө, суутгасан мөнгө нь суутгал биш тухайн сургуулиас авсан авлага, барагдуулах өр юм.

Нягтлан бодогч Ж.Батцэцэг нь тус сургуулийн захирлын Б/03 тоот тушаалд Б.*******тэй холбогдох тооцоог хийж дуусгахыг үүрэг болгосны дагуу санхүүгийн анхан шатны баримтуудыг үндэслэн санхүүгийн тайланд тусгагдсан дээрх өр авлагыг тэтгэмжээс суутгаж авсан болно.

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 651 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс ажилтанд олгох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжээс үндэслэлгүй суутгагдсан 1.563.000 төгрөг гаргуулах шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Б.*******ийн давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч Б.*******ийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 651 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх миний нэхэмжилсэн 36 сарын тэтгэмжийн дутуу олгосон 11.397.626 төгрөг нэхэмжилснийг хууль зүйн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Боловсролын тухай хуулийн 43.1 дүгээр зүйлийн дугаар зүйлийн 43.1.4, 43 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг дурдсан атлаа Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дахь хэсэгт номын санч гэсэн ажлын байрны нэр алга МСҮТ гэсэн нэр тусгагдаагүй гэсэн үндэслэлээр 2016 оны төсвийн саналаар 2017 оны төсөвт 5 хүний тэтгэмж нийт 28.069.020 төгрөгийн санхүүжилт батлагдсаныг нотлох баримтаар өгсөөр байхад хэт нэг талыг барьж, заалтуудыг нарийвчлан уншиж дүгнээгүйгээс миний эрх ашиг удаан хугацаагаар зөрчигдөж байна.

Тодруулбал: Боловсролын тухай хуулийн 43.1 дүгээр зүйлийн дугаар зүйлийн 43.1.4 д МСҮТ гэсэн томьёолол заалтад тусгагдчихсан байхад анхан шатны шүүх нь тусгагдаагүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дахь хэсэгт номын санч гэсэн ажлын байр хамаарч байгаа тал бүрээс нь тогтоолгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагаас хассан 2017 оны төсөвт батлагдсан Сангийн яамны Төрийн сангийн тамгатай бичгээр батлагдсан 11.397.626 төгрөгийг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулж, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 651 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Говь-алтай аймаг дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан 36 сарын мөнгөн тэтгэмжээс дутуу олгосон 11.397.626 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, ээлжийн амралтын олговор 600,0000 төгрөг, тэтгэмжээс суутгасан 1.723.000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч Б.******* нь Говь-Алтай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд номын санчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүсч 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б//03 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.

Тэрээр өндөр насны тэтгэвэрт гарсан учир ажил олгогчоос 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах эрхтэй боловч ажил олгогчоос авах ёстой тэтгэмжээс 5.629.000 төгрөгийг авсан тул үлдэгдэл 11.397.626 төгрөгийг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагаа Боловсролын тухай хуулийн 3.1.5, 43.1.4, 43.5, Засгийн газрын 2015 оны 338 дугаар тогтоол зэрэгт үндэслэжээ.

Нэхэмжлэгч Б.*******ийн 36 сарын тэтгэмж 16.884.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 151 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг, тус аймгийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 15 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталж, шийдвэрлэсэн байна.

Тус шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гараагүй байх тул магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зохигч ба хэргийн бусад оролцогч ... шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэж заажээ.

Нэхэмжлэгч Б.******* нь хууль зөрчиж, дээрх үйл баримтын талаар дахин нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр ... байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд 65.1.6 дахь хэсэгт заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол шүүх хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нйицээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, мөн хуулийн 117 дугаар зүйлд заасан хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн хувьд хоёр өөр үр дагаврыг бий болгодог учраас хуулийг зөв хэрэглэх үүднээс нэхэмжлэгч Б.*******ын Говь-алтай аймаг дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан 36 сарын мөнгөн тэтгэмжээс дутуу олгосон 11.397.626 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгохоор өөрчлөх нь зүйтэй байна.

Тэтгэмжээс үндэслэлгүйгээр суутгаж авсан 1.723.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

Нэхэмжлэгч Б.******* нь өндөр насны тэтгэвэр авах эрх үүсч 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б//03 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн учир Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д зааснаар ажил олгогч мөнгөн тэтгэмж олгохоор байна.

Ажил олгогчоос нэхэмжлэгч Б.*******ийг тэтгэвэрт гарахад нь 6 сарын тэтгэмжид 5.629.000 төгрөг бодож, үүнээс дутагдуулсан номын өр, байгууллагаас зээл авсан бараа материалын үнэ, хариуцагч байгууллагад хийгдсэн аудитын шалгалтын өр зэрэгт 1.723.000 суутгаж, 3.906.131 төгрөгийг нэхэмжлэгчид 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр олгосон үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна.

Мөн хуулийн 135.4 дэх хэсэгт эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж заажээ.

Ажил олгогч нь Б.*******тэй эд хөрөнгийн хариуцлагын ямар гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар ойлгомжгүй, байгууллагад учирсан хохирлын хэмжээг хэрхэн тодорхойлсон Б.******* нь ажил үүрэг гүйцэтгэж байхдаа номыг хэрхэн дутаасан эсэх, ямар хууль тогтоомж, гэрээнд зааснаар номын үнийг төлөх үүрэгтэй талаар ажил олгогчоос гаргасан тушаал шийдвэр байхгүй байхад тэтгэмжийн мөнгөнөөс суутгасан нь үндэслэлгүй байна.

Мөн Говь-алтай аймгийн санхүүгийн хяналт, аудитын алба хяналт шалгалтын баримтаар нэхэмжлэгч Б.*******т акт тавигдсан болох нь нотлогдоогүй, ажилтанд ээлжийн амралтын олговор цалин хөлсийг тухайн байгууллагын нягтлан бодогч бодож, байгууллагыг төлөөлөх эрх бүхий дарга гарын үсэг зурснаар ээлжийн амралт цалин хөлс, олгогддог учраас тэдний буруутай үйл ажиллагааны улмаас илүү олгогдсон цалин хөлсийг буцаан суутгах тохиолдолд ажил олгогчийн тушаал шийдвэр гарах ёстой гэж үзэж, үндэслэлгүй суутгал хийгдсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин шүүх нэхэмжлэгчийн ээлжийн амралтын олговорт дутуу бодогдсон гэх 600.000 төгрөг гаргуулах шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор дүгнэсэн нь үндэслэлтэй боловч энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох талаар шийдвэрийн тогтоох хэсэгт заагаагүй хууль зөрчсөн байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нягт нямбай , хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас үнэлэн маргааны үйл баримыг зөв тогтоож, үйл баримтад хууль зүйн оновчтой дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч хууль хэрэглээний зарим алдаа гаргасан, хууль зөрчсөн зэргйиг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, хариуцагч нарын дээрх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож Тогтоох нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 651 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс ажилтанд олгох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжээс үндэслэлгүй суутгагдсан 1.563.000 /нэг сая таван зуун жаран гурван мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* овогт *******аагийн ******* /ДЮ*******/-т олгож... гэсний дараа нэхэмжлэлийн шаардлагаас ээлжийн амралтын 600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн 36 сарын мөнгөн тэтгэмжээс дутуу олгосон 11.397.626 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож... гэж өөрчилж, нэхэмжлэгч Б.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч С.*******аа нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 заасныг баримтлан хариуцагч байгууллагын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.958 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР