Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/05427

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/05427

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 5.781.736 төгрөг 80 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн аваад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Ч.Э, Ч.Б нар, манай банктай 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 0 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлсэн.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 10.360.316 төгрөг 82 мөнгө, хүү 2.099.998 төгрөг 57 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 35.888 төгрөг 01 мөнгийг төлсөн.

Одоо зээлийн үлдэгдэл төлбөр 5.781.736 төгрөг 80 мөнгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ:

 

Нэхэмжлэгч Х банк ХК хариуцагч Ч.Э-ээс татгалзаж, хариуцагчийн төлсөн 1.500.000 төгрөгийг хасаж, 4.281.736 төгрөг 08 мөнгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Б хүлээн зөвшөөрч,

-2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 700.000 төгрөг

-2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 700.000 төгрөг

-2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 700.000 төгрөг

-2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 700.000 төгрөг

-2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 700.000 төгрөг

-2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 781.736 төгрөг 8 мөнгийг төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж өгнө үү, гэжээ.     

ҮНДЭСЛЭХ нь:

       

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4.281.736 төгрөг 08 мөнгийг хариуцагч Ч.Б төлөхийг зөвшөөрч, талууд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.

    

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

           Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х банк ХК хариуцагч Ч.Э-ээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага 4.281.736 төгрөг 08 мөнгийг хариуцагч Ч.Б 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, сар бүрийн 25-ны өдөр 700.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 781.736 төгрөг 08 мөнгийг төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107.457 төгрөг 78 мөнгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 53.728 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 53.728 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА